Уншиж байна...

Чингис Хааны охид: Алага Бэхи Онгуудыг, Алалтун Уйгурыг, Цэцэйхэн Ойрадыг, Толай Харлагыг захиран эзэмшиж байсан. Чингэс Хааны бүсгүй өв залгамжлаг нар үе дамжин, бие даан, улс орноо удирдаж, зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байгаагүй билээ.


Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.
Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”. Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ.
Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана.
Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв.
Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг.
Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед [Буддист] түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.
Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна.
Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржигон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.
Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв.
Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсжээ. Зүүнгарын хаан Галдан бошигтийн гэргийАну Зуунмод-Тэрэлжийн тулалдаанд эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн бөгөөд түүнээс хойш Монголын түүхэнд онцгойлон дурьдагдсан монгол хатан гарсангүй. Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц байна.
Бэлтгэсэн Г.Чугаа

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/