http://www.zoofirma.ru/

-“Өнөөдөр” сонин намайг уншигч-сурвалжлагчаар сонгож, “Монгол гэр бүл Монголын, монголчуудын үнэт зүйл байж чадаж байна уу” гэсэн сэдвээр өөрийн санал болгож буй хүнтэй ярилцлага хийх боломж олгож байгаад нэг талаар баярлаж, нөгөө талаар их хариуцлага үүрч байгаагаа мэдэрч байна.
Өнөөдөр нийгэмд сэтгэл зовоож буй олон асуудал байгаагийн нэг нь гэр бүл, түүний төлөвшил, хөгжил болжээ.

Гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэн, олон хэв шинж бий болж, тэр хэрээр гэр бүл хэврэгшиж байгаа зэргээс дүгнэхэд Монгол төрийн тулгуур багана байх ёстой гэр бүлүүдэд задрал явагдаж, хор хохирол их болж байх шиг санагдах юм.Та юу гэж үзэж байна вэ, багш аа?
-Санал нэг байна.Өнөөдөр хүн бүрийн сэтгэл зовоож байгаа асуудал, сэдвүүдийн нэг нь монгол гэр бүл мөн.Хэчнээн гэр бүл салж сарнин, хэдэн эмэгтэй өрх толгойлон амьдарч байна вэ.Мөн хэчнээн аав ганцаараа үр хүүхдээ тэжээх болов.Энэ бүхэн янз бүрийн шалтгаантай.Гол нь хүмүүс, тэр дундаа залуучууд амьдралын гол асуудалдаа хөнгөн хуумгай хандаж байгаагаас болж байна.Монгол уламжлалаа умартаж, гэр бүл, амьдрал хэмээх сонголтдоо хайнга ханддаг, эрт, өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх чадамжгүй насандаа гэр бүл зохиох гэж оролдох, харийнхны амьдралыг өнгөцөөр даган дуурайх болсон гэх зэрэг шалтгаантай.
Баруунд “Бид сайн хүн бий болгохын тулд эхийн хэвлийд таван сартай байхаас нь санаа тавьж байна.Таван сартай үр хөврөл мэдээлэл хүлээж авч чаддагийг шинжлэх ухаан нотолсон.Тэр үеэс нь сайн, сайхан мэдээлэл өгөхөөс хүүхдийн хүмүүжилд анхаардаг” гэж ярьж байна.Тэнд тийм юм байж.Харин монголчууд төрөх хүүхдийн ирээдүй, төвшин сайхан гэр бүлийн төлөө бүр эрт санаа тавьж ирсэн уламжлалтай.Гэр бүл болох хоёр залуугийн удам судрыг судалж, жил, мэнгэ нь таарах нь уу, үгүй юү, ивээл үү, харш уу гэж судлахаас эхэлдэг байлаа.
Одоо ч хардаг, судалдаг тал бий.Эмэгтэй хөл хүнд болоход хорио цээр тавихаас авахуулаад гэр бүл бүрэн бүтэн, эхнэр, нөхөр төлөв амгалан байж, хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж хөгжих нөхцөл бүрдүүлэх тухай бүхэл бүтэн шинжлэх ухаантай улс, бид.Жирэмсэн эхийн дэргэд чанга ярихгүй, айлгаж цочоохгүй, муу муухай, хараалын үг хэлдэггүй.Жирэмсэн эмэгтэй ч өөрөө энэ бүхнийг цээрлэнэ.Ингэж урагт муугаар нөлөөлөхгүй, үр зулбуулахгүй байх тухайд аль аль талаас хичээж ирсэн.Би энэ талаар “Монголчуудын хүн бүтээх эрдэм” гэдэг номондоо бичсэн дээ.
Олдохоосоо авахуулаад ннгэж хайрлуулж төрсөн хүүхэд ёстой л өнөө арвай буудай асгахад зүүний толгой олж тогтохтой адил хүн болох хувь заяаг онож төрсөн үр айл гэрийн шүтээн байхаас яах билээ.Энэ ховорхон хувь заяанд хүн болж төрсөн юм шүү гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахаас, хүмүүжүүлэхээс хэн болох вэ гэдэг нь хамаарна.Тэр хүүхэд нь насанд хүрч айл гэр толгойлох эр, гэр бүл, үр хүүхдээ авч авах гэргий болдог.Эндээс, эхнээс нь ярих ёстой асуудал бол гэр бүл, түүний төлөвлөлт, төлөвшил, хөгжил юм.
-Хүмүүн заяаг олох гэдгийг маш их дээдэлдэг, тэндээс хүнээр хүн хийх ухаан бий болгож байсан гэж ойлгох уу?
-Болно. Монголчуудын уламжлалт ухаан бол дахин төрөх гэдэг ойлголт агуулсан Дорнын ухаанаас гаралтай.Дахин төрөх явцад янз бүрээр хувирч болно.Гагцхүү хүний төрлийг олж төрөх гэдэг тэр бүр заяахгүй хувь тавилан.Тиймээс энэ тавиландаа эзэн болж амьдрах гэдэг хүмүүний жаргал юм.
-Тэгэхээр ээж аав бүр, гэр бүл болгон үүнийг мэддэг учраас хүмүүн заяанд ирсэн хүүхдээ эхийн хэвлийд олдсон цагаас нь эхэлж хайрладаг, бөөцийлдөг, хүндэлдэг байх нь.Хүүхэд тэр их хайрыг мэдэрч төрж, өсөх нь сайн хүн болохын гараа юу?
-Тийм ээ.Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн учир энэ.Энэ хэдхэн үг бүхэл бүтэн хөтөлбөрийн утга, агуулгатай.Хөтөлбөрт зорилго, зорилт тодорхойлдог биз дээ, түүн шиг зорилгыг ч, зорилтыг ч тодорхойлсон ардын ухаан юм.Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь анхаар, мундаг сайхан хүлэгтэй болъё гэвэл унаганаас нь сурга.
Хүүхдийн хүн болж төлөвших орчин нь гэр бүл.Хүн болсон хүнээ эрдэмтэй, номтой болгохын төлөө сургана гэж авчрах ёстой.Харамсалтай нь одоо хүн хараахан болгож чадалгүй, түүхий, нойтон чигээр нь эрдэмтэй номтой болгоё гэх болжээ.
-Тэгэхээр эндээс үүдээд хүнийг бий болгодог, өөрөөр хэлбэл олдог, тээдэг, төрүүлдэг, хүн хийдэг асар том амьдралын процессыг удирддаг гол хариуцлага ээж, аавд, гэр бүлд байна.
Монголчуудын хувьд гэр бүл гэдэг нь ариун дагшин, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл дээр тулгуурласан ойлголт байж.Өнөөдөр энэ ойлголт ямар болоод байна вэ.Их өөрчлөгдсөн юм биш үү?
-Амьдралын хэвшил, ахуй, монголчуудын сайн, муу гэх үзэл, амьдралынхаа зорилгыг тодорхойлж байгаа байдал энэ бүхэн уламжлалт ойлголттой харьцуулахад өөрчлөгджээ.Цагийн эрх, нийт хүн төрөлхтний хөгжил, бусад үндэстний соёл, шинжлэх ухаан, техник, технологи нөлөөлж байна.Түүхээ эргэж харахад хүн болгосон хүнээ ямар мэргэжил, чадвартай болгох вэ гэдэг нь их тодорхой байдаг байсан.
Малчин бол бүх талын чадвартай малчин болгох, эсвэл сүм, хийд бараадуулж номын мөр хөөлгөх зэргээр замыг нь чиглүүлж өгдөг байсан.Энэ нь малаа зүс, шүдээр нь сайн таньдаг шиг хүүхдээ бас сайн таньж мэддэг байсантай холбоотой.

-Монголчуудын үр хүүхдээ шинжих ардын ухаан юм даа.
-Үнэн. Монголчууд байгалиа сайн шинждэг.Байгалийг сайн шинжиж таньж мэдэхийн нэг хэсэг нь хүн шинжиж, таньж мэдэх ухаан.Энэ бол хосгүй.Бусад үндэстэнтэй харьцуулахад онцгой чадвартай.Энэ бол бидний бахархал, үнэ цэнэт зүйл мөн.Монгол мэдлэг гэж яриад байдаг маань энэ хүрээнд байдаг.Одоо бол тэр монгол мэдлэг байхгүй.Нийгмийн хөгжилтэй холбоотой амьдрал ахуйн өөрчлөлтөөс болж алга болж байна.
Мал маллагааны, нүүдлийн нөхцөл нь хот, суурин газрын болж хувирсантай холбоотой.Үүнтэй холбоотойгоор монгол хүний хүсэл эрмэлзэл, тэмүүлэл нь олон талтай болсон.Ийм болоод байгаад эзэн хүн буруугүй.Энэ бол нийгмийн хөгжлийн асуудал.Нийгэм ийм болж байгааг хүн өөрөө ойлгож мэдэх ёстой.Ойлгож мэдэхгүйн буруу их. Хүүхдээ шинжиж чиглүүлдэггүй, хүн дуурайдаг, тэдний хүүхэд хөгжим мундаг тоглодог болсон байна, чи ч гэсэн тогло, тэдний хүү гадаад хэл гарамгай сурчээ, чи юугаар дутдаг юм, сур гэж тухайн хүүхэд байгалиас ямар өгөгдөлтэйг нь анзаарч мэдээгүй байж өөрийн дураар шахдаг тал байна.
Хүүхдүүд өөр өөр чадвар, авьяас, билэгтэй.Түүнийг бодох ёстой, ойлгох хэрэгтэй.Тэгж таньж мэдээгүйгээс болоод хүүхдээ долоо, наймтайгаас нь эрдэмтэн болгох гээд элдэв юмаар шахаад л, яараад л, ядраагаад л байдаг болжээ.Энэ бүхэн монгол хүүхэд монгол хүн болж өсөхөд нь, оюунаараа ухаарч, биежиж төлөвшихөд нь саад болох янзтай.
Хоёрдугаарт, залуугаараа гэр бүл болж байна.Өөрсдөө юм мэдэхгүй, чадахгүй байж гэр бүл болоод хүүхэд төрүүлээд, яахаа мэдэхээ байх нь элбэг.Уламжлалаар бол, ялангуяа эрэгтэй хүүхэд айл гэр аваад явах чадвартай болж байж эхнэр авдаг.Хүүхдүүдээ хань ижилтэй болоход аав, ээж нь гэр барьж өгч, мал хөрөнгө тасалж тусад нь гаргадаг байлаа.Одоо тиймгүй болчихоод байна.Үүнээс үүдээд дундаасаа гарсан хүүхдээ яах билээ, амьжиргаа, орлого хаанаас бий болгох билээ гээд асуудал эхэлдэг.
-Гэр бүл болох төр ёсны уламжлал ч энэ биз?
-Төрийн эдийн засгийн бодлогын гол суурь нь энд, гэр бүлд явж байдаг.Хүүхдүүдээ айл болгоод хажуудаа аваад явж байгаа эцэг, эх тасалж өгсөн хөрөнгийг өсгөж үржүүлээд аваад явж чадах нь уу, үгүй юу, үрэн таран хийх нь үү гэдгийг амьдрал дээр ажиглаж, зааж хэлж өгөх юм байвал чиглүүлж явдаг байсан.Одоо гэтэл хүүхдийг нялх байхаас нь ясли, цэцэрлэгт өгчихөж байна.Гадаадад бол нэг багш тав, зургаан хүүхэдтэй л ажилладаг.Хүүхэд бүртэй тулж ажиллаж, сургаж хүмүүжүүлдэг.
Эх, эцгийн үүргийг гүйцэтгэж, хүүхдийн авьяас, чадварыг тодорхойлж эцэг эхэд нь хэлж өгч байдаг.Харин манайд нэг багшид 30-40 хүүхэд ногдож байна.Ясли, цэцэрлэгийн багш бол хүүхдүүдийг “хариулж” өдөр өнгөрүүлэх үүрэг гүйцэтгэх болсон.Орой нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ аваад харина.Ядарсан, уур уцаартай, эсвэл буцаж гарах гэж өндөлзсөн хүмүүс хүүхдийнхээ асуултад олигтой хариулахгүй.Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй ажиллах, тэднийг сургах, хүмүүжүүлэх цаг зав байхгүй.Яаж сургахаа ч мэдэхгүй.
-Хүнээр хүн хийх уламжлалт монгол ухаан орчин үеийн даяаршлын нөхцөлд өөр ухаанаар солигдоод байх шиг.Монголын нүүдлийн соёл иргэншлийн орчин дахь гэр бүл, аав ээж, үр хүүхдийн харилцааны хэм хэмжээ орчин үеийн хотжсон, даяаршсан иргэншлийн нөхцөл дэх харилцаанд ихээхэн өөрчлөлт орж байна аа даа.Үүнд бид хэр дасан зохицож чадаж байна вэ?
-Бидний даган дуурайх гээд байдаг хөгжилтэй орнуудад хүнээ хүн болгож буй ухаан бол биднийхээс тэс өөр.Тэнд хүүхдийг төлөвшүүлж хүн болгох ажлыг бага насанд нь цэцэрлэгээс нь эхлүүлээд хийгээд явдаг.Зөв бол дэмжиж тэтгээд, буруу байвал засаж залруулаад, бүр хүмүүжлийн стандарттай байдаг.
Монголын уламжлалт ухаантай адилавтар юм нь юу вэ гэвэл хүүхдийн байр байдал, зан төлөвийг олон талаас нь харж тодорхойлдог.Тэгснээр хүүхдийг амьдралын замд нь эртнээс чиглүүлдэг.Өөрөөр хэлбэл, хүнийг эртнээс тодорхойлж, хөгжүүлэх ухаан буюу хөтөлбөр хаа ч байна.Харин манайд нүүдлийн болон суурин амьдралын хоёр хэвшил удаан хугацаанд зэрэгцэн оршиж байна л даа.
Нэг хэсэг нь малчдын ахуй, амьдралд суурилсан уламжлалт хэвшлээ болж байна гэх.Тэгэхээс ч аргагүй юм.Гэтэл суурин газрын хэвшилтэй болсон хэсэг нь нөгөөхөө хоцрогдсон гээд байдаг.Тэгэхээр соёл, үзэл, үнэ цэнэтэй гэж үзэж байгаа юм нь зөрүүтэй болж байна.
-Үнэлэмжийн зөрүү гарч ирж байна уу?
-Тийм ээ.Монголчууд бид үнэт зүйлийн хувьсал өөрчлөлт, үнэлэмжийн зөрчилтэй болчихоод байна шүү дээ.Хотынхон нь “Хөдөөнийхөн нэг тийм юм ярьж л байдаг юм, түүнийгээ лут гэж үздэг” гэдэг бол хөдөөнийхөн нь “Хотынхон тэгж л байдаг юм” гэж шүүмжилдэг.Хоорондоо эвлэдэггүй.Эндээс үүдээд гэр бүлийн суурь орчин үймээнтэй болчихож.
-Судалгаанаас харахад гэр бүлийн олон хэв шинж бий болжээ.Хамтран амьдрагч л гэнэ, дан болон нийлмэл гэр бүл гэж байх юм.Яагаад ийм олон хэв шинж үүсээд байна вэ?
-Манай орон 1990 оноос нээлттэй орон болсноос хойш энэ орчлон хорвоод хаана юу байна, мэдээгүй, үзээгүй юмгүй болсон.Бүгдийг дуурайлаа.Урьд өмнө монгол амьдралд байгаагүй юмнуудыг зөөж ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр оруулж ирсэн.Жишээ нь, хамтран амьдрагч гэдэг ойлголт бол Баруунд зураачдын дунд бий болсон зүйл.
Хоёулаа уран бүтээл, санаа бодлоороо ойлголцдог, бие биедээ урам өгдөг, тэгсэн мөртлөө гэр бүл болох харилцаагүй, хүсэл эрмэлзэл ч төрдөггүй, бие биеийнхээ дотоод хүрээ рүү нэвтэрч ордоггүй, хүний эрх, хувийн амьдралын эрхшээлийг нь хүндэтгэдэг тийм хүмүүс байдаг. Уран бүтээлчийн хувьд хамтраад амьдрах нь эвтэйхэн.Их тооцоотой хамтарч амьдарна.Тийм байхыг харсан манайхан “Их гоё юм байна” гэсэн дутуу ойлголттойгоор зөөж авчраад буруудуулсан.
Хоёр хүн хоолоо нийлж хийж эхэлж байтлаа лавшраад гэрлээгүй байж хүүхэдтэй болчихдог.Эндээс хүссэн, эсвэл хүсээгүй гэр бүл үүснэ.Зарим нэгнийх нь хувьд болоод явчихдаг байж болох юм.Ихэнх тохиолдолд хүсээгүй гэр бүл, улмаар хүүхэд бий болчихоор хэн хэнд нь дарамт бий болдог.Тэгээд маргалдаж, зөрчилдөж эхэлнэ.
Бас дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд амьдралын янз бүрийн бэрхшээл, өөр соёл, дэлхийшлийн нөлөө зэрэг нийгмийн шалтгаанаар зохиомол гэр бүлүүд нэлээд үүссэн.
-Манайд тухайлбал, 500 мянган төгрөгийн төлөө зохиомлоор нэлээд гэрлэлээ шүү дээ.
-Тийм ээ.Манайх цөөн хүнтэй жижигхэн нийгэм учраас энэ бүх гажуудал илт мэдрэгдэж байгаа юм.Хэдэн сая хүнтэй бол хэн хаана яаж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй.Тэр хүмүүс хоорондоо болж байсан ч, салж байсан ч бусдад буюу нийгэмд нөлөө үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл, үзүүлэлт болж чадахгүй.Манайд бол нөлөөлнө.
-Эндээс үүдээд манай нийгэмд ёс суртахууны уналт явагдаад байна уу.Монгол гэр бүл хот айлаараа хамт амьдрахад зан заншил, бичигдээгүй хуулиараа гэр бүлийг сайхан бойжуулаад байдаг юм байна.Гарааны компанийг бойжуулдаг гэдэг шиг.Эмээ, өвөө, аав, ээж, ахан дүүсээрээ хамт нэг хотонд байхад гэр бүлийн доторх зөрчил маргаан одоогийнх шиг хурц ширүүн байдаггүй юм болов уу.
Зодож занчихгүйгээс эхлүүлээд хуурах, мэхлэх хүртэлх ойлголт монгол гэр бүлийн уламжлалд маш ховор байжээ.Харин хотжилт түргэсэхийн хэрээр намайг хэн хэлэх вэ гэж зоргоор аашилсаар гэр бүлийн задрал, гэр бүлийн соёлын хэм хэмжээ алдагдаад байна уу даа?
-Яг үнэн.Гэр бүлийн задрал хурдтай явагдаж байна.Ганц манайд биш, дэлхийд бас тийм болов.Энэ байдал Францад хуульд нь тусаж эхэллээ.Гэр бүл болохын тулд зургаан сарын турш гэр бүлийн амьдралаар амьдрах заалттай болсон.Гэр бүлийн угтал үе гэж нэрлэсэн байл уу даа.Олон сая хүнтэй улс оронд хүмүүс бие биеэ олоход хэцүү байдаг юм байна.Хань ижил хайсан зарлал мянга мянгаараа, сонин хэвлэл хүртэл гарч, телевизийн нэвтрүүлгүүд байнга хийж байдаг нь үүнтэй холбоотой.
-Энэ бүхнийг гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ гэх юм билээ.
-Манайх түрүүн хэлсэнчлэн жижиг нийгэм учраас тийм зарлалын хэрэггүй, уламжлалаараа удам, судар, жил, мэнгээ харж судлаад залуусаа гэрлүүлээд яваад байвал ирээдүйд үл ойлголцол, зөрчил, маргаан гарах нь бага байх юм.Тиймгүй болсноос, мөн элдэв нөлөөгөөр ёс суртахуун, хайрлаж, хүндэлдэг, эрхэмлэдэг юмнууд, өөрөөр хэлбэл, үнэ цэнэтэй гэх болгон алга болчихоор яавал ч яаж болно гэсэн сэтгэлгээ давамгайлдаг болж.
Ингээд ирэхээр юм болгон задардаг юм байна.Амьдралын, хэв шинжийн өөр загвар хайж олоод, түүгээрээ бүхнийг тайлбарлаад, тэр өөр загваруудаа бусдад нөмөргөх гээд байдаг.Удам угсаа харах нь генийн судалгаа юм.Эрүүл сайхан монгол хүн бий болгож, үнэ цэнэтэй монгол гэр бүлүүд үүсгэх нь төр түвшин, түмэн олон амгалан байхын үндэс.
-Нэг талаар дээрээсээ доошоо гэр бүлүүдэд төрийн хямрал нөлөөлөөд байх шиг санагдах юм.Буруу хараад байна уу?
-Зөв харжээ.Би ч гэсэн тэгж бодож байна.Төр, нийгмийн олон талт зөв бодлого явуулж байх аваас гэр бүлүүд тайван, үр хүүхдийн хүмүүжил, төлөвшил сайн байх юм.Одоогийн байдлаар ингэж үймж бужигнаж байгаа төрийг хараад нэмэргүй тул эцэг, эх бүр хүүхэд багачуудынхаа ирээдүйн сайхан амьдралын төлөө ухаан зарж, өөрсдөө уншиж, судалж, сайн сайхнаар нөлөөлөх арга зам л байна.
Нийгэм бухимдалтай, муу муухайгаар дүүрэн байхтай зэрэгцээд гэр бүлд нөхцөл тийм байх юм бол хүүхэд хэн болж өсөж өндийх вэ.Гэр бүл болгон боловсролтой, соёлтой байж, цэцэглэн хөгжих явцдаа хүүхдүүдээ ухаалгаар хүмүүжүүлж төлөвшүүлэн насанд хүргэх аваас нийгэм доороосоо цэвэрших ганц зөв гарц байна.