http://www.zoofirma.ru/

Монгол бөөгийн амьдрал хатуу, бэрхшээлтэй. Хүнийг сорьж байж эгнээндээ багтаана. Гэвч цаг төр өөр болж байна. Хаана Бөөгийн байгууллага байгуулагдана тэнд хаалгыг нь тогшин орж, тэр болгонд гишүүнээр элсэж, “тогооны өрөм”-ийг нь хүртэж явдаг нэг хэсэг байх юм. Тэдэнд ёс зүй бодох, ичих нэр нүүр байхгүй.

Хэрвээ хамтран ажиллах шаардлага болох татвар юм уу, бодлогын чанартай хуралд сууж, тухтайхан санал бодлоо хэлээд явах, зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, эртнээс уламжилж ирсэн дэг жаягийг мөрдөх болоход өөрийн санаанд нийцэхгүй бол тэр байгууллагаас гараад явчихна. Өөрийн зөрчсөн дэг журмаа миний “онгод” намайг зөвшөөрсөн юм гээд бусдыг буруутгана. Бүр дургүй хүрвэл хорвоогоор дүүрэн бөөгийн байгууллага байхад хаана ч очоод нэг байгуулагад элсчихнэ гэж аархана. Заримдаа өөрийгөө мэдрэх чадвараа алдчихна. Шинэ байгууллагад элсээд нэг хэсэгтээ тэнд ноён нуруугаа тодортол “толгой” байх гэж үзнэ.
Зарим нэг нь олон арван жил өөрийг нь хүн болгосон багшаасаа урвана. Багшаасаа салдаггүй бүх даатгалаа хийлгэж, ард нь хөл алдан савсагнаж явсан нөхөр нэг л мэдэхэд одоо цагийн “босс” болчихсон энд тэнд засал хийж яваа харагдана. Багшийн ачийг үл мартагч, бусдын төлөө зүтгэж чадна гэж үү. Бодох л асуудал юм. Бусдын хөдөлмөрийн үр дүнг өөрийн амин хувьдаа ашигласан хэргээр ёс зүйн арга хэмжээ авахуулсан нэр нүүргүй болсон тэр бас л өөр байгуулагад “нүүж” очив.
Хүн өөрийгөө засаад байвал хэзээ нэг цагт түүнийг бусад нь үнэлэх цаг ирнэ. Өнөөдөр чадал сул байвч маргааш чадалтай бөө болохыг хэн ч үл мэлнэ. Нэгэн багт багтаж, хамт олны санаа бодолд өөрийн санал бодлоо нийцүүлж ажиллаж чадна гэдэг хүний ухааны асуудал.
Нэгэн зайран байв. Түүнийг “В” гэе. Нэгэн өдөр тэр хурдтай явж байгаад санамсаргүй тохиолдол учирч замаас гарч айлын гэр мөргөж, аваар осол гаргав. Азаар гэрт хүн байсангүй тул тэрээр шүүхийн шийдвэрээр эд материалын хохирол төлөхөөр болж салав. Эд материалын хохирол багагүй мөнгө гарсан болохоор төлөх гэж юм, юм л болов.
Эвлэлдэн нэгдсэний ачаар олон сайн нөхөдтэй болсоны хэрэг гарч “ядарсан цагт нөхрийн чанар танигддаг” гэгчээр нэгэн “Улаач” түүнд тусламжийн гараа сунгав. Тэгэхдээ эр хүн шиг зан гаргаж, өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа “ломбард”-д тавьж, асуудлыг шийдэхэд туслав.
Нөхрөө ял авчихгүйг бодож, хөрөнгө бол шийдчих зүйл хэмээн нөхрийн тусыг гаргасан хэрэг. Гэвч удалгүй байдал өөр болж ирэв. Хүний хохиролыг төлөх ёстой “В” зайран, утсаа сольж, хаана байрлаж байгаа нь сураг алдарч алга болов. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор хохиролын хөрөнгийг төлөх үүрэг тус болсон “Улаач”-ийн нуруун дээр “бууж” ирэх нь тэрээ.
Зуны халуунд “В”-г хайгаад тусыг эс олов. Өвлийн хүйтэн эхлэх цагаар хашаа байшингаа шүүхийн шийдвэрээр хураалгах аюул нөмрөв. Тэгээд нөгөө “ачийг усаар хариулсан” нөхрийн өмнөөс өр барагдуулах гэж хөдөө хотод “зүсэн” бүрийн ажил хийж нэгэн цаг хугацааг туулав. Одоо ч асуудал дуусаагүй, “муур, хулгана” болж наадсаар явна.
Он гараад “В” зайрангийн сураг гарав. Сүүлийн үед байгуулагдсан бөөгийн шинэ байгууллагын “найран” дээр нөгөө нөхөр шагнал гардуулахад оролцож явна. Тэр шагнал нь “Алтан гэрэгэ” ажээ. Юм уншдаг хүнд бол тэр шагнал нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдын баталсан журмаар олон улсын хэмжээнд дипломат үйл хэрэгт гавьяа байгуулсан эрхэмд олгодог “Алтан гэрэгэ” шагнал л даа. Төрийн байгууллагын олгодог хүндтэй шагналыг нэг бөөгийн байгууллага нэрийг нь зээлдээд олгож байгааг юу гэхэв. Нэг нь ямар шагнал өгч байгаа, нөгөө нь ямар шагнал авч гардан авч байгаагаа бодох асуудал. Зарим зүйлд ичих нүүр, эрхэмлэх ёс зүй байх ёстой. Хаана ч ёс зүй хэмээн эрхэмлэн явах дэг журам хэрэгтэй.
Д.Хүрэлбаатар