http://www.zoofirma.ru/

Б.Ринчин гуай, Ц.Дамдинсүрэн гуай хоёр хүнд байдлаас биенийгээ хэрхэн аварч байсан тухай нэгэн түүх сонсож байснаа толилуулъяа.

 

1962 оны 05-р сарын 08-нд уулын аманд Улс төрийн товчооныхон зохиолчдыг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтанд Ю.Цэдэнбал даргаас эхлээд Ж.Самбуу гуай, Л.Цэнд, Д.Моломжамц, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Д.Майдар, Д.Төмөр-Очир нарын "томчууд" бүгд ирсэн байсан гэдэг.. Түүнчлэн СнЗ-ийн орлогч Б.Лхамсүрэн гуай ч ирсэн байж... Зохиолчдоос С.Удвал, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин, С.Дашдэндэв, Д.Намдаг, Ш.Гаадамба, Б.Бааст, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Л.Түдэв нарын дөч гаран хүний бүрэлдэхүүнтэй өргөн уулзалт болсон юм .
Уулзалт өглөөний арван цагаас үдшийн арваннэгэн цаг хүртэл бүхэл өдрийн турш болж, хэд хэдэн асуудлыг ярилцсаны дотор Ц.Дамдинсүрэн гуайн ааш зангийн тухайд сүрхий хэлэлцжээ. Улс төрийн товчооноос Д.Төмөр-Очир гуай -"Ц.Дамдинсүрэн бол зан суртахууны сүрхий дутагдалтай. Түүнд биеэ тоох, өөрийгөө магтах зан нэвт шингэсэн...Мэдээж түүний хэмжээнд хийдэг хүн төрөөгүй л байна л даа. Гэвч үлгэрлэх ёстой хүн нь ийм байхад.." гэх мэтээр хэдэн талаас хүчтэй шүүмжилжээ.
Үүнийг сонсож суусан Б.Ринчин гуай Ю.Цэдэнбал даргын тамхинаас нэгийг аваад "Болох уу дарга аа..." гэж асуун, тамхиа асаах зуураа "Ц.Дамдинсүрэнд дутагдал бий. Гэхдээ хүн болгонд л дутагдал оршдог. Түүнийг нь гуйвуулаад байвал ямар ч сайн хүнийг муу болтол нь гутааж болно.Өнөөдөр Ц.Дамдинсүрэнгийн өчүүхэн дутагдлыг хэн нэг нь илтэд гуйвуулж, хор хутгаж явсны гор нь ингэж гарч байна.
Энэ балмад явдлыг бий болгосон хүн нь энэ Лхамсүрэн... Тэр өөрөө юу ч чадахгүй хэрнээ чаддаг хүнд атаархдаг, муулдаг.
Дамдинсүрэн ааш муутай. Гэхдээ муухай ааш нь гагцхүү буруу зүйлийг шүүмжлэхэд нь л илэрдэг. Нөхөр дарга та бүхэн ч бурууг шүүмжлэхдээ уурладаг биз дээ.. Миний мэдэх зүйл энэ л байна..." гэж хэлжээ.
Үүнийг сонссон Ю.Цэдэнбал дарга: "За за, нөхөр Б.Ринчин нөхөр Дамдинсүрэнг ингэж дүгнэж байгаа бол бид үргэлжлүүлж яриад хэрэггүй. " гэснээр энэ асуудлыг хаасан байдаг.
Ринчин гуайн үгийг л Цэдэнбал дарга болон бусад хүмүүс хүлээж суусан байжээ. Ринчин гуай юу гэж үзэх нь эцсийн үнэн байсан тул дарга нар удтал сонсож суусан гэдэг.
Хэл шинжлэлийн хоёр ноён оргил бие биенийгээ хамгийн хэцүү үед нь ингэж л "авардаг" байж... Хааяа зарим үед зөрчилдөх нь байсан л биз...
Гэхдээ тэр зөрчилдөөн нь Монгол хэл шинжлэлийн их хөгжил болж байсан юм гэдэг шүү.