Уншиж байна...

Антон Павлович Чехов (1860 - 1904)
Оросын богино өгүүллэг болон жүжгийн алдарт зохиолч Антон Павлович Чехов нь Өмнөд Оросын Таганрогт 1860 онд төржээ. Богино өгүүллэгийн "эцэг", "их мастер" хэмээн алдаршсан А.П. Чехов 20 насандаа "Хөрш эрдэмтэнд бичсэн захидал" нэртэй хамгийн анхны өгүүллэгээ бичжээ. Уран бүтээлийнхээ эхний жилүүдэд Чехов Антоша Чехонте хэмээх нууц нэрээр туурвиж байв.

 

Түүний богино өгүүллэгүүдээс манай уншигчдын андахгүй сайн мэдэх "Хамелеон", "Бүдүүн, нарийн хоёр", "Золгүй явдал", "Дугтуйтай хүн", "Түшмэлийн үхэл", “Зургаадугаар тасаг”, “Бяцхан нохойтой хатагтай” зэрэг өгүүллэгийг нь дурдаж болно. Зарим нэг баримт сэлтэд Чехов амьдралынхаа туршид 201 богино өгүүллэг бичсэн тухай дурдсан байдаг.

Чехов нь богино өгүүллэгээс гадна жүжгийн зохиол олныг туурвиснаас “Цахлай”, “Эгч дүү гурав”, “Авга ах Ваня”, “Интоорын цэцэрлэг” хэмээх дөрвөн бүтээл нь дэлхийн театруудад олонтаа тоглогдон сонгодогуудын жагсаалтад багтсан байна.


Аагим халуун өдрийн үд дунд болж байв. Гадаа үзэгдэж, харагдах юу ч үгүй, дүлий дүмбэ оргино. Хавь орчны энэ байдлыг ажвал Бурхан болоод хүмүүнд нэгэн адил мартагдсан асар том эдлэн газар гэлтэй. Шоронгийн хуяг Яшкины байшингаас холгүй навчисаа унжуулсан буурал дал модны дор зассан гурван хөлтэй ширээнд хуяг өөрөө, бас тэднийд зочилж ирээд байгаа хошууны дунд сургуулийн орон тооны манаач Пимфов нар суужээ. Хоёул гадуур хувцсаа тайлж, хантаазныхаа энгэрийг задгайлсан бөгөөд хоёулангийнх нь царай аагим халууны улмаас улааж, хөлрөн ямар нэг юм илэрхийлэх чадваргүй болон гөлийжээ... Пимфовын царай бүр ч нурамгар, залхуу нь хүрсэн янзтай, нүд нь гөлийж, доод уруул нь дорвойн унжжээ. Яшкины нүд, нүүрийг харахад түүнээс арай дээр, юу ч юм нэг юм бодоод байгаа юм уу гэлтэй байлаа... Тийнхүү хоёул дуугуй бие биенээ харан сууж, халуунд туйлдсандаа хүндээр амьсгалж, ялаа үргээхээр илэрхийлж суув. Ширээн дээр хүзүүтэй шилэн савтай архи, үхрийн чанасан мах, давсалсан загас тэргүүтнийг дэлгэн тавьжээ. Дарснаасаа аль хэдийнэ гурван хундагыг тогтоочихсон аж...

Тэгтэл Яшкин гэнэт “Ингэхэд ер нь тэгээд” гэж чанга дуугарахад тэдний суугаа ширээнээс холгүй зүүрмэглэж хэвтсэн нохой давхийн цочиж, босоод сүүлээ хавчсаар холдон явав. “Ингэхэд ер нь, манай орос хэлэнд элдэв цэг, тэмдэг яасан олон байдаг юм бэ, Фuлuпп Maкcuмыч аа?” гэж Яшкин үгээ үргэлжлүүлэв. Пимфов хундаганд нь хөвж байсан ялааны далавчийг гаргаж хаянгаа “Юу гэсэн үг вэ?” гэж намуухан дуугаар асуугаад, “Олон байвал олон л байхаас биш. Бүгд ордог, ордог газраа байх ёстойгоос хойш” гэв.

- Өө, та ингэж ярих хэрэггүй дээ! Таны тэр тэмдэгнүүд байлаа гээд ямар ч тусгүй. Зүгээр хоосон цэцэрхэл... Ганцхан мөрөнд арваад цэг тавьцгаачихаад өөрсдийгөө ухаантай, цэцэнд бодоцгоож байгаа юм. Жишээ хэлэх юм бол, нөхөр прокурор Меринов үг болгоныхоо ард таслал тавьдаг байгаа юм. Яах гэж билээ? Эрхэмсэг ноён гээд таслал, төдөн сарын төдөнд шоронгоор очлоо таслал, би харлаа таслал, баривчлагдсан хүмүүс гээд бас л таслал... Түй! Ёстой нүд эрээлжилмээр шүү! Номон дотор ч бас адилхан гээч. Цэгтэй таслал, тодорхойлох цэг, өдий төдий олон янзын хаалт. Уншихаас дургүй хүрмээр. Өөр нэг маягтай амьтанд ганц цэг багадаад өчнөөн олон болгочихно гээч... Яах гэж ингэдэг байна аа?

- Шинжлэх ухаан тэр бүгдийг шаардсан хэрэг ... гэж Пимфов санаа алдав.
- Шинжлэх ухаан гэнэ шүү. Ухаан самууруулсан явдал. Үүнийг шинжлэх ухаан гэдэггүй юм. Сүр бадруулж, тийм дэмий юм бодож олцгоож л дээ. Бусад ямар ч орны хэлэнд ять (ē) үсэг байхгүй. Манай Орост л байгаа юм. Яахын тулд тэр вэ? Асуух ёстой биз дээ? Талх гэдэг үгийг энэ үсэгтэй, үсэггүй бичээд үз л дээ. Адилхан л талх байх юм байгаа биз дээ?
- Илья Мартыныч минь, чиний юу яриад байгааг Бурхан л ойлгох байх даа. Талх гэхэд юу гэж е бичихэв дээ. Сонсоход ч чихэнд эвгүй юм ярьж байх юм гэж Пимфов бүүр гомдонгуй өгүүлэв. Тэр нэг хундага татаад, нүдээ гомдонгуй цавчлан өөр зүг хараад суучихав.

- Энэ ять үсэгнээс болж би мөн ч их зовж байгаа шүү! Сургуульд байхад багш нэг удаа самбарт дуудсаныг одоо ч санаж байна. “Эмч хот орохоор явлаа” гэж бич гэхэд нь би е үсэгтэй биччихсэн юм. Хөөгөөд суулгалаа. Долоо хоногийн дараа дахиад л самбарт дуудлаа. Дахиад л “Эмч хот орохоор явлаа” гэж бич гэж байна. Энэ удаа ард нь ять бичлээ. Дахиад л буруудах нь тэр. “Яалаа гэж тэр вэ, Иван Фомич? Та өөрөө энд ять хэрэгтэй гэсэн биз дээ?” гэтэл өөдөөс “Өнгөрсөн удаад би андуурсан байна билээ. Өчигдөр би эмч гэдэг үгэнд ять үсэг орох, эсэх тухай нэгэн академичийн бичсэнийг уншлаа. Одоо бол шинжлэх ухааны академийг баримтлана. Би алба үүргийн дагуу чамайг шийтгэж байгаа юм” гэдэг юм байна. Шийтгэхээ ч шийтгэлээ. Одоо ч гэсэн энэ үсэгнээс болоод миний Васютка хүүгийн чих ганц амрахгүй байгаа юм. Хэрвээ би сайд байсансан бол олныг төөрөгдүүлсэн энэ үсгийг хэрэглэхийг хориглох сон. Пимфов дахиад л санаа алдан нүдээ анивчаад “Хэрвээ ингэж шинжлэх ухаан яриад байх юм бол сонсож, тэвчиж чадахгүй ээ, баяртай!” гээд гадуур хувцсаа өмсөв.

- За, за, юун гомдомтгой юм! Би энэ бүхнийг зүгээр л яриа өдөж хэлсэн байхгүй юу. Алив суу, ууцгаая л даа гэж Яшкин Пимфовын ханцуйнаас чангаангаа өгүүлэв. Гомдсон Пимфов эргэн сууж нэг тогтоочихоод буруу хараад суучихав. Хоёул дуугаа хураажээ. Ууж суугаа хоёрын хажуугаар Феона савтай угаадас барин өнгөрөв. Угаадас цалгих, угаадсанд норсон нохой гаслах чимээ гарна. Пимфовын гөлийсөн царай улам муухай болж, их халуунд хайлаад хантааз руугаа урсах нь уу гэлтэй. Яшкины духны үрчлээ улам нэмэгдэж үхрийн мах руу гөлрөн бодол болжээ... Ширээнд нь тахир дутуу хүн дөхөн ирж, шилэн сав хоосорсныг үзээд шинээр сэлбэлээ... Дахиад л ууцгаав. Тэгснээ Яшкин аанай л гэв гэнэтхэн “Ер нь тэгээд” гэхэд Пимфов түүний дуунаас давхийн цочиж, Яшкин руу айсан маягтай харлаа. Энэ одоо бас ямар гээч эсэргүү юм ярьж эхэлдэг бол? гэж тэрбээр хүлээж байлаа.
Яшкин мөн л “Ер нь тэгээд...” гэж давтан өгүүлснээ архиныхаа сав руу бодол болон харж “Миний бодлоор шинжлэх ухааны хэрэггүй мөн олон салбар байна аа” гэв.

- Тэр чинь юу гэсэн үг вэ? Ямар шинжлэх ухааныг илүү гээд байгаа юм? гэж Пимфов зөөлөн асуулаа.
- Янз бүрийн л ухаан байхгүй юу.... Хүн хичнээн янзын ухаан эзэмшинэ, төдий чинээ өөрийгөө бодно. Биеэ тооно гэж юүхэв.... Хэрвээ би мэддэг байгаад, чаддагсан бол энэ бүх шинжлэх ухааныг бүгдийг нь дүүжлэхсэн...Хөөе, хөөе. Үг хэлэхийн завдалгүй дахиад л бас гомдчихлоо! Юун гомдомтгой юм! Алив, жаахан ууцгаая. Ууя л даа! Тэдэн дээр Феона ирж, махлаг тохойгоороо ууртай түлхлэн, хоёр андын өмнө тавагтай ногоотой шөл тавив. Чанга халбагадах, зажлах, залгих чимээ гарч эхлэв. Газрын гаваас гараад ирэв үү гэлтэй гэнэт гурван нохой, нэг муур гарч ирэн ширээнийх нь өмнө зогсож, зажлах амыг горьдон харцгаав. Ногоотой шөлний дараа Феона сүүтэй будааны зутан авчирч, халбага сэрээ ширээн дээрээс унатал ширүүн тавив. Зутангаа идэхийн өмнө найз нар архинаасаа чимээгүй тогтооцгоолоо.

Тэгтэл Яшкин мөн л гэнэтхэн “Энэ ертөнц дээрхи бүх юм хэрэггүй” гэж мэдэгдэх нь тэр.
Пимфов халбагаа өвдөг дээрээ унагааж, Яшкин руу айсан харцаар хараад, эсэргүүцэх гэсэн боловч ууснаасаа болж хэл нь ээдэрч, будааны өтгөн зутанд зууралдчихаад болж өгсөнгүй... Өмнөх шигээ “Тэр чинь юу гэсэн үг вэ?” гэх гэтэл мөөрөх мэт бөглүү дуун гарав.
- Бүх юм хэрэггүй... Шинжлэх ухаан ч, хүн ч... шорон гяндан ч, ялаа шумуул, энэ будаа зутан ч... За, тэгээд та ч гэсэн... Та бурхан шашнаа шүтдэг сайн хүн боловч мөн л ялгаагүй хэрэг байхгүй, бүгд илүү зүйл гэж Яшкин үргэлжлүүлэв.

- Илья Мартыныч, баяртай! гэж Пимфов бувтнаад дээлээ өмсөх гэж оролдовч ханцуйгаа олохгүй байлаа.
- Бид одоо ингээд л тултлаа идэж уугаад суугаа маань юунд хэрэгтэй юм бэ? Бүгд хэрэггүй... Идээд л, яах гээд ч идээд байгаа юм, өөрсдөө ч мэдэхгүй... Байз гэм дээ, байз. Бас л гомдож амжив уу? Зүгээр л ярих юмтай байх гэж л энэ. Та хайшаа явах юм? Жаахан сууцгаая... Ярилцъя, ууцгаая!

Хааяа хундага харших, согтуу хоёрын хахаж цацахаас өөр сонсогдох зүйлгүй, чимээгүй намдуу боллоо. Нар тэнгэрийн баруун хаяа руу тонгойж, дал модны сүүдэр улам уртассаар байв. Феона хамраа шуухитнуулан гараа огцом савж, ширээний хажууд жижигхэн хивс дэвсэнэ. Хоёр найз үлдсэн жаахнаа дуугүйхэн хүртээд хивс рүү очиж бие биедээ нуруугаа харуулан хэвтээд унтаж эхлэв...
“Өнөөдөр ертөнцийн үүсэл, гарал, зэрэг дэвийн тухай арай ярьсангүй. Тэгсэн бол ч өнгөрлөө шүү. Үхсэн ч тэсэж суухгүй байсан байх аа, Бурхан минь” гэж Пимфов бодож амжлаа.

Бусад мэдээ

Feb 14, 2024 550

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/