http://www.zoofirma.ru/

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап лам Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын гурав дахь өдөр Шашин хоорондын уулзалтаар эхэллээ.Тодруулбал Пап Францис Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 өөр шашны тэргүүнүүдийг "Асем Велла"-д хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр буддизм, бөө мөргөл, ислам, эвангел, үнэн алдартан, иудей, хинди зэрэг 12 шашны төлөөлөл болох сүм, холбоодын тэргүүнүүд үг хэлэв.


Тодруулбал Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц: "Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд гэгээн Жавзандамбахутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна" гэв.
Харин Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч н.Жаргалсайхан: "Пап Францисын айлчлалыг Монголын тэнгэр шүтлэгтнүүд талархан хүлээн авч байна. Нэгэн цагт Монголчууд хүчирхэг эзэн гүрэн байх үедээ мөнх тэнгэрийн доор шашинууд эрх тэгш харилцан, бие биенээ хүндэлж байсан уламжлалтай. Бид ирээдүйгээ маш өөдрөгөөр харж байгаа." гэсэн юм.
Төгсгөлд нь Пап Францис : "Хүн төрөлхтөн нэг л харьяалалтай, шашин шүтлэгийн нэг л эрэл хайгуултай болохоор Христэд итгэлтэй ахан дүүстээ ахын хувиар, та бүхэнд анд нөхдийн хувиар үг хэлж байна...Товчхондоо эргэл мөргөлчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аяллынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг. Энэхүү чухал уулзалтанд миний бие та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь өөрөө өөрсдийн гарал үүсэл, онцлогоор дамжуулан нийгмийн сайн сайхны гайхалтай нөөц бололцоог нэмэгдүүлж байдаг. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан. Эртний эзэн гүрний нийслэл Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд хамтдаа зэрэгцэн, оршиж эв эеийг харуулдаг. Үүнийг дахин дурсахад таатай байна.
Эв эе гэдэг үгийг би Ази тивийн онцлогоор тайлбарламаар байна.
Эв эе бол бодит байдлыг ерөнхийлөхгүйгээр, ижилсүүлэхгүйгээр, харин ялгааг нь хүндэтгэсэн нийтлэг амьдралын ашиг тусын тулд бий болсон онцгой харилцаа юм. Би ингэж асуумаар байна? Итгэгчдээс илүү хэн бүх нийтийн ажиллахаар дуудагдсан бэ? Ахан дүүсээ, бидний дэлхий дээрх бусад мөргөлчидтэй хэрхэн эв найртай байж, амьдарч буй газартаа эв эеийг хэрхэн түгээж байгаа нь бидний шашин шүтлэгийн үнэ цэнийн хэмжүүр болдог. Мэргэн хүн өгөхдөө баярладаг, үүний төлөө аз жаргалтай болдог. Эв эе гэдэг гоо үзэсгэлэнтэй хамгийн ижил төстэй үг байж болох юм. Шашин шүтлэгүүд энэ эв эеийг бэлэглэхээр заяагдсан." гэснээр уулзалт өндөрлөв.

Аугаа их Эзэн Чингис Хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын үед Хархорум хотноо олон төрлийн шашин эрх тэгш зэрэгцэн оршиж, ном хаялцаж байсан тухай түүх өгүүлдэг.
Энэ түүх 800 жилийн дараа ч үргэлжилж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дахин олон шашинтнууд нэг дор чуулан, Монгол гэрийн тухай санаа бодлоо хуваалцлаа.

Sonin.mn agency

8002
8002
8003
8003
Previous Next Play Pause
8002 8003