http://www.zoofirma.ru/

Б. Ринчен гуай 1973-1974 оны орчим бөглөсөн болов уу гэмээр Зохиолчийн уран бүтээлийн бүртгэл гэсэн нэгэн биеийн байцаалтдаа гадаадын ямар хэл бичиг мэдэх вэ гэсэн асуултад орос, чех, словак, польш, болгар, эртний слав, украйн, англи, франц, герман, эсперанто, латин, манж хэл, бага зэрэг хятад, түвд, түрэг гэж хариулсан байдаг. Эдгээр дээр Ринчен гуайн бичихээ мартсан бололтой мажар хэлийг нэмэх ахул даруй #арвандолоон_хэл болж байна. Тэгээд эдгээр хэлийг хэр зэрэг мэдэж байж вэ?



Орчуулсан зүйлийн товъёогийг үзвэл орос, англи, франц, польш, чех, мажар гэсэн бардаагаар зургаан хэлнээс орчуулга, тэр тусмаа яруу найргийн орчуулга чөлөөтэй хийж байсан байна. Өчүүхэн миний бүртгэснээс үзэхүл дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм нэр төрлийн бүтээл буюу роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлэг орчуулсан байна. Гэхдээ энэ бүртгэлийг бүрэн гэж хэлж үл зүрхэлнэм.
Орчуулагч, судлаач Г. Аким


1976 онд аавыгаа дотор өвдөөд байна гэхээр нь Чойжинхорлоо эмчид үзүүллээ. Би даан ч муу юм бодоогүй. Гэтэл ходоодны хэцүү нэрт өвчин байсан. Гэсэн ч горь тасрахгүй, Москвад эмчлүүлнэ гээд аваад явлаа. Аав минь онгоцонд таван минут тутамд л гулгин зовж байсан ч Монгол гээд л, Монголын түүх, соёл гээд л хажуугийнхаа улсад яриад л явсан. Би даан ч сэтгэл дэн дун явсан болохоор юу ярьсныг нь тогтоогоогүй. Аавын минь яриаг сонссон эрэгтэй, эмэгтэй орос хүмүүс “ямар их соёлын мэдлэгтэй, ямар сайхан хүн бэ, бие нь сайн болоосой” гэж надад үнэн сэтгэлээсээ хэлж байсан даа.
Охин Р. Нямаа

Аав минь нас барахаасаа хэдэн хоногийн өмнө Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.
Охин Р. Индра

Аав номонд амиа тавина. Гадаадын эрдэмтдээс аавд ном их ирдэг. Гэтэл дотоод яамныхан хэзээний л шилийг нь зүсчихсэн, хавтсыг нь ханзалчихсан байна. Дотор нь элдэв бичиг захиа нуусан байж магад гэж хардаж байгаа ёр нь тэр. Аав түүнийг үзэхдээ үнэнээсээ бухимдаж, дотоод яамныхныг үмхий үгээр ёстой утаж өгдөгсөн. Түүнийгээ ч номон дээрээ биччихдэг байсан. Ном шүтдэг хүн ном зүссэн байхыг үзэхдээ үнэхээр зүрх нь урагддаг байсан биз ээ.
Хүү Р. Барсболд

Б. Ринчен гуайн домог болон үлдсэн нэгэн хууч яриа:
1946 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Гэнри Уайлс Монгол улсад айлчлахад ганц англи хэлтэй хүн нь Ренчин гуай байсан юм. Тэр үед Ренчин гуай хэлмэгдсэн байсан бөгөөд талбайн хогийг шүүрдээд зогсож байсан гэдэг. Уайлс ихэд гайхан цэвэрлэгч нь хүртэл англи хэлтэй юм байна гэж гайхаж байсан гэдэг. Арай харах үзэх юмтайгаар нь Богдын музей үзүүлж явтал Уайлс туслахтайгаа Францаар эдний үзмэр нээх онц биш юм гэж. Тэгтэл Ринчен гуай хажуунаас нь францаар
- Уг нь энэнээс ч илүү үзмэртэй байсан юм оросууд хамаг юмыг маань зөөгөөд дууссан гэв.
-Та чинь хэдэн хэлтэй юм бэ?
-Өрнийн 8 дорнын 5 гэв
-Уг нь тань шиг мэдлэгтэй хүн цэвэрлэгч хийх бус их сургуульд багшлах ёстой юм бишүү гэхэд
-Над шиг мэдлэгтэй хүнийг их сургуульд авдаггүй юмаа гэв.