http://www.zoofirma.ru/

Хэдхэн хоногийн өмнө 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр өмнөд хөршийн Хөххотод “Монголын нууц товчоон” судлалын хүрээнд тэмдэглэлт үйл явдал болов. БНХАУ-ын Өвөр Монголын залуу судлаач др. У.Цогтнарангийн судалгааны ээлжит үр дүн болох “Монголын нууц товчоон”-ы бар хэвлэлүүд” хэмээх судалгааны цогц төслийн хоёрдахь үе шатны ажлын үр дүн болсон багц ном хэвлэлээс гарч ном нээх ёслол болжээ. Өнөөдөр дэлхий дээр Хятад, Орос, Франц, Япон дөрвөн улсад Монголын нууц товчооны анхдагч бар хэвлэл гэж үздэг Хятадын Мин/1368-1644 он/, Чин/1644-1911 он/ улсын үеийн гар бичмэл болон бар хэвлэл нийт 28 эх хадгалагдаж байдаг бөгөөд судлаач Цогтнаран тэр бүгдийг нэг бүрчлэн үзэж хувь хуулбар авч судалж гэрэл зургаар хэвлүүлэх төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.


13 дугаар зуунд буюу өдгөөгөөс даруй найман зууны тэртээд бичигдсэн “Монголын нууц товчоон”-ы анхдагч эхээс нь дундад эртний монгол хэлээр, хятад ханз үсгээр галиглан буулгаж барлан хэвлэсэн тэдгээр эх бичгүүдийг нэг бүрчлэн цуглуулан авч эмхэтгэн судлах явдал зайлшгүй чухал бөгөөд нөр их ажил мөн. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хийсэн ийм ажил байхгүй байсан бол судлаач У.Цогтнаран ийнхүү өөрийн болоод олон улсын дэмжлэг туслалцаатайгаар энэ зүгт шан татаж үр өгөөжтэй ажиллаж байгааг нь бахдууштай.
2016 онд эхлүүлсэн түүний энэ төслийн ажлын эхний үр дүн болсон “Монголын нууц товчоон”-ы 7 зүйл бар хэвлэл ба гар бичмэлийн 24 ботийн багц хэвлэл 2018 онд хэвлэгдэн гарчээ. Төслийн хоёрдахь шатны үр дүн өнөөдөр ийнхүү 5 зүйл бар хэвлэлийн 22 боть болж шинжлэх ухаан-технологийн хөгжлийн үр дүн болсон өндөр түвшинд гэрэл зургаар хэвлэгдэн гарч эрдэм шинжилгээний эргэлтэд орж эрдэмтэн судлаачдад хүрч байна.
Хүн төрөлхтний аж төрөх ёсны нэгэн сонгодог их төлөөлөл болсон Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн мянган жилд бүтээгдсэн агуу сод бүтээл “Монголын нууц товчоон” хэмээх монголчуудын оюуны охь дээж болсон энэ гайхамшигт туурвилыг өнөөдөр дэлхий дахинд улам их мэдэх болж, олон хэлнээ орчуулагдан, хүн төрөлхтөн сонирхон үзэж, судлах болжээ. Чингэснээр Олон улсын Монгол судлалын нэг гол тулгуур, үндэс суурь болсон “Монголын нууц товчоон” судлал улам бүр гүнзгийрэн өргөжиж, өдгөө шинэ үе шатанд гарч хөгжиж байна. Энэ дашрамд дурдахад, др.У.Цогтнаран 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтдийн 12 дугаар Их хуралд оролцох үеэрээ өөрийн бичсэн “Монголын нууц товчоон судлалын нэвтэрхий толь” түүхчилсэн бүтээлээ кирил монгол бичгээр хэвлүүлж, номын нээлт хийсэн билээ.
Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар.