http://www.zoofirma.ru/

Цаг агаарын хувьд аятай цаг таарчээ. Зам хуурайвтар шавар усгүй аятайхан байлаа. Бэлтэсийн гол хүрч, гүүрийн дэргэдэх гуанзанд энд байдаг улаач нартай уулзаж санал бодлоо солилцов. Алдарт Тоомын даваа өгслөө. Даваанаас алсад Улаан тайгийн уулс үзэсгэлэнтэй хөхрөн харагдана. Бас л сайхан даваа даа. Тоомын даваанаас Өлийн даваа холгүй.

 

Өлийн даваа, овоондоо өргөл өргөн мөргөлөө. Аян замын босго болсон энэ даваагаар цөөнгүй явжээ. Хөвсгөлийн хойд нутаг, ОХУ-ын Буриад монголын хамгийн өмнө хэсэг Саяаны уулыг эмжсэн их нутгаар аялсан минь сэтгэлд бууна. “Монголын Нууц товчоо”-нд өгүүлсэн нэр ус тэрчигтээ хадгалагдан үлдсэн байдаг. Ямар онгон дагшин сайхан нутаг билээ.

Халхын Автай сайн ханы хүү Цэнгүүн баатар хунтайжын 500 жилийн өмнө босгосон их овооны хоёр талаар дархадын бөө нар 12 овоо бүтээсэн нь өдгөө Дархадын 13 овоо гэх болжээ.
Эдүгээ өвөрмонголд Автай хаанд зориулж, хэд хэдэн их хөшөө босгосон нь нэгийг өгүүлнэ. Өлийн халзан даваан дээр бас нэг сонирхол татахуйц зүйл байгаа нь “Таныг их Монголын эцэг өвгөдийн алтан бууц Эргүнэ кун угтаж байна” гэсэн Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой ганц домог, Эргүнэ кун бол Шишгэдийн хотгор, түүний эх Хөх эрэг, Гун гол мөн хэмээн баталсан дурсгалын самбар юм. Энэ самбарт МЭ 560-аад онд хожуу Түрэгийн үед монгол угсааны нохос, хиян хоёр аймаг одоогийн Ховд аймгийн Баатар хайрханы орчимд түрэгүүдэд цохигдон зугтаж , Алтай Хангайн нурууг орхин явсаар Шишгэдийн хотгор руу ордог ганцхан жим Өлийн даваагаар даван бууж нутагласан хэмээгээд яагаад Эргүнэ кун мөн болох тухай 3 нотолгоо бичжээ.
1207 онд их хааны ууган хүү Зүчи ойн иргэд, хиргис, хорь түмэдийг дагуулахдаа энэ л даваагаар давж явж, бас 1757 онд шадар ван Чингүнжав манж нарт шахагдан ухарч, Өлийн даваанд ирээд, өөрийн цэргүүдээ тарааж, зуугаадхан хүн дагуулан Оросыг зорьсон түүхтэй билээ. Өлийн давааг тонгойход л Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн уулсын бишрэм үзэмж мэдрэгдэнэ. Даваанаас бууж, бэлд нь хүрэлгүй л өвөл зундаа гялалзаж байдаг Мөнх мөс угтана. Тэгээд Гун гол, сумын төв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь дархад ястан голцуу суурьшсан Улаанбаатар хотоос 950 орчим км алсад орших Дархад, Шишгэдийн хотгорийн гурван сумын нэг. Сумын төвөөс Хорьдол сарьдаг налайж, хойморт Саяаны уулс дүнхийнэ.