http://www.zoofirma.ru/

Өөлдийн их сүлд Харлаг туг нь 1930-аад цуст хэлмэгдүүлэлтийн үед алдагдсан боловч, 1994 онд Сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Дамдинжав санаачлан иргэдийнхээ оролцоотойгоор Харлаг тугийг дахин сэргээн бүтээж, Харлаг туганд зориулсан гэрэлт хөшөөг сумын төвийн баруунтаа орших "ШҮТЭЭН ТОЛГОЙ"-д босгосон билээ.


Уг гэрэлт хөшөөнд:
"Хүмүүн олонд:
Монгол Улсын тусгаар тогтнонл, эв эеийг үеийн үед эрхэмлэн сахигтун.
Өөлдийн Харлаг тугийг сэргээн залж их ёслол үйлдэв.
1994-07-05" хэмээжээ.
Сумын Засаг асан Ц.Дамдинжав:
Өөлдийн Харлаг туг нь дайн байлдаанд явахын сүлд хийморийг онголон тахиж, шүтдэг байсан бөгөөд жилд 1 удаа салхилуулдаг, бусад үед Зуугийн сүмд тусгайлсан саванд хадгалдаг байсан. 1930-1940-өөд оны их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд учир битүүлэг алга болж, чухам яасныг мэдэх хүн байдаггүй юм гэж хөгшчүүл маань хуучилдаг байв.
Харлаг туг сүлдийн дээд сэрээ догийг нутгийн хүү Гэлэнцэрэнгийн Ганбаатараар урлуулж, тугийн ишийг Баянбайшир хайрханы Хустын нуруунаас авч, нутгийн шандаст хурдан хүлэг морьд, сүргийн манлай удам сайт азаргануудын дэл сүүлээр цацал юугий нь бүтээсэн билээ.
Дөрвөн Ойрадын хаан, төрийн их хүн, цэргийн суут жанжин, соён гэгээрүүлэгч, гэгээн хутагт Галдан Бошгот хааны мэндэлсний 350 жилийн ой 1994 онд Ховд аймагт зохион байгуулахад Өөлдийн их сүлд Харлаг тугийг залж уг ажиллагаанд оролцоход Олон Улсын эрдэмтэн мэргэд, Өөлд түмэн сүсэглэн мөргөж, их хүндэтгэл үзүүлж билээ. хэмээн 2002 оны 11-р сарын 27-ны өдөр дурсан ярьсан юм.
Өөлд түмний их сүлд Харлаг тугийг бүтээн залсан ерөөлт өдрөөс эхлэн цэргийн албанд мордож буй эрчүүд Харлаг тугандаа адислан цэргийн албанаа морддог уламжлалтай болсон билээ.