http://www.zoofirma.ru/

13-14 зуунд оршин тогтнож байсан Монголын Их Эзэнт гүрний үед монголчууд нь өөрсдийн дэлхийн ноёрхолыг үндэслэн зөвтгөх талаар ертөнц дахины шинж чанартай нэгэн төрлийн сонирхолтой үзэл санааг анх үүсгэн гаргажээ.

Тэрхүү үзэл санаа нь тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл бүхэл бүтэн улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж болно. Тэнгэрийн үзэл нь аль нэгэн сурвалж бичигт тодорхой хэлбэрээр томъёологдон үлдээгүй боловч манай үед хүрч ирсэнмонгол болон бусад олон хэлээр бичигдсэн сурвалжуудаас бид түүнийг сэргээн тодорхойлж, утга агуулгыг нь шинжлэн судлах бүрэн бололцоотой. Юуны өмнө тэнгэрийн үзлийн талаар тодорхой бөгөөд магадлалтай анхны ойлголтыг “Монголын нууц товчоо”-ноос олж үзэж болно. Түүнд Монголын хаант төр тэнгэрлэг язгууртай болохыг түүхэн домгоор нотлон харуулсан нь илт байна. Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох бөө мөргөлийн тулгуур үзэл баримтлал болох Тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг Тэнгэр Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрхи байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. “Монголчууд зөвхөн гагц Тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал, зовлонгийн эзэн хэмээн үзнэ” гэж тухайн цагт Монголд ирж байсан гадаадынхан гярхай ажиглан бичсэн байдаг. 13-14 зуунд монголчууд ер бусын их өргөн түрэмгийлэл явуулан, улмаар дэлхийн их эзэнт гүрэн байгуулан тохинуулахын хамтад Тэнгэрийг тахин шүтэх үзэл нь улам их боловсронгуй болж, ертөнц дахины чанартай үзэл суртал болон хувирав. Энэ талаар эх сурвалжуудын мэдээ баримтыг авч үзье. Монголын их хаадын албан ёсны бичгүүдийн эхэнд нэгэн маягийн тогтсон оршил байсан нь:”Мөнх Тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл-дур...” Энэ томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хосёсны үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба Хаган хэмээн хослол нь эцэг Тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж ч болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд, ер бусын нэгэн төрлийн бурхан мөн бөгөөд тэр нь ”хүчин” хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Үүний ачаар Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Өөрөөр хэлэхэд Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн “суу зали” буюу харизмагийн ачаар Тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Тэнгэр, Хаган хэмээх хослол санаа нь Монголын их хаадын албан ёсны баримт бичгүүдэд улам хөгжиж нарийсаж иржээ. Жишээ нь: Байжү ноёноос Ромын пап Инносент IY-т бичсэн захидалдаа хавсран илгээсэн Гүюг хааны нэгэн зарлигт болон мөн Мөнх хаанаас Францын хаан Хутагт Луйд илгээсэн захидлын оршлуудад “Мөнх тэнгэрийн хүчин-дор, Дээр ганц Мөнх тэнгэр, дор газар гагц эзэн Чингис хаган, Тэнгэрийн хүвгүүнтй захидал...” хэмээжээ. Энэ мэтийн Монголын их хаадын албан бичгүдийн оршилд Тэнгэрийн үзлийн гол философи товч боловч тод илрэлээ олжээ. Тэрхүү филисофийн ёсоор дээр гагц Хагаан байх учиртай, өөрөөр хэлбэээс Монголын хаан нь “Наран ургахуй зүгээс, наран жаргахуй хүртэл” буюу Мөнх Тэнгэрийн дорхи бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ. Тэнгэрийн үзлийн энэ гол үзэл санааг Монголын их хаадаас Ромын пап нар, Европын улсуудын хаадад тухайн үедээ явуулж байсан албан бичиг, захидлуудаас олж үзэх болно. Энд нэгэн зүйлийг тусгайлан тэмдэглэхэд монголчуудын цэргийн довтолгоон 1240 хэдэн онд Зүүн Европын орнуудад хүрэх үеэр Монголын Тэнгэрийн үзэл нь тэр цагт Европ дахинаа ноёрхож байсан Христийн шашин ертөнцийн үзэл сурталтай халзмөргөлдөн тэмцэлдэж эхлэв. 1245 онд Инносент 4 пап ламтан Христийн шашинтны тэргүүний хувьд ихэд санаа зовж, Монголд өөрийн бие төлөөлөгч элч Плано Карпини хэмээх христийн ламыг тусгай захидлын хамт яаралтай довтолгов. Папын 1245 оны 3-р сарын 13-ны өдрийн захидалд Христийн шашинтан ба бусад орнуудын эсрэг довтлон сүйтгэж, цаашид ч алс холын улс орны эсрэг үргэлжлүүлэн, байгалаас заяасан уялдаа холбоог таслан эвдэж, нас хүйсийг үл хайхран сүйтгэж байгааг нь хүчтэй эсэргүүцэн, ялангуяа христийн шашинтныг үй олноор нь бүрэлгэн сүйтгэхээ даруй зогсоохыг хатуу шаарджээ. Үүний хамтад пап ламтан өөрийн бие төлөөлөгч, их номтны номнол, үгийг хүндэтгэн хүлээн авч зөвшилцөхийг хүсчээ. Үнэн хэрэг дээрээ ромын пап Монгол хааныг Христийн шашинд оруулахыг эрмэлзэж байсан нь ч тодорхой. Гүюг хаанаас 1246 оны 11-р сард мөнхүү элчээр нь дамжуулан Инносент IV папад илгээсэн хариу захидалд пап ламтныг нөхөд сэлтийн хамт хүрэлцэн ирж хүчин зүтгэхийг сануулж “Христийн шашинтан улс орныг бүрэлгэн сүйтгэж байна” хэмээн зэмлэснийг нь “үл ухаж байна” хэмээн няцааж, өөрсдийн довтолгооныг гагцхүү “Мөнх Тэнгэрийн зарлигийг биелүүлж буй хэрэг хэмээн, мөн “Дээд тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран жаргахуй хүртлэх бүх улс орон” Монголын хаанд захирагдсан болохыг дурджээ. Эцэст нь “Тэнгэрийн зарлигийг хэн эс дагах буй. Бид ил боол тань болон хүчээ өгсүгэй...”, “эдүүгээгээс эхлэн та бүхнийг ивээлдээ орсон хэмээн үзсүгэй. Тэнгэрийн зарлигийг эс даган, бидний үгийг эс дагаваас дайсан болохыг мэдтүгэй. Юун болохыг гагц Тэнгэр мэдтүгэй “ гэжээ. Гүюг хааны захидлаас найман жилийн дараагаар Мөнх хаанаас Францын Луи хаанд илгээсэн захидалд ч мөн иймэрхүү утгатай зүйлийг өгүүлсэн байдаг. Монголын Тэнгэрийн үзэл, Христийн шашны ертөнц дахины үзэл хоёрын мөргөлдөөн тэмцэл төдий л удаан үргэлжилсэнгүй. 1241 онд Өгөдэй хаан нас нөгчиж, улмаар монголчуудын Европын гүнд явуулсан довтолгоон зогссоноор тэрхүү тэмцэл ч үндсэндээ дуучгавар болжээ. Харин тэнгэрийн үзэл тухайн цагийнхаа өөр нэг хүчирхэг үзэл Исламын шашинтай халз тулгаран өрсөлдөв. Энэ нь Мөнх хааны монголчуудын түрэмгийлэлийг Исламын шашинтан Дундад ба Ойрхи Дорнодын орнуудын эсрэг чиглүүлэн явуулах болсонтой холбоотой байв. Өрнө зүгт Мөнх хааны дүү Хүлэгүгийн явуулсан аян дайны дүнд монгол цэргүүд Аббасидын Халифат устан, Багдад, Дамаскийг эзлэн улмаар Инд мөрнөөс баруун тийшэх Исламын шашинтан бүх улс орныг байлдан дагуулж, эцэст нь зуу шахам жил үргэлжилсэн Ил хааны улс хэмээн Монгол хаадын улсыг Иранд үндэслэн байгуулав. Энэ бүхэн нь голдуу цэрэг зэвсгийн хүчээр болсон хэрэг байсан боловч Монголын тэнгэрийн үзэл багагүй түүхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үзэл нь тухайн улс оронд он удаан ноёрхож байсан Исламын шашны эсрэгт Монгол хаадын ноёрхолыг үзэл суртлын хувьд үндэслэн зөвтгөж байв. Үүний нөгөө талаар Тэнгэрийн үзэл нь зорилгодоо хүрэхийн тулд нөгөө нэг ертөнц дахины үзэл суртал болох Христийн шашинтай ойртон нягтарч холбоо тогтоон Исламын эсрэг тэмцэхийг эрмэлзэж байв. Үүнд тааламжтай хөрс суурьч бүрэлдсэн байжээ. Юуны өмнө, Христийн шашинд монгол хаадын илүү дотночлон хандах явдал Мөнх, Хүлэгүгийн үед хүчтэй болж ирэв. Тэдний эх Соргагтани хатан өөрөө Христийн несториан шашинтан байсан учир нөлөө нь түүний хаан хөвгүүдэд багагүй нөлөөлсөн ажээ. Хүлэгү болон түүнийг залгамжлагч зарим Ил хаад ч Несториан шашинтан хатадтай байжээ. Исламын шашинтан улс орны эсрэг монголчуудын явуулсан аян дайн тэдгээр оронд олон зуун жилийн турш хавчигдаж байсан Христийн несториан шашинтныг чөлөөлөн урамшуулж, тусламж дэмжлэгийг авах бололцоог хангав. Монгол хаад ч уг байдлыг овжин ашиглан Исламын шашинтан орнууд, ялангуяа тэр цагт монголчуудад эзлэгдээгүй үлдсэн хүчирхэг Мамлюкийн Египетийн эсрэг түрэмгийлэлдээ Ромын папын улс болон Европын Христийн шашинтан улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэн, цэргийн эвслийг ч байгуулан тэмцэхийг чармайж байсан юм. Үүнийг түүхийн сурвалж бичгүүд ч гэрчилнэ. Жишээ нь 1289 онд Ил хаан Аргунаас Францын Гуа Филипп-д явуулсан захидалд Мисир /Египет/-ийн эсрэг хамсан довтлох саналыг нь зөвшөөрч “Тэнгэрийг залбирч” Димисги /Дамаск/-д морилон бууж, “Тэнгэрт мөрөгдөж тэд иргэдийг авбаас Орислим /Иерусалим/-г танд өгье...” хэмээжээ. Үүнээс 13 жилийн дараагаар 1302 онд Ил хаан Газан Ромын пап Бонифас 8-д илгээсэн захидалдаа мөн л Исламын шашинтан улсуудын эсрэг цэргүүдээ харилцан засан, болзсон хугацаанд илгээж хамсан довтолж “Тэнгэрийг залбирч их үйлийг ухаад нэгэн зүг болгъё” хэмээжээ.Энэ бүхнээс үзэхэд монголчуудын ер бусын их өргөн түрэмгийлэлбол зөвхөн гагц аюумшигт аллага хядлага, сүйрлээр дүүрэн зэрлэг нүүдэлчдийн гэнэтийн нэгэн хэрцгий уулга довтолгоон төдий байсангүй, харин тухайн цагийнхаа дэлхийг бүхэлд нь хамарсан гүн гүнзгий их их үр дагавар бүхий нэгэн төрлийн сонирхолтой үзэгдлийг хүн төрлөхтний түүхэнд үүсгэн буй болгосныг бид тусгайлан анхааран үзвээс зохино. Дорно, өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Үүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Өртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орны хооронд чөлөөтэй явагдаж байв. Дорно, өрнийн харилцаа холбоо тэр цагийнх шиг тийм үр бүтээлтэй бөгөөд идэвхитэй байсан нь урьд өмнө түүхэнд үзэгдээгүй ажээ. “Монголын энх амгалан” /Pax Mongolica/ хэмээн нэрлэгддэг нэг ёсны Монголын дэлхийн дэг журам ч тогтсон байв. Үүгээр үл барам, тухайн үедээ дэлхийн ердийн нэг их эзэнт гүрэн байгуулагдах төдийгээс илт хэтэрсэн, ертөнц дахины шинжтэй ер бусын нэгэн том үйл явц явагдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Тэрхүү үйл явцыг бид монгол нэр томъёогоор “тэнгэрчлэх” үйл явц буюу тэнгэрчлэл хэмээн нэрлэж болно. Түүх-үзэл баримтлалын үүднээс авч үзвээс Монголын тэнгэрчлэл бол эдүүгээгийн бидний “дэлхийчлэл”, Тэнгэрийн үзэл /тэнгэризм/ нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй төстөй учир харьцуулан авч үзэж болмоор байгаа юм. Энд зөвхөн нэр томъёоны ялгаа байгаа бөгөөд Тэнгэрийн үзэл /Тэнгэризм/ нь “Тэнгэр хэмээх алтай гаралтай хэлнүүдийн үгнээс үүсэлтэй бол глобализм нь “giobus” /газар дэлхий/ хэмээх хоёр үзэлд зарчмын бөгөөд тулгуур их ялгаа оршиж байгаа нь мэдээж хэрэг.Ийнхүү Монголын тэнгэрчлэх үзлийн тухай ярихдаа бид хуучны юмыг хэт эдүүгээчлэн он цагийн замбараагүй байдлыг үүсгэх гэсэн бус, харин түүхэнд эрт, орой болсон төстэй үзэгдлийг харьцуулан судлаж ойлгохыг оролдсон нь болой. Монголын түүхэн туршлагаас үзэхэд одоогийн дэлхийчлэл хэмээх үзэгдэл нь түүхэнд сая үзэгдэж байгаа тийм ч их шинэхэн үйл явц бус ажээ. Энэ нь бас өөрийн эртний түүхтэй бөгөөд Монголын туршлага бол дэлхийчлэлийн үзлийн хамгийн нийтлэг төрхтөй өвөрмөц нэг хэлбэр нь байжээ. Бидэнтэй энэ сэдвээр ярилцсан Америкийн нэрт сэтгүүлч Лесли Чань монголчууд бол “глобализмын үзлийг анхлан санаачлагч”, “анхны хэрэгжүүлэгч” нь байжээ хэмээн дүгнэн бичсэн юм. Гэхдээ Монголын тэнгэрчлэл бол голдуу улс төрийн үзэгдэл байсан хийгээд түүнийг юуны өмнө хүчирхийллийн аргаар хэрэгжүүлжээ. Ийм учраас тиймэрхүү маягийн дэлхийчлэл төдий л их амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэр нь удалгүй бүтэлгүйтэн нурсан билээ. Энэ бол хүн төрлөхтөн заавал мэдвээс зохих хийгээд хэзээ ч марташгүй, үл тоомсорлох ёсгүй агуу их түүхэн сургамж мөн. Одоогийн дэлхийчлэл нь Монголын тэнгэрчлэлээс эрс ялгаатай, үндсэндээ тайван замаар явагдаж байгаа билээ. Гэхдээ тэр нь хэтэрхий их материаллаг, прагматик шинжтэй, эд хөрөнгийн ашиг сонирхлыг урьдал болгоод оюуны болон зан суртахууны үнэт зүйлсийг төдий л үл анхааран орхигдуулж байгаа талтайг хэлэх хэрэгтэй. Эдүүгээ дэлхийчлэлийн үйл явц хүчтэй болох тусам дэлхийн өөр өөр иргэншил, шашны өвөрмөц шинж байдал, түүхэн уламжлалаа хадгалах эрмэлзлэл, тэрч бүү хэл эсэргүүцэл тэмцэл,ч ихсэх хандлага илт ажиглагдаж байна. Одоогийн дэлхийчлэлийн үзэл илүү их ул суурьтай, илүү их хүмүүнлэг бөгөөд болвсронгуй филисофийг шаардаж байгаа нь илт байна. Дэлхий дээрх олон соёл, шашин, хэв заншил, уламжлалын ялгааг үл харгалзан хүн төрлөхтөн нийт даяараа хүлээн авч чадахуйц тийм нийтлэг бөгөөд түгээмэл дэлхийчлэлийн үзэл онолыг гаргана гэдэг тийм ч хялбархан зүйл огт биш болох нь тодорхой. Гэвч үүний төлөө нийтээрээ хамтран ажиллах нь харилцан тэмцэлдэн сөргөлдөхөөс илүү их ирээдүйтэй болохыг онцлон тэмдэглүүштэй. Мөн үүний хамтад “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” хэмээн их хаан Мөнхийн айлдсан үгийг хүн төрлөхтөн альч үед санаж явахад илүүдэхгүй бөгөөд энэ үг одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Академич Ш.Бира