http://www.zoofirma.ru/

Бараг усгүй шахам цөлийн нөхцөлд хорхой шавьж, могой, гүрвэл гээд л амьд амьтад амьдардаг. Тэдний дэргэд 800 кг жинтэй тэмээ гэх энэ аварга амьтан хэрхэн биеийн бодисын солилцоог хэвийн байлгаж чаддаг болох нь сонин. Мөн дээрээс нь 300-600 кг ачаа ачаад наранд улайдсан цөлөөр тайван алхах аварга биет энэ амьтан хүнд хэцүү нөхцөлд таатай нь аргагүй амьдрах нь гайхалтай.


Удаан хугацаанд хоол тэжээлгүй, ус уухгүйгээр амьдардаг чадвар нь бөхөнд нь байдаг гэдгийг захын хүүхэд мэднэ. Бөхнөөс гадна нарийн учир шалтгаан байсныг шинжлэх ухаан саяхан нээжээ.
Тэмээний цусны бүтэц маш онцгой аж. Дугираг биш зууван улаан эстэй. Энэ онцлог нь усгүй нөхцөлд цусны өтгөрөлд саад болж, судсаар цус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангадаг. Иймээс тэмээний цус бусад амьтдыг бодвол бие организмийн шингэн дутагдах үед шингэнээ хадгалж чаддаг ба тэмээний цусны эргэлт удааширах нь огт ажиглагддаггүй байна.
Тэмээний хамрын нүх маш онцгой хэлбэртэй, үүгээрээ тэрээр амьсгалж байгаа агаарт агуулагдах чийгийг хамар дотроо үлдээж, хув хуурай агаарыг буцааж гаргадаг ба үнэт чийгээ ийнхүү хэмнэж чаддаг аж. Биеийнхээ чийг алдалтыг багасгахын тулд биеийн температурыг ихэсгэж, багасгаж чаддаг нь сонин. Тухайлбал шөнөдөө 34-35 хэм болгож, өдөр 41 хэм хүртэл ихэсгэснээр хөлрөлтөөр чийг алдахаас сэргийлдэг бас нэгэн гайхалтай чадвартай. Энэ чадвараараа говьд байгаа илжигнээс 3 дахин удаан чийгээ алддаг.
Үүнээс гадна түүний онцгой чадвар нь 2 долоо хоногоос илүү хугацаанд огт ус уухгүй байж чаддагт оршдог. Цөлд хүн 1 хоногоос илүү усгүй байж чаддаггүй байхад тэмээ биеийнхээ шингэний 25%-ийг алдсан байхад ямар ч усгүйдлийн шинж тэмдэг илэрддэггүй, харин бусад жижиг амьтад 15%-ийн чийгээ алдахад үхдэг байна.
Тэмээ мөн давстай ус ууж чаддаг. Мөн ихэвчлэн хатсан өвс ногоо, мөчир энэ тэрхнээр хооллодог боловч шүүслэг ногоон тэжээл өгөхөд мэдээж дуртай, гэхдээ сайн хоол тэжээл удаан хэрэглэхэд бие нь тавгүй болдог нь сонин.
Мэдээж эдгээр чанарууд гайхалтай, гэхдээ сүүлийн үед эрдэмтдийг гайхшруулж байгаа зүйл бол түүний дархлааны систем юм.
Тэмээний дархлааны систем үнэхээр төгс бөгөөд бусад амьтдын үхдэг ямар ч нян паразитаар өвчилддөггүй. Түүнд том амьтад хүртэл хиардаг ямар ч тахал нөлөөлөхгүй. Тэмээний энэ чадварыг ашиглан зохиомлоор боловсруулж хүний эд эсэд оруулан вирусын өвчлөлийн эсрэг ашиглаж боломжтой гэж үзэж байна. Мөн тэмээний сүү үнэт шинж чанарыг агуулдаг ба бусад сүүнээс маш удаан мууддаг. Тэмээний сүү байгалийн антибиотик лактоферриныг ихээр агуулдаг ба мөөгөнцөрийн вирусын эсрэг шинж чанартай уургуудын бүлэг мөн их хэмжээгээр агууллагддаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тэмээний сүүнд дархлааг сэргээх, дэмжих их хэмжээний иммуноглбулинуудыг олжээ.
Дархлааг сэргээх тэмээний сүүн дэх иммунглобулинууд хүний эсэд амархан нэвтрэх чадвартай. Яг энэ бодис шинжлэх ухаанд аутоиммуны өвчлөлтөөс хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж тооцогдож байна. Өөр нэг тэмээний сүүнд байгаа гайхалтай зүйл нь түүнд инсулины бодис ихээр агуулагддаг байна. Тиймээс чихрийн шижин өвчинд шаналж байгаа хүмүүст тэмээний сүү маш ашиг тустай.
Ингэхээр бид тэмээнийхээ сүү, сүүгээр нь хийсэн бүтээгдхүүнийг ихээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд маш чухал юм байна.
Хөрвүүлсэн: Ц.Ганцэцэг