http://www.zoofirma.ru/


АУ-ны доктор, хүн амын хооллолт зүй судлаач, Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрээр олон жил судалгаа хийсэн мэргэжлийн хүний хувьд зохистой хооллолтын талаар 10 ном бичжээ. Мөн эмч, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор зургаан ном гаргасан байна. Хамгийн сүүлд зөв зохистой хооллож эрүүл амьдрах гэр бүлийн цуврал дөрвөн номыг уншигчдын гарт хүргэжээ.


ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ЗӨВ ХООЛЛООРОЙ
-Буруу хооллох нь олон төрлийн өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Сүүлийн 20 гаруй жилд манайд хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны, цусны даралт ихсэх зэрэг олон өвчний гаралт илт нэмэгдэж, нас баралт ихэссээр байгаа нь үүнтэй шууд холбоотой. Зөв зохистой хооллолт гэхээр ямар ч хүнсийг, хэзээ ч хамаагүй хэрэглэхийн нэр биш. Харин насандаа тохируулан эрүүл хоол сонгож, өөртөө хатуу шаардлага тавин дэглэм барин хооллож, зөв дадал эрхэмлэхийг хэлнэ. Үүний тулд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна.
Хоногийн хоолондоо зөвхөн эх орны хүнсийг тэнцвэртэй хэрэглээрэй. Усыг өдөрт 8-10 аягаар, ялангуяа өглөө өлөн элгэн дээрээ 2-4 аяга ус ууж занших хэрэгтэй. Дэглэмээр болон дэс дараагаар хооллох нь чухал. Өглөөд заавал хооллох ёстой. Хооллохдоо багаар үмхэж, сайн зажилж идэж байх. Үүнээс болж дутуу боловсорсон хоолноос үүссэн хоронд бүдүүн гэдэс бохирдон бие махбод хордож, архаг өвчинд өртөх нэг шалтгаан болдог. Сайн зажилж идэхийн тулд шүд бүрэн бүтэн эрүүл байх ёстойг анхаар. Мөн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгыг анхаарч ашиглаж сурах нь чухал.
Шошгоноос эрүүл хүнс орсон эсэхийг, хортой ямар хольц байгааг мөн ямар тэжээлийн бодис хэдий хэр агуулагдсаныг мэдэж болдог. Гэвч манай зарим бүтээгдэхүүний шошго эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байна. Соёлтой хооллох, улирал харгалзан хооллох, мацаг барих зэрэг дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Монголчууд зуны улиралд мах иддэггүй байсан нь биеэ цэвэрлэх, ходоод гэдсээ амраах зөв хооллолт байсан юм. Тиймээс ядаж зуны улиралд, баяр ёслолуудын дараа мацаг барих нь эрүүл мэндэд тустай. Хамгийн чухал нь эрүүл бус хоол, архи тамхины хорт зуршлыг багасгах хэрэгтэй.
МЭДЛЭГТЭЙ ХЭРЭГЛЭГЧ ЭРХ АШГАА ХАМГААЛЖ ЧАДНА
Эрүүл хооллолтын зөвлөмжийг хоол судлаач, эмч нар гаргаж, хэрэгжүүлэх ажлыг төр засгийн бодлогоор зохицуулж, хүнс импортлодог, худалддаг, үйлдвэрлэдэг байгууллага, хувь хүмүүс хүн амыг эрүүл хүнсээр хангах үүргийг хүлээх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад хууль хяналтын байгууллага, ТББ болон хэрэглэгч иргэд өөрсдөө хянах шаардлагатай байна. Үүний тулд мэдлэгтэй байх нь чухал. Ганцхан жишээ хэлье.
Удахгүй шинэ жил болох гэж байна. Дэлгүүрүүд хүүхдийн бэлэг гээд баахан чихэр, жүүс, жигнэмэг бооно. Бид бүгдээрээ л чихэр бага хэрэглэх ёстойг мэддэг боловч худалдаж аваад хүүхдүүддээ бэлэглэдэг. Гэтэл эрдэмтэд чихрийг тамхинаас дутуугүй хортой учир багасгах биш бүр хориглох шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс энэ шинэ жилээс эхлээд хүүхдүүддээ хор бэлэглэхээ больё гэж уриалмаар байна. Хүүхдүүддээ “чихэр хор” бэлэглэдэг орон манайхаас өөр байхгүй шүү.
Шошгоноос эрүүл хүнс орсон эсэхийг, хортой ямар хольц байгааг мөн ямар тэжээлийн бодис хэдий хэр агуулагдсаныг мэдэж болдог. Гэвч манай зарим бүтээгдэхүүний шошго эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байна.
Хэрэв эцэг эхчүүд тэр бэлгийг нь авахгүй бол дэлгүүрүүд чихэр боохоо болино. Ингэж л мэдлэгтэй хэрэглэгчид эрх ашгаа хамгаалж чадвал өөрчлөгдөхгүй, сайжрахгүй юм гэж байхгүй. Хоол хүнсээр уураг, тос, нүүрс ус, эрдэс, амин дэм, ус гэсэн зургаан гол бодис, цаашлаад 50-иад бодис авах ёстой. Хүний эд эсийг нөхөн төлжүүлж өвчнөөс хамгаалан эрүүл байлгахад эдгээр бодис өдөр бүр хүний биед хоолоор дамжин орох ёстой. Гэтэл бидний хэрэглэж байгаа хоолонд энэ бүх найрлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхнийг нөхөх гол арга нь монгол орныхоо байгалийн органик хүнсийг хоолондоо хэрэглэж, импортын бүтээгдэхүүнээс татгалзах юм.
ЭХИЙН СҮҮГ ЮУГААР Ч ОРЛУУЛАШГҮЙ
Хүүхэд өсгөх нь мэргэжил, бүр нарийн мэргэжил. Гэтэл манайхан энэ мэргэжлийг эзэмшилгүйгээр хүүхэд өсгөх гэдэг. Тухайлбал, залуу ээжүүд эхийн сүүний ач холбогдлыг мэдэхгүйгээс хүүхдээ угжих сонголт хийж байна. Жирэмсний хяналтын эмч эхчүүдэд эхийн сүүний ач холбогдол, хүүхдээ яаж хөхүүлэх, хөхөө сүүтэй байлгах талаар хангалттай зөвлөгөө өгч чадахгүй байна. Зарим төрөх газруудын эмч, ажилтнууд хүүхэд төрөнгүүд ангир уургийг нь амлуулахдаа мэргэжлийн алдаа гаргаж байгаа нь ажиглагддаг.
Энд мэргэжил, дадлага туршлагаас гадна сэтгэл их хэрэгтэй. 1993 онд “Хүүхдэд ээлтэй аймаг” болсон Ховд аймгийн хүүхдийн зөвлөх эмч, хоол судлаач, хүний гавъят эмч М.Албанч агсан залуу эцэг эхчүүдэд эхийн сүүний талаар мэдлэг олгохын тулд аймгийнхаа соёлын ордонд эмнэлгийн ажилчдынхаа төлбөртэй мэтгэлцээн, тэмцээн зохиож олсон мөнгөөрөө сайн ажилласан эмнэлгийн эмч ажилчид болон хүүхдээ хөхүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулдаг байсан. Ийм сэтгэлээр эмч нар ажилладаг бол хүүхэд бүр эхийн сүүгээ ууж өсөх болно.
Нялх хүүхэд ойндоо хүрэхдээ төрсөн жингээсээ гурав дахин илүү жинтэй, төрсөн уртын хагастай тэнцэх хэмжээгээр өссөн байдаг нь хүний амьдралын хугацааны туршид тохиолддоггүй их өсөлт юм. Энэ өсөлтийг хангахын тулд өндөр хэмжээний уураг шаардлагатай. Хоол боловсруулах чадвар хамгийн дорой ийм өвөрмөц үед зөвхөн эхийн сүүний уураг ходоодонд нь дээд зэргээр боловсорч шингээд уургийн энэ өндөр хэрэгцээг хангаж өгдөг юм.
Эхийн сүү амьдралын орлуулшгүй аминхүчлүүдээр баялаг. Үүний дотор хүүхдийн тархи, нүдний торлогийн хөгжилд онц чухал ач холбогдолтой таурин амин хүчил ихтэй. Омега-3 буюу докозагексаены олон ханаагүй тосны хүчлээр баялаг. Хүүхдийн тархи мэдрэлийн эд эсийн гол найрлагад ордог дээрх тосны хүчлүүд тэжээлийн сүүнд байдаггүй.
Мөн эхийн сүү “анхны урьдчилан сэргийлэх тарилга”, халдвараас хамгаалах амьд шингэн болдог. Эхийн сүүнд гэдэсний олон өвчин үүсгэгчдийн эсрэг, амьсгалын халдварын эсрэг, корь, салхин цэцэг, дифтерин эсрэг, хүйн халдварын эсрэг, чих хамар хоолойн өвчин үүсгэх нянгийн эсрэг, вирус, шимэгчдийн эсрэг зэрэг олон өвчнөөс хамгаалах бодисуудтай. Тиймээс ээжүүдээ ийм чухал сүүгээ хүүхдэдээ хөхүүлж өсгөснөөр таны хүүхдийн өсөлт хөгжилт сайн байгаад зогсохгүй эрүүл саруул, IQ өндөртэй ухаантай хүн болно гэдгийг хэлмээр байна.
Хүүхдээ хөхүүлэх агшинд эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин даавар хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Хөхүүл эхийн үрээ хайрлах хайр нь үрийнх нь эхээ хайрлах, хожим нь бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй хүн болох хайрын “ундарга” болдог юм. Эхийн сүү хүүхдийг зургаан сартай болтол хоол, шингэний хэрэгцээг бүрэн хангадаг бол хоёр нас хүртэл хагас хэрэгцээг хангадаг. Энэ үед ч эхийн сүү өвчнөөс хамгаалах болон өсөлт хөгжлийг хангах найрлага нь байсаар байдаг.
Энэ насанд хоолонд тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодид агуулагдах уураг өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ, найрлагад нөлөөлснөөр бие махбодь эрхтэн систем тэнцвэргүй өсч хөгждөг.
ХҮҮХДЭЭ ТАВАН НАС ХҮРТЭЛ ЧИХРИЙН АМТ МЭДРҮҮЛЭХГҮЙ ӨСГӨХ НЬ ЧУХАЛ
Хүүхдийг өвчнөөс сэргийлэх гол арга бол зөв хооллох. Төрөнгүүт ангир уургийг нь нэг цаг дотор амлуулах, зургаа сар хүртэл дагнан эхийн сүүгээр хооллох, түүнээс хойш нэмэгдэл хоолонд оруулах, хоёр наснаас бие даалган өөрт нь зориулсан хоолоор хооллох хэрэгтэй. Нэг хүртэлх насны хүүхдэд бэлтгэж өгдөг хоолонд чихэр, давс хийхгүй байх, цаашлаад таван нас хүртэл чихрийн амт мэдрүүлэхгүй өсгөх нь чухал. Хүүхдийн хоолыг сургуулийн өмнөх насанд нь онцгой анхаарах шаардлагатай ч нас бүрт нь зөв зохистой хооллох ёстой.
2-5 насандаа хүүхэд бага насны хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг учраас “шилжилтийн хооллолтын үе” гэж нэрлэдэг. Энэ үед хүүхдийн хөгжлийн анхаарал татах “хэцүү үе” тохиодог юм шүү. Энэ насанд хоолонд тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодид агуулагдах уураг өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ, найрлагад нөлөөлснөөр бие махбодь эрхтэн систем тэнцвэргүй өсч хөгждөг. Тухайлбал хөл нь богино, цээж, хөлний шуу урт болох, ходоодны хэмжээ бага, гэдэс нь хэт урт болох гэх мэтээр өөрчлөгддөг. Тиймээс хүүхдийнхээ шилжилтийн хооллолтын үеийг онцгой анхаараарай.
Энэ насны хүүхэд хоолны өнгө, амт, бүтэц, халуун, хүйтэн, аягалсан хэмжээ, хэлбэр дүрс, зэрэгт их мэдрэмтгий ханддаг учраас хоолонд оруулахын тулд эцэг эхчүүд хариуцлагатай хандаж, анхаарал халамж тавих хэрэгтэй. Хүүхдүүд өнгөтэй, зөөлөн, багаар аягалсан, бүлээн, хурц биш амттай хоолонд дуртай байдаг. Хооллох газар ч цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, хүүхдийн өндөр намд тохирсон ширээ, сандалтай, аяга, таваг нь хүртэл өнгөлөг байвал хүүхэд дуртай идэх болно.
Үр хүүхдээ эрүүл саруул өсгөхөд эцэг эхчүүд бидний мэдлэг мэдээлэл, үүрэг хариуцлага маш чухал гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа байх. Хэрэв зөв хооллолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл миний “2 хүртэлх насны хүүхдийн хооллолт”, “2-10 насны хүүхдийн хооллолт”, “Сурагчид оюутан залуусын хооллолт”, “Насанд хүрэгчдийн хооллолт” гэсэн бүх насны хүмүүсийн зөв зохистой хооллолтын талаар бичсэн дөрвөн цуврал номыг уншаарай.
Х.Монгол-Хатан