http://www.zoofirma.ru/

Кон Аяа бол магадгүй Монголд хамгийн удаан амьдарсан япон хүн байх. Тэрээр 60 настайдаа тэтгэвэрт гарангуутаа Монголд амьдрахаар зориг шулуудан ирснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” сонины сайн дурын мэргэжилтэн Кон Аяад Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг энэ сарын 26-нд гардуулсан юм.

Кон Аяа нь Монголд 20 гаруй жил амьдрахдаа Монголын талаарх мэдээ, мэдээллийг япон хэлээр түгээх, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд зохион байгуулах хорооны гишүүн юм.
“АНХ ЗУРАГТ НОМ ДЭЭРЭЭС МОНГОЛЫН ТЭНГЭРТ ТАТСАН ДАВХАР СОЛОНГЫГ ҮЗЭЭД ИРЭХ ХҮСЭЛ МАШ ИХ ТӨРСӨН”


- Юуны өмнө Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртсэнд баяр хүргэе.
- Баярлалаа. Энэхүү шагналыг авах болсныг надад гурван сарын өмнө хэлж байсан ч ковидын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсаар саяхан хүртлээ. Элчин сайд Кобаяаши уг шагналыг гардуулах үеэрээ хэлэхдээ япончуудад Монголын тухай мэдээ мэдээллийг хүргэж, 25 жилийн турш зохиогдаж буй "Тал нутгийн марафон"-ы зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсээр ирсэн, “Янзага” хүүхдийн явуулын номын сангийн үйл ажиллагаа болон япон хэлний багшаар ажиллаж буй үйл хэргийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон хэмээсэн.
Анх ирэнгүүтээ онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн.

- Та хамгийн анх Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач? Тухайн үед Монгол ардчилсан улс болоод удаагүй байсан цаг.
- Анх ирээд зочид буудалд буулгүй, малчин айлд байрласан. Тухайн үед зун цаг байсан ба онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн. Би зурагт ном дуртай, тэгээд хотын номын дэлгүүрээр зурагт ном хайж нэлээн явж билээ. Зочид буудалд байрлаж байхад 00-ын ус нь татагддаггүй эсвэл цахилгаан гэнэт тасарчихдаг, хоолонд нь ногоо байхгүй гээд багагүй бэрхшээлтэй зүйл байсан. Энд ирэхээсээ өмнө “Сүхийн цагаан морь” хэмээх зурагт ном дээрээс Монголын тэнгэрт татсан давхар солонгыг үзээд ирэх хүсэл маш их төрсөн.
- Та давхар солонгыг харсан уу?
- Харалгүй яах вэ. Хөдөө байшин барилга байхгүй учраас давхар солонго маш гоё харагддаг. Энэ 20 жилийн хугацаанд 4-5 удаа харсан. Тухайн үед одоогийнх шиг ухаалаг утас байхгүй учир давхар солонготой хамт авахуулсан зураг плёнк дээр л үлдсэн дээ.
- Та ирэнгүүтээ Монголд айлд буусан гэж байна. Тухайн үед хэцүү санагдах зүйл байв уу?
- Хоолны хувьд асуудалтай тулгарсан. Сав дүүрэн хонины мах урд тавиад том, том огтлоод өгнө. (инээв) Би хонины мах идэж, үнэрийг нь ч авч чаддаггүй юм. Бас Японд байхдаа л сүү ууж чаддаггүй байсан. Тиймээс ирээд удаагүй байхдаа “Яана аа, би энд удаан байж чадах юм болов уу” гэх бодол төрж байлаа. Мөн нийслэлд өвлийн цагт энд тэнд халтиргаа үүсчихдэг. Халтирч унаснаасаа болж бэртээд нутаг буцсан япончууд байдаг учраас халтирч унахаас маш их айдаг байсан. Гэсэн ч маш олон удаа халтирч унасаар байсан ч одоо бол мөстсөн зам дээр халтирахааргүй явж сурсан. (инээв)
- Хоол гэснээс та ямар монгол хоолонд дуртай вэ?
-Ихэнхдээ гэрийн хоолонд дуртай. Тэр дундаа бууз, хуушуурт дуртай. Гадуур хооллохоор тос ихтэй байдаг юм.
- 20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Залуу ч бай ахмад ч бай, хүн амьдралынхаа бүхий л хугацаанд аливаа зүйлсийг ойлгож, таньдаг гэж би боддог. Та Монголд амьдарч байх хугацаандаа юуг илүүтэй ойлгож, таньж авсан бэ?
- Тэтгэвэрт гарсныхаа дараа Монголд амьдрахаар ирэхэд амьдралын минь хоёр дахь үе эхэлсэн гэж хэлж болно. Энд мөнгөөр ч худалдаж авахааргүй үнэт зүйлс байдаг. Тэр бол байгалийн сайхан үзэсгэлэнт байдал. Мөн гэр бүлийн үнэ цэн, хүүхдээ хайрлаж буй нь сайхан. Монголчууд маш гэр бүлсэг ард түмэн. Нэг үгээр Монголд байхдаа хүний амьдралын өөр нэгэн үнэ цэнийг олж харсан. Нөгөөтээгүүр миний хувьд тэтгэвэрт гарсны дараа багшилж оюутнуудтай ажиллаж байгаа минь надад одоо хүртэл эрч хүчтэй, идэвхтэй амьдрах үндэс болсон гэж боддог.
- Та Японд ажиллаж байхдаа ямар салбар хариуцсан сэтгүүлч байсан бэ? Монголын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл байдалд анзаарсан давуу болон сул тал юу байна вэ?
- Би Японд байгаль орчны сэтгүүлч байсан. Монголд ирж ажиллахад анзаарсан нэг зүйл маань ТВ, сонин, радио гээд ямар ч төрлийн хэвлэлийн байгууллагад залуу үеийнхэн их байгаа нь ажиглагдсан. Гэхдээ энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын сул тал гэх гэсэнгүй, харин ч давуу тал байж болох юм.
Харин Японд эсрэгээрээ, сургуулиа төгссөн залуу сэтгүүлч нийтлэл бичих эрх бараг байхгүй, 30-40 насандаа чухал ярилцлага, сурвалжилганд явж эхэлдэг. Мөн хэлтсийн дарга нар нь ихэнхдээ 50 наснаас дээш хүмүүс байдаг. Нэг үгээр Японд сэтгүүл зүйд гэлтгүй улс төрд ч туршлагыг чухалчилдаг. 2003 онд Монгорү Цүүшин сонин анх нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу 2004 онд тус сонинд ажилд орсон. Тухайн үед мөн л ажлын хамт олон маань залуучууд байв. Би оюутнууд болон хамт олноосоо үргэлж эрч хүч авдаг.
МОНЦАМЭ үндэсний агентлаг байгууллага гэсэн тодотголтой байдаг учраас улс төрийн асуудал хөндөхгүй гэх хандлага байдгийг анх хараад гайхаж байлаа. Мэдээж үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага учир аливаад цензуртэй хандах нь зүй ёсных юм.
- Энд ажиллаж байхдаа хугацаандаа сэтгэлд тань хамгийн их хүрсэн өөрийн тань сурвалжилга, нийтлэл юу вэ?
- Сониндоо “Хонины нүд” хэмээх жижиг буланд нийтлэл бичдэг байсан. Улс төр, нийгэм, соёл урлагийн тухай өөрийн өнцгөөр бичдэг байсан нь надад маш урамтай, сайхан санагддаг байв. Тэр булангаар дамжуулаад энд амьдардаг япончуудыг Монголын талаар ойлголттой болгох, аливааг өөр өнцгөөр харах боломж олгож байсан хэмээн боддог.
- “Тал нутгийн марафон”-ыг анх зохион байгуулж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-“Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнийг Фүживара Тацүичи гэдэг Япон хүн анх эхлүүлсэн. Тэрээр Монголын өргөн их тал нутгийг хараад, марафон зохион байгуулах саналыг Монголын Олимпын хороонд тавьснаар Төв аймгийн Өндөр дов гэдэг газарт 1997 онд эхлүүлж байсан гэдэг. Тухайн үед сайн дурын гишүүд зохион байгуулдаг байсан.
Би 2001 онд ирэхэд Фүживара гуайн бие тааруу байсан учир намайг марафоныг зохион байгуулаач хэмээн хүсэлт тавьсан юм. Олон идэвхтэй оюутан, сайн дурынхны ачаар өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсан. Япон Монголын найрамдалт харилцааг дэмжих хүрээнд Фүживара Тацүичигийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү ажлыг миний хувьд түүнийг нь тасалдуулахгүйг хичээж байна. Оюутнууд маань байхгүй байсан бол энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадахгүй. Тэднийхээ дэмжлэгээр л "Тал нутгийн марафон"-ыг зохион байгуулдаг даа.
- Энэ жил уг нь марафоны тэгш ой тохиож байгаа юм байна шүү дээ.
- Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас болоод Японоос тамирчид ирж чадаагүй. Энэ жилийн хувьд иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад, ковидын нөхцөл байдал харьцангуй гайгүй болчихвол есдүгээр сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хуьд 25 жилийн ой тохиож байгаа учир ойгоо тэмдэглэж, марафондоо гүйхийг хүсэж буй япон, монголын маш олон тамирчин, сайн дурынхан бий. Жил бүр дунджаар 3000 хүн оролцдог. Мөн “Тал нутгийн марафон” тэмцээний ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци ажилладаг ба тус байгууллагын 25 жилийн ой ч мөн тохиож байгаа учир энэ жил бид тэмцээнээ зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж, цар тахлыг үгүй болоосой хэмээн бүгд л хүсэж байна.
- Та мэдээж Монголоор аялсан байх. Хамгийн сайхан санагдсан газар, нутаг аль нь байв?
- Баян-Өлгий аймаг их сэтгэлд хүрсэн. Тэнд их сайхан өндөр уулс бий. Би спортоор хичээллэдэггүй ч ууланд авирах дуртай. Японд байхдаа ч мөн ууланд авирдаг байсан. Энд байхдаа мөн Гачууртад очихоороо ууланд заавал гардаг.
- Таныг монгол гэрт амьдардаг гэж дуулсан.
- Тийм ээ. Гачууртад гэр минь бий. Амралтын өдрүүдэд тэр гэртээ очдог.
- Япончууд монголчуудад их элэгтэй байдаг. Үүний учрыг та юу гэж боддог вэ?
- Монголчууд их уужуу тайван зантай хүмүүс. Жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгөөд байхгүй аливаад уужуу ухаанаар ханддаг мэт санагддаг. Нөгөөтээгүүр хийе гэсэн юмаа цагийг нь тулгаж хийсэн ч маш сайн гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, аливааг богино хугацаанд маш их хүч, ухаан гаргаж хийж чаддаг. Маш толгой сайтай хүмүүс учир хамтран ажиллахад ч сурах зүйл их, урамтай байдаг даа. (инээв)

Монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог.
Монголчууд япончуудаас ялгаатай нэг өөр зан нь би төвтэй байдал. Жишээ нь “Ээж хөдөөнөөс ирж байгаа, би амармаар байна” гэдэг. Эсвэл “Миний толгой өвдөөд байна, чөлөө авъя” гэнэ. Японд энэ нь эсрэгээрээ байдаг. Ямар ч тохиолдолд ажлыг нэгдүгээрт тавьдаг ба хичнээн ханиад хүрээд бие нь тааруу байсан ч ажлаа хийхийг эрмэлздэг. Гэхдээ монголчуудын тэр байдлыг би эхэндээ их гайхдаг байсан ч одоо их ойлгож хүлээн авдаг болсон. Хүн ажил, амьдрал, эрүүл мэнд гээд аливааг тэнцвэржүүлэх ёстой шүү дээ. Харин япончуудын ажлаа нэгдүгээрт тавьдаг занг монголын залуус хэрхэн хүлээж авах бол, та юу гэж бодож байна?
- Япончуудыг хөдөлмөрч ард түмэн гэдгийг бид мэддэг. Тиймээс ажлаа нэгдүгээрт тавьдаг занг би хувьдаа гайхан хүлээж авахгүй.
- Япончууд дайны дараа маш богино хугацаанд эдийн засгийн хувьд хүчирхэг улс болж чадсан ба ингэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн ард түмэн. Түүнээс хойш уламжилж ирсэн энэхүү чанар нь өдгөө зарим сөрөг үр дүнг дагуулдаг. Тиймээс толгой өвдөх төдийд амрах нь нэг талаараа зөв ч юм шиг санагддаг. Хэтэрхий их ажиллах нь ар гэртээ анхаарах аргагүй болгодог. Өглөө хүүхдээ унтаж байхад ажилдаа яваад, унтсан хойно нь гэртээ ирсээр нэг л өдөр хүүхэд нь “Энэ хүн хэн бэ” гэж асуух вий гэсэн хошин яриа ч бий. Харин монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог доо.
"БИ ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БАЯЛАГ, СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ЗҮЙЛСИЙГ ҮЗЭЖ ХАРЖ, БИШРЭХ ДУРТАЙ"

- Гэр бүл, ач зээ, үр хүүхдээ хааяа санадаг уу?
Би гурван хүүхэд, зургаан ач зээтэй. Одоо цагт царай царайгаа хараад ярьчихдаг давуу талтай учир нэг их санаад байдаггүй. Жил бүрийн цагаан сар, зун нутаг буцаад ирдэг байсан ч өнгөрсөн жил ковидын улмаас очиж чадсангүй. 20 жилийн өмнө анх ирснийхээ дараа ч гэрээ санадаггүй байсан. Би ач зээ нартаа маш их хайртай эмээ. Бараг тэдэнтэйгээ уулзахаар л Япон явдаг даа.

Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг.

- Таны хүүхэд, ач зээ нар Монголд ирсэн үү?
- Тэд хааяа зун ирдэг ба морь унаж, аялаад яг л над шиг Монголын сайхан үзэсгэлэнт нутгийг үзээд “Ямар гоё юм бэ” гэсээр л буцдаг.
- Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?
- Коронавирусаас болж сүүлийн хоёр жил явсангүй. Хамгийн сүүлд 2019 онд явсан. Тэнд очоод ач зээ нартайгаа л цагийг их өнгөрөөдөг юм.
- Хүүхдүүд тань “Ээж ээ, хүрээд ирээч” гэдэг үү?
- Дандаа тэгж хэлдэг. (инээв) "Хэзээ Японд бүр ирэх вэ" гэж байнга асуудаг. Хурдан ирээрэй л гээд байдаг юм.
- Та хэзээ нутаг буцах төлөвлөгөөтэй байна вэ?
- Бие маань чилээрхвэл бүр буцах байх даа. Одоо бол бие минь эрүүл саруул сайхан л байна.
- 80 настай гэхэд та маш ануухан харагдаж байна.
- Тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирээд оюутан, ажлын хамт олон гээд дандаа залуу үеийн хүмүүсээр хүрээлүүлж ажиллаж байсан болохоор нэг талаараа эрч хүчтэй, цог золбоотой байх, наснаасаа залуу харагдах шалтгаан болсон байж болох юм. Ер нь хүн тэтгэвэрт гарсныхаа дараа залуучуудтай харилцах, сайн дурын үйл ажиллагаанд оролцоход илүүдэхгүй. Түүнээс гадна дуурь, үзэсгэлэн үзэх, ном уншдаг дадал минь нөлөөлдөг байж магадгүй. Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав, боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг. Хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгох зүйлсийг үзэж харах, бишрэх дуртай.
Мнгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог.

- Та жил бүр “Кон байна уу” сэтгүүлийг гаргадаг гэсэн. Энэхүү сэтгүүлдээ Монголын талаар юу багтаахыг зорьдог вэ?
- Япончууд Монголын талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Өдгөө Монголыг сумо бөхөөр эсвэл түүхийн талаас нь л мэддэг. 20 гаруй жилийн өмнө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр траншейний хүүхдүүд эсвэл нүүдэлчдийн амьдралыг л хүргэдэг байлаа. Тиймээс би Монголын бодит байдлыг япончуудад хүргэхийг хүсэж жилд нэг удаа хэвлэгддэг "Кон байна уу" сэтгүүлээ гаргадаг болсон. Үүндээ Монгол орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, жил бүрийн ахиц дэвшлийг тэдэнд хүргэхийг зорьдог.
- Сэтгүүл дээрх мэдээллийг үзээд Монголын талаарх өөр ойлголттой болсон хүмүүс танд сэтгэгдлээ хуваалцдаг уу?
- Сэтгүүлийг маань үзээд “Монгол орон ийм их хөгжөө юу” гэх хүмүүс байдаг. Мөн хамгийн анхны дугаар дээрээ нэрийг нь одоо яг сайн санахгүй байна, Монголын нэгэн алдартай моделийн талаар нийтэлсэн юм. Гэтэл япончууд түүнийг үзээд “Пөөх, Монголын загвар өмсөгчид ийм сайхан бүсгүйчүүд байдаг юм уу” хэмээхийг нэг бус удаа сонсож байсан. Монгол загвар өмсөгчид японыхоос илүү царайлаг, ганган дэгжин, загварлаг байдаг. Сэтгүүлийг маань уншдаг хүмүүс ч мөн үүнийг хэлдэг. Мөн сэтгүүлээс Монголын эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой мэдээллийг нь илүү сонирхдог юм. Япон жуулчид "Кон байна уу" сэтгүүлийг гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэглэхээр авч явах тохиолдол их бий.

Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагдаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.

- Миний эргэн тойрны хоёр ч монгол хүн япон гэргийтэй. Япон бүсгүйчүүдийн зарим нь монгол эртэй гэр бүл болох сонирхолтой байдаг гэж дуулсан.
- Монголд анх ирэхэд хэрэв би залуухан байсан бол монгол малчин залуутай суух байсан байх гэж бодогдсон. (инээв) Монгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог. Морь унаад давхиж буй дээлтэй монгол эрийг харсан япон эмэгтэйн сэтгэл татагдана гэдэгт эргэлздэггүй. Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг. Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагддаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.
- Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
- Баярлалаа. Би Монголд амьдарч байна гэхээсээ илүүтэй, Монгол намайг амьдрах боломжоор хангаж байна гэж бодон талархдаг. Эргэн тойрны маш олон хүмүүсийн тусламжаар энд сайхан амьдарч байна. Өнөөг хүртэл тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа.

4
4
2
2
3
3
Previous Next Play Pause
4 2 3