http://www.zoofirma.ru/

Хүн болгонд “хүртээд” байдаггүй аялал гэж бий. Тийм нэгэн аялал бол Монгол Улсын хилийн нэгдүгээр баганад очиж, хүндэтгэл үзүүлэх боломж байлаа. Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн засаг засаг даргатай уулзаж, тэнд Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны нэрэмжит шагналыг Хилийн отрядын дарга, хурандаа Лхагвасүрэнд гардуулсан юм. Энэхүү шагналыг тухайн жил ажил үйлсээрээ шалгарсан Үндэсний аюудгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагын албан тушаалтнуудаас шалгаруулан олгодог байсан билээ.


Цэнгэл суманд түр цэргийн татлага болж, цугларалт хийж байгаатай таарав. Сумын засаг дарга, ИТХ-ын дарга хоёр ажлаа танилцуулсан юм. Тэндээс хөдлөөд бид хэд хэдэн хүн чулуун хөшөөний байдалтай танилцсан билээ. Манай бүрэлдэхүүнд надаас гадна Стратегийн хүрээлэнгийн дэд захирал, Авдрантын хорих ангийн дарга нар байв.
Онгон байгаль бүхий үзэсгэлэнт газраар өдөржин явж, бартаат замыг туулсаар Сыргалийн заставт очлоо. Өвөг дээдсийн үлдээсэн гайхамшигт байгаль, түүх дурсгалын өвтэй танилцана гэдэг ховор тавилан. Заставаас бид эртлэн Монгол Улсын хилийн нэгдүгээр баганы зүг хөдөллөө. Хил харуул үүрэг гүцэтгэхдээ ямархуу бэрхшээл бүхий замыг туулдагыг энэ удаагийн аялал бидэнд харуулав.
Гол гарангуут тайгын замаар өгсөв. Өндөр уулын бэлдээр гарангуут эхний амралтаа хийв. Тээр дор гол, нуур тодхон харагдана. Баягалийн зураг авч хэсэгхэн амраад аяны дөрөөнд мордов. Одоо шигүү бургасан төгөл дундуур зүтгэв. Морьтой хүн далд орохоор ажгуу. Тэгээд нэг довцог дээр гарч тэнд тогсон усан дундуур гарах болов.
Зуны дэлгэр цаг эхлээд дундаа орж байгаа гэхэд цас, цэцэг хоёр ижилдэн гангарна. Уулын оргил ойртож, асга, хадан дундуур явав. Хилийн морьд явж сурсан болохоос биш хэр баргын хүн, амьтан явахад бэрх зам ажээ. Их уулын оргил дөхөөд их цасан дундуур морьд зүтгэлээ. Зуны дунд сар гэхэд ийм их цас байна гэж хэн ч төсөөлөхгүй биз ээ.
Их цасыг туулангуут Монгол Улсын хилийн нэгдүгээр багана алсаас тодрон харагдав. Бид хилийн багандаа хүндэтгэл үзүүлж ёслоод дурсгалын зураг авахуулав. Тэгээд үдийн хээрийн хоолоо амтархан идэв. Байгалийн ямар бэрхшээл байна түүнийг туулсаар хилийн нэгдүгээр багана дээр очлоо. Тэр болгон хүнд олдоод байдаггүй хувь тавилан, завшаан.
Бид эндээс буцан хилээ шалгангаа мөн л байгалийн бүх л бэрхшээлийг туулж заставын зүг хөдлөв. Их голыг гатлан заставын нэг талаас бид буцаж ирлээ. Монгол Улсын хамгийн баруун хязгаарын хилийн харуулд нэгэн өдрийг өнгөрөөж, дурсамж дүүрэн сэтгэгдэлтэй, аппаратандаа байгалийн сайхан зурагтай буцаж ирсэн билээ. Заставын ажиллагаатай танилцаад Заставын даргын дурсгалын цаг шагнасан юм.
Бид заставаас буцахдаа нуурын дэргэдүүр өнгөрөв. Хүүхэд багачууд загас барин өдрийг өнгөрүүлнэ. Ямар ч загасны хэрэглэлгүй тэд загас барина. Тэнд бид саатав. Дараа нь хэд хэдэн айлаар орж нутгийн зан, заншилтай танилцав.
Буцах замдаа тус сумын нутагт байгаа уул уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн байдлыг үзэв. Тус сумын нутаг буган болон хүн хөшөө, хадны зургаар баялаг бөгөөд орон нутгийн хамгаалалтын байдлыг үзлээ.
Бид ҮАБ-ыг хангах чиг үүрэг бүхий байгууллага болох Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн анги, Цагдаагийн газар, ОБЕГ-ын хэлтэс, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эмнэлэгийн хэлтэсийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцож, зөвлөлгөөн хийгээд энэ удаагийн аялал өндөрлөж билээ.
Д.Жаргалсайхан

27
27
0
0
17
17
2
2
3
3
5
5
Previous Next Play Pause
27 0 17 2 3 5