http://www.zoofirma.ru/

Монголчууд тэнгэр задраах арга буюу зад буулгаж ган ганчиг тайлах болон олон хоног үргэлжлэх хур бороог зогсоох зэрэг эрдэм чадалтай хүмүүсийг " Задчин " хэмээн хүндлэдэг байжээ. Чухамхүү тэр хүмүүс хур бороо оруулан зад барихдаа тусгай задын чулуу, ургамал зэргийг ашигладаг аж. Задын чулуу нь ихэвчлэн мөнх цаст уулын мөсөн хучлага доороос гарах эсвэл мал амьтны цөс болон тархинаас гарсан бөөрөнхий мөлгөр хэлбэртэй чулуу байдаг. Мөн задын шар цэцэг, булган хар, манжин зэрэг ургамлуудыг бас ашиглах тал бий.

Амьтны гаралтай задын чулуу нь маш ховор ;байх буюу хойлог шувуу, янгир ямаа, баавгай зэрэг амьтадаас гарах тохиолдол байдаг. Aмьтны биед оршдог задын чулууны хамгийн хүчтэй нь илжиг, могойнд байдаг гэдэг учраас их хүчтэй задыг "Илжгэн зад", " могойн зад" гэж ярилцах тал бий. Задын чулуу хэмээх нь байгаль дахь аливаа үзэгдлийг задалж, өөр дүр байдалд оруулдаг, өөрчлөх хүч чадал бүхий чулуу гэсэн утгаар сэтгэж төсөөлөн ирсэн ажээ. Ийм задын чулууг эрхэмлэж түүний ид шидийг амьдрал ахуйдаа хэрэглэхтэй холбогдон " зад барих " ёс бий болжээ. "Зад барих" гэдэг үгийн гол утга санаа нь "задраах" , "зад цохих" , "задлах" үйлдэл юм. Задын чулуу нь хэмжээний хувьд харилцан адилгүй байхаас гадна солонго татсан олон талстай, хар цагаан өнгөтэй, гарын хуруу адил салаатай, өвөрмөц бүтэц хэлбэртэй байдаг. Гагцхүү түүнийг таньж, зад барихад таарч тохирохыг олж авах, олсны дараа хэрхэн хэрэглэхээс шалтгаалдаг. Байгалийн гаралтай задын чулуу нь дотроо цагаан үүл мэт солонгорсон дүрстэй ихэвчлэн байдаг. Түүнийг нь " Хонин эрдэнэ " хэмээдэг. Мөн задын чулууг амьтай чулуу учраас наранд удаан байлгаж болдоггүй эс бөгөөс задын чулуу амь алдаад хэрэглэж болдоггүй гэж үздэг. Задын чулуунаас гадна задын өвс гэж бий түүнийг задын шар цэцэг гэдэг. Мал амьтан энэ өвсийг олж идвэл биед нь задын чулуу үүсэн бий болдог байна. Задын өвс Алтайн сарьдаг өндөрт ургахаас гадна танихад нилээд бэрх, шөнийн цагт өөрөөсөө олон өнгийн гэрэл гаргах тохиолдолд ч байдаг. Ийм задын өвс идсэн адуу, үхрийн тархи цөснөөс олсон хөхөвтөр өнгийн задын чулууг зарим задчин хэрэглэдэг. Хүн болгон зад бариад байж чаддаггүй. Учир нь тодорхой нөхцөл шаардлага тулгарсан хэрэгцээтэй цагт л зад барьдаг. Задчид зад барихыг төдийлөн дурладаггүй. Учир нь зад барихад задчин хүний гэдэс хөөж, давсаг чинэрч бие нь ихээхэн зовиурладаг. Ган болсон үед бороо оруулах зорилгоор эсвэл хэт их бороо цас орж зуд болсон үед зогсоох зорилгоор зад барьдаг. Задын чулууг уулын араас гарсан мөнх ундаргатай булгийн эхэнд сойвол сайн. Харин чулууг усанд булхуулан дүрвэл үер усны аюул гамшиг болно гэж үздэг. Хир зэрэг их бороо оруулахаас хамаарч задын чулууг усанд сойх хугацаагаа тохируулдаг хэмээдэг. Задын чулууг усанд сойсны дараагаар тусгай шившлэг уншдаг. Зад барьж, бороо цас оруулсан хүн түүнийгээ зогсоох чадвартай байх ёстой. Хэрэв зогсоож чадахгүй бол үер усны аюул болно. Зад барьж хур бороо оруулсны дараа хэрэглэх гол зүйл нь адууны хуурай хомоол юм.
А. Готов