http://www.zoofirma.ru/

Судлаач Д.Ганхуягийн "Бошгыг халах Залуучуудын эвлэл" нийтлэлд В.Баваасангийн талаар хэрхэн өгүүлсэнийг сонирхуулъя:

 

...Хийрхсэн залуус Хувьсгалын эхэн үед бөөн зөрчил үүсгэсэн юм. Эхлээд "бүх нийтийн хувьсгалчирхаг" өвчин тусчээ. Хуучин дарлаж байсан феодалын ёсыг устгаж, ардын эрхт ёсыг тогтоосон учраас одоо ард хүн, ялангуяа нам, эвлэлийн гишүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж олон хүн үзэх болов. Ингээд дүвчигнэж гарчээ. Гэзэг үс хяргах, нударга тайрахаас эхлээд хүн баривчлах, зодох хүртэлх тун олон тэнэг зүйл хийжээ. Үүнийг “Өглөө” кинонд тов тодорхой харуулсан. Харин кинонд гардаг шиг ганц Бодоо биш, тун олон хувьсгалч тэгдэг байсан. Түүнээс гадна Хятадаас Жан Зо лин дайрах гэж байна гэсэн цуурхал их гарч, түүний довтолгооноос хамгаалах цэргийн бэлтгэл хийдэг байв. Наад зах нь эвлэлийн гишүүд “хөл гарын” (жагсаалын) сургууль тогтмол хийдэг байсан. Зарим дарга нарт нь гар буу хүртэл тараадаг байжээ. Тэр үед үсээ тайрч, халимаг тавьсан, нударгагүй дээл өмсөж, шөвгөр хар (хромон гутлыг монголчууд тэгж хэлдэг байсан-Х.Д.Г. ) жийж, ташаандаа гар буутай, энгэртээ эвлэлийн тэмдэгтэй, бас КИМ-ийн тэмдэгтэй (Дэлхийн Залуучуудын Интернационалын товчилсон нэр-Х.Д.Г.) залуу хүн бол одоогийнхоор бол Харвард буюу Баруунд төгссөн хүнээс дутахааргүй мундаг хүн байсан юм. Хэрэв тэр нөхөр бичиг үсэгтэй бол шууд дарга, мөн КУТВ (Дорно Дахины Коммунист Их Сургууль) төгссөн бол шууд л нам, төрийн удирдах албанд очдог байв. Хэт хувьсгалчирхах явдал ихээхэн газар авсан учир Цэргийн Яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар тэсэхээ байгаад ухуулах бичиг гарган: “Ардын эрхт хэмжээт цаазат ёсыг эндүүрэн ухаж, ёс суртлыг зоргоор гээгдүүлэн балмадлан түрэмгийлж явагчдад бүрэн учрыг тайлбарлан ухуулсан бичиг” хүртэл гаргаж, түүнийгээ 1922 оны 3 дугаар сард Ардын Засгийн Газрын тогтоол болгон гаргасан байна. (Улсын Түүхийн Төв архив. Д.Сүхбаатарын фонд. 2 дугаар бүлэг.) Ингээд үзэхээр байдал тун хэцүү байсан бололтой. Яг одооны Монгол Улс шиг эрх чөлөөгөө эдлэх нэрээр дураараа дургиж байж...
...Үүнээс гадна Д.Нацагдорж Эвлэлийн гишүүн байж, ямар нэг албан тушаалтай байсан нь мэдэгддэг юм. Учир нь Д.Нацагдорж, В.Баваасан хоёрыг эвлэлийн гишүүдийн "хөл гарын сургууль"-д оролцсонгүй гэж шүүмжилсэн баримт архивт байсантай би тааралдаж байсан юм. Д.Нацагдорж нь их “зальтай” эвлэлийн үүртээ “-их ажилтай тул чөлөө өгнө үү” гэхчлэн бичиг өгч аргалаад байжээ. Харин Засгийн Газрын нарийн бичгийн дарга, Нам, Эвлэлийн Төв хорооны гишүүн В.Баваасан болохоор “-нам төрийн их ажилтай” гэчихээд эвлэлдээ томроод загначихаад яваад байж. Энэ нь хожим түүний амь насанд хүрсэн бөгөөд 1924 онд С.Данзантай хамт буудуулсан билээ...
...Тэр үед нам эвлэлийн хооронд онцын ялгаа байсангүй. Сүүлдээ эвлэл нь намтайгаа эн зэрэгцэж, түүний үйл ажиллагаанд шууд хутгалдан оролцох болов...
...Эвлэлийн гишүүд намын Их Хурлын гадаа жагсаал хийх, хурал дотор орж ирэх, буутайгаа хуралд суух, мэдэгдэл гаргах, дуудахад нь ирэхгүй байх, сүрдүүлэх зэргээр намаа дарамталсан жишээ тэнд асар олон буй. Энэ нь тэр үеийн нам төрийн зөрчил, будлиант байдлыг тод харуулдаг. Ингээд намын ажилд хэт оролцсон, бас “эсэргүү нартай” нийлсний учир МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүн В.Баваасан Солийн Данзангийн хамт цаазлуулж, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх баривчлагдсан юм. Бас эвлэлээс нэлээд олон хүн хэлмэгдсэн. Үүний дараа ухаан орж, нам эвлэлийн харьцааны асуудлыг анхаарч эхэлсэн юм...
Босоо Хөх Монгол Хүн