http://www.zoofirma.ru/
Бид бол Эрхүү хотын байнгын зочин билээ. Бүх зам харилцааны төв болохоор арга ч үгүй биз ээ. Сибирийн бүсэд хамаардаг болохоор энэ жилийн хувьд гал түймрийн болон үерийн усны аюул, гамшиг Эрхүү хотыг тойрсонгүй.
Эрхүү муж (оросоор Иркутская область, буриад кирилээр Эрхүү можо) бол Сибирийн холбооны тойрогт багтдаг, Оросын холбооны наян гурван махбод, дөчин зургаан мужийнх нь нэг болсон 774,846 км² газар, 2,422,026 оршин суугчтай нутаг юм. Төв нь Эрхүү хот.
Тус муж Орос улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээр 5-рт орох ба улсын нийт газар нутгийн 4.6% эзлэх ба дэлхийн цэнгэг усны томоохон нөөц бүхий “Байгал” нууртай ойрхон оршино. Газар нутгийн өмнөд хэсэг нь тайгын бүсэд орших ба нийт ойн 80% нь нарс, шилмүүс мод байдаг.
Эрхүү хот нь Дорнод-Сибирийн эртний хот юм. 1661 онд Иркут гол Ангар мөрөн рүү усаа цутгадаг тэр газарт казакийн суурин сууриа тавьжээ. Сууринг Иркутский гэж нэрлэсэн аж. Хэдэн жилийн дараа уг сууринд хотын статуст олгож, тамга, сүлдтэй ч болжээ. Эрхүү хот байгуулагдсан үеэсээ эхлэн нутгийн хүн амын орлогын гол эх үүсвэр болсон худалдаа наймааны хот байлаа. Учир нь үүгээр Европоос Хятад, Монгол руу явах худалдааны зам өнгөрч байсан. Эрхүү хот хурдан түргэн өргөжин тэлсэн ба 100 жилийн дараа албан ёсны  Сибирийн нийслэл хот  болж хувирсан түүхтэй юм.
Эрхүү хот бол монголчуудын нэгэн үеийн улс төр, нийгэм, эдийн засаг, эмнэлэг үйлчилгээний боловсон хүчнийг бэлтгэж, монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хот билээ.
Хотын төв болон үйлчилгээний хэсгээр аялал хийж гурван өдрийг энд өнгөрүүлсэн билээ. Хотын өөрчлөн байгуулалтын талаар фото мэдээлэл уншигч олонд илүү ойлголт өгөх болов уу.