http://www.zoofirma.ru/

Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм.

Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээрч ухаарсан нийгмийн тэр хэсэг л чухам хөгжил дэвшлийн түүчээ болж, гэрэл гэгээ асааж ирснийг түүх бүрнээ батална.
Сэхээтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш аж. Хуучин цагийн сэхээтнүүдийг жинхнээс нь сэхээтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэстнийхээ өв соёл, оюун сэтгэлгээ, хөгжил дэвшлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий мэдэрсэн ухамсар, эх оронч үзэл санаа юм. Харин өнөөгийн энэ олон дипломтонгуудын үнэмлэхүй олонхийн цээжнээс ийм зүйлийг хичнээн эрж хайгаад ч олохгүй болчихсонд л асуудлын мөн чанар нь байна.
Өөрөөр хэлбэл өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна. Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү...
Зохиолч, сэтгүүлч Б. Наминчимэд
"Үндэсний сэхээтнүүд үгүйлэгдэж байна" нийтлэлээс