http://www.zoofirma.ru/

Бөөгийн намтар түүхэнд энэ хайрханыг тахилгат 9 хайрханд оруулж бичээгүй ч хөгшид өвгөд 9 хайрханы нэг гэж залбирсаар ирсэн. Дархадын 9 хайрханы нэг гэж үзэж болох Хуш дөлийн хайрхан нь дархадын алдарт 33 онгодыг барьж толгойд нь заларсан Ноёд тэнгэр гэгч агуу хүчит онгод юм.

Буурлуудын яриагаар 1916 онд энэхүү онгодыг босгосон гэдэг. Мооцитийн хүү Халзан Зана зайран энэхүү Хуш дөлийн онгодыг дуудан бөөлж 33 хурмастаар аялан дүүлж бөөлдөг байснаараа ид шид эрдэм оюунаараа гаргуун гарсан нэгэн байжээ. 33 онгод дотроо салаалж ирдэг олон тооны онгод бий. Түүний олон салааны толгой том тэнгэрүүд болох Бургааст Цармын онгод, Улаан модны онгод, Төхийн онгод, Сайхан өвстийн онгод, Өвөр ходны аав буюу Нанзад эмгэний онгод , олны мэдэх ийм чадалтай онгодууд хүч хавсарч Ноё тэнгэрийг үүсгэдэг байжээ. Зуны дунд сар болох өвсний толгой бүрэн цухуйх үед Хуш дөлийн онгодыг тахидаг байсан хэмээн Бүдүүрээ зайран нэгэнтээ дурсаж байсан. Зана зайран нь Хар болон Шар тэнгэрийг хамтдад нь авч явдаг байсан. Мооцитийн Халзан зайран нь Хармайн гол Шаргын дэнж Төхийн урд Тэнгисийн булан зэрэгт дөрвөн улиралаа даган нутагладаг байжээ. Зуны дунд сард тахихдаа морьтой хүн гарахыг цээрлэж эгц доороос нь явган өгсдөг байсан тухай Дэлгэр зайран ярьж байсан.Энэхүү Хуш дөлийн онгодыг хамгийн сүүлд Дэлгэр зайран тахисанаас хойш өдийг хүртэл тахилга нь тасарсан гэж ярьдаг юм. Энэхүү Хуш дөлийн онгод нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 3-р бригад Шаргийн дэнжийн зүүн талд байрлах Саяаны нурууны дунд байрлах ганц өндөр цочим хавцал дээр байрладаг онгод билээ.