http://www.zoofirma.ru/

Гучаад оны үед Хөвсгөл аймагт Тахь зайран хэмээх цуутай эр байсан бөгөөд тэрбээр зарим үед Тахь зайран нэртэйгээр бөөлж бусдад хараал жатга хийгээд сүйдэлчих шахдаг, заримдаа “Сунагар” Цэсрэн нэртэйгээр Хөвсгөлийн тайгад шилийн эр маягаар амьдарч энд тэндээс адуу мал хөөгөөд явж байдаг, нэг ёсондоо хоёр нэртэй, хоёр янзын дүрд хувирдаг элдэвтэй хүн байсан бололтой.

Түүний тухай зарим нэг яриа нь хүн үнэмшмээргүй, эгээ л домгийн шинжтэй байхыг яана. Хөвсгөл аймгийн харъяат Ж.Буянхишиг, Д.Баясгалан нарын хүмүүс түүний тухай хуучилсаныг нэгтгэн сийрүүлэв. Тахь зайран буюу “Сунагар” Цэсрэн гэгч нь хар нялхаасаа маш хүнд хэцүү амьдрал туулжээ. Учир нь тэр үед Орост дайн самуун дэгдэж, үүнээс дүрвэж зугтсан эсэн бусын явуулын тэнэмэлүүд Монголын хилийн дээсийг алхаж Хөвсгөл нутгийн цаатангуудыг хүчирхийлэн, дээрэмдэж, улмаар амьдрах эх сурвалж болсон цаа буга, урц оромжноос нь салгаж хаях нь их байж. Тиймээс Тахь зайрангийн сэтгэл зүйд явуулын дээрэмчдийг үзэн ядах үзэл хар нялхаас нь сууж эхэлжээ. Тэгээд тэднээс өш хонзон авахын тулд бөө болж хараал жатгын хар судрыг өдөр шөнөгүй бясалгах болсон байна.
Нэг удаа тэрбээр Хөвсгөл нутагт бүгсэн тавь гаруй явуулын тонуулчныг хөнөөхийн тулд Хөвсгөлийн тайгад зориуд урц барин сууж арав хоногийн турш хараал хийжээ. Нээрээ ч төдөлгүй Ренчинлхүмбэ хайрханы арын их тайга руу хүн толгойтой цөөвөр чононууд гүйлдэх болсон байна. Эдгээр хачин амьтад биесээ цуу татан, цусан далай савируулан хооллоцгоож байхыг тус нутгийн цаатангууд холоос хараад мэл гайхацгаасан байна. Сүүлдээ мөнөөх цөөвөр чононууд хайрханы ангал руу биесээ хороосоор үхэж үрэгдэж дуусчээ. Гэтэл үүний дараахан Ренчинлхүмбэ хайрханы гүн хавцалд тавь гаруй хүний араг яс овоорчихсон байсан гэдэг. Орой үдшийн цагаар уг хавцалаас хөх гал дүрэлзэн асдаг, ойр хавьд нь явсан хүн амьтан цахилгаанд цохиулсан мэт тэр дороо үхдэг болсон гэх бөгөөд хэрвээ дээрхи явдал амьдрал дээр жинхэнээсээ тохиолдсон бол аюултай л юм байна. Бас гайхамшиг ч гэж хэлж болохоор юм.
Явуулын тонуулчдад өширхөж хорссон нутгийн ардууд сэтгэлээ тайтгаруулахын тулд дээрхи яриаг зориуд зохиомжилсон байж ч мэдэх юм. Дээрхи итгэмээргүй явдлын тухай хожим Тахь зайран “Үйлийн үр гэдэг нь аливаа хүнд заавал ч үгүй ирдэг ёстой юм. Тэр цөөвөр чононууд маш их нүгэл үйлдсэн болохоор дааж давшгүй хөнөөл сүйрэлд өртсөн юм шүү дээ” гэж ярьдаг байсан гэдэг. Гэхдээ Тахь зайран байнга хараал жатга хийгээд байдаггүй, чухамхүү аргагүй шаардлагатай үед л гоц мэдрэхүйгээ ашигладаг байж. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр До яамны ногоон малгайтанууд Хөвсгөлийн лам хуварга, ноён баяд, ард иргэдийг олноор нь хядсан байдаг. Чухам тэр үед Хөвсгөлийн тайгад нэг зэрлэг хүн бусдыг олноор нь алж устгаад байгаа мэдээ До яамныханд иржээ. Тэрхүү зэрлэг этгээдийг устгахаар До яамнаас дөрвөн мэргэн буудагчийг илгээсэн гэх бөгөөд тэд бүрий болсон хойно Ренчинлхүмбэ хайрханд хүрчээ. Гэтэл тайгын хавцалаас хөх гал маналзаад явчихаж. Мэргэн буудагчид тэр зүг рүү гал нээтэл мөнөөх гал улалзахаа больжээ. Тэнд ямар ч гэсэн хүн байгаа нь ойлгомжтой болсон тул мэргэн буудагчид нэгийгээ үлдээгээд, гурав нь тэр зүг рүү явцгаажээ. Гэвч тэднийг хавцалын ирмэгт дөнгөж очтол гэнэт хөх гал маналзаж байсаар тэнгэрээс цахилгаан цахиад бүгдийг нь аянга ниргэж орхисон гэдэг.
Энэ нь мөн л Тахь зайрангийн хийсэн үйлдэл байсан бололтой. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа До яамны зэвсэглэсэн хэдэн ногоон малгайт “Буутай цэргүүдийг маань аянга буулгаад хөнөөчихдөг тийм ид шид гэж юу байсан юм бэ. Энэ бол шашны мунхруулга” гэж онолдоод Тахь зайранг барьж устгахаар Хөвсгөл аймгийг зорьсон байна. Тэд Ренчинлхүмбэ суманд очуутаа л Тахь зайранг сураглаж, улмаар нутгийн цаатан ардуудыг баривчлаад “Зайрантан хаана байгааг хэлж өг” гээд эрүү шүүлт тулгаж эхэлжээ. Харин энэ үед Тахь зайран өөрөөс нь болж гэмгүй иргэд До яамныханы гарт тарчилж байгааг мэдчихээд нэг үдэш ногоон малгайтануудыг тайгын хавцалд бусдыг яргалж байхад нь шууд яваад очсон байна. Гэхдээ тэр зүгээр нэг очсонгүй. Нэгэн том биетэй цаа уначихсан, тэгсэн хэрнээ толгой байхгүй, нэг гартаа савар, нөгөө гартаа толгойгоо барьчихсан цаатануудын урцанд тулж очжээ. Үүнийг хараад ногоон малгайтануудын зүрх амаараа гарах шахсан гэдэг. Тэд айсанаасаа болоод зэрэг зэрэг гал нээж, мөнөөх цаа унасан толгойгүй хүн ойн чөлөө рүү ухасхийжээ. Ногоон малгайтанууд хойноос нь өчнөөн буу тавьсан ч оногдсонгүй. Төдөлгүй тэнгэрээс цахилгаан цахилаад явчихаж.
Энэ нь аянга буух дохио байсан бөгөөд өмнө нь гурван мэргэн буудагч аянганд цохиулаад үхчихсэн болохоор ногоон малгайтанууд “Бидэнд аянгын дохио өгөөд байх шиг байна. Эндээс бушуухан холдъё” гээд машинаа асаагаад давхиж одсон гэдэг. Хожим Тахь зайран “Тэр үед би шууд аянга буулгаж болохоор байлаа. Даанч тэр цэргийн хүмүүстэй цуг энгийн номхон цаатангууд амь үрэгдчих гээд байсан юм. Тэгээд л би дохио өгч сануулсан юм даа” гэж хуучилж байсан гэдэг. Хөвсгөл нутгийн шилийн сайн эр “Сунагар” Цэсрэн гэдэг хүний нэр өмнө нь бас сонсогдож байлаа. Хөвсгөлийн зарим иргэд “Сунагар” Цэсрэн, Тахь зайран хоёрыг нэг хүн хэмээн барим тавим нотолдог ажээ. Нээрээ ч энэ хоёр хүний амьдарч асан нутаг орон, цаг хугацаа яг тохирдог бөгөөд Тахь зайранд зарим үед нэрээ өөрчлөөд өөр хүний дүрд хувирах шаардлага тулгардаг байсан бололтой. Ингэснээр ч зарим ажлыг сүрхий бүтээдэг байж. Дан ганц бөө зайрангаар яваад байх нь түүнд бас хангалттай санагдсангүй. Дээхэн үеийн Дарьгангын шилийн эрчүүдийг төр засаг малын хулгайчийн дүрд хувиргаад тагнуулын хэрэгт ашигладаг байсан гэдэгтэй л утга нэг юм.
1930-аад оны үед Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах хэлтэст Будын Цэнд-Аюуш гэж айхтар харгис этгээд байжээ. Тэрбээр хэлмэгдэгсэдийг байцаахдаа “Миний гарт сайн эр гурав хоног нухлуулдаг юм. Дунд зэргийн эр хоёр хоног, жирийн эр ганц хоног нухлуулдаг. Тэгэхээр чамайг ямар эр болохыг чинь үзнэ ээ” гээд яргалж эхэлдэг байж. Тэгээд ганц хоногийн дотор буулгаж авахаар янз бүрээр тамлах бөгөөд үүнд Манжийн үеийн есөн эрүүнээс ч хэрэглэдэг байжээ. Тухайлбал тус нутгийн “Саарал” Гомбо гэгч залуухан ламыг яргалахдаа эрхий хуруунаас нь дүүжлэн тоосго сугалсан байгаа юм. Гэвч Гомбо ганцхан тоосго сугалуулаад л хилс хэрэг хүлээж байсан гэдэг. “Мөн “Хувилгаан” Дүүвээ гэгч настай ламын хумс руу хулс шааж хилс хэрэг хүлээлгэсэн бөгөөд Дүүвээ лам түүний яргалалыг даалгүй гурав хоногийн дараа нас барсан гэдэг. Тухайн үед зөвхөн хэлмэгдэгсэд бус гэмт хэрэгтэнүүд ч Будын Цэнд-Аюушийн гараар орж хамаг хэргээ хүлээдэг байж. Нэг өдөр дээр өгүүлсэн Тахь зайран буюу “Сунагар” Цэсрэн Тувагаас адуу хөөсөн хэргээр цагдаа нарт баригдаад Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хүргэгджээ. Гэхдээ тэр Будын Цэнд-Аюуштай зориуд уулзахын тулд албаар баригдсан байгаа юм.
Учир нь тэр Будын Цэнд-Аюушийг эрийн цээнд хүрэх гэж ядаж явахад нь төрсөн ахтай нь цуг энд тэндээс адуу хөөдөг, нэг ёсондоо түүний эртний танил, дотны хүн нь байж л дээ. Тэрбээр баривчилж авчирсан хүмүүстээ “Би танай тэр том дарга Будын Цэнд-Аюуштай уулзмаар байна. Түүнтэй уулзаагүй цагт би та нарт юу ч ярихгүй” гэж адарчээ. Тиймээс тэд түүнийг арга буюу Цэнд-Аюушийн өрөөнд дагуулж орсон байна. Цэнд-Аюуш түүнийг хармагцаа “За Сунагар ах ямар хэргээр наашаа ирэв дээ” гэхэд Цэсрэн “Ийм л хэргээр ирлээ дээ” гээд ширээн дээр тавьсан нарийхан хулсыг шүүрч аваад өөрийнхөө хумс руу шааж орхижээ. Тэгээд тэр “Энэ чинь Манжийн үеийн эрүү шүүлтийн эхний даваа биз дээ. Дүү хүү нэг иймэрхүү л юм хийж суудаг болоо юу. Их юм сурч гийгүүлж дээ. Хүний хумс руу хулс шаах тэгээд ямар байна. Сайхан байгаа биз дээ” гэхэд Цэнд-Аюуш “Сайхан муухайг нь ёстой мэдэхгүй юм. Таньд ямар байна даа, өвдөж байна уу?” гэж асуужээ. Тэгтэл Цэсрэн “Арван тавны цагдаа нар миний хумс руу энэ хулсыг мөн ч олон удаа шаасан даа. Одоо бүр дасал болчихож. За дүү хүү ахынхаа эрхий хуруунаас дүүжлээдэх. Цагийн сайханд би долоон тоосго сугалуулдаг байсан юм. Гэвч чиний өрөөнд ердөө гуравхан тоосго байх чинь. Дүү хүү дахиад дөрвөн тоосго олоод ир” гэж шавдуулсан байна. Тэгтэл Цэнд-Аюуш эвгүй байдалд орж “Сунагар ах аа. Та одоо юу яриад байна аа. Би таныг яалаа гэж байцаах юм бэ. Таныг наад цагдаа нар чинь л байцаана биз. Би зөвхөн хувьсгалын эсрэг тэрсэлсэн хүмүүсийг л байцаадаг хүн. Хулгайч нартай зууралдаж чадахгүй. Та одоо яв” гэсэн байна. “Сунагар” Цэсрэн бүр ч омогшиж “Чи чинь хулгайч нарын хулхийг буулгадаг юм биш үү. Дүү хүү өөрт хамаагүй ажилд битгий оролцож бай. Тэгээд ч чи энэ нутагт төрж өссөн хүн. Нутгийнхаа номхон хүлцэнгүй хүмүүст хатуугаар ханддаг чамайг би хувьдаа өршөөхгүй. Яасан задарсан тархи вэ чи. Эцэг, эх хоёр чинь амьд байсан бол чамайг яах байсан бол. Энэ байдлаараа чи үхээд тамд очих биз. Одоо чи наад тоосгоо гаргаж хая. Би танай хувьсгалт засагт гомдол мэдүүлнэ. Танай засаг яагаад Манжийн үеийн эрүү шүүлт хэрэглэдэг билээ. Танай засаг чинь ардын засаг, энэрэнгүй засаг биз дээ” гэхэд Цэнд-Аюуш түүний өмнө сөгдөж “Сунагар ах аа. Та намайг өршөө. Та надад битгий л хараал хийж үзээрэй дээ. Энэ бол хувьсгалт засгийн шийдвэр биш, миний шийдвэр. Би дахиж ингэхгүй. Одоо энэ тоосгонуудыг гаргаж хаялаа. Ахын минь найз байсаны хувьд дүү хүүгээ өршөө. Би таныг хэргээс мулталж чадна шүү” гэх зэргээр гуйж царайчилсан байна. “Сунагар” Цэсрэн түүний үгийг үл тоож “Чи намайг хэргээс мултлах гэж үү. Чамтай чамгүй би хэргээ өөрөө аргалчихна. Тэгээд ч хүн чанараа барсан чиний нэг муу нохой тус надад өчүүхэн ч хэрэггүй. Намайг оролдсон хүмүүс өөрсдөө удахгүй баларч сүйрнэ” гэсэн гэдэг.
Энэхүү сүрдүүлэг Будын Цэнд-Аюушд сүрхий цохилт болж төдөлгүй тэр өөрийн сайн дураар ажлаасаа халагдсан байна. Гэвч тэр До яамны хар дансанд хэдийнэ орсон тул 1939 онд баахан ногоон малгайтнуудын хамт Зөвлөлт рүү ачигдаж тэндээ цаазаар авахуулсан гэдэг. Харин “Сунагар” Цэсрэн цаашид хэрхсэн эсэх нь тодорхойгүй. Зарим хүн түүнийг адуу хөөсөн хэргээр арван жилийн ял авсан гэдэг бол зарим нь “Тахь зайран буюу “Сунагар” Цэсрэн 1960-аад оны үед Ю.Цэдэнбал даргын цаатангуудад барьж өгсөн цагаан байшинд суугаагаараа өөд болсон гэж ярьдаг аж.