Author: admin_shaman

  • МБНЭ-ИЙН ЭГНЭЭ ӨРГӨЖИН ТЭЛСЭН ӨДРҮҮД ТҮҮХЭНД ҮЛДЖЭЭ. ТҮҮХ МАРТААГҮЙ /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ./

    Монгол бөөгийн ёс зүй эргээд задралыг авчирсан. Энэ нь зайлшгүй туулах зам мөр мөн юм. Орчин цаг биднээс байнгын үйл ажиллагаатай бөөгийн байгууллагыг шаардаж байгаа. Түүнийг ганц нэг идэвхтэй улаач, цөөхүүлээ байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлж чадахгүй. Одоохондоо өөр, өөрийн чиглэлээр зүтгэж яваа улаач нар он, цагийн явцад, зүтгэл нь тамирдаад ирэхээр нэгдэхийн ухаарлыг ойлгоно.
    Нэгдэж ажилна гэдэг их ухаарал. Харин нэгдэж байгаа зүйлийг “хагална” гэдэг мунхаглал, бас тэнгэрийн өмнө хүлээж буй их гэсгээл юм. Шинээр байгууллага байгууллаа гээд гарсан иргэдийг харал даа. Нийлж хийсэн хэдэн тахилга, хандивын үйлсээс хальсангүй. Цаг хугацааны явцад үйл ажиллагаа нь улам л царцаж байна.
    Харин олон чиглэлээр бөөгийнхөө төлөө ажиллаж байгаа багуудын хийсэн ажлыг нэгтгэж харвал их хүч, их зүйл байна аа. Тэртээ онуудад нэгдэхээр цугларч байсан түүх зурганд мөнхөрчээ.

    djmedia:840
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ХАРЬ ХЭЛ ДЭЭР УНШЛАГАТАЙ БУСДЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСЭН НЬ

     

    Өнөөдөр Монголд Иссусын 600 гаруй сүм, Бурханы 550 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болно. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна.
    Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, анандмарго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо нийлээд 4000 хүрээд байна.
    Монголд одоогийн байдлаар Иссусын сүм, хийд, цуглааны байрын тоо нь олон зуун жил оршиж ирсэн Бурханы сүм хийдийн тооноос давсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод сүм хийдийн тоо хоёр илүү дахин олон болсон байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүний нүдэнд харагдахгүй, оюун санааны салбарт томоохон өөрчлөлт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү оюун санааны салбар дахь ажиллагаа нь өөрийн гэсэн радио, телевизийн сувгуудтай болж, улам бүр хөгжлийн эрч хүчийг авч байна.
    Асар их хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ.
    Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
    Монголчуудын голлон шүтдэг уул, усны нэр болон Монголчуудын нэрийг харийн Түвд нэрээр өгөх болсон, энэ нь хэдэн үе өнгөрөхөд уугуул нэр нь мартагдаж, Монголчууд нийтээрээ бурханы шашин шүтэх болсноор Түвд нэр нь эгэл жирийн Монгол нэр мэт анзаарагдах болжээ.
    Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчууддаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ.
    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан. 1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 14-20 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын гүйцэтгэсэн түүхэн үүрэг ийм үр дүнг авчирав. Бид олон зүйлд хүч тэнцвэргүй байдалд ажиллаж байна. Гэвч яагаад хүчирхэг байж чадаж байна вэ.
    Мөнх тэнгэрийн үзлийг түгээгч бөө нарт тусгайлан сүм, хийд шаардлагагүй. Өөрсдийн амьдардаг гэртээ онгодоо залдаг. Чадалтай нэг нь тусгайлан онгодын өргөө гэртэй байна. Бөөгийн Онгод Монгол гэр буюу дугуй хэлбэртэй өргөөнд байрлах дуртай байдаг. Тэдэнд онгон байгаль байхад хангалттай. Тэд ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг.
    Глобал даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь үлдээсэн байна. Энэ бол Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ. Монголоороо бахархах аугаа сэтгэлийн хатыг олж чадна, бид аугаа хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална.
    Хэдий Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацааг тодотгон үзвэл 2226 жил болж байна.
    Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна.

    djmedia:839
  • МАНАЙ ХАМТ ОЛОНД ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ.

    МАНАЙ ХАМТ ОЛОНД ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ.
    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков

  • А.Н.Евсиков: Бүх Монгол найз нөхдөдөө шинэ оны мэнд хүргэе

    Ирэх онд бид Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар буй Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой зэрэг түүхэн чухал ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Бүх монгол найз нөхдөдөө эрүүл энх, сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе.
    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков

  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД МОНГОЛ БӨӨГИЙН НУТАГ БОЛ ДЭЛХИЙН ТҮҮХИЙН ӨЛГИЙ НУТАГ БИЛЭЭ.

    5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
    Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийннүүдэлчдийн оюуны үнэт бүтээл “Хадны ном” болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
    Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг “Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан” гэжээ.
    Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
    Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж хувааж болох юм.
    Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо”-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
    1699 онд зохиосон “Юаньши” (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо “Бөө судлал буюу Монголын харын бөө” гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм. Одоо энэ ном Монгол болон өвөрмонголд өөр хамааралгүй хүмүүсийн нэр дээр хөрвөгдөн худалдаалж байна.
    Түүхийн он удаан жилийн явцад уламжлалаа хадгалж ирсэн “Тэнгэрийн улаач” нар өөр, өөрсдийн үзэмж, цаг цагийн аяст тохируулан залсаар Монгол бөөгөө өнөөтэй золгуулжээ. Тэд түүхэн үүргээ баатарлаг хэмээн нэрлэж болох хатуу замыг туулан өнөөгийн бидний гарт өгчээ. Монгол бөөг үе үед аваад явж ирсэн түүхэн хүмүүс байсан.
    XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг хэмээх улс төрийн байгууллага байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь хүнд цохилтонд орсон юм. Энэ бол бөөд гарсан гурав дахь цохилт нь байжээ. Энэ үзэл суртлын нөлөөгөөр олон зуун бөөг хорьж шийтгэж, буудан алж, бөөгийн шүтлэгийг хатуу чангаар хорьж цагдаж байсан үе юм.
    Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна.
    Бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.1960-аад оны үед нэрт эрдэмтэн Ренчин, алдарт зайран Дамдин нар барууны олон орноор хамт явж, кино үйлдвэрийн зааланд бөөгийн зан үйлийг үзүүлж байжээ.
    Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
    Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
    Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном “Монголын хар бөөгийн дуудлагын тухай” гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай “Монголын бөөгийн товч түүх” (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
    Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Надтай хамтран ажиллаж байсан тэр мөчөө эргэн дурсахад нэн таатай байдаг.
    Эрдэмтэн О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
    Газар газрын мухарт, хүний нүднээс далд, айдас хүйдэс дор Монгол бөөгөө уламжлан залсаар ирсэн тэдний дунд бөөгийн анхны байгууллага үүсэн бий болж “Голомт” хэмээн нэрлэв. Тэр үеийн нийгэм, улс төр, утга зохиолын салбарт нөлөө бүхий хүмүүс тэрхүү байгууллагыг толгойлох болов. Ийнхүү бөөгийн анхны байгууллага байгуулагдсанаар “Тэнгэрийн улаач” нарын зан үйл ёс заншил болон тулгамдсан олон асуудалд хариулт өгөх газартай болов. Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа.
    Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренцэн, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
    Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
    Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
    Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөгийн яруу найргийн олон давтагдашгүй зүйлийг түгээхэд түүний амьдралын 20 гаруй жилийн хугацаа зориулагдсан байна. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Түүгээрээ монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
    Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
    Түүхийн энэ хугацаанд Монгол бөөгийн үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн гавьяа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалд ногдсон юм. Монгол бөөгийн өнөөгийн түвшинд хүргэх, хэдэн мянган “Тэнгэрийн улаач” нарт чиг хандлагыг нь тодорхойлж өгөхөд түүний оруулсан хувь нэмэр их билээ. Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулж, ЮНЕСКО-д хүртэл Монголын бөөг сурталчилж, олон зуун улаачийн зам мөрийг засахад хүчин зүтгэсэн, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргалын үйл ажиллагаа хийсэн бүтээснээрээ бусдаас ялгаран харагддаг.
    Монгол бөө нарыг нэгдэж, төр улсынхаа төлөө нэгдмэл хүчээр ажиллахад Монголын алдарт Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулууны гүйцэтгэж буй түүхэн үүрэг их байна.
    Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна.
    Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгууллага Монгол Улсын зүүн хэсэгт Дорнод, Хэнтий аймгуудад сургалтын бөөгийн “сүм” байгуулж, зуны улиралд чанар хийж олон мянган бөө нарыг төрүүлэв.
    Буриад бөөгийн дэг жаяг, уламжлалаас эрч хүч авсан халх язгуурын бөөгийн томоохон урсгал шинээр мэндлэв. Зуны улирлын хугацаанд нийтийг хамарсан олон зуун шавь нарыг босгодог “халх” бөөгийн чанараар боссон бөө нар өнөөдөр хэдэн мянгаар тоологдож байна.
    Мөнх тэнгэр шүтэн бишрэгчдийг олон мянгаар төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж буй Халх зайран Б.Хурцжавлангийн удирдлага дор хүчээ авсан бөө нар Хэнтий, Төв, Өмнөговь, Дорноговь, Завхан аймаг болон олон газарт бөө нарын дийлэнхийг бүрдүүлж байна.
    2000 оноос хойш Монгол бөөг авч яваа зайран Д.Бямбадоржийн “Дүнгэр төв”, Оюунбаатар зайрангийн “Тэнгэрийн сүлдэр” төв одоохондоо болоод байгаа учраас нэгдэж нийлээд Монгол бөөгөө зөв голдрилоор хөгжүүлье гэж нэг их сүйд болоод байдаггүй. Өөр өөрсдийн чигээ бариад явдаг. Харин олон түмэн болохоор Монгол бөөгийн нэр барьж, олон жил амьдарсаны хувьд тэднээс эргээд Монгол бөөгийнхөө төлөө хамтран ажиллаж сэтгэл гаргахыг хүсээд байдаг нь харагддаг.
    Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг.
    Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.

    djmedia:837
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД ХҮНД СОРИЛТЫГ ТУУЛСАН БӨӨ ШҮТЛЭГ МИНЬ

    Манай хаад ноед ихэс лам нар манжийн хааны бодлогыг идэвхтэй дэмжиж, шар малгайтын шашны номлол сургаалийг монгол хүний оюун ухаанд суулгах талаар Занабазар, Ойрадын лам Намхайжанцан нар асар их зүйлийг хийсэн юм.
    Монголчуудыг тэнгэр үзлээс нь салгахгүйгээр амжилтад хүрэхгүй гэдгийг ойлгож, тусгайлан шат дараалсан арга тактик боловсруулан хэрэгжүүлжээ. Эхний ээлжинд Манжийн төрөөс явуулсан нарийн судалгаанд үндэслэн Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг улаач нарыг тодотгожээ. Тэгээд тэднийг янз бүрийн арга заль, хүч хэрэглэн цуглуулж бөөнөөр нь зуу, зуугаар нь шатааж генацит хийж устгасан байна. Тодорхой жишээ дурьдвал Ойрадын Намхайжанцаны үед Сутай хайрхан уулын нэгэн модтой жалганд 300-аад бөөг шатааж, түүн дотроос Тостогош гэдэг зайран ид шидийг үзүүлж, галд шаталгүй үлдсэн домог яриаг урианхайчууд ярьдаг бөгөөд, Сутай хайрханы нэгэн амыг бөөгийн ам гэж нэрлэдэг байна. Энэ мэтчилэн Бөөгийн нэр, түүхтэй холбоотой газрууд Монголын нутагт цөөнгүй байна. Ийнхүү Монголын олон язгуурын бөө нарыг үндсээр нь устгаж чадсан байна. Харин Алтай, Тагни, Хөвсгөл, байгалийн тайга нутгаар амьдардаг цөөнгүй “улаач” энэхүү хядлагаас зугатааж чадсан юм.
    Амь өршөөгдсөн зарим “тэнгэрийн улаач” нарын хүзүүний шөрмөсийг нь таслаж, бөөлж чадахгүй, насаараа толгой гудайн явахаар болгож, эргэж ирэх боломжгүй алс холын Шанхай, Нанжин хотын ойролцоо газарт цөллөгт явуулж байлаа. Бөөгийн нэр, түүхтэй холбоотой газрууд цөөнгүй байна. Судлах шаардлагатай юм.
    Дараагийн шатанд Манжийн хааны цэргийн хүчний туслалцаатайгаар Алтан хаан Авдай ноён хоёроос эхтэй монгол бөөгийн эсрэг явуулсан тэмцэл бүр хүчээ авч Монгол айл өрх бүрт байсан онгон сахиусуудыг зарлигаар хураан авч шатааж байсан гэдэг. Харин оронд нь өөрсдийн бурхадын хөрөг зургийг үнэ төлбөргүйгээр гэрийн хойморт нь зүүж өгдөг байжээ
    Монголчууд бөө, удганыг залж бөөлүүлсэн байвал хэдэн удаа хэдэн бөө залж бөөлүүлсэн байна, түүний тоогоор адуу ав, дээд ноёд түшмэд бөө, удган нарыг гэртээ авчаачиж бөөлүүлсэн байвал 5 толгой торгоор торгох доорх хүмүүсийг нь хоёр адуу, бусад эд бараагаар торго гэж заажээ.
    Монгол бөөгийн уг үе дамжин удамшдаг чанарыг судалсан гадныхан бөөгийн залгамж халаа төрж буй бяцхан иргэдийг эртнээс тодруулан шашины сургуульд шавилан суулгаж, авьяас билиг нь тодрох үед “хувилгаан” цолыг олгох бодлого баримталсан байдаг.
    Ийнхүү шашины сургааль суралцсан, бөөгийн “онгод” эргэлдсэн Шарын бөө төрж, бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг. Энэ үеэс эхэлсэн шарын бөө гэдэг ойлголтыг зарим хүмүүс Монголын бөө нар шарын шашинд дагаар орж шашны ном сургаалыг бөөгийн ном сургаалтай хослуулан хэрэглэдэг болсон юм гэж тайлбарладаг. Харин буриад бөөгийн дотор ламын шашны нөлөө нэлээд хүчтэй орж ирсэн нь одоо ч харагдаж байна. Урьд үед амьдарч байсан зарим нэг бөөгийн шавь нар бөөлөхийн өмнө дуудлагынхаа эхэнд бурханы шашны тарнийг уншиж, зул хүж асааж бөөлдөг нь одоо ч байна.
    Харин Дархад, Тува, Цаатан, Буриад зэрэг үндэстнүүд шарын шашны лам нартай ширүүн тэмцэл хийж байсны үр дүнд тэр нь одоо болтол үлдэх шалтгаан болжээ. Монголын бөөгийн их эртний тэнгэризмийн үзэл санааны дор бүтээгдсэн овоо тахилгын ёс, гал тахилгын ёс зарим нэг тахилгын монгол уламжлалт тэнгэртний шүтлэгийн мөргөл тахилга, тангараг дуудлагын зүйлийг бурханы шашны зан үйлд тохируулан оруулж, дуудлагуудын өмнө шашны үг хэллэгээр чимэн олон төрлийн сан тахилгын судруудыг бүтээжээ.
    Шарын бөө Монгол дахь буддын хутагт, хувилгаад цагаан зайран, удганы хойд дүр дуртайяа болцгоож, үүний нөлөөгөөр монголын өвөг дээдсийн цагаан онгод шарын шашныг сайн дураараа хүлээн авч бурхны шашинд орцгоосон байдаг.
    Монголын хөгжлийн сүүлчийн 300-аад жилийн түүх нь Буддагийн шашныг сурталчилгааг ахицтай болгох зорилгоор буддын лам нар монгол өвөг дээдсийн цагаан сүлд, эзний онгод, авралын онгод, сахиусан онгод зэргийг буддагийн шашинд ч холбогдолтой мэтээр тунхаглан тайлбарлаж, монгол бөөгийн шүтлэгийн олон онгодыг буддын шашны аврал шүтээнтэй адилтгаж, Чингис хааныг маань хүртэл буддын шүтээн Важрапанын (Базарваани) хувилгаан хэмээн зарлав. Одоо ч иймэрхүү байдал ажиглагдаж Чингис хааныг маань буддын хувилгааны дүрээр зурж Төрийн ордондоо залдаг болжээ.
    Чухам энэ үйлдлээр шашин, шүтлэгийн ялгаа харагддаг юм.
    Манжийн хааны “буцалтгүй” тусламжаар анхны томоохон хийдийг монгол нутгийн төв хэсэгт барьж бэлэглэв. Хөгжлийнхөө оргил үед сүм хийдийн тоо 700 хүрч байсан. Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов.Бурханы хийд байгуулж эхэлсэн нь монголчуудын оюун санааны ертөнц эзэн сууж эхэлсэнийг тунхагласан хэрэг билээ. Оюун санааны дараа төрийг эзэмших нь тодорхой байлаа. Тэр бодлого хэрэгжиж чадсан юм. Монгол төрийн толгойд шашин, төрийг хослогчийг Манжаас томилж байсан. Эхлээд шашины хэргийг богд цолтон хариуцаж, манжийн тоглоомын засгийн толгой нь болж, хэрэг дээрээ өмнө зүгээс монголчуудыг зангидан захирч байлаа. Манжийн төр, шашин хоёр монголыг залгив.
    Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч юуны өмнө Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах зорилгоор Түшээт хан Чанхудорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цугларчээ. 1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Тус чуулганаар Манжийн төрд гавьяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ. Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг Манжийн харьяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан юм.
    Мянганы суут хүн Чингис хаандаа зориулж, ганц л наадам хийж байгаагүй. Биднийг тэгтэл нь үндэсний бахархалтай бүхнээс салгаж чадсан. Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилайн мэндэлсний 800 жилийн ойтохиосон боловч хэн ч наадам зохиосонгүй. Монгол Улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгсөн өвөг, дээдсүүд, тухайлбал Лэгдэн, Галдан бошигт, Чингүнжав, Амарсанаа нарынхаа алдрыг тэмдэглэж чадахгүй байгаа атлаа юун яаран дааран тусгаар тогтнолоо бусдад худалдагсадын алдрыг “битүүндээ” тэмдэглэнэ вэ. Тэгэхлээр бид хэний ойг хөл алдан тэмдэглэв?. Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн нэг зун хоёр ч удаа даншиг наадам хийж байгаа хэрнээ ийнхүү өвөг дээдсээ үл ойшоож байгаад гайхширмаар. Даншиг сайхан болж өнгөрлөө. Манжийн хааны сүнс тэнгэрээс харан баясаж, хотын дарга нар хамтран оролцож, монголын 450 гаруй сүм хийдийн 5 гаруй мянган лам нар баярлалдан гүйлдэж, хоёр мянган цагдаа хамгаалах үүрэг гүйцэтгэж, хотын нийтийн тээвэр үнэгүй үйлчилэв. Монголын гол телевиз даншигийг шууд дамжуулж, зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ тэрбумаар тооцогдохоор байна.
    Харин эзэн Чингис хаан энэ мэт баатруудынхаа алдрыг жил бүр тэмдэглэн наадам хийж байвал олон түмэн илүү зөвөөр ойлгох байх аа.
    Бид Өндөр гэгээн Занабазарын монголын бурхан шашинг дэлгэрүүлэх, урлаг соёл, гүн ухаан, орчуулга, боловсролыг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгээгүй. Түүнтэй хамт дорно дахины соёл орж ирсэн нь үнэн.
    Гэхдээ тэр нь тусгаар тогтнолоос илүү үзэхээр эрхэм зүйл мөн гэж үү.
    Харин улс төрийн үр дагаврыг эн түрүүн анхаарах ёстой гэж үзэж байна.
    Манжийн төрөөс явуулсан бодлого бол монголчуудыг хооронд нь зөрчилдүүлж хүчийг нь барах, улмаар гол шүтлэг Мөнхтэнгэрийн шүтлэгээс татгалзуулах асуудал байв. Тиймээс тэд монголд харийн хэл мэдэхгүй шашинг манжийн хааны зарлигаар оруулж түгээсэн билээ. Мөнхтэнгэрийн шүтлэгийн олон сайхан мөн чанарыг өөртөө шингээсэн шашин монгол оронд 300 орчим жил оршин тогтнож байна. Энэ зун монголд айлчилсан шарын шашины тэргүүн монголчуудад шашины сургаалаа эрчимтэй орчуулж сурталчлахыг айлдсан байх юм. 300 жил гадны сургаалыг орчуулж түгээсэн бөгөөд одоо ч орчуулж дуусаагүй? байна.
    Түүхийн олон зуун жилийн турш харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин,сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдрийг хүрч иржээ.
    Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудыг язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.

    djmedia:835