http://www.zoofirma.ru/

Сяньби нар Хянганы зүүн талаар нутаглаж байхдаа тийм их хүчирхэг улс аймаг байсангүй жирийн нүүдэлчин овог аймаг байсан юм.
Сяньби нарын оршин амьдардаг Шар мөрний хавийн нутагт таван хошуу малаас гадна хулан, тахь аргал, угалз, зэрлэг үхэр, булга, өмхий хүрэн болон зарим мич байдаг байжээ.


Сяньби улс Хүннү гүрний нэгэн адил Төв Азийн нээдэлчдийн хүчирхэг гүрэн болсон. Сяньби нарын дунд хаан ширээнд үе залгамжлан суух журам жигдрэн тогтсон байв.
Өмнөд хүннүгийн Чжао улс Муюны Янь улсын эсрэг аян дайн хийж 36 хотыг нь булаан эзэлжээ. Удалгүй Муюны Янь улсын цэрэг Бээжин хотыг бүслэн авчээ.
Хүннү гүрний үед МЭӨ II зууны орчим Мао хан гэгч аймгийн холбооны зонхилогч тэргүүтэй тоба нар 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ.
Түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээснийг дөрвөн үе өнгөрсний дараа, тухайлбал, Хүннү гүрэн мөхөөд сяньби нар баруун зүг Ар Монголд шилжиж, муюнчууд өмнө зүг нүүж Өвөр Монголын зүүн хэсэгт шилжин очихын хамт тоба нар бас өмнө, баруун өмнө зүг нүүж Түийнь ханы үед Өвөр Монголын хойд талын Шилийн гол, Цахарын чуулганы Долнуур хэмээх Долоннуур, Далай нуурын тэнд хүрэлцэн ирж нутагласан байна.
III зууны дундуур тоба аймгуудын холбооны зонхилогч байсан Ливэй хан одоойин Өвөр монголын Бугат хот байгаа газрын зүүн хойтох Ченло сууринд төвлөн суух болжээ.
Үнэхээр Хятадын Цзинь улсын төрийн бодлого Тоба зэрэгх Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн хувьд найрсаг дотно байсангүй, хамгийн наад зах нь Тобагийн “Овог аймгуудын ахлагч зонхилогч нарыг далдуур хээл хахуульдаж, өвөр хооронд нь эвдрэлцүүлэн мөргөлдүүлэх” зорилт тавьж, “тэднийг хэрэлдүүлэн мөргөлдүүлэх арга хэрэгсэл олсон “ байв. 1Мөн тэнд, тал 189-190.
338 оны үест Шэигянь Тоба улсын хаан ширээнд өргөгдөн гарч ирсэн байна.Тэрээр ухаантай, зоригтой хүн байсан бөгөөд төрийн бодлогод өндөр боловсрол, дадлага туршлагатай хятад сайд, түшмэдийг өргөнөөр ашиглаж, засаг заслал, цааз хуулийг жигдлэн тогтоолгосон байна. Засаг заслал , цааз хууль ял шийтгэл зэрэгт нэлээд шудрага байдлаар хандах гэсэн нь олны талархлыг хүлээж, харъяат албат нар нь нэг хэсэгтээ тайвширсан хэмээн түүх сударт тэмдэглэн үлджээ.
Тоба Гүй хааны үед Тоба улс Юань Вэй хэмээх нэртэй, Хятадын Пинчен хотод нийслэлсэн, дэвсгэр нутаг, хүн амын ихэнх нь хятад иргэд болсон, хятад, тоба холимог, нүүдэл суурьшил хосолсон улс болж хувирсан байна. Удалгүй Тоба хаад нийслэл хотоо эртний хятадын Зүүн Хянь улсын нийслэл байсан Лоян хотод шилжүүлэн,хятад маягаароны цол сэлттэй болж, түүнийг бас хятадаар нэрлэх болсон байна. Шашин соёл, зан заншлын хувьд ч Тоба хаад бөө мөргөл , нүүдлийн соёл заншлаас аажмаар хөндийрч хятад маягийн амьдрал,Хань улсын үеэс Хятадад нэвтрэн дэлгэрч, хангалттай хятаджсан буддын шашныг илүү баримтлах болж байсан байна.
Тоба Вэй улсын хаад, ноёд Умард Хятадад ноёлон удах тусам хятадын нөлөөнд аажмаар автагдан эцэс сүүлд нь тоба нарыгаа хүртэл хятадчилах тийш хандаж байжээ.
Өвөр Монгол, Умард Хятадад ноёлж байсан Муюны улс, Тоба Юань Вэй улс мөхсөн боловч Муюн, Тоба нар бүхэл бүтэн аймаг, овгуудын хувьд бас тэр доро устаж үгүй болоогүй билээ.
Түгүхүнь нар нэг хэсэгтээ иньшан; уулын баруун өмнө хэсэгт буудаллан байж байгаад 4 зууны эхээр цааш нүүж, Хөх нуурын газарт очиж, тэндэхийн Цян угсааны тангад аймгуудыг засаглан захирах болсон ажээ. 2 мөн тэнд, тал 229.
Хөх нуурын газарт очиж засаглан суусны дараа Түгүхүнь ноён хэрэг дээрээ тэндэхийн өвөг монгол угсааны анхны хаан болсон байна. Түгүхүнь нар өөрийн хааныг “кэхань” (каган) хэмээн цоллодог, хатныг “кэцзүнь” (катунь) хэмээдэг байсан нь бас л цөм өвөг монгол хэлний мөнгөл бичгийн эртний дуудлагаар байгаа байна.
Эр хүн эцгийгээ нас барсны дараа хойд эхээ, ахын үхсэний дараа гэргий нарыг нь эхнэрээ болгож авдаг заншилтай байсан Хүннү, Сяньбийн угсааны бусад аймаг, овгууд дахитай нэг адил байжээ.
4 зууны 20-оод оны үест төр барьж байсан Ачай хаан 20 хөвгүүнтэй байсан бөгөөд нас бархынхаа өмнөхөн эхийнхээ отгон дүү хөвгүүнийг дуудаад “Чи нэг цум аваад хугалаад орхи” гэжээ. Сумыг хөвгүүн хичнээн хугалж орхисонд одоо “19 сум авчраад хугал” гэжээ. Хөвгүүн хичнээн оролдовч хугалж чадсангүй. Ачай хаан үр хүүхдүүддээ хандаж “Та нар ганчаныг хугалхад амархан , харин олныг хугалхад хэцүү гэдгийг та нар ойлгов уу? Хүчээ нэгтгэж нэг санаатай бай! Тэвэл газрын онгодыг тахих тахилгын ширээ тань бат бэх байх болно. (Засаг заслалын суурь батжин бэхжинэ)” гэж байжээ.
Эдүгээ хүртэл Хөх нуур, Ганьсү нутагт баоань дүнсянь, монгор гэх зэрэг эрт, дундад зууны монгол хэлтэн аймаг ястнууд байгаа нь чухамхүү түгүхүнь-төгөөн нарын үр удмынхан хагас дутуу ч гэсэн хадгалагдан үлдээд байгаа сонин бөгөөд чухал үзэгдэл мөн хэмээлтэй.
Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюны соёлтой байсан нь дээр дурдсан бүх зүйлээс тодорхой байгаa юм.
Тэд цөм дөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ес суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил , ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.
Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна.
Тоба нар ч гэсэн анхны үед бөө мөргөл шүтдэг байсан. Харин Умард Хятадыг эзэлж, Тоба Вэй улсыг байгуулсны дараа Буддын шашинд орж Энэтхэгийн соёл иргэншлийн нөлөө их дэлгэрсэн байжээ. Тоба нар буддын шашныг эхний үед Хятадаас уламжлан авсан бололтой байдаг. Тоба Вэй улсад буддын шашин нь төрийн шашин болсон байжээ.

Сяньби нар ялагдсан дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчиж ховхлон авдаг тоног авах ёсыг их үйлддэг байжээ. Тоног авах ёс эртний скиф, индиан, монголчуудын дунд ч байсан бөгөөд 13 зууны үед “тоног” гэдэг нэрээрээ хадгалагдан үлдээд байжээ. Хожим монголчууд тоног авахыг бүрмөсөн цээрлэн хориглосны улмаас хонины толгойг чанаж болгон идэхдээ түүний оройн хатуу зузаан баатар хуйх гэгчийг “хүнд өстэй болно” гээд авч идэхийг цээрлэдэг заншилтай болсон байна.
Тоба нарын тэнгэр тахих ёс бас их сонин бөгөөд зарим зүйл нь хожмын үеийн монгол зан заншлын зүйлтэй адил төсөөтэй байсан байна.
Датун хотын баруун дүүрэгт 405 оны үест тахилгын дөрвөлжин цөнж бариад, түүн дээр 7 модон хүн тавьсан зэргийг нэлээд тодорхой дүрслэн бичжээ. Тэнд дурдсанаар тал хэнгэрэг барьсан удган нар цонжийн хоёр хажуугаар зогсож, хааны угсааны 7 хүн архи барин, удган нартай хамт цонж дээр гарч тэнгэр дэвээр мөргөн, 7 хүн баруун тийш хандан архиа тэнгэрлиг модон хөрөгт өргөж байжээ. Түүнчлэн 420-иод оны үест Тоба Вэй улсад хэрхэн тэнгэр тахиж байсан тухай эртний Хятадын “Өмнөд ци улсын судар” түүхэнд дурдсан зүйл их сонин бөгөөд чухал. Тэнд дурдсан нь: Хотын баруун талд тэнгэр тахих цонж бий. Түүний дээр дөчин есөн модон хүн, өндөр нь хос алд орчим, мөн цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл тавьжээ Дандаан (билгийн улирлын) дөрвөн сарын дөрвөнд үхэр, мориор тэнгэр тахидаг гэжээ. Доктор Г.Сүхбаатар Өмнөд Ци улсын түүхчдийн дурдсан цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл зэрэг нь хойч үеийн монголчуудын адууны дэл сүүлээр үйлдсэн хар, цагаан сүлдийг санагдуулж байна. Үүнд, марины сүүл гэдэг нь гилбэрийг тойруулан адууны сүүл уядагийг хэлж байна, тэр сүлдний ерөнхий байдлыг төсөөлөн бодоход Чингисийн үеийн хар, цагаан сүлдтэй үндсэндээ адил санагдана гэсэн санаа дэвшүүлсэн нь үнэхээр тийм байсан байж бүрэн болно.
1Өмнөд Ци улсын судар 59-р бүлэг (хятадаар), 2Г.Сүхбаатар. Сяньби. УБ., 1971, тал 137-138
Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан