http://www.zoofirma.ru/

2023.04.04
Ж.Батдорж


МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичигийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал танаа.


Миний бичсэн "Монгол бичгийн хэлний зүй. Хэлбэр судлал" хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг минь устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар төлүүлэх шийдвэр гаргаж нэг үзсэнээ 1967 оны 3-р сарын 29-нөө танд уламжилсны дараа дээрх шийдвэрээ түр азнуулаад өнгөрөгч оны адгаар академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ.
Академийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа манай хэл зохиолын хүрээлэнгийн захирал Хорлоо номыг минь худалдаанд гаргуулалгүй хориг саад хийж дөнгөөд өдгөө би мөнгө төлөхгү, номыг устгахгүй болоод ирэхлээр миний саналыг асуулгүй уул номыг өөрчилж дахин хэвлэх нь "зүйтэй" гэж тулган шаардаж байна.
Тэгтэл энэ завсар олон багш, оюутан миний номыг хэвлэх үйлдвэрээс "арын хаалгадан" зарим хэсгийг нь хэдүйнээ олоод авчихжээ. Бас мажар оюутнуудаар дамжин Мажар ард улсын академид миний ном хүрч Мажарын монголч эрдэмтэд түүнийг уншаад үг бүтээхүй, язгуур үг дагаварын бүтцийг цоо шинээр тайлбарласан монгол хэлний хэлбэр судлалын талаар тун олон шинэ баримт олжээ. Монгол хэлний тооны айг би эрс ондоогоор тайлбарласныг эрдэмтэд тоож үзээд энэ нь монгол хэлний талаар бичсэн хэл зүйч нар латин хэл зүйгээс хуулбарлан монгол хэлэнд оруулсан европ хэл зүйн уламжлалт ганц, олон тоо гэдгээс язгуураараа ялгаатай болохыг ажиглажээ.
Язгуур үгнээс дагавар бүтдэгийг ашиглах боломж олгосон монгол хэлний язгуур үгийн бүтцийг миний номд анх түрүүн задлан шинжилсэн юм.
Хорлоо бол эрдэм шинжилгээний дээд төвшинд хүртлээ бэлтгэгдээгүй хэл бичгийн мэргэжилтэн тул монгол хэлний хэл зүйн талаар гарсан эрдэм шинжилгээний ном зохиолыг мэдэхгүй учраас орчин цагийн ерөнхий хэл шинжлэлийн баримтад тулгуурлан миний дэвшүүлсэн шинэ шинэ үндэслэлийг огт хайхралгүй гагцхүү Дамдинсүрэнгийн нэр төрийг "унагаж" болохуйц зүйл гэж өөрт нь санагдсан тийм өө сэвийг номоос минь хайжээ.
Шинжлэх ухааны үндэс бүхий хэлзүйд Хорлоо чингэж хандсаныг Марксын үгээр илэрхийлж болох. Үүнд "жинхэнэ шинжлэх ухаанаас нь гаргаж ирээгүй(уг шинжлэх ухаан хичнээн алдсан байлаа ч) харин гаднын ондоо юмнаас гаргаж ирсэн үзэл, шинжлэх ухаанд харш, түүний тухайд өнгөцхөн гадна талын ашиг сонирхлын үүднээс гаргасан тийм үзэлд шинжлэх ухааныг аялдуулан зохицуулах гэж оролддог тийм этгээдийг би арчаагүй амьтан гэж нэрлэдэг" хэмээжээ.
Эдийн засгийн ухааны талаар Марксын дэвшүүлсэн шаардлагыг миний бие хамаг ухамсарт амьдралаа зориулсан монголын хэл шинжлэлд ч тавьж болох агаад Маркс томьёлохдоо "нэг нэгдээ харшилдсан үхширмэл номнолын оронд уул номнолын далд цаад шалтгаан байдаг бие биетэйгээ таардаг баримт сэлт, жинхэнэ зөрчлийг авч үзсэн тийм тохиолдолд, гагцхүү ингэж чадсан нөхцөлд л сая улс төр, эдийн засгийн ухааныг эерэг нааштай ухаан болгон хувиргаж чадна" гэжээ.
Нэг нь нөгөөтэйгөө харшилдсан "Үсгийн дүрмүүд" нь монгол хэлний хууль, түүний бүтэц, хэл хөгжих тодорхой зүй тогтол зэргээс үүдэн гарч буй өдгөө цагийн байдал зэргийг шинжлэх ухааны ёсоор тайлбарлаж чадахгүй агаад гэтэл эл бүхнийг ерөнхий хийгээд монголын хэл шинжлэлд бузгай сайн тусгасан авч үүнийг "үсгийн дүрэм" зохиогч нь, манай академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дарга нь ч мэдээгүй хоцорсон хэрэг.
Хорлоогийн хориглосон номтой өдгөө зөвлөлтийн мэргэжил нэгт нөхөд минь танилцаж, тэд түүнийг уншаад, монгол хэл, түүний хэлбэр судлалын тухай уг бүтээлд гарч буй цоо шинэ баримтыг тусгасан эрдэм шинжилгээний шүүмж бичихээр завдан буй. Чингээд энэ ном аль хэдийнээ хэвлэлээс гараад хэлний мэргэжилтнүүдийн бүтээл болсон байх аа гэж зөвлөлт нөхөд минь санаж байна. Тэд түүнийг хураан хориглохуйц сэжигтэй гэмтэй зүйлийг номоос минь олоогүйн дээр эрдэм шинжилгээний зохих төвшинд бичигдэж монгол хэл зүйгээр дагнан ажилладаг монголч эрдэмтдийн анхаарал татахуйц ном болжээ гэж үзсэн юм.
Мажарын ч, Зөвлөлтийн ч эрдэмтэд уг номоос Дамдинсүрэнг доромжилсон зүйл огт олоогүй бөгөөд хоёр удаа тааралдаж буй ДҮД (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм гэдгийг хураангуйлсан үг) гэсэн хураасан үг тэдэнд хараал зүхэл гэж ерөөсөө санагдаагүй байхад Хорлоо үүнийг хараал хэмээн мушгиад номын залруулгад ДҮД гэдгээ ҮД (Үсгийн дүрэм) болгож засъя гэдэг саналыг хэрэгсэхгүй байна гэлээ. Хэрэв Хорлоо орос хэл арай жаахан дөнгүүр мэддэгсэн бол ҮД болгоно гэхийнхээ оронд харин ч ҮД гэснээс болж уг номыг дахин хэвлэе гэж зүтгэх ёстой байлаа. Учир нь энэхүү ҮД гэдгийг оросоор орчуулбал даруй "бэлэг эрхтэн" гэж буух тул чингэснээрээ үсгийн дүрмийг ч "доромжилсон" хэрэг болно шүү дээ.
Хэрэв зээ 1966 онд би Хорлоогийн даргалан тогтоосон нэр томьёо утгагүй дэмий болсныг зааж хэлээгүйсэн бол өдийд миний номыг хориглохгүй зүгээр өнгөрөөж болох байсан бөгөөд Хорлоо миний эрдэм шинжилгээний ажилд элдвээр саад чирэгдэл учруулах гэж оролдохгүй байлаа. Гэвч миний бие шинжлэх ухаанд ч, ард түмэндээ ч эрдэмтэн хүнийхээ үүргийг биелүүлэх гэж бодсоор явдаг.
Миний зөвлөлт нөхөд Хорлоогийн хориглосон номыг минь уншаад, Хорлоо надад яаж ханддагийг дуулаад Ленинградад урьд дорно дахины судлалын төв байсан сайхан уламжлалыг сэргээхийн үүднээс намайг тийшээ урих гэсэн саналаа надад ирүүлж монгол судлалын ховор сонин хэрэглэгдэхүүнийг боловсруулах, монголч эрдэмтэн бэлтгэх, давтан сургах ажлаар таван жилийн хугацаатай ирнэ үү гэж хүссэн билээ.
Мажарын нэгэн залуу монголч эрдэмтнийг ч бас мөн ийм ажлаар Ленинград руу урьжээ. Одоо би 63 настай, таван жил Ленинградад сууна гэдэг бол миний амьдралын эцсийн жилүүд байх болно. Чингээд би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл энд эх нутагтаа амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм. Намайг түмэн хилсээр нэрийг минь бузарлан гутааж байсан он жилүүд нэгэнт улиран одож энд эх орондоо чадах бүхнээ Монголын шинжлэх ухаанд зориулж болох байх гэж итгэж найдаж байна.
Шинжлэх ухаантай хавилдах нийлэх юм ер байхгүйгээр миний номоос учир утгагүй өө сэв дэмий эрэн гоочилж буйг зогсоож шинжлэх ухааны алдар хүнд нь манай даргын "албархуу сэтрийг" дийлж бас би амьдралынхаа эцсийн жилүүдийг зориулан буй шинжлэх ухаанд огт хамаагүй Хорлоогийн элдэв явуулгыг ялж гарна гэдэгт итгэнхэн найдмуй.
Манай академийн ерөнхийлөгч надтай ярилцахдаа Хорлоо, намын хорооны шинэ нарийн бичгийн дарга Дугар нар л нэг шийд гаргаж чадна гэж байна. Гэтэл эд номын минь эрдэм шинжилгээний баримт сэлтийнх нь үүднээс бус гагцхүү яаж ийгээд гоочлох юу байна гэдэг талаас нь өө сэв эрсэн болохоор би аргаа баран мухардаж байна. Ардын эрхт Мажар улс, ЗХУ-ын жинхэнэ эрдэмтэд уг зохиолыг сайнаар үнэлж хэн нэг хүний нэр хүндийг муучилсан гэмтэй зэмтэй юм олоогүйн дээр хэлний хувьд урьд мэдэгдээгүй цоо шинэ зүйл олж үзсэн нь миний сэтгэлийг тайтгаруулан дэвтээж байна.
Эл ялдамд өгүүлбээс дундад эртний монгол хэлийг гарамгай судалсан Японы монголч эрдэмтэн Мураяма Монголын нууц товчоог Дамдинсүрэн хөрвүүлсэн нь шинжлэх ухааны үндэс нотолгоо муутайг хэвлэлээр мэдэгдэж, бас эртний нангиад хэлнээ дүрс бичгээр Гоялсылой гэж дуудагддаг, өнөөгийн бэйжин аялгаар бол Госыло гэж уншдаг Төвдийн Жалсрай нэрт хүнийг нангиад сударт Госыло хэмээх нэртэй гардаг байсан Гэсэрийг Дамдинсүрэн түүхт хүн гэж "нээснийг" нангиадач, төвдөч эрдэмтэн Штейн өөрийн хоёр ч номд няцаасан билээ.
Нэрт монголч Серриус Дамдинсүрэнгийн "Үсгийн дүрэм" нь (оросоор "правила букв" гэж орчуулдаг бөгөөд хэл шинжлэлийн ухаанд ийм нэр томьёо байдаггүйг нэрнээсээ эхлэн харуулдаг) монгол хэлний тухай шинжлэх ухааны өнөөгийн байдалд харшилж, монгол хэлний авиа зүй, хэлбэр судлалд тохирдоггүй болохыг шүүмжилсэн өгүүлэл гаргажээ.
Өнгөрсөн оны адгаар ЗХУ-д дорно дахиныг судлаач Оросын гарамгай эрдэмтэн Ю.Рерихийн дурсгалд зориулан ЗСБНХУ-ын ШУА-аас түүний сонгодог бүтээлийн номыг хэвлэж уг номд Рерихийн англиар бичсэн "Лин Гэсэр хааны туульс" бүтээл орсныг үзэхүл, эл туульсыг эрдэм шинжилгээний үүднээс гүн ултай задлан шинжээд монгол Гэсэрийн туужид дайралддаг Гэсэрээс төвдөд зээлдэн хэрэглэсэн бүх нэрийг тайлан тайлбарлажээ.
Штейн, Рерих нарын бүтээл нь Дамдинсүрэнгийн бүтээлийг талаар болгож байгаа боловч уран зохиолын судлал, хэл бичгийн ухаанд гардаг гүехэн өнгөц үзлийн оронд судалж буй үзэгдлээ шинжлэхүй ухааны үүднээс задлан шинжилгээг дэвшүүлж чадсан эрдэм шинжилгээний тэдгээр бүтээлийг дээрх орнуудад хэн ч хориглон хаагаагүй билээ.
Миний талаар, миний бүтээлийн талаар манай захирлын авч байгаа догшин хэрцгий арга хэмжээ бол манай хүрээлэнгийн дөрвөн ханан дотор амь бөхтэй зууралдсан нудрага зангидан дүрэмддэг ёсны үлдэгдэл даруй мөн боловч ингэдэг ёсыг манай захирлын хоншоор дутдаг тийм газарт аль хэдийнээ шинжлэх ухааны дэвшлээр буруушаан таягдаж хаясан гэдэгт би итгэмүй.
Хориглоод байхад ч шинжлэх ухааны хүмүүс олоод мэдчихсэн монгол хэлний хэлбэр судлалын олон шинэ баримтыг хаахад хүргэж, зарим хүний дургүйцэх аян шалтаг болсон ДҮД гэдгийн эхний золгүй "Д" үсгийг нийтдээ хоёр мянгахан хувь хэвлэснээс одоо үлдээд буй мянга гаруйхан хувьд нь гараараа хусан арилгаж болох бөгөөд номыг минь худалдаанд гаргаж хориглон хаасныг нь болиулж үзнэ үү гэж би танаас дахин гуйж энэхүү захидлыг өргөн барив аа.
Таныг хүндэтгэн ёсолсон хэл бичигийн ухааны доктор Ринчин.
1968.1.16
Жич. Энэ захидлыг сэтгүүлч, орчуулагч Цэвэгжавын Цэрэн гуай оросоос монгол хэлэнд хөрвүүлэн 1988 онд "Утга зохиол" сонинд хэвлүүлж байжээ.
Харин уг захидлын тухайд бол нааштай хариу аваагүй бөгөөд хэвлэх үйлдвэрт дараатай байсан Б.Ринчен гуайн уг номыг тус үйлдвэрийн хашаанд шатаан устгасан гэж Ц.Цэрэн гуай "Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой" номдоо дурдсан байдаг.