http://www.zoofirma.ru/

Монголын их хаан Чингисийн Их Засаг хэмээсэн яруу сайхан нэр, өвөрмөц гүн агуулгатай хууль цааз манай ард түмний соёл иргэншлийн бүхий л түүхийн туршид Монголчууд болон Монголыг судлаач, сонирхогчидын анхаарлыг үргэлж татаж ирсэн. Монгол эх түүх, хууль цаазаа эрдэнэт хүний ёсоор дээдэлж хүндэлж, чөлөөтэй судлан боловсруулах өргөн бололцоо нээгдсэн өөрчлөх байгуулалтын өнөөгийн нөхцөлд Чингис хааны их засаг бүр ч илүү их сэтгэл эзэмдэж байна.

Монгол үндэстнийг нэгтгэж, төвлөрсөн хүчирхэг улсыг үүсгэн, хэзээ ч гандан бууршгүй мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан. Эзэн богд Чингисийн их засгийн үүсэл, шинж, онцлог, бүтэц түүнийг монголын ба гадаадын олон эрдэмтэн, мэргэд ихээхэн судалсаар ирсэн. Энэ хуулиас хааныг сонгох, бишрэх, төрийг засах тэгшитгэх, улсын гадаад, дотоод бодлогыг явуулах, цэрэг, иргэнийг захирах, улс үндэс, газар нутаг, ус бэлчээр, ан амьтан, мал сүрэг, хэв ёсыг хамгаалах, аж ахуй хөтлөх, худалдаа арилжаа хийх, шашин суртал, заншлаа хүндэтгэх тухай мэдэх болно. Чингис хаан зөвхөн хурдан хүлэг, хурдан зэвсэг, эр зоригоор улс гүрнийг нэгтгэн захирж, төрийг засан тохинуулж үл болно гэдгийг сайтар ухаж, засаг цааз, хэв ёс журам дүрмийг цэгцлэн тогтоож, иргэн бүхэнд даган мөрдүүлжээ. Чингис хааны хууль цаазыг зөрчсөн хэн боловч алагчалгүй шийтгэгддэг байжээ. Өөрөөр хэлбэл хууль цааз нь их эзэн хаанаас эхлээд иргэн бүрд тэгш үйлчилдэг байжээ. Ийнхүү шударга ёсыг өөрөөсөө буюу дээрээсээ тэгш хэрэгжүүлсэн нь Чингис хааны Их монгол улс байгуулж чадсаны нэгэн нууц юм. Дэлхийн олон улсад ихэд алдаршсан их засаг бол их монгол улсын хууль цаазын эмхтгэл, үндсэн хууль бөгөөд уламжлал шинжлэлийг үнэн мөнөөр, монгол ухаанаар эргэн харах болсон өнөө үед олон талаас нь шинжлэн үзвээс зохих монголын эртний хууль цаазын дурсгал бичиг юм. Засаг хэмээх үгийн язгуур нь ЗАСА- /засах/ билээ. Засах гэдэг үйл үг ямар утга илтгэдэг вэ гэвэл “Мууг сайн болгон халах”, тэнгэрийн доорх хэргийг шийдгэх, бичгийн үгийг зохистой сайн болгох, төвийг үзэн тушаа тушаа захиран тэгш нийгэм болгохыг засна хэмээдэг. Аливаа улс оронд төр байгуулагдаж, өөрийн тогтолцоогоо бүрэлдүүлэх бодлого зорилтоо тодорхойлохдоо хууль цааз тогтоон түүхээ биелүүлэх замаар хэрэгжүүлдэг нь нийтлэг зүй тогтол мөн. Ингэхлээр монголд феодалын тулгар төр байгуулагдахад түүнтэй нэгэн зэргээр улсын цааз бий болох нь зайлшгүй зүй тогтолд үйл явц байжээ. Үүний үндсэн дээр Чингис хааны их засаг хууль гарсан.чингис хааны байгуулсан гавьяаны нэг болох төрийн алтан буулга Их засаг хуулийг гаргасан. Уг хуулийн үзэл санаа нь монголд төдийгүй, Чингисийн эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байв. Чингис хааны монголыг нэгтгэх, дэлхийн эзэнт их гүрнийг байгуулах асах төвөгтэй үйл ажиллагааг амжилтад хүргэж даяарт алдаршсан суутан болох их засаг хуулийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм. Судлаачид их засаг хуулийг бичигдмэл хууль байсан гэдэг талаар санаа нийлж байдаг нь түүхэн эх сурвалжид үндэслэсэн хэрэг, харин зарим судалаачид санал нийлдэггүй.
Жишээ нь: Попов хэлэхдээ энэ хууль байсан ба хууль дахь монголын эзэнд гүрний Юань улсын хууль цаазын бичигт орох байсан, их засаг хууль бичигдмэл хууль байж чадаагүй хэмээж байна. 1204 онд найман аймгийг дарсаны дараа Уйгар угсааны Татунгаг Чингис хаан албандаа зүтгүүлж улс гүрний хэрэг явдлыг Уйгаржин монгол үсгээр бичиж тэмдэглэн хөтлөх болсон болохоор энэ хуулийн эхийг Уйгаржин үсгээр бичсэн. Их Засаг бол Монгол оронд Феодалын харилцаа тогтон төлөвших явдлыг хангасан Феодлизмын үеийн анхны хууль мөн. Үүнд түүний гол шинж нийгмийн үүргийн нэг чухал тал оршино. Монгол оронд анхны төр улс үүсэн тогтсноос хойш феодалын төвлөрсөн улс байгуулах хүртэл 1400 гаруй жилийн хугацаанд төр ёс, хууль цаазын зохих дэвшил гарч, туршлага хуримтлагдсан түүхтэй. Монгол оронд бүрэлдэн тогтсон феодалын харилцаа, төрт ёс, эрх зүйн журмын үндсийг тогтоон бэхжүүлсэнд Их Засагийн гол шинж чанар илэрнэ. Их Засагийг гаргахдаа хааны хэмжээгүй эрх, төрийг байгуулахад хүчин зүтгэж, хаанд үнэнчээ харуулсан хүмүүсд бусдаас илүү эрх дарх олгох, цэрэг байлдааны үед хатуу ёс суртал бий болгоход илүүтэй анхаарч улмаар энэ хуулийн тогтоомжид бодит тусгалаа олсон онцлогтой. Их Засаг цаазын тунхагласан өдрөөс эхлэн эзэн Чингисийг насан хутга болох хүртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан төгөлдөржүүлж 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байжээ.
Их засаг хуулийн зурвас бүрийн гол агуулгын тойм
Нэг. Ерөнхий буюу Үндсэн хууль
Энд их хааны халдаж болшгүй дархан эрхийг хамгийн дээдээр хамгаалан хөгжүүлж, тус хуулийн гол зорилгыг бататгажээ. Их хаан бол феодал ноёрхогчдын төлөөлөгч, улсын бүх эрх мэдлийн биелэл, төвлөрөл болсныг харуулсан байдаг.
1 дүгээр зурвас: “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”
Энэ бол монголын эзэнт гүрний төрийн тамганы бичээс бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин” гэдэг ойлголтыг шинээр бий болгон төрт ёс, жам ёс хоёрыг холбон нэгтгэж өгсөн явдал мөн. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” жамыг илэрхийлэхийн хамт монголын эзэнт төр, их Чингис хаан чухамхүү ертөнцийн жам, хүмүүний ёс төр, хэрэгцээ шаардлага, эрхт дээд тэнгэрийн соёрхлоор бий болсныг тодотгон заажээ.
Их хааны зарлиг бол жам ёсны, эзэн тэнгэрийн хүсэл соёрхол болохын учир бишрэн дагахгүй байхын аргагүйг энд заасан бөлгөө.
2 дугаар зурвас: “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй”
Чингис хаан оюун бодлоороо Мөнх тэнгэртэй үргэлж харилцаж, тэндээс хүч чадал, онгод зоригоо авч, түүний зарлигийг хэрэгжүүлж байсан агаад “Их засаг” хууль, “Билиг” сургаал зэрэг нь Мөнх тэнгэрийн зарлиг байлаа. Чингис хааны хийж хэрэгжүүлж байгаа бүхэн зайлшгүй байх ёстой гарцаагүй үнэн зөв зүйл мөнийг энд заажээ.
3 дугаар зурвас:“Хүүхэд нь эцэг эхээ, залуус нь ахмадаа, эхнэр нь нөхрөө үл сонсвол хуулийн хариуцлага хүлээнэ”
Нүүдлийн соёл иргэшилтэй малчин монголчуудын хувьд өрх айл нь төрийн болон нийгмийн мөн агаад айл өрх бат бол төр улс бат бэх байх ёстой болохыг зааж, өрхийн тэргүүнийг төрийн төлөөлөгч болгож, эрх дархыг нь хуулиар хамгаалсан зурвас юм. Өрх айлыг, ах захыг дээдэлсэн энэ заалт дэлхий нийтэд ихэд үнэлэгддэг.
Хоёр. Хаан төрийн тухай хууль
Эзэнт гүрний хаан төрийн түшиг болсон ихэс дээдэс, шадар ноён жанжнууд нь их хааныхаа өмнө тодорхой үүрэг хүлээсэн, үйл ажиллагаа нь зохих дэглэм журамтай байх ёстойг энэ хэсэгт тодруулан заасан байдаг.
4 дүгээр зурвас:“Хаан ширээг залгамжлахад заавал овог аймгийн ахмадууд ахлагчид болон алтан ургийн хурилдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй.”
Тэр цагт Чингис хааны нэр алдар, эрх мэдэл асар өндөр байсан хэдий ч ганцаараа бүхнийг шийддэггүй бусдын үгийг сонсож, ухааныг эь дээдэлдэг байсныг эндээс харж болно.
5 дугаар зурвас:“Монгол хүмүүс улсын эзэн болон эрхэм язгууртан хаан, хан, ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дуудна.”
Энэ нь хаан ба хан, ноёд элдэв цол өргөмжлөлд хэтэрхий бялуурч, төрийн хэргийг самууруулах, эсвэл ард олны зүгээс тэдэнд тал засаж, хуурамч магтаалаар чимж, зусар үгээр хуурч, төр ба ард олны хооронд ан цав гаран ажил хэргийг хохироосоо болгоомжилсон заалт юм. “Хаан” гэдэг эрхэм хүндэтгэлийг зөвхөн өөрийнхөө гавъяа зүтгэлээр олж авах хэрэгтэйг Чингис хаан өөрөө сурган “Хаан” гэдгээсээ өөр ямар ч цол өргөмжлөл хэрэглэдэггүй байв.
6 дугаар зурвас:“Ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч ажлаа тайлагнаж хааны сургаал зарлигийг сонсож, буцаж хариад биеэр үлгэрлэн гүйцэтгэж ард олноо сайтар удирдаж чадвал хамаг үйлс эеэр бүтнэ. Миний зарлигийг аман дээрээ дагаж, алс далд зөрчиж уснаа унасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна.”
Ноён хүн тухайн орон нутагтаа хааны нэрийн өмнөөс онцгой эрх дархыг эдэлдэг байсан ч эзэн хааныхаа өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, жилд 2 удаа хаанд бараалхан сургааль зарлигийг нь сонсоод нутагтаа очоод хэрэгжүүлэх ажлаа өөрсдөө гардан хариуцах ёстой байв. Ингээгүй тохиолдолд ард нийтийг захирах эрх мэдэл нь шууд хүчингүй болдог байсан нь харагдаж байна.
7 дугаар зурвас:“Аравтын даргын тушаалыг биелүүлж чадаагүй хүмүүсийг даруй чөлөөлж, тэрхүү аравтын дотроос өөр нэгийг олж сонгох хэрэгтэй. Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал 3 хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болбол сая биелүүлж болно. Гурван хүний дотор өөрийгөө оруулж тооцно. Өөрийн хэлсэнийг бусдын хэлсэнтэй, ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх хэрэгтэй. Эс бөгөөс зарлиг тушаалыг буулгаж үл болно.
Өрх айл болон аравтын тогтолцоо нь монголын нийгмийн харилцааны үндэс, гол судас байсан бөгөөд төр улсын бүхий л хэрэг явдал чухамдаа аравтаас эхэлж байжээ. Удирдлагын шинжлэх ухааны үүднээс үзэхэд нэг хүн араваас илүүг удирдаж үл чадах нь бүрэн батлагдсан бөгөөд дэлхийн улс орнууд бүхий л түүхэндээ аравтын тогтолцооноос илүүтэй зөв зохион байгуулалтыг олж чадаагүй байна. Ингэхлээр төр нийгмийн болон хөдөлмөр зохион байгуулалтын дээд хэлбэр болох аравтын даргын ажил үүрэг хичнээн чухал болохыг энд заажээ.
Нөгөө талаар аливаа удирдах хүний зоргоороо авирлах явдлыг хориглож асуудлыг хамтаараа шийддэг байхын чухлыг хуульчлан бататгасан байна.
Гурав. Цэрэг дайны тухай хууль
Монголын их гүрэн бодит нөхцөл, шалтгааны улмаас дайн байлдаанаас ангид оршиж үл болох нүүдэлчдийн улс байсны учир цэргийн зохион байгуулалт байлдааны арга ажиллагаа, зэр зэвсэг, хүлэг морьдыг бэлтгэх зэрэгтэй холбоотой заалтууд “Их засагт” чухал байр эзэлж байлаа.
8 дугаар зурвас: “Эр хүн хорин нас хүрвээс цөм цэргийн алба хаах хэрэгтэй” Чингис хааны үед 14-20 насыг гэр бүлийн нас хэмээн тооцож байсан агаад энэ хооронд гэр бүл болж үр үндсээ залган бэлтгээд 20 нас хүрсэн хойноо хэрэгцээтэй цагт эр хүн болгон аян дайнд мордоход бэлэн байх ёстойг илтгэж байна. Бие бялдар, оюун санааны хувьд бүрэн гүйцэж төлөвшөөгүй хүнийг байлдаан тулалдаанд оролцуулахаас сэргийлсэн ажээ.
9 дүгээр зурвас: “Хааны торгон цэргийн албанд аравт, зуут, мянгатын даргын хөврүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүү арван нөхөр, нэг дүүгээ, зуутын даргын хүү таван нөхөр, нэг дүүгээ, аравтын даргын хүү гурван нөхөр, нэг дүүгээ дагуулж ирэх хэрэгтэй.”
Хааны хишигтэн цэргийг үнэнч шудрага, найдвартай хүмүүсээр бүрдүүлэх арга барилыг энэ заалтаар бататгаснаас гадна нэгдсэн улсын цэцэн билэгт их хааны амь нас, өмч хөрөнгө, гэр бүлийг хамгаална гэдэг нь улс орны аюулгүй байдлын үндсэн асуудал болохыг тодруулж өгчээ. Бас, ноёдын хөвгүүдийн найз нөхөд нь төрийн нэгжид харъяалагдаж, язгууртнуудын амьдрал ахуйн орчинд өсөж хүмүүжин, төр улсын үйл хэргийн болон төрт ёсны мэдэгдэхүүнтэй болох бололцоог энэ заалтаар хангажээ.
10 дугаар зурвас: Ан авын ажиллагааг цэргийн сургуулийн суурь болгож хуульчлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Авын үед дайралдсан анг гурванг давхар бүсэлж, тойргоо хумьж авлагтун. Анг гадагш алдсан аравт, зуутын дарга нарыг огцруулж шийтгэх хэрэгтэй.
Ан ав хийж дайн байлдааны бэлтгэлээ хангах, цэрэг эрсийн эрдэм чадал, тэсвэр хатуужлыг боловсруулж, морь малаа зүгшрүүлэх, хүнсний хангамжаа бүрдүүлэх, улмаар дарга нарын удирдах арга чадварыг дээшлүүлж, хариуцлага сахилгыг нь батжуулах зэрэг ажлыг энэ заалтаар зохицуулж байв. Анг тойргоос гадагш гаргаж алдсан ноёдыг шийтгэж байсан нь тухайн цагийн цэрэг, дарга нарын хариуцлага, сахилгыг харуулж байгаа юм.
11 дүгээр зурвас: Дайны үед өтгөс залуус, эрхэм доорд ялгалгүй байлдагч, хорчин жадчин болж дайнд оролцох хэрэгтэй. Хүн бүрийн хэрэглэх зэр зэвсэг, унаа хөсгийг аравт, зуутууд хуваан авч хариуцах хэрэгтэй. Цэрэг цуглах үед бүхий л хэрэгсэлээ авч очих хэрэгтэй. Дайн дажны цагт хөгшин залуу, дээд доод ялгалгүй цэрэг эр болох ёстой гэсэн энэхүү заалтын ачаар ахмад туршлагатай хүмүүс залуучууд цөмөөрөө оюун бодлоо нэгтгэн улс гүрнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцдэг байлаа.
Ялангуяа ноёд дарга нар нь гол төлөв ахмад хүмүүс байснаас гадна ерөөсөө Чингис хаан, Мухулай, Сүбэдэй мэтийн жанжнуудаас авахуулан ихэнх монгол эрчүүд 60 өнгөрсөн насандаа ч мориноосоо үл буун дайтаж ялгуусан амжилтанд хүрч байжээ. Цэрэг цуглах үед хүн болгон хувийн бэлтгэлээ базааж очдог агаад бэлтгэл хангагдаагүй бол аравт, зуутын ноёд шийдгэл хүлээж байв.
12 дугаар зурвас: Жанжин захирагчаас эхлээд жирийн цэрэг хүртэл дайсангүй энх амар байсан ч гэлээ дайны бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Зарлиг тушаал буусан тохиолдолд даруй түргэн мордох хэрэгтэй. Яаруу түргэн мордох зарлиг буусан үед өчүүхэн ч саатаж болохгүй. Урьдчилан очиж ч болохгүй.
Нүүдэлчин монголчууд тайван цагт мал ахуйгаа маллаж, ан аваа хийхийн зэрэгцээ болзошгүй байлдаан тулалдаанд бэлэн байж чаддаг, хэрэгцээтэй цагт товлосон цаг хугацаанд бэлэн очиж ялалтанд хүрдэг байсан. Дэлхийн бусад орны цэрэг дайны түүхэнд огт байдаггүй хосгүй туршлага практикийг энэ заалтаар бататган бэхжүүлж бий болгожээ. Ялангуяа дайсан этгээдийн гэнэтийн довтолгооны цагт энэ байдал онцгой ач холбогдолтой байв.
13 дугаар зурвас: “Зарлиг тушаалыг цаглашгүй хичээн гүйцэтгэх хэрэгтэй. Жишээлбэл, мянгатын, түмтийн захирагч хааны байх газраас хол, наран гарахаас наран шингэх хүртэл байрлах авч ямар нэгэн осол эндэгдэл гаргасан тохиолдолд хаан тусгай элч бүхий морь цэрэг явуулж тогтоол зарлиг ёсоор шийтгэнэ.”
Хуулийн өмнө эзэн ноёноос эхлээд жирийн ард хүртэл тэгш эрхтэй бөгөөд хэрэг зөрчил гаргаж, хариуцлага алдсан тохиолдолд ямар ч эрх мэдэлтэй ноён, түшмэл байсан ч хатуу шийтгэл хүлээлэг байсныг хааны зарлиг ёсоор шийтгэгдэж буй ихэс дээдсийг ямар ч доод тушаалын хүн хичнээн ч хол газар очиж шийтгэсэн байлаа ч гэсэн заавал биелэгдэх ёстой гэдгийг энэ заалт бататгаж байгаагаас гадна, хааны зарлиг тушаал хичнээн нарийн чанд, хатуу бөгөөд цаг нартай зүйл болох нь эндээс харагдаж байна.
14 дүгээр зурвас: “Өөрийнхөө аравт, зуут, мянгатынхаа харъяанд байхаас биш өөр тийшээ дураараа шилжиж болохгүй, өөр газар очиж нуугдаж болохгүй, тийм этгээдийг нуун дарагдуулж болохгүй. Тус зарлигийг зөрчиж шилжигчдийг цэргийн өмнө алах ялаар шийтгэж, тухайн хүнд хорогдох орон зай олгогсдыг хүндээр шийтгэнэ.”
Дуртай болгон нь хүссэн газраараа сэлгүүцдэг байвал байлдааны бэлэн байдал үл хангагдаж, аравтын тогтолцооны үр дүн ач холбогдол үгүй болохоос гадна тэнэж яваа хэн хүнийг харъяандаа оргонуулах нь хор хөнөөлтэй байж болохыг энд зааж, сахтлга дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлж, аливаа цалгардлаас сэргийлж буй заалт юм.
15 дугаар зурвас: Байлдааны талбарт шархагсдыг орхиж огт болохгүй. Байлдаж байхын цагт цэргийн туг буухаас урьд хэн ч байлдааны талбарыг орхиж сольж үл болно.”
Энэ нь цэрэг хүний эрхийг хүндэтгэж, урам зоригийг нь бадруулсан, бас байлдааны үед замбараагүй байдал гарахаас сэргийлсэн заалт юм. Энд бас байлдааны үеийн зохион байгуулалтыг чухалчилж байна.
16 дугаар зурвас: “Дайн байлдааны үед олзонд битгий шунагтун. Байлдаан хойно хуваалцах хэрэгтэй.”
Байлдааны үед олзонд шунаснаас цэргийн давшилт саарч эмх журам алдагдан, дарга цэргийн дунд шудрага бус явдал гарах аюулаас сэрэмжилсэн агаад ховдог шунахай занг цээрлэж, байлдаанд байгуулсан гавъяаг нь зохих ёсоор хөхүүлэхийг сайшаасан заалт юм.
17 дугаар зурвас: “Урван тэрслэх буюу байлдааны талбараас зугтаагсдыг алах ялаар шийтгэх хэрэгтэй.”
Урван тэрслэх буюу байлдааны талбараас дутаах нь ихээхэн уршигтай зүйл учир урьдчилан хуульчлан хориглосон энэ заалт нь монголчуудын байлдааны амжилтад зохих ёсоор нөлөөлж байсан нэн чухал зурвас юм.
18 дугаар зурвас: “Зарлиг зааваргүйгээр эвдлэн шатаах буюу олзлогсдыг дураараа шийтгэх тарчлаан зовоохыг орлдсон тохиолдолд алах ялаар шийтгэнэ.”
Ийм заалт оруулсан нь Чингис хааны болон монголчуудын нэр төрийг хамгаалсан энэрэнгүй үзлийг илэрхийлсэн хамгийн чанд сахилга бат, зохион байгуулалттай болохыг харуулах, шудрага агаад хүнлэг ёсыг дээдлэх зорилготой байжээ.
19 дүгээр зурвас: “Байлдааны талбарт нөхдийнхөө буюу дайн байлдааны олзыг хулгайлагсдыг алах ялаар шийтгэнэ.”
Дайн байлдааны үед ч гэсэн төрийн бодлогоо алдалгүй сахиж, эмх журамтай байдал шудрага үнэн үйлсийг ямагт дээдлэх үзлийг хэвшүүлэн тогтоож байснаараа энэ заалт чухал юм.
20 дугаар зурвас: “Хэрэв дийлэгдэн ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх хэрэгтэй. Эхний байрандаа буцаж үл ирэгсдийг алах ялаар шийтгэнэ.”
Дайны үед ялагдаж ухарна гэдэг ихээхэн бэрх явдал байдаг ч байдлыг тэр дор нь засаж, тулалдааны зохион байгуулалтыг шинээр хйиж чаддаг байсан нь монголчуудын цэргийн эрдмийн нэгэн гайхамшиг байсан агаад энэхүү заалтын үр ач байлаа. Ухралтанд ороод сарнин бутарвал бүр мөсөн бут цохиулах аюул байдаг учир энэхүү нөхцөл байдлыг урьдчилан харж хуулиар зохицуулсан нь цэрэг дайчид ямар ч нөхцөлд эхний байрандаа ирж нөхөдтэйгээ хамтран дахин тулалддаг дадал заншил ёс суртахууныг монгол цэргүүдэд хэвшүүлжээ.
Жич: 17-20 дугаар зурвасуудад алах ялаар шийтгэхээр заасан нь эцсийн эцэст хүнээ алаад байх гэсэн хатуу харгис заалт бус, харин дээрх алдаа эндэгдэл гэм буруугаас урьдчилан сануулж сэрэмжлүүлсэн нарийн чанд атлаа энэрэнгүй бодлогын илэрхийлэл байсныг энд тэмдэглэхгүй өнгөрүүлж болохгүй юм.
21 дүгээр зурвас: “Цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрсийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй.”
Энэ нь дайн байлдааны нөхцөлд ар талын ахуй амьдралын аж төрлийн бүхий л салбар хүрээний ажил алба цалгардах удирдлагын хомсдол болохоос урьдчилан сэргийлэх улс нийгтйин ажил хэвийн явах баталгааг бий болгосон заалт юм.
Дөрөв. Ард иргэдийн хууль
Шудрага бөгөөд тэгш ёсыг дээдэлж, аливааг алагчлахгүй авч үздэг байх, хүн бүрийн эзлэх байр суурь нь иргэдийн өөрсдийн авъяас чадвар, зан чанараасаа хамаарахыг заасан чин шудрага байдал уг хуулийн мөн чанар болохыг энэ бүлгийн заалтуудаас үзэж болно.
22 дугаар зурвас: “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд гэж ялгаж үл болно.
Төр улсын зүгээс ард олноо баян, ядуу, эр эм, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан тэгш шудрага хандах ёстой гэдгийг энд ийнхүү хуульчлан заасан байгаа агаад тэрээр XIII зуунд хүний эрхийг дээдлэсэн, тэгш ёсыг хамгаалсан энэрэнгүй сайхан ийм хуулийг зөвхөн Чингисийн монголчууд л гаргажээ. Энэ заалт нь олон үндэстэн ястантай асар том гүрний оршин тогтнолын нэг тулгуур болж байлаа.
23 дугаар зурвас: “Өтгөстийг хүндэлж, ядуусыг тэтгэх хэрэгтэй. Богд мэргэд ба бясалгачдыг хүндэтгэвэл зохино.”
Оюуныг дээдэлсэн заалт. Амьдралын их туршлагаар алдар гавьяатай өтгөс ахмад, авьяас чадвартай ном эрдмийн мэргэд нийгэмд гоц хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
24 дүгээр зурвас: “Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн билэг хурц хүмүүсийг эрхбиш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар харгис болон элбэрэл журамгүй этгээдийг жигшин занагтун.
Сайныг дэмжиж саарыг жигших үзлийг нийгэмд хэвшүүлж, нийгмийн эрүүл саруул орчныг бүрдүүлэхэд чиглэсэн заалт болно.
25 дугаар зурвас: “Шашны хэргэмтэн, шавь нар, эмч сурагчаас бусад бүх ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй.”
“Төр буй дор татвар буй” хэмээх зарчмыг тунхагласан заалт. Гэхдээ ард олныг гэгээрүүлж, хүмүүжүүлж байдаг шашны байгуулага зүтгэлтнүүд л энэхүү ажил үүргийнхээ төлөө татвараас чөлөөлөгдөнө. Төр , шашин хоёр хамтран ажжиллаж, ард түмэндээ үйлчилдэг байхыг ийнхүү хуульчилжээ.
26 дугаар зурвас: “Хөвгүүд охид нь эцэг эхээ үл хүндлэгсэд, гэргий нь эрийнхээ зарлигийг үл дагагсад, харьяат иргэд нь захирагчаа үл хүндлэгсдийг хүндээр шийтгэнэ.”
“Хүн ахтай дээл захтай” байх зарчмыг тунхаглаж ах зах, төр ёсыг дээдлэхийг заажээ.
27 дугаар зурвас: “Ноёд түшмэд, ард иргэд нас барсны дараа түүний эд хогшил хичнээн байсан нь ч хамаагүй хөндлөнгийн этгээд ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч тэр хөрөнгөд халдаж болохгүй. Нас барсан хүн залгамжлах үр хүүхэдгүй бол эд хөрөнгийг нь үнэнч шавь буюу зарцад нь өгөхөөс биш улсын сан хөмрөгт оруулж болохгүй.”
Аливаа өмч бол нийгмийн баялаг гэсэн төр улсынхаа төлөө сэтгэлгээг төлөвшүүлж, завших шамшигдуулах замыг хааж буй заалт байлаа.
28 дугаар зурвас: “Байлдааны талбарт амь үрэгсдийг боол зарц үүрэн гарч ирсэн бол түүний мал хөрөнгийг энэхүү боолд өгөх хэрэгтэй. Өөр хүн үүрч гарч ирвэл амь үрэгдсэн хүний гэргийг боол, зарц мөн эд хөрөнгийг цөмийг тухайн хүнд өгнө.”
Байлдааны талбарт нас барагсдын эхнэр хүүхэд өнчирч, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй олон гэр бүл үүсэхээс сэргийлсэн үр хүүхдүүд хүмүүжил сайтай эцгийн хайр халамжинд өсөх боломж бий болгосон бас амь үрэгсдийн ар гэр нь танил дотно хүмүүсийнхээ хүрээлэлд үлдэх нөхцөл бүрдүүлсэн ухаалаг заалт болно.
29 дүгээр зурвас: “Хүмүүс архи ууж согтвоос тэргүүнээ цохиулсан мэт аливаа оюун билиг хэрэггүй болмуй.”
Архи уух нь хортой зүйл боловч хүнд бага зэрэг архи уух хэрэгцээ байх тул хязгаар тогтоосон заалт энд оржээ.
Тав. Тусгай хуулиуд
Монголын эзэнт гүрэн дэлхийн тавцан дээр гарч ирснээр улс орны гадаад харилцаа ихэд хөгжиж, энэ талын асуудлыг зохицуулах хуулийн заалт аргагүй шаардагдаж эхэлсэн байна. Энэ хууль нь Чингис хааны гадаад бодлогын үндсэн чиг шугамын илэрхийлэл, гол зарчим байсан юм. Үүнийг олон улсын харилцааны хуулиндаа тусгажээ.
30 дугаар зурвас: “Хаант Монгол улс болбоос дэлхийн эл улсын нэгэн болохоос биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой.”
Монгол улс бол ердийн нэгэн улс биш, харин дэлхийн улс, бусад бүх улс орныг эзэгнэн захирсан аугаа гүрэн гэж Чингис хаан үзэж байсан нь энэ заалтаар илэрхийлэгдэж байна. Монголчууд монгол гүрэн бол тэнгэр заяатай учир “Мөнх тэнгэрийн хүчинд” ивээгдсэн онцгой төр засаг, хууль цаазтай өвөрмөц гүрэн мөн.
31 дүгээр зурвас: “Элч зарлагыг гутаан доромжилж үл болно”
Дэлхийн их гүрэн Чингис хааны элч бол онцгой эрх үүрэгтэй, хариуцлагатай дээд зиндааны хүмүүс мөний гадна ерөөсөө элч зарлага бол олон улсын харилцаанд гүн хүндэтгэл хүлээсэн байдаг. Иймд элч зарлагатай зүй бусаар харьцаж хэрхэвч үл болно. Элчийг доромжилно гэдэг нь бүхэл бүтэн гүрэн улсыг доромжилсон хэрэг мөн болохыг энэ заалт харуулж байна.
32 дугаар зурвас: “Улс хоорондын арилжаа худалдааг хамгаалах хэрэгтэй”
Их монгол улс нь өрнө, дорно хоёрыг холбосон торгон замыг сэргээж, өртөө улааны албыг бий болгосноос гадна энэхүү заалтыг хуулинд оруулснаараа хулгай худал, дээрэм тонуулгүй болгож олон улсын худалдаа наймааны ажилд асар их түлхэц үзүүлсэн байна.
33 дугаар зурвас: ” Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрэв эсэргүүцэлгүй бууж өгвөөс та нарын сайн сайхан амар түвшин батлагдана, хэрэв эсэргүйцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэднэ гэдгийг зарлана.”
Чингис хаан 40 гаруй улсыг эрхшээлдээ оруулан захирахдаа дөнгөж 10 орчим улстай нь л дайтжээ. “Их засаг” хуулийн энэ заалтыг мэдэж ойлгосон Чингис хаан хэлсэн үгэндээ хүрнэ гэдэгт итгэсэн 30-аад орон байлдалгүй дагаар орсон байна.
б. Монгол улс нүүдлийн мал аж ахуйтай орон учир энэхүү аж ахуйг эрхлэн хөтлөхтэй холбоотой тусгай хуультай байсан нь аж ахуйн хууль болно.
34 дүгээр зурвас: “Бэлчээр газрыг эвдэж сүйтгэгчдийг хүндээр шийтгэ. Өвс ногоорсон хойно газар нүхлэсэн ба гал алдаж бэлчээр шатаасан хүмүүсийг гэр бүлийн хамт цаазлана.”
Бэлчээр муу бол мал сүрэг, түүний дотор нүүдэлчдийн гол эрдэнэ амьдрал ахуйн амин сүнс болсон агт морьд тарга тэвээрэг авахгүй тул үнэхээр зүйл бүрээр мухардан доройтох нь илт юм. Асар их ач холбогдолтой энэ заалт нь байгаль хамгаалах талаар ч маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
35 дугаар зурвас: “Дайн байлдаан дуусмагц унааны сайн морийг ус бэлчээрт тавих хэрэгтэй, унах ба гүйлгэхийг хориглоно. Агт морио сүйтгэгчдийг яллатугай. Ялангуяа морины толгой нүдийг занчигчдыг ална.”
Агт морьд бол монголчуудын нүүдлийн аж ахуйн чухал бүрэлдэхүүн хэсэг, зам харилцааны гол хэрэгсэл, дайн байлдааны хосгүй зэвсэг хань нөхөр учир жич дээдлэн үзэж хайрлан хамгаалах хэрэгтэй байв
36 дугаар зурвас: “Өвлийн анхны их цаснаас эхэлж дараа хавар ногоо соёолтол их ав хийж зэрлэг амьтдыг авлана.”
Дөрвөн улирлын байдалд зохицуулж нүүдэлчин малчин анчдын хөдөлмөрийн хуваарийг хийж байсныг энэ заалт гэрчилж буй ялдамд байгаль, ан амьтантай зөв харьцаж, зөв ашиглаж хэрэглэхийг хуульчлан заасан хэрэг болой.
37 дугаар зурвас: “Их авыг тусгай зарлигаар зохих бэлтгэлтэйгээр хийнэ”
Их авд өвөл гарах агаад хаан тусгай зарлиг буулгаж ойролцоох нутаг орны цэрэг дайчид тусгайлан бэлтгэл хийнэ. Аравт бүр зарлигийн дагуу хэдэн хүн томилж зэр зэвсэг болон авын хэрэгслийг тараана. Авын горимыг зөрчсөн хариуцлагагүй хандсан тохиолдолд шалтгааныг байцаан тодруулж гэм буруутныг хүндээр шийтгэнэ.
38 дугаар зурвас: “Өрхийн ба гааль гувчуурын хуулийг баримтална”
Монголчууд аливаа улс угсаатныг ноёрхсоноор өөрийн заншил аргаар өрхийн дүрэм тогтоох, цэргийн алба, өртөөний алба, ахуй хангамжид зориулан татвар гувчуур авна.
В. Арилжаа худалдаа хийх явдал нь аз сорьж амь дүйсэн хүчир ажил гэдгийг Чингис хаан сайтар ойлгосон учир тэр тухай асуудлыг хуулинд тусгасан нь арилжаа худалдааны хууль болно.
39 дүгээр зурвас: “Худалдаа наймаачдыг хамгаална”
Наймаа арилжааны хүмүүсийн амь нас, өмч хөрөнгө, зам тээврийн аюулгүй байдал шударга орчинг бүрдүүлэх зэрэг бүхий л асуудлууд энд оржээ.
40 дүгээр зурвас: “Итгэмжийн өртгөөр зээлээр бараа аваад алдагсад хоёр дахиа бараа авч болно. Хоёр дахиа аваад дампуурвал гурав дахь удаагаа бараа авч болно. Харин гурав дахиа дампуурвал алах ялаар шийтгэсүгэй.(Вернадский “Монголия и Россия” номонд буй)
Худалдаа наймааг хөгжүүлэх төрийн бодлого хүчтэй хэрэгжиж байсныг энэ нь харуулж байгаа агаад гурав дахин зээл өгнө гэдэг бол асар том итгэл. Харин гурав дахин дампуурна гэдэг бол эрүүл ухаантай хүний гаргаж болшгүй алдаа юм.
Г. Асар том гүрэнд зам харилцаа маш чухал байсан учир энэ талын асуудлыг тусгай заалтуудаар зохицуулж байжээ.
41 дүгээр зурвас: “Өртөө бүрд байх ёстой унаа морьдын тоо, хоол хүнсний зүйл, бусад зардлыг дааж, тэр бүхнийг мянгат түмэтүүдээс гаргуулж байхаар тогтоосон байна. Нэг замын өртөөг хоёр түмт хариуцаж хангах агаад түмтүүд нь өрх бүрдээ хуваарилан татварладаг байлаа.
42 дугаар зурвас: Өртөө бүрийг сар тутам түшмэл ирж шалган бүхий л асуудлыг байцааж буруутныг шийтгэнэ.
Сар бүр шалгана гэдэг уг асуудлыг хичнээн их анхаарч байсны илэрхийлэл. Хязгааргүй уудам монголын их гүрэнд зам харилцаа өртөө улаа үнэхээр чухал байжээ.
Олон янзын сүсэг бишрэл, шашин шүтлэг бүхий янз бүрийн үндэстэн, олон хэлний ард олонтой дэлхийн их гүрэн улсад шашин шүтлэгийн асуудлыг хуулиар зохицуулахгүй бол болохгүй байлаа.
43 дугаар зурвас: Аливаа шашин болон түүнийг шүтэгчдийг онцгойлон үзэж бусдаасаа дээгүүр тавихгүй, басхүү хавчин дарамтлахгүй бөгөөөд харин шашин бүрийн төлөөлөгчид шүтэн бишрэгчид эзэнт гүрний өмнө адилхан үүрэг хүлээнэ гэсэн алсын хараатай ухаалаг заалт юм.
44 дүгээр зурвас: “Чингис хаан Чингисийн монголчууд мөнх тэнгэрийг шүтдэг байсан агаад бусад ямарваа шашныг дээр буюу доор үл үзнэ. Мөн ямарваа шашинтнууд Чингис хааны зарлигийг үл зөрчинө.
45 дугаар зурвас: “Аль ч шашны хэргэм мяндагтан, шавь нарыг алба, гувчуураас онцгойлон хэлтрүүлнэ.
Сүм хийд, шашны санваартнууд нь ард олны оюун санаа, боловсрол мэдлэгийн талаар тодорхой үүрэг гүйцэтгэж төрийн өмнө зохих үүрэг хүлээдэг учир аливаа албан татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ өнөөгийнх шиг төр шашин хоёр бие биедээ хамаагүй гэсэн уриатай байж үл зохино. Ер нь төрд хамаагүй юу байх билээ.
Төр, нийгмийн үндэс бол өрх гэр, айл орон байдаг болохоор гэр бүл, эр эмийн асуудлыг төрөөс зохицуулах нь нийгмийн ёс журам, ариун нандин орчинг бүрдүүлж, үе үеийн залгамж халааг хангах, нөхөн үржилтийн асуудлыг зохистой болгох зөв эрүүл саруул байдлыг төлөвшүүлэх ач холбогдолтой учир ургийн хуулийг бий болгожээ.
46 дугаар зурвас: “Эр хүн санааны зоргоор олон эхнэр авч болно. Анхны гэргий нь эрхэм хүндтэй онцгой эрхтэй байх агаад энэхүү эрх нь түүний үр хүүхдүүдэд ч бас хамаарна.