http://www.zoofirma.ru/

Тэнгэрийн дууг тэнгэрт луу дуугарав гэж итгэдэг байснаас цахилгаан цахихыг “луу унжив” хэмээн ойлгодог байв. Тэнгэр ихээр дуугарч, луу унжиж, цахилгаан цахиж эхэлбэл аянганд ниргүүлэвзэй хэмээн болгоомжилж дор дурдсан дом хийдэг басан. Үүнд: Айргаа бүлж эхэлнэ

Задын чулуу, заг аянганд үхсэн малын яс эсвэл гурван цаас, эдлэл ил гарган тавиад “Алтангэрэл” судар тэврэн сууна.

Сохор номингийн арьсыг тэнгэр ниргэдэг тул тийм арьсаар бүрсэн элдэв эдлэл байвал цээрлэн гаргаж хаях, газарт булах дом хийнэ.

Цагаан ястай тайж хүнийг тэнгэр ниргэдэггүй гэж үздэг тул:
Хан цагаан ястай билээ
Хас номин жинстэй билээ
Хан тэнгэр язгууртай билээ
Хай хийг хай хийг гэж хашгиран өөрийгөө таниулдаг домтой ажээ.

Аянга цахилгаантай цагаар сондгой ганц модны дор зогсохыг цээрлэх бөгөөд жирх, олби оготно, сохор номинтой газар хоргодон саатахыг хорьдог заншилтай байв. Хэрвээ аянганд дайруулчихваас /гэр, хүн, мал дээр буусан бол/ есөн цагаан морьтой хүн түүнийг тойрон давхилдацгаан,
Аньсан нүдээ хар
Атгасан гараа тавь гэх мэтээр үглэн шившиж хашгиралдан домнодог байв. Тэрхүү домыг “Тэнгэр дэгдэх” дом хэмээмүй.

Алив нэгэн хүнд муу юм шүглэсэн гэж үзвэл түүнийг шахан зайлуулах дом хийдэг байсан тул “шид хөөх”, “Шидэл гаргах” гэдэг зан үйл үлджээ. Тийнхүү “шид хөөх” тухайд уншдаг “шидэл” гэдэг ном буй. Түүнийг уншиж, гурилаар элдэв дүрс хийгээд шуудайлан гадагш гаргаж газар тавиад гаднаас нүдэж цохиж мөнөөх гурилан дүрсүүдийг буцалж дуусаад зүгийн муу зүгт хаядаг ажээ. Гурилан дүрсүүдийг бас “шидэл” гэх бөгөөд “шидэл” гэж зарим хүн хараадаг нь үүнээс үүссэн үг бололтой. Шидэлд шившиж хамаг явдлыг үглэн хэлээд бяцлан хаяснаар муу муухайгаасаа шившлэг домоор салдаг ажээ.

Монголчууд мал сүрэгтэйгээ холбоотой дом, шившлэгээр тун өвөрмөц болой. Ялангуяа унасан морио хамгийн үнэнч дотны нөхөр гэж үздэг учраас эртний монгол шившлэгт янаг, амраг эхнэртээ зориулсан шившлэгээсээ илүү хүлэг мориндоо хандсан шившлэг үлэмж олон байдаг ажээ. Тухайлбал, аргамаг хүлэг морь нь алс хол гүйж магадгүй гэсэн сэжиг төрвөөс монгол эр маш олон арга ширгэ, дом хийдэг. Тэр дайны арга ширгийг амраг бүсгүйдээ хийдэггүй гээд л бодчих. Юу гэвэл гүйж магадгүй моринд шанхнаас нь авгай хүний үс зүүх, өөрийн хомоолыг нь унагах мориныхоо хомоолтой хольж үнэртүүлэх, нэг үндэстэй ургасан гурван тусдаа модны навчаар утах, сормуусыг хайчлаад гэрээ нар зөв тойруулж цай чанасан тогооны хавхагийг толгойд нь хүргэж, дөрвөн туруунд нь нутгийн дөрвөн уулын нэр бичих, туруунд нь номын нэр бичих, хонины ноос томж дөрвөн хөлийн сагагнаас нь юм зүүх, нэг хөлийн сагагнаас улаан бөс бөгжлөн уях, унаган морьтой холбож тавиад ижилсүүлэх, чихэр амсуулах, судраар адис өгөх зэрэг арга ширгэ хэрэглэдэг нь өөр ямар ч тохиолдолд ийм олон “мэх” гаргадаггүй гээд бодоход их л сонин санагдахаар билээ.

Үйлдлэгийн энэхүү домыг олонхи тохиолдолд үгийн ид шидээр хүч оруулдаг юм. Ялангуяа хурдан морь цоллох, тууль хайлах зэрэг нь үгсийн шидээр нөлөөлөх дээд хэлбэр гэлтэй. Хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг мөн тушгирах, зүзүүлэх, хөөслөх зэргээр үгсийн ид шидээр уяруулан домнох бүхэл бүтэн төрөл зүйл буй. Харин үхэр, адууг тэгж өөвлөн, гуруйлах маягаар арга ширгэ, шившлэгт оруулах нь харьцангуй ховор байдаг. Гэхдээ бас нутаг нутагт өвөрмөц зүйл байдаг буюу.
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй
Амаар алсныг
Ачаалж бодоггүй гэж үг байдаг нь их л учиртай ажгуу.

Монгол шившлэгийн үг нь:
“Тоо нь түм хүрэг
Тоос нь огторгуйд хүрэг” гэж эцэг мал тавихад ерөөлийн шинжтэй.

“Алах гэж алсангүй
Аргамж хялгасанд ороолдож үхлээ” /адуу нядлахад/ гэж гэмшлийн утгатай.

“Саадагтай бол саадгаа буулга
Санчигтай бол санчигаа буулга” /баавгай агнахад/ гэж шаардах өнгөтэй.

“Бэр очсон газраа
Чулуу шидсэн газраа” гэж /бэр буулгахад/ захисан шинжтэй.

“Өвдөг өвдгөнд гарахаас
Хэзээ нүдэнд гарч байлаа” гэж ятгасан /нүдэнд өвдөг гарахад/ аястай байх буюу
“Чи муу нохой зээх
Чийгээ бүү гарга” гэж /анд явахад зээх таарваас/ тушаасан маягтай.

“Долоон уулын цаагуур ор
Дов шороон доогуур ор” гэж /хэрээ гуаглахад/ хараасан өнгөтэй.

“Өндөр гэвэл уулыг ниргэ
Өргөн гэвэл талыг ниргэ” гэж зөвлөсөн шинжтэй.

“Ангайсан ам нь зуураг
Алтан араат, булган сүүлт минь” гэж занасан дүртэйгээр шившлэгийг харуулж байх ажээ.