http://www.zoofirma.ru/

Дэвшилт сэхээтнүүдийн дотор үндэсний ардчилсан үзлийн үр үндэс хараахан тасраагүй буйлан төлжсөөр байв. Үүний тод илрэл бол 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн явдал байлаа. Ялангуяа ойг тэмдэглэх ажлыг түүчээлэн хөтөлсөн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирт ял зэмлэлийн гол хүнд нь оногджээ. 1962 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал “Д:Төмөр-Очироос намын эсрэг үйлдсэн ажил явуулгын тухай” хэлэлцэж тогтоол гаргажээ. Үүнд: Нэг хүнийг тахин шүтэх явдлын хор уршгийг арилгахын төлөө намаас явуулсан тэмцлийг эрх тушаал ахихыг оролдож хичээсэн холын бодого санаагаа биелүүлэх хийгээд намын удирдлагын нэр хүндийг гутаах зорилгоор ашигласан гэж үзэж байна.


Чингээд “БНМАУ-ын түүх, утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” /1949/, “Ардын унших бичгийн тухай”, “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” /1956/, “Б.Ринчингийн сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” /1959/ зэрэг Намын Төв Хорооны чухал чухал тогтоол шийдвэрийг дахин хянан үзэж өөрчлөх, заримыг нь хүчингүй болгох тухай асуудлыг нэг бус удаа тавьж байсан.
Тус бүгд хурал Д.Төмөр-Очирыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны болон Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халсан байна. Түүний эрдэм шинжилгээний ажил хийх хүсэлтийг үл харгалзан Баянхонгор аймгийн барилга угсралтын конторын даргаар томилж, хэрэг дээрээ нутаг заан суулгажээ. Д.Төмөр-Очирын намын эсрэг ажил явуулга гэгчийн талаар МАХН-ын Төв Хорооны дэлгэрэнгүй захидал гаргаж, намын байгууллагуудын хаалттай хурлуудад танилцуулсан байна. 1963 оны 1 сард намын үзэл суртлын ажилтны улсын зөвлөгөөн болж, намын үзэл суртлын ажлыг бүх талаар эрчимжүүлэх, үндсэрхэх, үгүйсгэх үзэл, хөрөнгөтний үзэл суртлын эсрэг шийдвэртэй тэмцэх заалт өгч “Д.Төмөр-Очирын намын эсрэг явуулга” гэгчийг дахин гүнзгийрүүлэн тайлбарлаж, түүний хор холбогдлыг арилгах талаар тууштай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
Д.Төмөр-Очирын “Намын эсрэг явуулга”-д Ш.Бат-Очир, Д.Юмжав, Д.Доржсүрэн, Ж.Төмөрбаатар, Т.Чогсом нарыг хамааруулан ажил, албанаас нь зайлуулж, хөдөө орон нутагт амьдрал мэдүүлэх нэрээр нутаг заан суулгасан байна.
1963 оны 4 сард “Түмний нэг” киноны II ангийн тухай “МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол” гарч, киноны уран бүтээлчдийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудалд өрөөсгөлөөр хандаж, хууль ёс алдаа завхралыг засах хэрэгт намын гүйцэтгэсэн үүргийг харуулах гэж оролдоогүй, үндсэрхэх үзлийн нөлөөнд автсан гэж үзэж, Соёлын яамны удирдах хүмүүс, зарим уран бүтээлчдэд арга хэмжээ авсан байна.
1963 оны 12 сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал “Л.Цэндийн намч биш ажил явуулгын тухай” хэлэлцэж буруутгажээ.
1963 оны 12 сард болсон МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай асуудал авч хэлэлцсэн байна. Бүгд хурал дээрх нэр бүхий хүмүүсийг хэд хэдэн үндсэн зүйлээр буруушааж, “намын эсрэг бүлэг” гэж үзжээ. Тухайлбал: Лоохууз, Нямбуу, Сурмаажав нар Намын Төв Хорооны өмнөх бүгд хурлууд дээр удаа дараа эрүүл бус үзэл алдаагаа улам гүнзгийрүүлж, улмаар намын жанжин шугамыг эсэргүүцэн намд хагарал гаргах зорилгоор бүлэглэсэн явуулга хийх зам шуударсан гэж үзжээ.
Тус бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг Намын Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, намаас хөөж, тэднийг болон хань хамсаатан нь гэж үзсэн олон арван хүнийг албан тушаалаас нь халж, нам, захиргааны арга хэмжээ авч, хөдөөд нутаг заан суулгаж, тодорхой албан тушаал, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хаан, мөрдөн хавчиж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих болжээ.