Уншиж байна...

 

Та сайхан хаваржиж байна уу?
Танд дараах зүйлийг мэдэгдэх гэсэн юм.
“Сайн цагийн мянган бурхны тамга”-наас сэдэвлэн, бүр төв хэсэгт байдаг голлох долоон дүрсийг хуулбарлан авч Өндөр гэгээн (Занабазар)

Соёмбо тэмдгийг анх бүтээжээ. Энэ тамга (сахиус) их эртнээс хэрэглэгдэж байв. Энэнийг Төвдийн лам нар, мөн Монголын том лам нар сайн мэддэг хэдий ч яагаад ч юм өдий хүртэл ер хэн нь ч ам нээсэнгүй нь сэжиг төрүүлэх ажээ. 
Хүннүгийн үеэс уламжилсан төрийн бэлгэдэл “нар, сар, галын дөл”-ийн чандмалсан дүрс, адуун эрдэнийн хялгасаар урласан Цагаан, Хар туг бэлхнээ буй атал шашин суртлын холбогдолтой, харь гарвальтай Соёмбо-ыг төрийн туг, сүлдэнд үргэлжлүүлэн ашиглах нь зохистой бус санагдах боллоо. Монголынхоо ахуй, соёлтой холбож сайхнаар тайлбарлаж болох хэдий ч Соёмбо бол яалт ч үгүй “Сайн цагийн мянган бурхны тамга”-наас гарвальтай нь үнэн. Соёмбын бутархай, салангад олон дүрсэнд төрийн хар хүмүүс, хууччуул дургүй байсан гэх үг ч бас байжээ. Соёмбын учир, утгыг миний бичсэнтэй адил тайлбарлаж сурталчлаад байж болох хэдий ч харийн хүний бүтээл, шашны тамгыг бид сүлд, туг болгосоор байх нь зөв үү? Соёмбо бол монголчуудын бүтээл биш, Занабазарын бүтээл биш юм. Манай шинэ сүлдэн дээрх морь ч гэсэн бурхны шашны хийморь лундааны сахиусны морьтой адилхан байгаа болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа төрийн сүлд, соёмбо тэмдэг хоёрыг мөн өөрчлөх хэрэгтэй байна. 
Энэ асуудалд анхаарал хандуулахыг Танаас хүсье.
Холбогдох материалыг хавсаргалаа.

Жич: Энэхүү ил захидлын хуулбаруудыг УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монголын ардчилсан намын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт илгээв.

Судлаач, профессор Д.Чулуунжав

СОЁМБО ТЭМДГИЙН УТГА, УЧИР

Хүн төрөлхтний эртнээс нааш хэрэглэж ирсэн элдэв зураг, тэмдэг бол бүүр анхны, өвөрмөц бичиг юм. Учир нь дүрс, тэмдэг бүр хүмүүсийн хооронд тодорхой утгыг дамжуулж байдаг. Анхны энэ өвөрмөц бичгийг хүмүүс орчны байгалиас л харж, таньж, авч хэрэглэжээ. Цасан дээр, шавар дээр чонын мөр байгаа бол чоно тэнд байжээ гэсэн үг. Шинэ хуучин, том бага, олон цөөнөөс нь үзэхүл ямар чоно, хэзээ, хэдүүлээ хаашаа явсныг уншиж мэднэ.
Хадан дээрх сүг зургуудыг уншаад учир, утга, өгөх мэдээллийг нь заасан өгүүлэл бичиж болно. Одоогоос олон мянган жилийн өмнө болсон үйл явдлыг зураг, дүрсээр үзүүлсэн сүг зургууд тив бүхэнд бий. Тэдгээрт агуулагдаж байгаа мэдлэг, мэдээллийг тоочин бичих аваас олон боть ном болно.
Угсаатан бүхэн сүр хүчээ, эв нэгдлээ, гарал үүслээ, хүсэл мөрөөдлөө тодорхой нэгэн тэмдэг, дүрсээр бэлгэдэн илэрхийлж, үеэс үед уламжлуулан хэрэглэсээр, нандигнан дээдэлсээр иржээ. Туг, сүлд гэх мэтээр нэрлэсэн зураг, тэмдэггүй ард түмэн гэж үгүй байна. Төв Азийн нүүдэлчид, тэр дундаас монголчууд бэлгэдэл болгон олон дүрс, зургийг ашигласаар байв. Нар, сар, гал, хас, өлзий утас гээд тоочвол элдвийг бэлгэдсэн олон тэмдэг, дүрс бий. Гэхдээ бэлгэ, тэмдэг болгон сонгож авсан уг дүрс, зурагт өөрт нь ид шид, увдис ер үгүй. Зарим хүн уг дүрс, зураг нь өөрөө ид шидийг агуулж, өөрөөсөө хүч, энерги, илбэ шидийг гаргаж, цацруулж эсвээс ивээж, тэтгэж, эсвээс хөнөөж хорлож байдаг мэтээр санаж мухар сүсэгт автаж, айн цэрвэж, шүтэж, мөргөж иржээ. Ийм байдал, хандлага нь хойноосоо олон янзын муу үр дагавар хөврүүлдэг...
Хүмүүс үүсээд, тэдний дунд өвөг монгол хэлээр ярилцдаг овог, элкэнүүд буй болж, улмаар Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн цогцлон бүтэх үеэс л монголчууд сар, нар, галын дөлний гурвалсан дүрсийг эрхэмд үзэж туг хиур дээрээ зурж, нөгцөгчдийн оршуулгын толгой талд босгодог хүн чулуун дээр сийлбэрлэн үлдээсээр байжээ. Сар, нар, галын дөлний дээш мандсан гурвалсан дүрс нэгдэж нэгэн тэмдэг болох ба энэ тэмдэг нь Хүннү улс, Хүннү гүрэн, Сүмбэ улс, Их Нирун улс, Китан улс, Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, БНМАУ, БНМУ-ын төрийн бэлгэдэл, нэн эртнээс тасралтгүй уламжлагдсаар ирсэн бэлгэ, тэмдэг болно.
Төвдийн Жонон Дарнатын гэгээний хувилгаан дүр хэмээн тодруулсан лам Занабазар /нэгдүгээр Жавзандамба хутагт/ 1650-1686 оны хооронд улируулан нягтлан бодож боловсруулсаар зохиож дуусгасан Соёмбо үсгийн титэм тэмдэгт өмнө авч үзсэн сар, нар, галын дөлний дээш мандсан гурвалсан дүрсийг онцлон авч дээдлэн байрлуулжээ.
Соёмбо тэмдэгт орсон дүрсүүд нь бүгд байдаг л дүрс, энгийн л дүрсүүд юм. Энэ тэмдэгт том бага, хэвтээ босоо 4 ширхэг тэгш өнцөгтэй дөрвөлжин дүрс, ижил тал, ижил өнцөгтэй 2 ширхэг гурвалжин дүрс, нэг дугуй дүрс түүнд багтаасан хос загасны дүрс, нэмээд хавирган сар, нар, 3 дөлтэй галын дүрс байна. Хос загасыг нар зөв эргэлдэн буй мэтээр байрлуулжээ. Эдгээр дүрсийг нэгэн бүхэл тэмдэг болгож бэлгэдэл, утгыг зангидан шингээж, түмэнд танил болгожээ. Үүнд: 2 том дөрвөлжинг бат бэх ханыг бэлгэдэн босоо байрлуулжээ. Мөнхүү бат бэх, тогтвортой, үл унах, үл нурах ханаар хашин хамгаалуулж бусад дүрсийг учир ургуулан, утга шингээн санаагаа зангидан байрлуулжээ. Сар, нар, гал гурвын уламжлалт байрлалыг нь сахин зураглаж тэмдгийн дээд хэсэг болгожээ. Энэ гурвыг хананд хаших, хамгаалах шаардлагагүйн учир сулдаа оршин байх ахуйг нь бэлгэдэн, бодолцон үндсэн хэсгийн орой, оргил болгон дээдэлжээ.
Соёмбын гол утга санаа нь монголчууд дээр дооргүй, хол ойргүй бүгд эв нэгдэлтэй нэгэн санаа, зорилготой байж, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй төр улс болон үүрд мандан бадарч явахыг бэлгэдэн ерөөжээ.
Манжийн төр засгийн өмгөөлөлд орохын сацуу Халх Монгол төрийн бүрэн эрхээ хагаслуулж вассалын төдий эрх, үүрэгтэй болсонд Занабазар гэмшин бэтгэрч ядахдаа хэдий оройтсон авч чин хүсэл, эрмэлзлээ Соёмбо тэмдгэнд ийнхүү шингээж үлдээсэн байна. Өөрөө бүтэж тодорсон, өрөөлийн түлхээс, ятгалаг үгүйгээр цогцолсон гэх энэхүү тэмдэгт орсон дүрс нэгбүрд шингээсэн утга санаа нь дараах болно.
Монголчууд аль ямар дүрсээр юуг бэлгэдэж ирснийг товлон тооцоолж нягт няхуураар сонгон авч, оноон байршуулсан нь илтэд шахам харагдаж ойлгогддог нь үнэн юм. Монголчууд хол ойргүй, дээр дооргүй нэгдэн нягтарч, нэгэн санаа, зорилгод захирагдаж, үл задрахуйц цул масс, үл сарнихуйц бат нягт нэгдэл болж явахыг Соёмбын төв дэх дугуй дүрс, түүнд багтаасан нар зөв эргэлдэн буй хос загас, загасны үл анивчих сэрүүн, сэргэлэнг илтгэсэн нүд зэргээр бэлгэджээ. Ийм зохистой ахуй, оршлыг дээр дооргүй бүх нийтээр нэгдэн хамгаалж байхын зайлшгүйг өмнө дурдсан дугуй дүрсийг дээрээс нь, мөн доороос нь шахан, хамгаалан байрласан хоёр ширхэг тэгш (зөв) өнцөгтөөр бэлгэджээ. Дурдсан хоёр тэгш өнцөгтийн дээр ба доор байрласан сумын зэв, жадны ирийг санагдуулсан тэгш талт гурвалжингаар монголын эрчүүд дээр дооргүй, ихэс доодосгүй бүгдээр зэвсэгт хүчин болж хүн ардаа, элэг нэгтнээ хамгаалж чадахыг илтгэн бэлгэджээ. Монголын Зэвсэгт хүчний ид хавыг мөнхүү ир, үзүүрт гурвалжингууд илтгэн байх ажээ.

Соёмбын дээд хэсэг болох нар, сар, гурван дөлт (хэлт) галыг чандмалан багтаасан, харахад сүрдэм, сэтгэлд дотно, өнө эртнээс өртөөлөн ирсэн нэн танил дүрсийг тайлбарлах нь илүүц хэмээн бодном...
Соёмбын учир, бэлгэдлийг ойлгож, зөвшөөрч, хэрэглэж ирсний ХХ зууны жишээ, баримт гэвээс Богд хаант Монгол улсын (1911 он) туг далбаа, Ардын Журамт цэргийн туг далбаа (1921 он), БНМАУ-ын (1924 он) туг далбаа юм. Соёмбо нь ХХ зууны туршид Монголын эх орончдыг нэгтгэх, дайчлах хүч, зоригжуулах уриа дуудлага, түүхийн сургамжийн сануулга болж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхийн төлөө тэмцэхийн нэгэн шижим түлхэц, сэдэл болсоор байжээ.
Монголчууд төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолоо алдаж XIII зуунд Чингис хаан тэргүүтэй өвөг дээдсийнхээ хүсэн, хүчлэн тогтоосон төр, ёсоо гээхэд хүрсэн нь харь хүчнүүдийн (Манж, Төвд, Хятад, Орос) арга залинд хууртаж дотооддоо эв эвдрэн самуурснаас болсныг Ар, Өвөр, Баруун Монголын ноёд оройтож ухаараад гэмшиж үл барахаар болсон тийм цаг үе, нөхцөл байдал чухамхүү XIX зууны эцэс гэхэд Монгол даяарт бүрэлджээ. Манжийн төрийн дарангуйлал ба Хятадын мөнгө хүүлэгчдийн мөлжлөг ялангуяа Ар Монголын хүн амын бүх давхрааны нуруун дээр хүнд ачаа болж, ядуурал, хоцрогдлын улмаас Монгол үндэстэн мөхөх, устахад хүрчээ. Элдэв өнгө аястай эсэргүүцлийн хөдөлгөөнд хохь тайж нар, лам нар оролцох болов. Үндэс угсаагаа аврахын төлөө хөдөлгөөнд ноёд, том лам нар аажмаар татагдан оржээ. Манжийн төр доройтохын хэрээр Ар Монгол дахь үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн идэвхийжжээ.
ХХ зууны эхээр буй болсон таатай нөхцөл, байдлыг ашиглан монголчууд үндэсний төрөө сэргээж тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ.
Монгол дахь үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд Монголын хан нар, Язгууртнууд, ван, гүн, хутагт, хувилгаад, тайж нар гэхчилэн Чингисийн алтан ургийн нэр нөлөө бүхий хүмүүс товойн гарч ирсэн нь Орос болон Хятадын төрийн эрх баригчдыг хирдхийлгэн цочоожээ. Их Монгол улсын үе, Монголын эзэнт гүрний үеийн цэрэг-улстөрийн нөхцөл, байдал дахин давтагдахаас, монголчууд нэгдэж нийлээд хүчирхэгжиж, Орос ба Хятадын хараа, нөлөөнөөс гарч биеэ даасан бодлого явуулж эхлэхээс тэд айж болгоомжилж байв...
Орос, Хятадын эрх баригчид дорхноо ихэд дотносож, Монголын ноёдыг хагалах, сөргөлдүүлэх, худалдан авах, сүрдүүлэх, хуурах гэх мэтээр бусармаг бүх аргыг хэрэглэн ил далдуур сүлбэлдэн ажиллаж эхэлжээ. Тэд нууцаар уулзаж, хэлэлцээ хийж, гэрээ байгуулж, хэн хэн нь Монголоос авсан, булааснаа хэвээр авч үлдэхийн төлөө, Ар Монголыг Хятадын захиргаанд үлдээн эрх чөлөөний төлөө тэмцлийг нь мохоож унтраахын төлөө хүчээ нэгтгэн, аргаа хайж байлаа.
Ихэнх эрчүүд нь лам санваартан болцгоочихсон Ар Монголд VIII Богд гэгээний нэр, нөлөөг ухаалгаар ашиглан өрнөсөн тэмцэл, хөдөлгөөн нь төдхөн Чингисийн удмын ноёдоор толгойлуулан монголчуудыг бултаар нэгтгээд Нармай Монголын төлөө гэх уриа, зорилготой болж ч мэдэх байв. Ар, Өвөр, Цахар, Буриад, Халимаг, Тува, Хөх нуурын болон Дээд монголчууд нэгдэн хөдлөх аваас хэрэг дээрээ юу ч болж мэдэхээр байлаа. Хар ба шар ноёдын дээд давхраа бараг бүгд Чингисийн алтан ургийн удмын хүмүүс байжээ. Феодалууд, мөлжигчид, хувьсгалын эсэргүү гэх нэр зүүгээд тэднийг хожуухан нь устгасан билээ. Цаанаа бол эртний өш санаж, бас өнөөгийн аюулыг тооцон Чингисийн удмынхантай тооцоо бодсон байж ч болох талтай...
1911-1924 оны хооронд Монголын олон арван эх оронч ноёд, лам нар, бас олон арван цэрэг эрс хорлогдож, хэлмэгдэж амь насаа алджээ. Энэ хүнд бэрх жилүүдэд Монголын төр болон цэргийн туган дээр соёмбо тэмдэг сүлд болон алтран гялалзаж байснаас ард олон “Алтан соёмбо” хэмээн нэрийдэх болжээ.
Монголын эх оронч ноёд, лам нар Ар, Өвөр, Баруун Монголд ижилхэн нөлөө бүхий байсан 8-р Богдыг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч болгон ашигласан нь тун ч зөв тактик байв. Монгол даяар Бурханы шашин өргөн дэлгэрч ард олон сүсэг бишрэлд гүнзгий автсан мөнхүү үед төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд дуудан эрчүүдийг цэрэгт татъя гэхэд л залуу лам нар л гол хүчин болох байлаа. Тэд Богд гэгээний лүндэнг талархан дагаж, босож, тэмцэж, тулалдаж чадах байв. Аймаг, хошуу бүрээс цэрэг татахад хутагт, хувилгаад, сүм хийдүүдийн оролцоо, нөлөө ч мөн чухал байлаа. Чингисийн алтан ургийн удмын ноёдын хүүхдүүд лам болж тойн гэгдэн явах нь ч хошуу бүрт түгээмэл байв. Бичиг үсэгтэй, манж, хятад хэлтэй тойн нарыг төрийн хэрэгт татан оролцуулахад ч Богд гэгээний оролцоо нэн чухал байжээ.
Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний хэрэг бүтэлгүйтлээ гэхэд Манж, Хятадын удирдлага, цэргийн эрхтэнгүүд Богд гэгээн болон хутагт, хувилгаадад харгис хэрцгийгээр хандах боломжгүй байв. Ухаалаг, болгоомжтой монгол ноёд дээрх байдлыг тооцон үзээд төрийн хар хүн, хамжлага, шавь ардад ижилхэн нөлөөлж чадах Богд гэгээнийг тойруулан эх оронч хүчийг нэгтгэхийг зүйтэйд үзжээ. Энэ нь оносон тактик, зөв шийдэл байсныг удаах үйл хэргүүд нотолсон юм. Төрийн туг сүлд болгож анхдугаар Богд гэгээний зохиосон Соёмбо тэмдгийг авсан нь ч мөн зөв шийдэл болно. Анхдугаар Богд ба VIII Богд нь угтаа нэг субьект Жонан Дарнатын гэгээний хувилгаан дүр билээ. Өмнөх дүрүүдийн нь гавъяа, зүтгэл, үйл хэрэг хойд дүрүүдэд нь ч хамаатай гэж үздэг ажээ. Ингэхлээр Манжийн төрд дагаж орох шийдвэр гаргасан анхдугаар Богдын үг, үйлдлийг VIII Богд цуцлах эрхтэй, бас үүрэгтэй хэмээн үзэж ч болох юм. Төвдийн Жонан Дарнатын 8 дүрийн хоорондох 220 жилийн туршид монголчууд үндэсний төв төргүй байсан нь үнэндээ өөрсдийн нь буруугаас үүдэгдсэн эмгэнэлт тавилан байв. Үүнд буруутай л бол хэнийг ч гэсэн цагаатган үзэх учиргүй...
Соёмбо тэмдгийн талаар дурсах, өгүүлэхэд илүүц үл болох нэгэн зүйлийг эцэст нь хэлье. Цогт тайж кинонд монголчууд хоорондоо тулалдаж их цус урсгаж, олон монгол эрсийн амь сүйдэж, 30 орчим мянган монгол цэрэг Төвдөд шарын шашныг ноёрхуулахын төлөө үхэж, үрэгдэж буйг харуулдаг. Цогтын дайчлан аваачсан 40 мянган цэрэг, Төрбайхын удирдлагаар Лхас руу хөдөлсөн 10 мянга гаруй цэрэг шашин суртлын үндсэн дээр Төвдөд өрнөөд байсан самууныг дарах гэхдээ өөрсдөө бас хоёр хуваагдаж хоорондоо тулалдсан нь багаар үнэлэхэд гэмт хэрэг юм. Энэнд хэн буруутай вэ? Монголын цэрэг зэвсгийн хүчийг тэрхүү хэцүү бэрх үед ингэж үрж сүйтгэж, тэр хэрээр доройтуулсан нь хэний буруу вэ? Хожуухан нь Ойрд (Галдан) ба Халх Монголын (Занабазар) хооронд дайн дэгдэж Монголын төрийг бөхөөсөн нь хэний буруу вэ? Энэнд ч Төвдийн удирдлагын оролцоо бий. Манж, Хятад, Төвд гурав тэр үед нууц, далд сүлбэлдэж Монголыг мохоосон байж ч болох биш үү?
Дээрх гурван асуултыг судлаач дүү нарт хандан тавиад хариултгүй орхиж байна...
Улаан хошууны хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн тулалдаанд (1637 он) Цогт тайжийн цэрэг элэг нэгтэй монголчуудтайгаа алалцахдаа Соёмбо тэмдэг бүхий туг барьсан байх ажээ. 1634 онд төрсөн Занабазар 1656-1686 оны хооронд бодож боловсруулсаар Соёмбыг зохиосон гэж өмнө өгүүлсэн билээ. Гэтэл 1637 онд болсон тулалдаанд өнөө соёмбо маань эв нэгдлийн бэлгэдэл биш харин эв эвдэрснийг илтгэн байх ажээ. Түүхээс сэдэвлэн бүтээсэн кино түүхэн үнэнд гол, чухал зүйлсээрээ ойрхон байх ёстой бус уу? Занабазар гуай амьд сэрүүн байсансан бол дээрх ташаарлыг онц ихээр буруушаах байсан. Учир нь тэрээр даяар монголчуудын эв нэгдэл, бүрэн эрх, тусгаар тогтнолыг дээдлэн, бэлгэдэн, уриалан соёмбыг бүтээсэн билээ. Гэтэл...
XYII зууны энэ үед Ар, Өвөр, Баруун Монгол болон Монголын бусад хэсгүүд нэгдэн нийлэх аваас түүнийг эрхшээж дийлэх хүчин Төв Азид байгаагүй. Хятадууд хуваагдаж хүч нь ихэд суларсан, Төвдөд шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж самуурсан, Манж нар хүн амын тоогоор ч, цэрэг-зэвсгийн чадавхаар ч монголчуудаас бага, цөөн байсан цаг юм. Ийм нөхцөл, байдлын үед монголчууд хоорондоо байлдаж өөрсдийгөө доройтуулсан нь уучлахын аргагүй алдаа, гэмт хэрэг, эмгэнэл болно. Эмгэнэлт үр дагавар хор хөнөөл нь 220 жил үргэлжилсэн билээ.
Монголчууд маань Нар адил орчноо гийгүүлж, түнэр харанхуйд ч Сар шиг гэрэлтэж, буруу бусармаг бүхнийг Галын дөл лугаа шатаан ариусгасаар мөнхөд оршин байх болтугай!
Өмнө өгүүлсэн зүйлс, соёмбо тэмдгийн тайлбар бол бүгдээрээ орчин үеийн үзэл, бодол, ойлголт юм. Бүр судлаач миний хувийн үзэл, бодол, ойлголт гэж хэлж ч болно. Харин Занабазар “Сайн цагийн мянган бурхны тамга” гэх эртний тэмдгийг бага зэрэг өөрчлөн анх авч хэрэглэхдээ ямар санаа, зорилготой байсан юм бол оо? Энэ тухай одоо товчхон өгүүлье.
Соёмбо тэмдэг бол угтаа “сайн цагийн мянган бурхны тамга”-ны төв хэсэгт голлож байдаг дүрс юм. Хоёр талд нь буй гонзгой дөрвөлжин хоёр баганыг (хавтгайг) Занабазар нэмжээ. Энэ тамга нийтдээ 20 шахам элдэв дүрсээс бүтдэг билээ. 
Буддаг сайн цагийн мянган бурхны дөрөв дэх нь гэцгээдэг. Сайн цагийн мянган бурхны эхний дүр уг тамгыг хэрэглэж байсан гэх аваас энэ тамганы нас наад зах нь гурван мянган жил орчим болж таарна. 
Энэ тамганы орчин үеийн утга, ач холбогдол нь дараах бололтой. “Сайн цагийн мянган бурхны тамганы учир утга нэн гүнзгий агаад ач тус нь цаглашгүй их юм. Энэ сахиусыг тойн хүн зүүх аваас буяны чуулган арвинаар хурна. Төрийн хүн зүүх аваас эрх мэдэл нь батжиж, шударга ёс ялж дэлгэрнэ. Харин эмэгтэй хүн зүүвээс сэтгэл нь ариусаж, оюун ухаан нь тэлж төгөлдөржинө. Үхэж эцэслэлээ ч хойд төрөлдөө гурван муу заяанд эс унах дээд увдис энэ сахиусанд хадгалагдмой.” хэмээжээ. Занабазар өөрөө тойн хүн, төрийн хүн, гүнзгий сүсэгтэн, сайн цагийн бурхдын шавь. Түүний хувьд энэ тамга – сахиус эрхмийн дээд шүтээн болох нь тодорхой. Занабазар энэ сахиусыг өөрөө ч зүүж байсан байх, бас өөрийн зохиосон үсэг, бичигдээ ч зүүлгэжээ. 
Энэ тамга бүхэлдээ, бас түүнд агуулагдаж буй хорь шахам дүрс чухам юу юуг бэлгэддэг, энэ тамгыг анх юуны учир юунд зориулж, хэн, хэзээ зохиосныг бид мэдэхгүй. Ямар ч болов энэ тамга нь Бурханы шашны чухал бэлгэдэл, сахиус, дээд увдист тэмдэг гэгддэг. 
Монголын төрийн орчин цагийн туг, сүлдэнд энэ тэмдгийг хэрэглэх нь хэр зэрэг зохимжтойг хянан үзэж, эргэж нягтлах шаардлагатай мэт санагдах боллоо. Дүрс бүхний нь учир, бэлгэдлийг, мөн тэдгээрийн энэхүү цогцолборын учир, зорилго, зориулалтыг монголчууд бид сайтар таних, ойлгох ёстой...
Бидэнд Хүннүгийн үеэс уламжлан ирсэн төрийн цагаан туг маань бий. “Ялалтнаас ялалтанд дэвшихдээ ямагт бид морьтойгоо явсан” түүх бий. Нар, сар, галын дөлийн чандмалсан дүрс ч гэсэн мөн л Хүннүгийн үеэс эхлэлтэй. Орой дээрээ сар, нар, галын дөлтэй цагаан тугаа Соёмбын оронд хэрэглэж ч болох билээ. Өөр хувилбарыг ч бас бодож олж болох биз ээ.
Төрийн сүлд, бурхны тамга хоёрын хувьд зохиогчийн эрхийн асуудал, өмчлөх эрхийн зөрчил ч хэтдээ гарч болно. 
Өөрөөс нь өмнө зохиогдож, ашиглагдаж байсан тамганы гол, голлох дүрсүүдийг шууд зээлдэн авсан тал л буруутан болох байх...
Улсын Их Хурлаар үндсэн хуулийн тухай хэлэлцэх гэж байгаа болохоор энд хөндөж буй зүйлийг ч бас авч үзэж болох юм. Одоо бол 1991, 1992 он биш, яарах, адгах шаардлага ер үгүй. Үндсэн хуульд заах, тусгах асуудал нэгбүрийг судалж, шүүн хэлэлцэж, мухарлаж байж нэмэлт ба өөрчлөлт оруулах нь зөв. 
Ямар ч болов шашны тамга ба төрийн сүлдний талаарх энэ асуудлыг чимээгүй орхиж болохгүй л болов уу.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Бусад мэдээ

Mar 12, 2024 91

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/