http://www.zoofirma.ru/

Энэ их сонин асуулт. Ялангуяа Монголчуудын хувьд. Зарим нь зүгээр л эх оронч ч юм шиг үзлээр Хятадыг зүгээр л ямар ч бодлогогүй үзэн яддаг. Өөрсдийгөө хятадуудаас илүү гэж боддог. (Тийм байсан үе бий.)

Хятадад газар хөдлөлт болжээ гэсэн мэдээний дор үхэж байвал таарна, бүр олон үхсэн бол сайн байх байлаа, сайхан мэдээ байна гэж хөгшин хөвөөгүй, эр эмгүй бичицгээх нь маш их. Тэгсэн хэрнээ тэр үзэн ядаад байдаг улс нь хилээ хаачихаар хамаг юмных нь үнэ өсөөд, өөрсдөө сүйрчих дөхдөг. Хараан хараан хятад бараа хэрэглэдэг.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд алаад өгнө хил хаагаасай гэж дуулдаг хэрнээ хил хаамагц хамаг юмных нь үнэ өсөөд, нөгөө ганцхан чамайгаа л авна гэсэн үндэсний үйлдвэрээ хараан, яасан ч авахгүйдээ тулдаг. Хил нээгдэж энэ хэдэн юм үнэ хөөрөгдөхөө болиосой гэцгээдэг. Тийм овилгогүй юм уу, бодлогогүй юм уу.
Уул уурхайг бараг нийтээрээ үзэн яддаг. Тэгсэн хэрнээ тэндээсээ л гол мөнгөө олдог. Өөр гадагш зарж байгаа бараа байхгүй.

Монголчуудаа, арай илүү ухаантай байх хэрэгтэй байнаа. (Миний фэйсбүүкийн найзуудын дийлэнх нь харин арай дажгүй шүү. Юм боддог, хоёрыг тунгаадаг, наадах цаадахыг хардаг)
Зүгээр л үзэн ядалтаар амьдармааргүй байна. Бас улирсан баларсан сэтгэлгээгээ орхихгүй бол болохгүй байна. Яаж ч их үзэн ядсан урд хөрш маань 3 сая хүнтэй, автомашины түгжрээгээ дийлэхгүй байгаа мань хэд байтугай цаана чинь АНУ-ын бүлгийг чичрүүлдэг дэлхийн том нууц ноёнтон болж байна ш дээ.

Өнгөрсөн хэдэн зууны өмнөх хятад биш, 1940-1950-иад оны хөвөнтэй өмдтэй хужаа биш болоод машин үйлдвэрлэдэг, пуужин үйлдвэрлэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн хамгийн баян хэтэвчтэй, бас метротой улс болчихоод байнашд. Жилд 10-20 сая хятад хүүхэд төрж байна. Чамайг тэднийг үзэн ядаж байгаа эсэхийг огтхон ч тоохгүйгээр. Газар хөдлөөд үхээсэй, живээсэй гэж хүсэж байхад чинь, өдөрт 40 мянган хятад хүүхэд мэндэлж байна. "Үх үх, сөнө сөнө" гээд хэлж байх зуур чинь минутанд 30 хятад хүүхэд төрж байна. Ингэж хэллээ, үзэн ядлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй нээ. Яах вэ?

Хятадууд бидний тэднийг хэр их үзэн ядаж байгааг даанч тоож анзаарахгүй ажлаа хийж байгаа нь сайхан юм даа. Хэрэв тэд биднийг бид тэднийг үзэн яддаг шиг үзэн яддаг байсан бол яах вэ? "Муусайн монголчууд үх үх, сөнө сөнө. Угаартаад үхэж байгаа гэсэн. Болж" гэцгээгээд. Хилээ хаая гэж уриалаад. Монгол нүүрс авахгүй гэвэл яах вэ. Япон руу онгоцоор нүүрсээ тээвэрлэх үү? АНУ-д нүүрсээ заръя гэтэл Байден өвөө "Монголын нүүрс дэлхийн хамгийн өмхий нүүрс" гээд зарлачихсан байдаг. Бүр Монголын онгоцыг хил дээгүүрээ нисгэхгүй гээд зөрчихвөл бид хаагуур яаж дэлхийтэй холбогдох вэ?

Яг л өөрөө гадагшаа гарах хаалгагүй, хоёр хөршийнхөө өрөө, хашаагаар дамжиж гадагшаа гардаг сонин зохион байгуулалттай айл шиг. Тэгсэн хэрнээ хоёрхон хөршийнхөө нэгнийг байнга үхээсэй, сөнөөсэй гээд байдаг хүмүүс шиг. Тэгтэл тэр хоёр хөрш нь хоёулаа хорооллынхоо атмаанууд. Тэгсэн хэрнээ хоорондоо бас маш сайн найзууд. Урьд нэгийг нь нөгөөд нь ховлоод арга эвийг нь олоод байдаг байсан бол одоо хоёр атмаан маниусаар дамжуулалгүй хоорондоо хэл амаа олцгоочихсон. Нэгийг нь нөгөөд нь ховлох аргагүй болчихсон. Яах вэ? Бод доо. Тээр холын өөр байрны атмааныг дуудах гэхээр манай атмаанууд айлгаад явуулчихдаг. 107 -руу утасдвал яагаад ийш тийш утасдаад байна аа гээд хөрш маань орж ирээд нухчихвал яана.
Уг нь энэ урдах айлын атмаан манайхтай гайгүй л харилцаатай байгаашдээ. Манайхтай хашааны маргаан байхгүй. Худалдаа наймаа дажгүй. Манай барааг боломжийн үнээр худалдаж авдаг. Урагшаа явсан манай наймаачдыг дээрэмдэж тонож, дээрэлхээд байдаггүй. Тэгсэн хэр нь л бид харааж зүхээд байх юм. Бид эсвэл сэтгэцийн өвчтэй юм уу

Ингээд буруу харахаараа хараагаад л суудаг Солонгос киноны авгай нар шиг баймааргүй байнаа. Арай бодолтой, соёлтой, зарчимч байцгаая л даа. Зөв үү? Хөгжицгөөе л дөө. Өөрсдөө хөдөлмөрлөе. Хийе, бүтээе. Суръя. Харин ч ийм том дэлхийн зах зээлийн хажууд байж ашиглах хэрэгтэй биз дээ.
Бид л өөрсдөө далчигнаж элдэв зан гаргахгүй бол Хятад хэзээ ч манайхыг тоож дээрэлхэхгүй. Тэгж нэрээ унагахгүй. Цаана нь маниустай маниусгүй Африк, Латин Америк гээд олон зуун сая хүнтэй том зах зээлүүд манайд үйлдвэрээ байгуулаач, манайтай худалдаа хийгээч гээд тосоод хүлээж авч байна.

Орос хүчтэй байгаа цагт хэзээ ч Хятад Монгол руу сарвайхгүй. БНХАУ гэхдээ Гоминдааны хятад биш шүү. Манайхан бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гоминдааны хятад нь Байтаг богдод Монголын хилчидтэй байлдсан болохоос биш коммунист намын БНХАУ-ын Хятад байлдаагүй. Нэгийг нь муулах гээд андуураад гэмгүй нөгөөг нь нулимаад байж болохгүй биз дээ. Тэгвэл хоёулангийнх нь дургүйг хүргэнэ. Харин ч одоогоор ганц Гоминдаан нь л биднийг үзэн ядаж, эзлэнэ дээ гэж боддог ба тэр Гоминдааны засагтаа эх газрын Хятад нь дургүйд баярлах хэрэгтэй. Хэрэв байдал эсрэгээрээ байсан бол, эсрэгээрээ эргэвэл, Гоминдааны үзэл эх газрын Хятадад түгвэл харин тэр үед бид хичнээн үзэн ядаж, хараагаад Монголын ирээдүй бүрхэг болно шүү.
Зүгээр л ухаалаг байгаад өөрсдөө хөгжье. Дэвшье. Эрх чөлөөтэй тусгаар улс байгаагийнхаа жаргалыг эдэлье. Ухаалгаар үүнийгээ хамгаалъя. Түүнээс юм л бол хий хоосон харааж балайрахаа больцгооё. Чингис хаан харааж, халаасандаа салаавч үзүүлэх замаар дэлхийг эзлээгүй байх. За тэгээд манайхан санаа оноогоо хуваалцана биз ээ.
Saagii Sansar