http://www.zoofirma.ru/

Өвгөн Бямбадорж гуайн яриаг Ц.Дамдинсүрэн гуай ийн тэмдэглэж авчээ.
Манай эцэг Сандаг гэж хүн байсан. Манайх овоо малтай чинээлэг айл байлаа. Манай нутагт их шавийн нэг отог манай хошууны айлуудтай зэрэглэн нутагладаг байсан.

1911 онд Богдыг хаан ширээнд сууснаас хойш шавьчуудын омог их болоод хушуу айлыг элдвээр хохируулдаг болсон цаг юм. Их Шавийн Шүтэм гэдэг хүн Их Хүрээ орохоор явлаа. Тэгэхдээ манайхаас хоёр шар үхэр дараа үнийг өгнө гээд аваад явчихлаа. Тэгээд өнөөх Шүтэм нутагтаа буцаж ирсэнгүй. Өөр ч айлуудаас бас мал юм зээл аваад явчсан хүн байжээ. Нэг жил болсны дараа манай аав Сандаг, Шүтэмийн ах Лувсангийн нэг атан тэмээг барьж аваад иржээ. Тэгээд Сандаг, Лувсан хоёр заргалдаж эхэллээ. Хошуу тамгын түшмэд “Тэр атан тэмээг Лувсанд буцааж өг” гээд байхлаар манай аав Сандаг тэмээгий нь буцаан өглөө. Тэгээд хоёр шараа зүгээр алдчих нь тэр.
Гэвч тэр яам тал тохой татаад олигтой шийдвэр гаргаж өгөхгүй байжээ. Тэгэхлээр манай аав бодож очсон хамгийн чухал үгээ хэлж гэнэ. Юу гэж хэлсэн бэ? гэхэд “Холбоотой хоёр бярууны нэг нь худагт ойчиход нөгөө нь чирэгдэж бас худагт ойчдог юм. Хэрэв холбоотой таван бяруу байвал яах вэ?” гэж хэлжээ. Тэр үгний утга нь: “Хэрэв энэ хэргийг ингэж хилсээр шийтгэвэл би тамд очихдоо Лувсанг, яамны гурван түшмэлийг аваад хамт тамд ойчно” гэсэн юм байжээ. Түүнийг цаадуул бас тэгж ойлгожээ. Гэвч тэд нар шийдвэр өгөхгүй дуугай байгаад байжээ. Тэгэхлээр манай аав уурлаад яамны гадаа чөдөртэй байсан өөрийн гурван морины чөдрүүдийг тайлж хаяад хөөгөөд явах гэсэн чинь өнөөх морьд нь гэр өөдөө биш, өөр тийшээ зугтааж гэнэ. Манай аав бүр их уурлаж Лувсантай хэрэлдэх зодолдох шахаж гэнэ. Арай хийж ганц хээр морио аваад нөгөө хоёр морийг зөнд нь хаячихаад Лувсангийн зол болгочихоод гэртээ харьж ирэв.
Лувсан хоёр морийг нь зүгээр авсандаа бас сэтгэл нь ханахгүй хийд дээр суудаг Луузан гэдэг хүнд очиж манай аавд хараал хийлгэжээ. Тэр хараал нь удалгүй бүтэж манай аавын ууц нуруугаар хатгах өвчин тусаад хариугүй өвчтэй хэвтдэг боллоо. Бүр хүний гарт орлоо. Мэргэн Шовгор гэдэг алдартай ламаас асуусан чинь “Манла”, “Доржжодба” гэдэг номыг уншуул” гэж айлджээ. Энэ чинь хойт насанд зориулсан ном юм. “За үхэх ёстой юм байлгүй” гэж аав хэлдэг боллоо. Яах ч арга байдаггүй. Манай аавын бие муудаж л байна. Би арван хэдтэй хүүхэд байсан. Манай ах Сангаа хориод настай залуу байлаа. “Одоо яах вэ?” гээд манай ах Сангаа ааваас асууж байна. “За би Лувсангийн хараалаар үхэх ёстой юм байлгүй” гэхээс өөр үг аав хэлэхгүй юм. Тэгэхлээр манай ах гэрт гадаа орж гарч баахан бодож байгаад нэг юм шийдсэн бололтой хурдан хээр морио барьж унаад нэг өглөө мордоод явчлаа. “Хүү хаашаа явчив?” гэж аав сүүлд нь асууж байснаас үзэхэд аавд хаашаа явахаа хэлсэнгүй юм байна. Тэгээд хоёр хоног өнгөрлөө. Ах байдаггүй.
Нэг өглөө босоод манай аав хэлж байна: “Урьд шөнө сайхан зүүд зүүдэллээ” гэж байна. “Ямар зүүд зүүдлээ вэ?” гэж асуухад хэлж байна. “Өнөөх Шар Сандуй ирээд надтай ноцолдоод болдоггүй. Би түүнийг барьж аваад хүлээд хаячихлаа гэж зүүдэллээ” гэж байна. Шар Сундуй гэж хүн байгаад хэдэн жилийн өмнө үхсэн юм. Урьд нь аав дандаа муухай зүүд зүүдэлдэг байсан юм. Галзуу хүн ирээд ноцолдоод болдоггүй юм гэнэ билээ. Бас тэр шөнө манай ижий сайхан зүүд зүүдэлжээ. Нэг чоно манай хот руу дайрч ирснийг манай нохой тосож ноцолдоод барьчихлаа гэж зүүдэлсэн гэнэ. Тэгээд аав “Бие гайгүй” гэж хэлээд “Намайг өндийлгөж үз” гэж ижийд хэлж байна. Ижий бид хоёр элбээд аавыг өндийлгөв, аав өндийгөөд суулаа. Халуун цай овоо уучихлаа. Ууц нь хатгахаа больчихлоо. Тэгээд аавын бие овоо засарч эхэллээ. Би баярлаад “Аав эдгэж байна” гээд дэргэдэх айлын гэрүүдээр явж зарлав. Тэгээд ижийд буруутав. “Юу юуны туханд хүрэлгүй, дэмий юм битгий яриад бай” гээд загнаж байна. Үдэш болоход аав гарч биеэ засаж чаддаг боллоо. Тэгэхэд аав баярлахгүй, харин сэтгэл нь зовж байна. “Миний өвчин засраад хүүд минь шилжиж магадгүй” гэж зовж байна. “Хүү яав? Хоёр хоног алга боллоо” гэж байна.Гурав хоноод ах Сангаа ирлээ. Морь нь хөлөрчихсөн хол явсан бололтой байна. “За чи хаагуур яваад алга болов?” гээд аав ижий хоёр асууж байна. Тэгсэн чинь ах Шар удганыд очиж асуугаад аврал хийлгээд ирсэн юм байна. Шар удган бол надаас хориод нас ах, Лхамо Жамсрангийн өмнөөс буудаг, удган ч гэж бараг Чойжин шахуу хүн, олонд ач авралаа хүргэдэг, өвчин зовлонгоос салгадаг их ачтай тустай тийм нэг эхнэр байсан юм. 1937 онд элдэв цээрлэл шийтгэлээс айж өөрөө сайн дураараа нас барсан юм. Тэр удганд очиж манай ах аавын тухай асууж гэнэ. Тэр удган хэлж гэнэ: “За жадхын /хараалын/ хорлолтой юм байна. Янаг хайртай бараан хөлгийг дагаж ирсэн жадха байна. Аргалж болно” гэж гэнэ. “Хараал явбал толгойд, хадаг явбал бурханд” гэсэн ёсоор Лувсангийн хараал манай аавын толгойд буусан хэрэг байжээ. Манай ах, Шар удганд нэг морь, хэдэн хоньтой өргөж аавын амь насыг даатгаж гэнэ. Шар удган сахиусаа залж удгалаад асууж гэнэ: “Хорлолыг зүгээр л хэнд гэм хоргүй болгоод орхих уу? эсвэл хариулж уг эзэнд нь буулгах уу?” гэж гэнэ. Тэгэхэд манай ах хэлжээ: “Хэнд ч гэм хоргүй болгож хайрла” гэжээ. Шар удган “За хорлолгүй болголоо. Аавын чинь бие гайгүй болох байхаа. Өнөөдрөөс тэмдэг мэдэгдэх байх” гэж хэлсэн гэнэ. Тэгээд ахыг ирэхэд аавын бие нээрээ гайгүй болоод байсан даа. Тэгээд бие сайжирч долоо хоног болоход босоод явдаг болсон, сар болоход морь унаад явдаг болсон. Ердөө эмнүүлсэн ч юм байхгүй бие нь зүгээр болсон доо.
Нэг өдөр аав Лувсанг “Ирж уулз” гэж хэлүүлсэн юм. Тэр ирж уулзлаа. Царай уруутай олон үг дуугүй хүн байх юм. Манай аав түүнд хэллээ: “За би чиний хараалыг хариулгаж хэнд ч хорлолгүй болгуулсан. Дөргүйгээс биш үхэр, дөрвөлжингүйгээс биш хад юм биш бол чи ойлгоо биз. Чи намайг хорлоод би хариулаад байх юм бол танай манай хоёр айл үрэгдэж дуусна шүү. Тэгээд хойт насанд тамын таглаа болно. За хоёул найрамдъя. Тэгээд хоёул эвдрээд яах вэ? Эвлэе” гэж манай аав хөөргөө гаргаж тамхилсанд тэр ч тамхиллаа. Манай аав ч эрүүл болж урт удаан наслаад хожим нас барсан даа. Үүнээс хойш би хараал гэж байдаг юм байна, хараалыг хариулж бас болдог юм байна гэж боддог болсон.1974.3.14.