Уншиж байна...
Лхагвасүрэнгийн Батцэнгэл
 Ч.Оюунгэрэл “Маш нууц” кинонд өвөөгийнхөө дүрийг бүтээсэн хүү Төгөлдөрийн хамт. 2018.04.12-нд 
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Дамжигийн II сумангийн дарга Мадригаас үүрэг авч авч гарсан заставын хилийн манаанд улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хүн хүчээр 13 дахин их дайсантай тулалдсан баатарлаг хилчдийн түүх домог болон үлдсэн билээ.
Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхирваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнажээ.
Байтаг Богдын арван баатрын нэг түрүүч Доржийн Чойжингийн охин Ч.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.
________________________________________
-Байтагийн арван баатрын алдарт тулааны тухай Монгол Улсын түүхэнд тодорхой дурдсан байдаг.Аав тань энэ тулалдааны талаар юу ярьдаг байсан бол?
-Миний аав Доржийн Чойжин хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу Чин сүжигт Номун ханы шавь, Дархан гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр тээл гэдэг газар 1925 онд төрсөн хүн байлаа.Аав маань 1946 онд ардын цэрэгт татагдаж Зүүн хязгаарт Монгол Улсын баатар Чогдон гуайн удирдлагад 24 дүгээр отрядад цэргийн алба хааж эхэлсэн.Энд бага даргын курст сууж, түрүүч цолтой болоод байж байтал Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй болсон гэсэн тушаал ирсэн учир Дамжиг усны заставт алба хаахаар хэсэг нөхдийн хамт очсон.
Тэнд Мадриг, Зонров, Ванчин, Хаянхирваа гэх мэт дарга нарын удирдлага дор албаа хааж байж.1947 онд хилийн манаанд гарахдаа дайсны амьд хэл барьж “Онц хилчин” цол хүртсэн байдаг.1948 оны долдугаар сарын тэр тулгаралт чинь Ардын хувьсгалын 27 жилийн ой болох гэж байсан үеэр гарсан.Тэр үеэр хилийн зөрчил гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас отрядаас хүч нэмэгдүүлж арван хүнийг долдугаар сарын 5-ны өдөр гаргасан юм билээ.Тэрнээс өмнө нь цөөхөн хүн гаргадаг байж.Тавны өдөр гарсан манай гурав хоног хилээ манасан.8-ны өглөө үүр хаяарч байтал Байтаг Богдын Бүдүүн харгайтын голоос ус авч котелдоо цай чанаж байж.Хоёр нь харуулд гараад байснаа дайсан ирлээ гэж дохио өгснөөр юун цай уухтай манатай юм болж.Бүдүүн харгайтын голын усанд адууны нойтон хомоол урсаж ирж байсан нь дайсан этгээд ойрхон ирсэн байх магадлалтайг харуулж байж л дээ.
-Тэгээд цай цүй ч ууж амжилгүй л тулалдаж эхэлсэн юм байх даа?
-Улс төрийн орлогч Хаянхирваа байлдагчдаа гурав гурваар нь хуваан байрлуулаад Пэлжээ гуайг Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан холбоо бариулахаар явуулсан юм билээ.Би хожим Хаянхирваа гуайтай зөндөө уулзаж байсан.Аав тэдний яриагаар өглөөний 08 цагт тулаан эхэлсэн байдаг.Хаянхирваа гуайд цаг байсан юм билээ.Бүтэн гурван цаг тулалдсан байдаг.Эхлээд дайсны тоо толгойг тоолтол 135-140 хүргээд тоогоо алдаж.Нөгөөдүүл нь байраа эзлээд давшаад байсан учир тоолохоо байхаас ч аргагүй болж.Аав эдэнд миномёт гэдэг буу ганцхан ширхэг байсан.
Тэгэхэд нөгөө талд их олон байсан гэдэг.Жамьян генералаас 1998 оны дөрөвдүгээр сард бичиж авсан дуртатгалд “Дайсны хүч тэнцвэргүй тулаанд гурван цаг барьж, зургаан хилчин газар дээрээ амь үрэгдэж, нэг нь холбоо барихаар явж, үлдсэн гурав нь байлдах чадваргүй болтлоо амь тэмцэн тулалдсан” гэсэн байгаа.Яагаад амь нь тэмцсэн гэхээр винтовных нь сум нь дуусан, тэр өдрийн нарны халууныг хэлэх үү, дарийн утааны тоос тортог хоолой ам руу нь ороод маш хэцүү байдалд орсон байдаг.Дайсны хамгийн гол зорилго нь амьд хэл барих зорилготой байж.Тухайн үед улсын хил тогтоогоогүй байсан юм билээ.Тиймээс наашаа болж л өгвөл хилийн постыг сунгах сонирхолтой байсан.
-Бүх сумаа буудаад дуусчихсан байж гэнэ үү?
-Бүх сум нь дуусаад ганц гранат л үлдсэн юм билээ.Хаянхирваа гуай, Гончигзэгвэ хилчин, аав гурав дайснууд шаваад ирвэл тэсэлье гээд аваад үлдсэн гэдэг.Дайснууд ч сум дууссаныг мэдээд барихаар дөхөж ирж.Хаянхирваа гуай “Өндөрлөг дээрээс харахад манайхан ирж явах шиг тоос татаж байсан.Бидэнд ч тийм горьдлого төрж байсан.Гэтэл нөгөө бараа алга болсон.Харин азаар манай нэг онгоц нисэж ирсэн.Тэр онгоц нисээд ирэхэд дайснууд цэргийн цогцос, буу зэвсгээ аваад зугтаасан” гэсэн.Хэрвээ тэр онгоц нисээгүй бол өнөөдөр би ч гэсэн ингээд ярьж суухгүй, тэр арван хүн юу болсныг ч мэдэхгүй өнгөрөх л байсан байх.Тэр ч бүү хэл дайснууд бүр наашаа орж ирээд Байтаг Богд гэдэг уул хилийн цаана үлдчихсэн ч байж магадгүй байсан юм билээ.Отряд дээр очсон шуудангийн онгоцыг л эргүүлээр нисгэсэн нь тэр.Отряд дээр гэхэд байлдааны бэлэн байдалд байгаагүй байсан юм шиг байгаа юм.Давхиад очиход бэлэн биш байсан учраас юу ч гэсэн онгоц нисгэсэн юм байна гэж ойлгогдсон.
 
Д.Чойжингийн гэр бүл. 1971 он
-Тийм аюултай тулгарсан танай аав болон Хаянхирваа, Гончигзэгвэ нарыг эх орноосоо бараг урвасан гэх хэрэгт далаад онд буруутгаж байсан гэл үү?
-Тэр байлдаан болсны дараа хамгийн анх очсон Жамьян генералын үгийг голтой юм байна гэж боддог.Жамьян генерал гурав хоногийн дараа сургагч оростойгоо очсон.Тэр орос нь зураг аваад үнэхээр хүч тэнцвэргүй тулгаралт болсон юм байна гэж дүгнэсэн юм билээ.Зонров нарын отрядын дарга нар нь маргааш нь очсон байдаг.Азаар л тэр онгоц очсоноор дайснууд зугтсан болохоос биш бүгд л амь үрэгдэх байж дээ.Бид чинь ааваас есүүлээ.Бидний энэ хорвоод ирэх хувь ерөөл л аавыг минь амьд мэнд үлдээж гэж боддог юм.Нөгөө үлдсэн ганц гранат нь ч дэлбэрээгүй юм гэсэн.
-Ёстой л ус уух хувь байж дээ?
-Хаянхирваа гуайн дурсамжинд энэ тухай тодорхой байгаа.Дайснуудынх нь шидсэн гранат ч бас дэлбэрээгүй гэсэн.Жамьян генерал шинжилгээ хийхээр ирээд “Энэ гранат дэлбэрсэн бол тулаанд орсон хүнээс нэг нь ч амьд үлдэхгүй байж” гэсэн байдаг.Онгоц, гранат хоёр дээр цэргийн шинжээчид их маргадаг.Далаад онд Цэдэн-Иш генерал нэг ном гаргаснаас хойш улам их маргалдах болсон.Байтаг Богдын тулгаралтын тавин жилийн ой 1998 онд боллоо.Тэр үед Хаянхирваа гуайн өргөмөл охин Алтанцэцэг бид хоёр Гончигзэгвэ гуайн цахилгаан станцт ажилладаг нэг хүүг олж аваад Ерөнхийлөгчид захидал бичсэн. 1988 онд Байтагт арван баатрын хөшөө босгосон тухай “Эх орны манаа” сонин дээр гарсан чинь л Цэдэн-Иш гуай чинь “Баатар цол горьдоод хэрэггүй” энэ тэр гээд янз бүрийн юм бичээд эхэлсэн. Хаянхирваа гуай чинь тэр үед хоолой нь хяхатнаад ярьж чадахаа больчихсон байсан учир надад хамаг юмаа бичиж өгсөн нь энд байна. (Жамьян генерал, Хаянхирваа нарын гар бичмэл баахан баримт үзүүлэв. сур)
-Дайнд орсон хүний сэтгэл санааны байдал их хэцүү байдаг гэдэг.Аав чинь тэр байлдаанаас биедээ шарх сорви авсан байв уу?
-Аав тухайн үедээ зүүн мөрнийхөө булчинг сэт буудуулсан шархтай байсан.Сумны сэтэрхий байдаг байлаа.Хамгийн гол нь улаан хоолойн түлэгдэлт.Жамьян генералын бичсэн зүйл энд байна.“Анх Батын Дулмааг хүмүүсээ аваад туслах хүчээр очиход амьд үлдсэн Хаянхирваа, Чойжин, Гончигзэгвэ гурав ярьж чадахгүй, ус балгаад залгиж чадахгүй хамраар нь гараад байсан.Энэ бол дарийн утаанд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн үг.Нэг ёсондоо манай аав болон тэд бүгд улаан хоолойн хавдраар өнгөрч буйн учир энэ.Одоо ганц үлдсэн Хаянхирваа ярьж чадахгүй байгаа.Бүдүүн Харгайт гол дээр тэднийг авч очиж усанд толгойг нь дүрж баймааж ус залгисан” гэж бичиж үлдээсэн.Байдал ийм л байсан юм билээ.Амьд үлдсэн гурван хүн чинь гурвуулаа улаан хоолойн хавдраар өнгөрсөн.Отрядын штаб холбоочноос мэдээ аваад Бодончийн отрядын агаарт нисэх онгоц хөөргөсөн гэдэг.Энэ онгоцыг хөөргөсөн, хөөргөөгүй гээд одоо хүртэл маргаад байдаг юм билээ.
Жамьян генерал “Онгоц хөөргөхөд манай гурвыг барих гэж улайрч байсан дайснууд айн сандарч ухран зугтааснаар гурван хилчин амьд үлджээ” гэж бичсэн байгаа.“Дотоод яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Жамьян миний бие өөрийн сургагч Сметанин болон бусад мэргэжилтэн офицеруудын хамт очиход алагдсан хилчдийн цус ч хатаагүй байсан юм шүү.Хоёр өдөр шинжлэн судлаад 43 цуст цэг илрүүлэн, чулуу босгон тэмдэг байсан юм” гэж гараар бичиж өгсөн нь энэ байна.Сургагч Сметянин зургийг авч, альбом хийн дарга нарт танилцуулж байсан гэнэ ээ.“Мөн Зонров, Жамьян нарын тус Хязгаарын газраас тус отрядад ажиллаж байсан мэргэжлийн олон офицер, бага дарга нарын хамт очсон.Тэгтэл энэ тулааны талаар Базарын Цэдэн-Ишийн ойлголт хачирхалтай.Холын холоос сурвалжтай мэт ойлгогддог гэж комиссын дарга Самбуу гуай хэлж байсан юм шүү” гэж асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг олныг тавин цохон тэмдэглэсэн байгаа биз.
Хилийн цэргийн штабт ажиллаж байгаад Гадаад яамны консулын даргаар очиж, улмаар Хятадад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ирснийхээ дараа Байтагийн энэхүү тулгаралт мөргөлдөөнийг онцгойлон анхаарч, үйл явдлаас хорин жилийн дараа газар дээр нь очин амь эрсдэгсдийг нь гавьяатан, амьд үлдэгсдийг нь урвагч хохирогч болгосон.Энэ бол гүтгэлэг.Үүнийг ард түмэн олон баримтаар нотолсон.Одоо та нарын гол зорилго бол Ерөнхийлөгчид захидал бичих” гэж бидэнд ерэн найман онд бичиж өгч байсан.Жамьян гуайнх Мэргэжилтний хорь буюу “Мөнгөн завьяа” дэлгүүртэй байрны хоёрдугаар давхарт байлаа.Арвай генерал эдэнтэй уулзаад бид их хөөцөлдсөөн.“Танай аавууд баатрууд шүү” л гэдэг байсан.Хэзээ нэг цагт цагаадна шүү гэж байлаа.
-Эх орныхоо төлөө тулалдчихаад урвагч гэж хэлүүлэхээр ч хэнд ч гунигтай л түүх юм даа?
-Үнэхээр хэлмэгдсэн.Аав маань цэргээс халагдаж ирээд ээжтэй 1950 онд суугаад арван нэгэн хүүхэд төрүүлсэн.Хоёр нь багадаа бурхан болж, есөн хүүхэд нь хүн болсон.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/