http://www.zoofirma.ru/

Тэнгэрийн тэтгэсэн хаан Зүүнгарт Галданцэрэн хааны үеийнх шиг Ойрадын дөрвөн аймгийн холбоо дахиж байгуулагдахаас их болгоомжилж байсан тул Амарсанаад Хойдын хан болох тухай тамга хүргүүлсэн ажээ. Зүүнгарын хаан болох бодолтой байсан Амарсанаа тэр тамгыг хүлээн авалгүй эсэргүүцэхэд, Зүүнгарын зарим ноёд түүнд нэгдэхээ мэдэгдсэн байна. Энэ бол 1755 оны 8 сард болсон хэрэг гэнэ.

Илид суусан Банди жанжин эл байдлыг Тэнгэрийн тэтгэсэн хаанд уламжлахад, Амарсанааг барих даалгавар хариуд нь өгчээ. 500 цэрэгтэй Банди жанжинд босогчдын хүчийг хуралдуулсан Амарсанааг амархан барих боломж байсангүй. Амарсанаа шуурхай хөдөлж, Манжийн тэр бага хүчийг 1755 оны 10 сарын 3-нд дарахад, эцсээ тултал тэмцсэн Банди жанжин амиа хорлож, тэднээс нэг ч хүн амьд үлдээгүй. Амарсанаа улам сайн хүчээ хуралдуулж, Или хавийг бүрэн хяналтандаа авчээ.
Тэнгэрийн тэтгэсэн хаан маш богино хугацаанд цэрэг бэлтгэж, 1756 оны эхээр Зүүнгар руу хөдөлгөжээ. Манжийн цэрэг урдын адил хойд ба баруун хоёр жигүүрээр давшиж, Амарсанаа нохойн хэрлээр тосон тулалдаж, Манжийн цэргийг бүтэн жил хорьж, өгөө аваатай тулалдсан байна. Амарсанаа цэргийн чадварлаг жанжин болохоо эдгээр тулаануудаар харуулсан гэнэ.!Амарсанаагийн талд байсан хасгийн ноёд Манжид буугаад өгчихжээ. Гайтай юм шиг Амарсанаагийн цэрэг дотор салхин цэцэг өвчин бас дэлгэрсэн байна. Түүнээс болж сандарсан олон цэрэг Амарсанааг хаян, таран оджээ. Эдгээр шалтгаанаас болоод хүч нь нэлээд суларсан агшинд нь Жоохуй хэмээх залуу манж жанжин Амарсанааг нэхэн цохижээ. Амарсанаа цөөн нөхдийн хамт Орост зугтан гарч, цагаан хаанаас зэр зэвсгийн тусламж хүссэн байна.
Орос Амарсанаад тусалсангүй, Манжтай байгуулсан гэрээ ёсоор түүнийг Манжид барьж өгсөнгүй. Тэнгэрийн тэтгэсэн хаан Амарсанааг барьж өгөхийг ихэд уурсан Оросоос шаарджээ. Тэр хооронд Амарсанаа салхин цэцгээр Орост өөд болжээ. Харин Оросын тал Хиагтад Амарсанаагийн шарилыг Манжийн элчид үзүүлснээр Тэтгэрийн тэтгэсэн хааны хүсэл биелж, эл асуудлыг хаясан байна.
Зүүнгарын хүн ам 10 дахин цөөрсөн нь дайнд хядагдсан, дайны хөлөөс дүрэвсэн, цэцэг өвчинд нэрвэгдсэн, олзлогдсон гэсэн 4 гол шалтгаантай ажээ. Зүүнгарт хүн ардыг Манжийн хаан төвдөө ойртуулж татсанаас болж Зүүнгарын нутаг улам эзгүйрч, хасаг, киргиз, уйгар, хотон зэрэг лалын шашинтай үндэстнүүдэд ихэнх нь шилжсэн байна. Хожим торгуудын хэдэн отог Ижилээс буцаж нүүж ирснээр Зүүнгарын нутгийн багахан хэсэг нь эзэнтэй болжээ. Тэнгэрийн тэтгэсэн хаан "Зүүнгар" гэдэг үгийг хэрэглэхийг 1759 онд цаазаар хорьжээ. Түүнээс хойш Зүүнгарыг Өөлдийн нутаг гэх болсон. Тус номыг гол болгож, бусад сурвалжаас сэлбэсэн билээ.
Дотроо эвгүй байхдаа бусдын хоол хэрхэн болдог байсан гэдэг талаас нь энэ бичлэгийг хүлээж аваарай. Даваачийг баатар, Амарсанааг дайсан мэт туйлширч бүү савлаарай. Дээдсийн явдлыг бид шүүхгүй, тэдний алдааг л давтахгүй байхад түүхээ мэдэхийн учир оршино.
Зураг: Зүүнгарын баатар эрс
Ochir-Erdene Battogtokh-ны бүтээл
Ш.Баатар