http://www.zoofirma.ru/

1890-ээд оны сүүлчээр Хөвсгөлийн их уулсаас Дархадын нэртэй зайрангийн хүү Догсуу гэгч хориод насны залуу Их хүрээг үзэхээр иржээ. Тэрбээр үе тэнгийнхээ нэгэн залуугийн хамт ирсэн бөгөөд Хүрээнд таньж мэдэх айл хунаргүй учраас Туулын эрэг дээр жодгор майхнаа босгон утаа май тавьж суужээ.

Энэ үеэр дэргэдүүр нь хэдэн бүсгүй морьтой давхиж өнгөрсөн бөгөөд нэг нь үнэхээрийн хацар гоо үзэмжит нэгэн байсан болохоор Догсуу сээтэн хаях санаатай дуудаж орхисон байна. Мөнөөхөн бүсгүйчүүл дунд байсан Жаргал хэмээгч бүсгүй үнэхээр царайлаг нэгэн байлаа. Догсуу хачин аялгаар ярих хэдий ч өндөр чийрэг нуруу, өтгөн хар хөмсөг, хүдэр бадар бие тэргүүтэн нь Жаргалд ч гэсэн таалагджээ.
Ингээд гэр орныг нь заалган очиж хоол, унд идэхээр тохиролцжээ. Маргааш өглөө нь Догсуу найзынхаа хамтаар нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөн шиг Жаргалын гэрт зочлон очив. Жаргал аав, ээж хоёртойгоо амьдардаг айлын ганц охин аж. Нэг их баянд тооцогдохгүй ч боломжийн тов хийсэн амьдралтай айл байлаа. Эцэг, эх хоёр нь ч холын хүүхдүүдийг хоол, цайгаар дайлан хөл алдав. Энэ мөчөөс эхлэн Жаргал, Догсуу хоёр бие биендээ сэтгэл алдран уулзаж учрах болов. Хүрээнд долоохон хоноод нутаг буцах ёстой байсан Догсуу сэтгэлт бүсгүйдээ хоргодон зуслаа. Ингэж байтал нь Манжийн амбаны газарт томоохон алба хашиж байсан Дондов зангийн хүүд Жаргалыг эхнэр болгохоор сүй бэлэг иржээ.
Аав, ээж нь охиноо Догсуутай хайр сэтгэлийн холбоотойг мэдээгүй юу, аль эсвэл мэдсэн ч хаа холын хүнтэй суулгахыг хүссэнгүй юу сүй бэлгийг нь авчихжээ. Тэгээд ч бурханы шашны үнэнч сүсэгтэн эцэг, эх нь Догсууг бөөгийн хүү гэж мэдвэл охинтойгоо суулгахгүй байсан байх. Жаргал нэгэн орой Догсуугийн байшинд уйлан хайлсаар иржээ. Догсуу нэгэнт бүсгүйд татагдсан учраас майхан жодгорт амьдрахаа больж гурван жангийн байшин хашаатай нь худалдаж аван түр хугацаанд аж төрж байв. Харин Дархадын хотгорт байгаа аав, ээждээ өртөөгөөр захидал явуулжээ. Уйлан хайлсаар ирсэн Жаргал өөрийгөө хүнд очих болсноо хэлэв. Угаас дураараа өссөн Догсуу юмны цаад наад нарийн ширийнийг ойлгохгүй хөдөө зангаараа,
- Би тэр новшнуудыг чинь болгоод өгье хэмээн цамнав. Жаргал найзтай нь ятгасны эцэст арайхийн тайвшруулжээ. Гэвч тэр нутагтаа зайрангийн хүү гэдгээрээ бүхнийг дийлдэг бардам зангаа татаж чадахгүй байлаа. Эцсийн эцэст тэр гурав ярьж байгаад нэгэн шийдвэр гаргасан нь ихээхэн тэнэг явдал болсныг дор өгүүлэх зүйлээс аяндаа тодорхой болох буй заа. Учир юун гэвээс Дондов зангийнд очиж энэ бүх явдлыг хэлбэл хүндэтгэж үзнэ. Тэгээд ч өөр хүнийх гэдгийг мэдвэл Дондов зангийн хүү дур нь гутаад болино байх хэмээн найджээ. Ингээд Догсуу Дондов зангийн гэрт очжээ. Түүний үгийг сонссон Дондов зангийн царай барайгаад явчихлаа. Дондов занги хэсэг бодлогоширч байснаа,
- Тэр яатуу тэгээд манай хүүтэй бус чамтай сууна гэж байгаа юм уу? хэмээн асуухад Догсуу ч,
- Тийм, тийм хэмээн бөхөлзлөө.
- За, чи хаана байдаг хүн бэ? гэхэд нь Догсуу гэр орноо зааж өгөн, явуулын хүн гэдгээ ч нуусангүй.
- Чи одоо яв. Би ямар ч байсан чамд туслахыг бодно гэж хэлээд гаргажээ. Нэгэн гудамжны цаана хүлээж байсан амраг хайрт Жаргал, анд найз Дэлгэр хоёр дээрээ Догсуу инээд алдчихсан гүйн ирлээ.
- Ямар ч байсан Жаргалыг хүнтэй гэдгийг сонсоод хүүгээ болиулахаар шийдсэн гэхэд нь нөгөө хоёр нь дэвхцэн баярлав. Ингээд Жаргал гэртээ харихаар, нөгөө хоёр нь байшиндаа очиж хэвтэхээр явлаа. Маргааш өглөө нь Догсууг орондоо хэвтэж байхад нь амбаны газрын манж, монгол цэргүүд очиж баривчлав. Мөн найз Дэлгэрийг нь ч хамтад нь барьсан байна.Чухам ямар хэргээр баригдаж буйгаа ч мэдэхгүй Батцагаанд хоригджээ. Нэг хоносны дараагаар түүнийг тулган байцаалаа. Амбаны газрын нэгэн манж түшмэл Туулын бургасанд бусдад хорлогдон нас барсан хэргийг тулгажээ. Ингээд л хоёр залуу эрүү шүүлтэнд тарчилж эхлэв. Энэ хооронд хайртай залуу нь усанд хаясан чулуу шиг алга болсонд гайхсан Жаргал бүсгүй бөөн эрэл сурал болж байлаа. Ийм маягаар сар гаруй хугацаа өнгөрсөн боловч сураг ажиг сонсогдсонгүй.
Нэгэн орой Жаргалыг гэрээс нь хүн дуудуулжээ. Гартал хайртай залуугийнх нь найз Дэлгэр нүүр нь нилдээ шарх сорви болчихсон зогсож байх нь тэр. Болсон явдлыг сонссон Жаргал ч уйлан хайллаа. Нэгэнт хэрэг нь мухардсан Догсуу найзыгаа аварч, ар гэртээ хэл өгөхийн тулд өөр дээрээ хамаг анхаарлыг татаж суллажээ. Үнэхээр Догсууг л хэрэгт унагах шаардлагатай болохоос бус хаа хамаагүй Дэлгэрийг сонирхох хүн байсангүй. Хэсэг чимээгүй байснаа Дэлгэр,
- Энэ бол Дондов зангийн хийж буй ажил гэж палхийтэл хэлэв. Энэ үгийг сонсоод Жаргал ч хачин ихээр гунигласан нь ойлгомжтой.
- Би тэгээд яах вэ?
- Нээрээ би Дондов зангийн хүүтэй суучихвал Догсуу маань аврагдах болов уу?
- Мэдэхгүй юм даа. Ийм л яриа боллоо. Маргааш нь Хүрээ даяар ийм яриа тархлаа. Манж түшмэлийг хөнөөсөн Догсуу хэмээх дархад эр шоронгоос оргох гэж байгаад хуягийн суманд өртөж үхсэн болох нь тодорхой болжээ. Энэ цуу яриа үнэн худал алин болохыг мэдэхээр Жаргал, Дэлгэр хоёр Батцагааны гяндангаар очжээ. Жаргалын таньдаг хүнээс лавлахад,
- Тийм ээ. Хөөрхий залуу оргосон гэсэн. Тэгээд л манж цэрэгт буудуулсан байна лээ. Уг нь мүглэнд байсан. Оргоно гэж баймааргүй юм даа гэжээ. Найз Дэлгэр нь цогцсыг нь авч оршуулах гэсэн авч өгсөнгүй. Аль хэдийн Даландавхарт аваачаад хаячихсан гэжээ. Ингээд Дэлгэр эцэг, эхэд нь хэл дуулгахаар хөдлөв. Түүнийг хөдлөхөд Жаргал нулимс дуслуулан байж,
- Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь би амьд яваад юүхэв гэхэд нь Дэлгэр,
- Чи тэгж болохгүй ээ. Үхсэний хойноос үхэлтэй биш, амьд явахаа бод. Харин тэр новшийн хүүтэй л бүү суугаарай гэж чандлан захиад морджээ. Түүний явсны хэдхэн хоногийн дараа Жаргал Туул голд унаж амиа хорлосон гэдэг.
Хагас сар шахам явсны эцэст Дэлгэр нутагтаа очин Догсуугийн эцэг Хавх зайранд болсон явдлыг мэдүүлжээ. Зайран энэ явдлыг сонсоод цурхиртал уйлж байлаа (эхнэр нь ч мөн адил). Бүтэн хоног уйлсны эцэст зайрантан Дэлгэрт,
- Миний нулимсыг үзлээ. Би барагдахгүй их нулимстай ажээ. Тэд ч гэсэн барагдахгүй их нулимстай байх ёстой гэж шүд зуун хэлжээ. Тэгээд Дэлгэрийг дагуулан Хүрээнд ирсэн ажгуу. Түүний ирэхэд Жаргал амиа хорлочихсон байсан нь зайрантанг бүр ч хилэгнүүллээ. Тэрбээр ,
- Тэнгэр эцэг минь, хэнгэргийг минь хэн өвлөх юм бэ? Адаглаад амин ганц үрийнхээ амраг хүүхнийг харах ч өнгөрлөө. Би тэр Дондов гэгчийг хармаар байна гэжээ. Тэрбээр холоос зангийг харснаа,
- Энэ хүнийг би тийм ч амар үхүүлэхгүй. Харин гурван үеэр нь хараана гэж хэлсэн гэдэг. Мөн зайрантан энэ бүхнийг түүнд өөрт нь мэдэгдэхийг хүсчээ. Тэгээд Дондов зангийн гэрт нь шууд явж оржээ. Их л хачин үс гэзэг нь сэгсийсэн бөө байрын хүн орж ирсэнд Дондов занги ихээхэн гайхаж байлаа. Зайран гэнэтхэн,
- Чи миний хүүг хөнөөсөн. Гэхдээ би чамайг алахгүй. Харин би чамайг гурван үеэр чинь харааж байж дуусгана. Түй! хэмээн нулимхад гэгээн цагаан өдрөөр гэр дотор тас харанхуй болсон гэдэг. Хэсэг хугацааны дараа байдал хэвэндээ ороход гэнэтхэн үс нь цайсан Дондов занги уйлан хайлан өмнө нь сөхрөн унажээ. Ихээхэн сонин нь тооно нь хувхайрч, тулга нь зэвэрсэн байсан аж.
- Өршөө намайг, өршөө гэхэд нь
- Би чамайг гурван үеэр чинь хараалаа. Чи үхэхгүй ээ. Харин тарчилна гэж хэлээд гарсан гэдэг. Энэ цагаас хойш зайран чухам хэрхсэн нь тодорхойгүй. Харин Дондов занги ёстой л гурван үеэрээ муугаа үзсэн гэдэг. Удаа ч үгүй хүү нь эхнэр авахаар болов. Ер нь залуу нь сүүлийн үед нэг л маанагдуу ч юм шиг болсон байлаа. Тэр нэгэн эмэгтэйтэй дэр нэгтгэх болсон нь эцэг, эхийнхээ хараанаас мултарсангүй. Дондовын хүү Пэрэнлэйгийн сэм ханилах болсон эмэгтэй нь гарал үүсэл нь тодорхойгүй айлын зарц эмэгтэй байлаа. Эцэг нь уурлаж хилэгнэсэн авч эрх ганц хүү нь сайхь эмэгтэйгээс салсангүй. Бас хориглочихвол яах ч юм билээ гэж бодоод арга буюу зөвшөөрчээ. Үнэндээ бараг л зайрангийн хараал цаанаас нь зохицуулсан гэж хэлбэл зохилтой.
Ингээд Борогчин хэмээн тас хар царайтай хорчгор эмэгтэй Дондов зангийн мантгар цагаан залуутай ханилах нь тэр. Есөн сарын дараа хүү төрсөн нь нэг л сонин бас хачин муухай байжээ. Энэ нь хоёр хүйстэй хүүхэд байлаа. Манин гэсэн үг л дээ. Үүнээс болоод Дондов зангийн хатан сэтгэлээр унаж хачин маанагдуу болжээ. Дараа жил нь нэгэн хүү төрсөн нь эв эрүүл, сав саруул нэгэн хүү байлаа. Энэ хооронд яагаад ч юм Дондов занги хилс хэрэгт гүтгэгдэн гянданд хоригдож есөн эрүү тулгагджээ. Есөн эрүү гэдэг нь манай үеийн хамгийн харгис эрүү шүүлт байлаа.
Хумс руу хулс шаах, мүглэнд жийх, хонгор азарга гээд л бараг бодохоос ч айдас хүрэм зүйл гэсэн үг. Ингэж ингэж нэг юм хэрэг нь шийдэгдсэн аж. Гэхдээ бүх хөрөнгөө хураалгасан нь хамгийн хүнд цохилт болжээ. Дондов маанаг эхнэр, хүү, бэр, хоёр ачтайгаа гудамжинд хөөгдөн гарчээ. Тэдэнд хэн ч элгэмсэг сэтгэлээр хандсангүй. Харин тэнэж зовлон үзсэн хорчгор бэр нь л тус болсон гэж хэлж болно. Бэр нь нэг өдөр сураггүй алга болчихов. Урин дулааны цаг учраас гадаа хонож байтал нь сарын дараа бэр нь дөрвөн ханатай навтгар хар гэр ганц тэмээнд ачаалчихсан иржээ. Ингэж толгой хоргодох оронтой боллоо.
Дондов зангийн эхнэрээс бусад нь айлын хар бор ажил хийж гол зогоох юм олно. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, манж нарыг хөөхөд ч гэсэн амьдрал ахуй нь дээшилсэнгүй. Эрх танхи өссөн хүү нь улам бүр унхиагүй болж, эхнэр нь бараг нүдэн дээр нь элдвийн эрстэй загас наадуулна. Энэ бүхнээс болоод Дондов занги амиа хорлох гэж оролдсон авч бүтсэнгүй. Хорвоо түүнийг амьд байлгаж зовоохоор шийджээ. 1919 онд Хүрээнд гамин цэрэг орж ирэхэд хамгийн их баярласан хүн бол Дондов байжээ. Тэрбээр гамингийн Сийлэнбуугийн яаман дээр очиж өөрийгөө танилцуулан ажил төрөлд орохыг хүсчээ. Энэ бүхэн нь хүсэлт ёсоор болж Дондов хүүтэйгээ хоёулаа гамингийн талд зүтгэх болжээ. Тэдэнд Маймаа хотод (Амгалан) нэгэн хашаа байшин өгсөн ажгуу. Хамгийн муухай нь Дондовын том ач манин жаалыг нь гаж донтой гамин цэргүүд ээлжлэн эдлэж байгаа нь олон түмэнд маш жигшүүртэй байлаа. Ер нь Дондовт ч гэсэн эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ өлсөж үхэх гэж байсан хүмүүст энэ нь бараг л хамаагүй хэрэг болжээ. Мөн бэр нь Маймаа хотын өвгөн луухаануудтай самууран цэнгэнэ. Хүү нь гэж бүтэлгүй амьтан хужаа нарын шээс зөөгөөд л явна.
Энэ маягаар эх орноо худалдаж, харийнхны өмнө бөхөлзөж гэдэс цатгалан явах “аз жаргал” нь даан ч богинохон хугацаатай байжээ. 1921 онд хувьсгал ялж гаминг хөөснөөр дуусгавар болжээ. Төр, засаг ч тэдэнтэй хариуцлага тооцож сүйд болсонгүй. Тэд Хятадын пүүсний хар бор ажил хийн нохойн махаар гол зогоох болсон аж. Эхнэр нь нас барснаар Дондовын зовлон бага ч болов нимгэрч байлаа. Тэр маш урт насалсан юм. 1931 онд хүүгээ эсэргүү хэрэгт татагдаж Дотоодыг хамгаалахын шоронд нүд анихад хүртэл амьд байжээ. Дондов хужаа нарын дэвсгэр болсон бэр, хэдэн ачтайгаа үлджээ. Хоёр ч ач нь нүдэн дээр нь шалтгаангүйгээр үхэж, шөнө дунд бэр нь өвгөн луухаан дагуулж орж ирээд амьсгаадан загас наадуулах зэрэг нь ямар байх нь тодорхой. Дондов амьсгаадан үхэх гэж хэвтэхдээ ач хүүдээ,
- Энэ бүхэн бидний буруу. Намайг тэр зайрангийн нүд байнга харж байдаг юм гэж хэлсэн гэдэг. Ач нар нь ч гэсэн айл хунар болоод олигтой амьдарсангүй. Социализмын үед траншейны хүн гэж байхгүй байхад л орц хонгилд хонож өнжиж ядарч байжээ. Эдний удмын сүүлчийн хүн нь 1990 онд үхсэн аж. 1990 онд шоронгоос суллагдсан Олдох гэгч залуу сүүлчийнх нь удам байжээ. Тэрбээр вагонд дайрагдаж үхсэн бөгөөд цээж нь салчихсан байхад нүд нь эргэлдэж, зүрх нь цохилж байсан гэдэг. Хаа хол 100-аад жилийн тэртээх Дондов гэгч эрийн хийсэн балаг Хавх зайрангийн хараалыг хөдөлгөж, ийнхүү гурав бүр дөрөв дэх үеэрээ ч тарчлан зовсоор сая нэг амарсан нь энэ. Дашрамд сонирхуулахад Хавх зайран харын бөө байсан учраас ихээхэн хүчтэй нэгэн ажээ.