http://www.zoofirma.ru/

Үүнтэй садан төрлийн холбоо бүхий нэг асуудлаар мөчид бяцхан яриа өдье. Бодвоос би гэдэг хүн нэг сонин асуулт асуугаад өнөө цагийн төрийн түшээ, сайд дарга нарыг унагаад хамаг бооцоогий нь хамж чадмаар юм шиг...Тухайлбал “Капитал гэж юу вэ” гэж асууна. Энэ асуултыг зөв хариулах хүн капиталист Монгол орны капиталист сайд дарга нарын дотор байхгүй тул бооцоо минийх болно.

Дараа. нь “Капитал хэдэн хувийн , ашиг олохоороо халзан., толгойгоороо хадан хясаа мөргөхөөс буцахгүй зүрх зоригтой болдог вэ” гэж асууна. Бас л бооцоо минийх болно.
Дараа нь “Капитал хэдэн хувийн ашиг олохоороо өнөөдрийн Монголынх шиг төр засгийн толгой дээгүүр тонгочдог вэ" гэж асууна. Хариулах хүн олдохгүй л дээ. Ингээд би асуултаа өөрөө хариулж өгнө. Капитал гэдэг бол амьд хөдөлмөрөөр хооллож амилдаг “өнгөрсөн хөдөлмөр” мөнийг хэлж өгнө. Аан юу гэнэ вэ гэж дүнгэнэлдэх байлгүй.
Капиталын иддэг тэр хоолыг нэмүү өртөг гэж нэрлэмэ. Нэмүү өртгийн ашиг нь тавин хувь хүрсэн бол капитал гуай халзан толгойгоороо хадан хясаа мөргөж нураахаас буцахгүй зориг орж эхэлнэ. Хэрэв зуун хувь ашиг олбоос төр ба ард түмний толгой дээгүүр манайхан шиг тонгочиж эхэлнэ.
Улам цаашлаад гурван зуун хувийн ашиг унагаагаад эхэлбэл хүмүн төрөлхтнийг дэлхийн их дайны балчигт хутгахаас буцахгүй аймшигт зүйл санаачилдаг болж хувирна. Зарим нь цөмийн бөмбөг сэлт хийлгэж, пуужин турших болно. Ерөөс аль ч газрын цэрэг дайны хэнээтнүүдийн хийдэг бүхнийг хийх болно.
Хойноос нь удирддаг мөнөөх үл үзэгдэгч гар буюу бодит хууль нь тийм юм хойно хэчнээн өрөвч нинжин Сэтгэлтэй монгол хүн байлаа гэсэн огт нэмэргүй. Нэг л мэдэхэд “Хүрэл чулуун зүрхтэн, хүний махан хүнстэн” болж хувирна. Энэ хариулт бол миний үг биш, буурал Марксын үг юм тул маргах арга байхгүй.
Энэхүү алдарт онолыг багтаасан “Капитал” зохиолын анхны боть хэвлэгдсэний 149 жилийн ой ирэх есдүгээр сарын 14-нд тохионо. Үнэхээр үнэнийг ухан ойлгох аваас “Тэгш журамт, баян хүчирхэг монголыг бий болгох” санаагаа багтааж үүцэлсэн эрхэм Сүх жанжны энэ хэдхэн үгийн цөмөөс монгол түмний аз жаргалын гэрэл туяарч байгааг мэдрэх болно.
Дээр дурдсан ухуулан сэнхрүүлэх бичгийг 1922 оны арванхоёрдугаар сард буюу өөд болохоосоо нэг жилийн өмнө өөрийн гараар бичсэн гэдэг юм билээ. Гуравхан хуудас, есөн зуу гаруйхан үгтэй боловч утга санаа хийгээд учир холбогдол нь Алтай мэт өндөр, далай мэт гүн гэвээс зохилтой. Энд цөөн баримт тухайлан сонирхуулъя.
Нэгэн зүйл эшлэл. “Сүхбаатар би хэдий сурсан мэдсэн эрдэм чадал дорой мөчид боловч шударга сэтгэлийн өчүүхэн журам бүхийн тулд бүх цэргийн жанжны хүнд тушаалын үүргийг бие дор хүлээсэн бөгөөд аливаа учрыг тайлбарлан сэнхрүүлэхгүй ам жимийн агсайн сууваас харьяат олон түшмэл цэргүүд тэр бүр ёс суртал, бодлого зорилтыг бүрнээ нарийвчлан мэдэхгүй, хааяа ташаа таавраар наагуурдан ухаж дээшид болбоос улс төрийн их хэрэг дор харштай болон, дорогшид болбоос өөрсдийн биес цаазыг халдаж, ял дор холбогдох болуузай хэмээн санах тутам зүрх өвдөнө" гэж учирлан тайлбарласан өгүүлбэр байна.
Энд байгаа “Эрдэм чадал дорой мөчид боловч шударга сэтгэлийн өчүүхэн журам бүхийн тулд бүх цэргийн жанжны хүнд тушаалын үүргийг бие дор хүлээсэн” гэсэн нь утгын хамаарлаараа тэр үеийн Ардын хувьсгалын удирдагчдыг хувьсгалын үйл хэрэгт нэгтгэн зангидаж байсан нийтлэг эрхэм зүйл нь тэдний шударга сэтгэл мөн байсныг эндээс харж болох байна.
Тэгээд түүнийгээ “Шударга сэтгэлийн өчүүхэн хувь бүхий тул“ гэж даруухан бөгөөтлөө цаанаа л нэг донжтой чамин хэлжээ. Өдгөө манайхны “Хууль зөрчиж хариуцлага алдах" гэж илэрхийлдэг санааг “цаазыг халдаж ялд холбогдох” гэсэн нь цаанаа давхар утгыг далдалж байна.
Бодвоос “цааз” гэсэн үгний араас “халдаж" гэсэн үг залгасны утгыг мөшгөн сэхээрвээс цааз гэдэг бол хэний хэн гуай нь ч хаана, хэзээ ч халдах эрхгүй дархан хэм хэмжээ мөнийг “халдаж” гэсэн энэ үг их л яруу тод илэрхийлсэн байна. Энэ хэсэгт олон сонин содон хэллэг байна. Ялангуяа "наагуурдан ухаж’’ гэсэн хэллэг нь хэн хүний санаанд амар хялбар ороод ирдэг үг биш байна.
“Иймийн тул ...гажуугаас зайлж, шударга дор дэвшиж, мууг гээж сайн дор улирч, өөр өөрийн хүлээсэн албан хэрэг дор үнэн санаа, чин зоригоор хичээнгүйлэн зүтгэхийг эрмэлзэн хүсэж тусгайлан хэдэн зүйлийг наалдуулан сэнхрүүлэв” хэмээн энэхүү сэнхрүүлэх бичгийг бичихэд хүрсэн учир шалтгааныг тайлбарлажээ.
Энэ өгүүлбэр дотор бидний тэр бүр хэрэглэлгүй орхисон олон сайхан үйл үг хэрэглэсэн байна. Гажуугаас зайлж, шударга дор дэвшиж, мууг гээж сайн дор улирч гэсэн нь над мэтийн молхи үгтэй бичээч нарт үлгэр загвар болмоор уран нарийн хэллэг байна. Шударгад дэвшиж гэснийг ажваас тэр үед шударга үнэнч байхыг иргэн хүний хөгжил, дэвшил гэж үздэг байсан байж болох мэт.
Сайнд улирч гэсэн нь сайжрахыг бус дандаан сайн хэвээрээ байхыг сануулсан үг гэж ойлгож байна. Бас “тусгайлан хэдэн зүйлийг наалдуулан сэнхрүүлэв" гэсэн нь ховорхон найруулга мөн биз.
Бас нэгэн зүйл эшлэхийн учир. “Олон хороо ангийн цэргийн дотроос энд тэнд явж, архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулсан зэрэг хэрэг гарч ирэх нь хааяа буй. Архи хэмээгч угаас ёсыг алдуулан ёрыг өрнүүлэхийн үндэс мөний тул урьд удаа чангалан цаазалсан дүрэм, хэмжээ цөөнгүй. ...нэн ялангуяа архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулан, түүний учир дор цаазыг халдаж ял янхад холбогдохыг ашид тэвчин цээрлэгтүн!
Энэ зүйлийг онцолж эш болгохын нэгэн учир гэвэл Сүхбаатар жанжин бээр архины хор холбогдлыг олон мянган цэрэг дайчдад үнэхээр л наалдуулан сэнхрүүлэгч байсныг хэлэх гэсэн хэрэг болно. Архи бол “ёсыг алдуулж, ёрыг өрнүүлдэг” гэсэн нь архидахын хор холбогдлыг хурц тод илэрхийлсэн онч мэргэн үг мөн.
Басхүү “Нэн ялангуяа архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулан, түүний учир дор цаазыг халдаж ял янхад холбогдохыг ашид тэвчин цээрлэгтүн!” хэмээсэн сургаалын дотор үг хорших замаар гол үгээ нөгөө үгээр нь хамтатган тодотгодог уламжпалыг ашигласан “өр шир”, “ял янх” хэмээх хоёр хоршоо үг энд байна.
Эл хоёр хоршил хэзээ хэрхэн үүсэн бий болж аман ярианд байнга ашигладаг болсон түүхийг мэдэхгүй. Өр хэмээхүйн утга нь шир гэсэн үгээр, ял хэмээхүйн утга нь янх гэсэн үгээр улам тодорч уншигчийн сэтгэлийг хөндөж эмзэглүүлэх хүч нь нэмэгдэж байна. Гэхдээ гол чухал зүйл нь тэрхүү хоёр хоршоо өгүүлэгдэхүүнийг хүнд хүргэж байгаа өгүүлэхүүн нь танин мэдүүлэх нөлөөтэйг онцолж байна.
Өр тавих гэдгийг "байгуулах”, ял янх дор орохыг “холбогдох” хэмээсэн нь илүү оновчтой болсон байна. Өрийг тавьдаггүй харин шинээр бий болгож байгуулдаг учиртайг бодолцсон өгүүлэхүүн бололтой. Энэ ч бас давхар ухааны нэг янз маяг мөн. Үүнчлэн ял янх дор ордоггүй харин түүнтэй холбоотой болдог учиртай юм байна.
Өрийг шир гэсэнтэй холбож хоршоо үг болгосон нь эрт үед өрийг өгч эс чадвал ширлүүлдэг байснаас улбаатай хэллэг байж магадгүй. Ямар боловч өрийг шир гэсэн үгээр хүч оруулан зүрх сэтгэлийг хөдөлгөхөөр хоршсон уламжлалт хэллэгийг энд үлэмж зохимжтой ашиглажээ.
Бас нэгэн зүйл эшлэх нь: “Харин ч урьдах засгийн үед цэрэг томилохуй дор их төлөв гэр ядуу, хөгшин буурай, гүдэс молхийг түлхэж, нэр тоо болгосноор ирсэн нь одоо манай тэгш журамт засгийн үед эрхэм, доорд хэмээн ялгаварлан үзэхгүй" даруй нэгэн гэрийн хэрэг мэт тушаал зааврыг хичээнгүйлэн хэвийг сахиж, сурах боловсрохыг өглөө, үдэш үнэн санаагаар шамдан хичээвээс даруй шалган байцаан үзээд, сурсан боловсорсон нь ад биш сайн болбоос уул нутаг хошуун дор буцааж, дахин сургуульгүй цэрэг нөхөн авч, халалцан суулгах учир буйн тул үүнээс хойш олон цэргүүд омдгойлгоор ойр бодож оргон зайлж, баригдан чирэгдэж, ял янх дор холбогдож муу нэр тэмдэглүүлэхгүй, харин сурах боловсрохыг хувь илүү шамдан хичээж, шалган байцаан үзэх цаг дор сайн дор тооцогдож өвс вээн уул нутаг хошуун дор буцаж болохыг бүгдээр гүнээ ухамсарлан мэдэж нэн хичээгтүн!” гэжээ. Эндээс анзаарахад гүдэс молхийг түлхэж, нэр тоо болгосноор ирсэн гэдгийг яах ч аргагүй уран тансаг хэлэхүй хэмээн чухалчилж байна...
Өнөө цагийнхны хэлдгээр бол оюуны хомсдолтой, цэргийн үүрэг биелүүлэх чадваргүй хүмүүс гэдгийг гүдэс молхи гэсэн нь яруу найрагчдын үг гэхээр уран хэллэг мөн байна. Түлхдэг гэдэг нь миний ойлгож байгаагаар бас их донжтой уран хэллэг. Учир гэвэл говь тал нутгийн анчид дээр үед өмнөө тэмээгээ түрэн ар талд нь нуугдан мярааж зээр гөрөөсөнд ойртдог аргыг “тэмээ түлхэх” гэдэг байсан.
Орчин үеийн улс төрийн хэллэгээр бол хар пиар хийх, эсхүүл дүр эсгэх (популизм)- тэй тойруу утгаараа садан төрөл ойлголт. Тэгэхлээр оюуны хомсдолтой хүмүүсийг цэрэгт ирүүлж мэхэлж байна гэсэн санааг “Гүдэс молхийг түлхэж нэр тоо болгож байна” хэмээн өөр үгээр их л аятайхан хэлжээ. Бас ойр бодож муу нэр тэмдэглүүлэхгүй, хэвийг сахих зэрэг нь бидний өнцгөөс харахад огт хэрэглэж дадаагүй шинэ хэллэг юм.
Бас нэгэн зүйл эшлэх нь: “Дэмий энд тэнд самууран зууралдаж, хэрэн хэсч явах нь үнэхээр гутамшгийн туйл болохыг бүгдээр ухамсарлан мэдэж чармайн тэвчвээс зохимой” гэхээр үл барам цэргийн хүн, зэр зэвсэг дор итгэхүй нь нэн чухлын тулд өөр өөрийн буу сэлмийг хөсөр хаяж таягдах, дэмий чавчиж мохоох, эвдэж зэврүүлэхэд хүргүүлэхгүй, биеэс хол ангижруулахгуй, уруул шүдний мэт хайрлан хамгаалж, хямгадан, энхрийлж эрхэмлэн авч явагтун!” гэжээ.
Эл эшлэлд дурдсанаас “Гутамшгийн туйл, зэр зэвсэг дор итгэхүй, уруул шүдний мэт, энхрийлж явагтун!” гэсэн нь бас л шинэ санаа агуулсан уран сонин хэллэг санагдана. Ялангуяа зэр зэвсгээ хайрлах гэсэн санааг зэр зэвсэгтээ итгэж явах хэрэгтэй гэсэн утгаар хэлснийг цохон тэмдэглэе. Тусгайлан эшлэл авч онцлохыг үүгээр цэгцэлж эх бичгийг бүрэн эхээр нь дор хавсаргалаа. Өөр өөрийн үзэл бодлоор задлан шинжилж таалан болгоох буй за.
ЖАНЖИН СҮХБААТАРААС ХАРЬЯАТ ЦЭРГҮҮДДЭЭ СЭНХРҮҮЛЭН УХУУЛСАН БИЧИГ
1922 оны арван хоёрдугаар cap
“Олон хороо, ангийн түшмэл цэргүүд дор тусгайлан сэнхрүүлж ухуулахын учир. Үүний урьд манай Монголчууд Хятадын харгис Гамин, Оросын цагаан намын хулгай Барон Унгерний зандалчин цэргийн эрх дор дараа дараагаар орж, шашин төрийн лам, ноёдоос дараалан цэрэг ард хүртэл баригдах хоригдох, алагдах талагдах зэргээр үнэхээр ус галын зовлон дор учирч, хөл зогсож, үг хэлэх газаргүй болон мухардан шахамдаж агсан явдлыг бүгдээр мартах завдал болоогүй буй заа.
Харин завшаан дор лам, номын хүчин хийгээд олон цэргийн эрдэм бодлого дор итгэж, чин зоригийг гүйцэтгэж, цагийг тохиолдуулан, газар орноо бүрэн бүтнээр хамгаалан авч, ардын эрхтэй засаг байгуулж язгуурын багш, умар зүгийн шарын шашны эзэн богд хаанаа эрдэнийн сууринаа хэвээр залж өргөмжлөн элдэв хэргийг явуулж бүхий язгуурын багш, умар зүгийн шарын шашны эзэн богд хаанаа эрдэнийн сууринаа хэвээр залж өргөмжлөн элдэв хэргийг явуулж бүхий нь дан ганц гадаадын харгис этгээдийн
дарлагдлыг дахин амсахгүй, бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнийг амгалан туйл дор хүргүүлж, тэгш журамт, баян хүчирхэг улс болохыг гол болгосон хэрэг болой.
Юуны өөрсдийн биес дор эрхэм нэр, гоёч магтлага хүлээхийг эрмэлзэх ажээ. Үүгээр үндсийг бататган, хойчийг сайжруулж, баян хүчирхэг улс болон тогтнохуй дор эртээс янагш эр цэрэг хэрэглэхийг эрхэмлэн урьдал болгожээ.
Сүхбаатар би хэдий сурсан мэдсэн эрдэм чадал дорой мөчид боловч шударга сэтгэлийн өчүүхэн журам бүхийн тулд бүх цэргийн жанжны хүнд тушаалын үүргийг бие дор хүлээсэн бөгөөд аливаа учрыг тайлбарлан сэнхрүүлэхгүй ам жимийн агсайн сууваас харьяат олон түшмэл цэргүүд тэр бүр ёс суртал, бодлого зорилтыг бүрнээ нарийвчлан мэдэхгүй, хааяа ташаа таавраар наагуурдан ухаж дээшид болбоос улс төрийн их хэрэг дор харштай болон, дорогшид болбоос өөрсдийн биес цаазыг халдаж, ял дор холбогдох болуузай хэмээн санах тутам зүрх өвдөнө.
Иймийн тул түшмэл цэргүүд бүгдээр эртний ёс суртал, эдүгээх шинэ засгийн бодлого зорилтыг гүнээ ухамсарлан мэдэж, гажуугаас зайлж, шударга дор дэвшиж, мууг гээж сайн дор улирч, өөр өөрийн хүлээсэн албан хэрэг дор үнэн санаа, чин зоригоор хичээнгүйлэн зүтгэхийг эрмэлзэн хүсэж тусгайлан хэдэн зүйлийг наалдуулан сэнхрүүлэв.
Нэг. Ойрноос олон хорооноос оргон зайлсан цэргийн нэр нэлээд олон. Санаваас нэгэнт албаны газар дор аймаг хошууд, шавь отог, нэр намыг нэг нэгнээр тодорхойлон данс тэмдэглүүлсний хойно оргон зайлахуй нь яахин баригдахгүй гарч болно. Нэгэнт баригдсаны хойно хэрхэн өршөөлийг илэрхийлэвч улсын цааз дор эрхгүй ял буйн тулд яахин мултран хэлтрүүлэх ажээ.
Харин ч урьдах засгийн үед цэрэг томилохуй дор их төлөв гэр ядуу, хөгшин буурай, гүдэс молхийг түлхэж, нэр TOO болгосоор ирсэн нь одоо манай тэгш журамт засгийн үед эрхэм, доорд хэмээн ялгаварлан үзэхгүй, бичиг үсэг бүхий, ухаан сэргэлэн хүмүүсийг зориуд томилон авч нэгэн адил сургууль үйлдүүлэн бүхийн тулд дэмий тэр, энэ хэмээн атаархан шалтгаацах үггүй, даруй нэгэн гэрийн хэрэг мэт тушаал зааврыг хичээнгүйлэн хэвийг сахиж, сурах боловсрохыг өглөө үдэш үнэн санаагаар шамдан хичээвээс даруй шалган байцаан үзээд, сурсан боловсорсон нь ад биш сайн болбоос уул нутаг хошуун дор буцааж, дахин сургуульгүй цэрэг нөхөн авч, халалцан суулгах учир буйн тул үүнээс хойш олон цэргүүд омдгойлгоор ойр бодож оргон зайлж, баригдан чирэгдэж, ял янх дор холбогдож муу эр тэмдэглүүлэхгүй, харин сурах боловсрохыг хувь илүү шамдан хичээж, шалган байцаан үзэх цаг дор сайн дор тооцогдож өвс вээн уул нутаг хошуун дор буцаж болохыг бүгдээр гүнээ ухамсарлан мэдэж нэн хичээгтүн!
Хоёр. Олон хороо ангийн цэргийн дотроос энд тэнд явж, архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулсан зэрэг хэрэг гарч ирэх нь хааяа буй. Архи хэмээгч угаас ёсыг алдагдуулан ёрыг өрнүүлэхийн үндэс мөний тул урьд удаа чангалан цаазалсан дүрэм, хэмжээ цөөнгүй.
Тэр ч байтугай цэрэг дор суух гэр, хувцас хунарыг засацгаан бэлтгэж сангаас цалин тавих хийгээд олон түмэн ардын хөрөнгөнөөс хүнс, түлш зэргийг томилон гүйцэтгэж өгөх нь ер ховор мөчид болгосон газаргүй. Зүй бусаар бүрэлгэн сүйтгэхгүй, хэмнэн арвилж хэрэглэвээс өр шир байгуулах ч байтугай харин илүү гарч эцэг эх, эм, үрийг тэжээхэд нэмүүр болон шударга сайны элбэрэл танигдаж үгээгүйгээс баялагт дэвшиж болно.
Угаас олон түмэн ард хэрэглэлийг гүйцэтгэж цэргийг тэжээх ба цэрэг түүний хүчинд итгэж улс гэрийн хайгуул халхавч болон батлан хамгаалахуй нь харилцан дор их л тус бүхийн тулд өөр өөрийн хөрөнгө ба биений албан дор дэмий тунирхахгүй, тус тус шударгыг гүйцэтгэн, эв найрамдлыг зузаатгаж, нэн ялангуяа архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулан, түүний учир дор цаазыг халдаж ял янхад холбогдохыг ашид тэвчин цээрлэгтүн!
Гурав. Цэрэг хэмээгч улс гэрийг батлан хамгаалахын тул зориуд дайчлан хуралдуулсан нь нэн чухал. Дэмий энд, тэнд самууран зууралдаж, хэрэн хэсэж, бузар буртагт хольцолдон өвчин гамшигт учрахгүйг нэн эрхэмлэж, өөр өөрийн суусан албаны гэрийг ариун сайтар шүүрдэн, бие ба хувцас хунарын буртаг хирийг угааж цэвэрлэж, муу гутамшгийг үгүй, болгож сүр жавхланг бадруулахыг өдөр тутам, цаг дараалан чармайн хичээнгүйлж гүйцэтгэвээс дээшид улс төрийн сүр бадарч, дорогшид өөрсдийн биес ариун цэвэр болмой.
Харин шүүрдэх, ариутгах, угаах цэвэрлэхийг үл хэрэгсэн, албаны цэрэг, энгийн гуйланчийн ялгавар мэдэгдэхгүй, дэмий энд тэнд самууран зууралдаж, хэрэн хэсч явах нь үнэхээр гутамшгийн туйл болохыг бүгдээр ухамсарлан мэдэж чармайн тэвчвээс зохимой гэхээр үл барам цэргийн хүн, зэр зэвсэг дор итгэхүй нь нэн чухлын тулд өөр өөрийн буу сэлмийг хөсөр хаяж таягдах, дэмий чавчиж мохоох, эвдэж зэврүүлэхэд хүргүүлэхгүй, биеэс хол ангижруулахгүй, уруул шүдний мэт хайрлан хамгаалж, хямгадан, энхрийлж эрхэмлэн авч явагтун!
Дөрөв. Цэргийн хэрэг хэмээгч энэ өдөр тайван боловч маргаад түгшүүртэй болохын баримт олоогүй, эгшин зуур түргэн яаралтай хэрэг тохиолдвоос дан ганц агт морины хүчин дор итгэмой. Тиймийн тул агт морьдыг унаж эдлэх ба харьяалан мэдэх цэрэг албаны хүмүүс одоогоос эхлэн нэн санаа болгоомжлон тайван алгуур цагт дэмий
хэмжээгүй эдэлж турж эцэгдүүлэхгүй, хөл нуруу, тарга хүчийг хайрлан асрамжлан тэжээж, эрхгүй чухал хэрэглэх цаг тохиолдвоос саатагдан боогдохгүй болгон үүгээр улсын хэрэг дор түргэн тустай болгох хийгээд ард түмний хөрөнгийг дэмий илүү чирэгдүүлэхийг үгүй болгогтун!
Тав. Олон түшмэл цэргүүд албан өөрийн хэргээр Нийслэлийн газрын хороо, зээлээр явах ба хөдөө газар албан зарлаган дор гарах нь болбаас тус тус номхон шударгаар төв ёсыг сахиж, зөвхөн хэргийг гүйцэтгэхийг туйл болговоос зохимой. Харин ДЭМИЙ нэр, ЗЭВСЭГ дор эрдэж омгорхон бардамлаж, айлган хяхаж явах зэрэг муу гэмийг бүрнээ гээгтүн!
Үүнээс дээш хэдэн зүйлийг анги дараалан гүнээ хянан болгоомжилж явагтун! Бүү хоосон үг болгон үзэгтүн!
НТА, Ф,12,Д.1, ХН.267, 1-2-р хуудас. Эх.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ