http://www.zoofirma.ru/

Эрт цагт Өөлдүүд Цамбагарав хайрханыг цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж, бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ.
Эрт дээр үеэс Өөлд, Мянгадууд Цамбагарав, Алтан-Хөхий хоёр уулаа Ховд голтойгоо шүтэж, хайрлан биширч, хүндлэн тахиж ирсэн уламжлалтай билээ.
Цамбагарав уулыг хоймороо завилан сууж цай идээ, архи дарсаар дайлуулж байгаа эр хүний шинжтэй уул гэдэг учир Цамбагарав уулыг эр савдагтай. Түүний яг элгэн урдаас харж ханаран цэнхэртэх Алтан-Хөхий уулыг эр нөхөрөө дайлж цайлж байгаа эхнэр хүний дүрстэй учир эм савдагтай гэдэг домогтой ажээ.
Хар ус нуурыг тогоотой цай нь, Ховд голыг тогоотой цайгаа самран сэлбэж байгаа шанага нь, баруун гар талд нь байгаа Майхан уулыг тавагтай идээ нь, өмнө нь байгаа шорвог давстай Баян нуурыг лонхтой архи нь, зүүн талд нь байгаа Алтанцөгц нуурыг хундагатай архи нь гэдэг домогтой.
Ийм учраас энэ хоёр уулын өвөрт нутагладаг Өөлд, Мянгадууд: Цагаан сарын шинийн нэгний өглөө хотынхоо урд өндөрлөгт тусгай тавцан засаж эр савдагтай Цамбагарав хайрхандаа өндөр хавирга, хонтшагайг, эм савдагтай гэх Алтан-Хөхий хайрхандаа өвчүү шатааж өргөж, 13 сангаа тавьж мөргөдөг домогтой ажээ.