Дараа. нь “Капитал хэдэн хувийн , ашиг олохоороо халзан., толгойгоороо хадан хясаа мөргөхөөс буцахгүй зүрх зоригтой болдог вэ” гэж асууна. Бас л бооцоо минийх болно.
Дараа нь “Капитал хэдэн хувийн ашиг олохоороо өнөөдрийн Монголынх шиг төр засгийн толгой дээгүүр тонгочдог вэ” гэж асууна. Хариулах хүн олдохгүй л дээ. Ингээд би асуултаа өөрөө хариулж өгнө. Капитал гэдэг бол амьд хөдөлмөрөөр хооллож амилдаг “өнгөрсөн хөдөлмөр” мөнийг хэлж өгнө. Аан юу гэнэ вэ гэж дүнгэнэлдэх байлгүй.
Капиталын иддэг тэр хоолыг нэмүү өртөг гэж нэрлэмэ. Нэмүү өртгийн ашиг нь тавин хувь хүрсэн бол капитал гуай халзан толгойгоороо хадан хясаа мөргөж нураахаас буцахгүй зориг орж эхэлнэ. Хэрэв зуун хувь ашиг олбоос төр ба ард түмний толгой дээгүүр манайхан шиг тонгочиж эхэлнэ.
Улам цаашлаад гурван зуун хувийн ашиг унагаагаад эхэлбэл хүмүн төрөлхтнийг дэлхийн их дайны балчигт хутгахаас буцахгүй аймшигт зүйл санаачилдаг болж хувирна. Зарим нь цөмийн бөмбөг сэлт хийлгэж, пуужин турших болно. Ерөөс аль ч газрын цэрэг дайны хэнээтнүүдийн хийдэг бүхнийг хийх болно.
Хойноос нь удирддаг мөнөөх үл үзэгдэгч гар буюу бодит хууль нь тийм юм хойно хэчнээн өрөвч нинжин Сэтгэлтэй монгол хүн байлаа гэсэн огт нэмэргүй. Нэг л мэдэхэд “Хүрэл чулуун зүрхтэн, хүний махан хүнстэн” болж хувирна. Энэ хариулт бол миний үг биш, буурал Марксын үг юм тул маргах арга байхгүй.
Энэхүү алдарт онолыг багтаасан “Капитал” зохиолын анхны боть хэвлэгдсэний 149 жилийн ой ирэх есдүгээр сарын 14-нд тохионо. Үнэхээр үнэнийг ухан ойлгох аваас “Тэгш журамт, баян хүчирхэг монголыг бий болгох” санаагаа багтааж үүцэлсэн эрхэм Сүх жанжны энэ хэдхэн үгийн цөмөөс монгол түмний аз жаргалын гэрэл туяарч байгааг мэдрэх болно.
Дээр дурдсан ухуулан сэнхрүүлэх бичгийг 1922 оны арванхоёрдугаар сард буюу өөд болохоосоо нэг жилийн өмнө өөрийн гараар бичсэн гэдэг юм билээ. Гуравхан хуудас, есөн зуу гаруйхан үгтэй боловч утга санаа хийгээд учир холбогдол нь Алтай мэт өндөр, далай мэт гүн гэвээс зохилтой. Энд цөөн баримт тухайлан сонирхуулъя.
Нэгэн зүйл эшлэл. “Сүхбаатар би хэдий сурсан мэдсэн эрдэм чадал дорой мөчид боловч шударга сэтгэлийн өчүүхэн журам бүхийн тулд бүх цэргийн жанжны хүнд тушаалын үүргийг бие дор хүлээсэн бөгөөд аливаа учрыг тайлбарлан сэнхрүүлэхгүй ам жимийн агсайн сууваас харьяат олон түшмэл цэргүүд тэр бүр ёс суртал, бодлого зорилтыг бүрнээ нарийвчлан мэдэхгүй, хааяа ташаа таавраар наагуурдан ухаж дээшид болбоос улс төрийн их хэрэг дор харштай болон, дорогшид болбоос өөрсдийн биес цаазыг халдаж, ял дор холбогдох болуузай хэмээн санах тутам зүрх өвдөнө” гэж учирлан тайлбарласан өгүүлбэр байна.
Энд байгаа “Эрдэм чадал дорой мөчид боловч шударга сэтгэлийн өчүүхэн журам бүхийн тулд бүх цэргийн жанжны хүнд тушаалын үүргийг бие дор хүлээсэн” гэсэн нь утгын хамаарлаараа тэр үеийн Ардын хувьсгалын удирдагчдыг хувьсгалын үйл хэрэгт нэгтгэн зангидаж байсан нийтлэг эрхэм зүйл нь тэдний шударга сэтгэл мөн байсныг эндээс харж болох байна.
Тэгээд түүнийгээ “Шударга сэтгэлийн өчүүхэн хувь бүхий тул“ гэж даруухан бөгөөтлөө цаанаа л нэг донжтой чамин хэлжээ. Өдгөө манайхны “Хууль зөрчиж хариуцлага алдах” гэж илэрхийлдэг санааг “цаазыг халдаж ялд холбогдох” гэсэн нь цаанаа давхар утгыг далдалж байна.
Бодвоос “цааз” гэсэн үгний араас “халдаж” гэсэн үг залгасны утгыг мөшгөн сэхээрвээс цааз гэдэг бол хэний хэн гуай нь ч хаана, хэзээ ч халдах эрхгүй дархан хэм хэмжээ мөнийг “халдаж” гэсэн энэ үг их л яруу тод илэрхийлсэн байна. Энэ хэсэгт олон сонин содон хэллэг байна. Ялангуяа “наагуурдан ухаж’’ гэсэн хэллэг нь хэн хүний санаанд амар хялбар ороод ирдэг үг биш байна.
“Иймийн тул …гажуугаас зайлж, шударга дор дэвшиж, мууг гээж сайн дор улирч, өөр өөрийн хүлээсэн албан хэрэг дор үнэн санаа, чин зоригоор хичээнгүйлэн зүтгэхийг эрмэлзэн хүсэж тусгайлан хэдэн зүйлийг наалдуулан сэнхрүүлэв” хэмээн энэхүү сэнхрүүлэх бичгийг бичихэд хүрсэн учир шалтгааныг тайлбарлажээ.
Энэ өгүүлбэр дотор бидний тэр бүр хэрэглэлгүй орхисон олон сайхан үйл үг хэрэглэсэн байна. Гажуугаас зайлж, шударга дор дэвшиж, мууг гээж сайн дор улирч гэсэн нь над мэтийн молхи үгтэй бичээч нарт үлгэр загвар болмоор уран нарийн хэллэг байна. Шударгад дэвшиж гэснийг ажваас тэр үед шударга үнэнч байхыг иргэн хүний хөгжил, дэвшил гэж үздэг байсан байж болох мэт.
Сайнд улирч гэсэн нь сайжрахыг бус дандаан сайн хэвээрээ байхыг сануулсан үг гэж ойлгож байна. Бас “тусгайлан хэдэн зүйлийг наалдуулан сэнхрүүлэв” гэсэн нь ховорхон найруулга мөн биз.
Бас нэгэн зүйл эшлэхийн учир. “Олон хороо ангийн цэргийн дотроос энд тэнд явж, архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулсан зэрэг хэрэг гарч ирэх нь хааяа буй. Архи хэмээгч угаас ёсыг алдуулан ёрыг өрнүүлэхийн үндэс мөний тул урьд удаа чангалан цаазалсан дүрэм, хэмжээ цөөнгүй. …нэн ялангуяа архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулан, түүний учир дор цаазыг халдаж ял янхад холбогдохыг ашид тэвчин цээрлэгтүн!
Энэ зүйлийг онцолж эш болгохын нэгэн учир гэвэл Сүхбаатар жанжин бээр архины хор холбогдлыг олон мянган цэрэг дайчдад үнэхээр л наалдуулан сэнхрүүлэгч байсныг хэлэх гэсэн хэрэг болно. Архи бол “ёсыг алдуулж, ёрыг өрнүүлдэг” гэсэн нь архидахын хор холбогдлыг хурц тод илэрхийлсэн онч мэргэн үг мөн.
Басхүү “Нэн ялангуяа архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулан, түүний учир дор цаазыг халдаж ял янхад холбогдохыг ашид тэвчин цээрлэгтүн!” хэмээсэн сургаалын дотор үг хорших замаар гол үгээ нөгөө үгээр нь хамтатган тодотгодог уламжпалыг ашигласан “өр шир”, “ял янх” хэмээх хоёр хоршоо үг энд байна.
Эл хоёр хоршил хэзээ хэрхэн үүсэн бий болж аман ярианд байнга ашигладаг болсон түүхийг мэдэхгүй. Өр хэмээхүйн утга нь шир гэсэн үгээр, ял хэмээхүйн утга нь янх гэсэн үгээр улам тодорч уншигчийн сэтгэлийг хөндөж эмзэглүүлэх хүч нь нэмэгдэж байна. Гэхдээ гол чухал зүйл нь тэрхүү хоёр хоршоо өгүүлэгдэхүүнийг хүнд хүргэж байгаа өгүүлэхүүн нь танин мэдүүлэх нөлөөтэйг онцолж байна.
Өр тавих гэдгийг “байгуулах”, ял янх дор орохыг “холбогдох” хэмээсэн нь илүү оновчтой болсон байна. Өрийг тавьдаггүй харин шинээр бий болгож байгуулдаг учиртайг бодолцсон өгүүлэхүүн бололтой. Энэ ч бас давхар ухааны нэг янз маяг мөн. Үүнчлэн ял янх дор ордоггүй харин түүнтэй холбоотой болдог учиртай юм байна.
Өрийг шир гэсэнтэй холбож хоршоо үг болгосон нь эрт үед өрийг өгч эс чадвал ширлүүлдэг байснаас улбаатай хэллэг байж магадгүй. Ямар боловч өрийг шир гэсэн үгээр хүч оруулан зүрх сэтгэлийг хөдөлгөхөөр хоршсон уламжлалт хэллэгийг энд үлэмж зохимжтой ашиглажээ.
Бас нэгэн зүйл эшлэх нь: “Харин ч урьдах засгийн үед цэрэг томилохуй дор их төлөв гэр ядуу, хөгшин буурай, гүдэс молхийг түлхэж, нэр тоо болгосноор ирсэн нь одоо манай тэгш журамт засгийн үед эрхэм, доорд хэмээн ялгаварлан үзэхгүй” даруй нэгэн гэрийн хэрэг мэт тушаал зааврыг хичээнгүйлэн хэвийг сахиж, сурах боловсрохыг өглөө, үдэш үнэн санаагаар шамдан хичээвээс даруй шалган байцаан үзээд, сурсан боловсорсон нь ад биш сайн болбоос уул нутаг хошуун дор буцааж, дахин сургуульгүй цэрэг нөхөн авч, халалцан суулгах учир буйн тул үүнээс хойш олон цэргүүд омдгойлгоор ойр бодож оргон зайлж, баригдан чирэгдэж, ял янх дор холбогдож муу нэр тэмдэглүүлэхгүй, харин сурах боловсрохыг хувь илүү шамдан хичээж, шалган байцаан үзэх цаг дор сайн дор тооцогдож өвс вээн уул нутаг хошуун дор буцаж болохыг бүгдээр гүнээ ухамсарлан мэдэж нэн хичээгтүн!” гэжээ. Эндээс анзаарахад гүдэс молхийг түлхэж, нэр тоо болгосноор ирсэн гэдгийг яах ч аргагүй уран тансаг хэлэхүй хэмээн чухалчилж байна…
Өнөө цагийнхны хэлдгээр бол оюуны хомсдолтой, цэргийн үүрэг биелүүлэх чадваргүй хүмүүс гэдгийг гүдэс молхи гэсэн нь яруу найрагчдын үг гэхээр уран хэллэг мөн байна. Түлхдэг гэдэг нь миний ойлгож байгаагаар бас их донжтой уран хэллэг. Учир гэвэл говь тал нутгийн анчид дээр үед өмнөө тэмээгээ түрэн ар талд нь нуугдан мярааж зээр гөрөөсөнд ойртдог аргыг “тэмээ түлхэх” гэдэг байсан.
Орчин үеийн улс төрийн хэллэгээр бол хар пиар хийх, эсхүүл дүр эсгэх (популизм)- тэй тойруу утгаараа садан төрөл ойлголт. Тэгэхлээр оюуны хомсдолтой хүмүүсийг цэрэгт ирүүлж мэхэлж байна гэсэн санааг “Гүдэс молхийг түлхэж нэр тоо болгож байна” хэмээн өөр үгээр их л аятайхан хэлжээ. Бас ойр бодож муу нэр тэмдэглүүлэхгүй, хэвийг сахих зэрэг нь бидний өнцгөөс харахад огт хэрэглэж дадаагүй шинэ хэллэг юм.
Бас нэгэн зүйл эшлэх нь: “Дэмий энд тэнд самууран зууралдаж, хэрэн хэсч явах нь үнэхээр гутамшгийн туйл болохыг бүгдээр ухамсарлан мэдэж чармайн тэвчвээс зохимой” гэхээр үл барам цэргийн хүн, зэр зэвсэг дор итгэхүй нь нэн чухлын тулд өөр өөрийн буу сэлмийг хөсөр хаяж таягдах, дэмий чавчиж мохоох, эвдэж зэврүүлэхэд хүргүүлэхгүй, биеэс хол ангижруулахгуй, уруул шүдний мэт хайрлан хамгаалж, хямгадан, энхрийлж эрхэмлэн авч явагтун!” гэжээ.
Эл эшлэлд дурдсанаас “Гутамшгийн туйл, зэр зэвсэг дор итгэхүй, уруул шүдний мэт, энхрийлж явагтун!” гэсэн нь бас л шинэ санаа агуулсан уран сонин хэллэг санагдана. Ялангуяа зэр зэвсгээ хайрлах гэсэн санааг зэр зэвсэгтээ итгэж явах хэрэгтэй гэсэн утгаар хэлснийг цохон тэмдэглэе. Тусгайлан эшлэл авч онцлохыг үүгээр цэгцэлж эх бичгийг бүрэн эхээр нь дор хавсаргалаа. Өөр өөрийн үзэл бодлоор задлан шинжилж таалан болгоох буй за.
ЖАНЖИН СҮХБААТАРААС ХАРЬЯАТ ЦЭРГҮҮДДЭЭ СЭНХРҮҮЛЭН УХУУЛСАН БИЧИГ
1922 оны арван хоёрдугаар cap
“Олон хороо, ангийн түшмэл цэргүүд дор тусгайлан сэнхрүүлж ухуулахын учир. Үүний урьд манай Монголчууд Хятадын харгис Гамин, Оросын цагаан намын хулгай Барон Унгерний зандалчин цэргийн эрх дор дараа дараагаар орж, шашин төрийн лам, ноёдоос дараалан цэрэг ард хүртэл баригдах хоригдох, алагдах талагдах зэргээр үнэхээр ус галын зовлон дор учирч, хөл зогсож, үг хэлэх газаргүй болон мухардан шахамдаж агсан явдлыг бүгдээр мартах завдал болоогүй буй заа.
Харин завшаан дор лам, номын хүчин хийгээд олон цэргийн эрдэм бодлого дор итгэж, чин зоригийг гүйцэтгэж, цагийг тохиолдуулан, газар орноо бүрэн бүтнээр хамгаалан авч, ардын эрхтэй засаг байгуулж язгуурын багш, умар зүгийн шарын шашны эзэн богд хаанаа эрдэнийн сууринаа хэвээр залж өргөмжлөн элдэв хэргийг явуулж бүхий язгуурын багш, умар зүгийн шарын шашны эзэн богд хаанаа эрдэнийн сууринаа хэвээр залж өргөмжлөн элдэв хэргийг явуулж бүхий нь дан ганц гадаадын харгис этгээдийн
дарлагдлыг дахин амсахгүй, бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнийг амгалан туйл дор хүргүүлж, тэгш журамт, баян хүчирхэг улс болохыг гол болгосон хэрэг болой.
Юуны өөрсдийн биес дор эрхэм нэр, гоёч магтлага хүлээхийг эрмэлзэх ажээ. Үүгээр үндсийг бататган, хойчийг сайжруулж, баян хүчирхэг улс болон тогтнохуй дор эртээс янагш эр цэрэг хэрэглэхийг эрхэмлэн урьдал болгожээ.
Сүхбаатар би хэдий сурсан мэдсэн эрдэм чадал дорой мөчид боловч шударга сэтгэлийн өчүүхэн журам бүхийн тулд бүх цэргийн жанжны хүнд тушаалын үүргийг бие дор хүлээсэн бөгөөд аливаа учрыг тайлбарлан сэнхрүүлэхгүй ам жимийн агсайн сууваас харьяат олон түшмэл цэргүүд тэр бүр ёс суртал, бодлого зорилтыг бүрнээ нарийвчлан мэдэхгүй, хааяа ташаа таавраар наагуурдан ухаж дээшид болбоос улс төрийн их хэрэг дор харштай болон, дорогшид болбоос өөрсдийн биес цаазыг халдаж, ял дор холбогдох болуузай хэмээн санах тутам зүрх өвдөнө.
Иймийн тул түшмэл цэргүүд бүгдээр эртний ёс суртал, эдүгээх шинэ засгийн бодлого зорилтыг гүнээ ухамсарлан мэдэж, гажуугаас зайлж, шударга дор дэвшиж, мууг гээж сайн дор улирч, өөр өөрийн хүлээсэн албан хэрэг дор үнэн санаа, чин зоригоор хичээнгүйлэн зүтгэхийг эрмэлзэн хүсэж тусгайлан хэдэн зүйлийг наалдуулан сэнхрүүлэв.
Нэг. Ойрноос олон хорооноос оргон зайлсан цэргийн нэр нэлээд олон. Санаваас нэгэнт албаны газар дор аймаг хошууд, шавь отог, нэр намыг нэг нэгнээр тодорхойлон данс тэмдэглүүлсний хойно оргон зайлахуй нь яахин баригдахгүй гарч болно. Нэгэнт баригдсаны хойно хэрхэн өршөөлийг илэрхийлэвч улсын цааз дор эрхгүй ял буйн тулд яахин мултран хэлтрүүлэх ажээ.
Харин ч урьдах засгийн үед цэрэг томилохуй дор их төлөв гэр ядуу, хөгшин буурай, гүдэс молхийг түлхэж, нэр TOO болгосоор ирсэн нь одоо манай тэгш журамт засгийн үед эрхэм, доорд хэмээн ялгаварлан үзэхгүй, бичиг үсэг бүхий, ухаан сэргэлэн хүмүүсийг зориуд томилон авч нэгэн адил сургууль үйлдүүлэн бүхийн тулд дэмий тэр, энэ хэмээн атаархан шалтгаацах үггүй, даруй нэгэн гэрийн хэрэг мэт тушаал зааврыг хичээнгүйлэн хэвийг сахиж, сурах боловсрохыг өглөө үдэш үнэн санаагаар шамдан хичээвээс даруй шалган байцаан үзээд, сурсан боловсорсон нь ад биш сайн болбоос уул нутаг хошуун дор буцааж, дахин сургуульгүй цэрэг нөхөн авч, халалцан суулгах учир буйн тул үүнээс хойш олон цэргүүд омдгойлгоор ойр бодож оргон зайлж, баригдан чирэгдэж, ял янх дор холбогдож муу эр тэмдэглүүлэхгүй, харин сурах боловсрохыг хувь илүү шамдан хичээж, шалган байцаан үзэх цаг дор сайн дор тооцогдож өвс вээн уул нутаг хошуун дор буцаж болохыг бүгдээр гүнээ ухамсарлан мэдэж нэн хичээгтүн!
Хоёр. Олон хороо ангийн цэргийн дотроос энд тэнд явж, архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулсан зэрэг хэрэг гарч ирэх нь хааяа буй. Архи хэмээгч угаас ёсыг алдагдуулан ёрыг өрнүүлэхийн үндэс мөний тул урьд удаа чангалан цаазалсан дүрэм, хэмжээ цөөнгүй.
Тэр ч байтугай цэрэг дор суух гэр, хувцас хунарыг засацгаан бэлтгэж сангаас цалин тавих хийгээд олон түмэн ардын хөрөнгөнөөс хүнс, түлш зэргийг томилон гүйцэтгэж өгөх нь ер ховор мөчид болгосон газаргүй. Зүй бусаар бүрэлгэн сүйтгэхгүй, хэмнэн арвилж хэрэглэвээс өр шир байгуулах ч байтугай харин илүү гарч эцэг эх, эм, үрийг тэжээхэд нэмүүр болон шударга сайны элбэрэл танигдаж үгээгүйгээс баялагт дэвшиж болно.
Угаас олон түмэн ард хэрэглэлийг гүйцэтгэж цэргийг тэжээх ба цэрэг түүний хүчинд итгэж улс гэрийн хайгуул халхавч болон батлан хамгаалахуй нь харилцан дор их л тус бүхийн тулд өөр өөрийн хөрөнгө ба биений албан дор дэмий тунирхахгүй, тус тус шударгыг гүйцэтгэн, эв найрамдлыг зузаатгаж, нэн ялангуяа архи дарс ууж, хэрэлдэн занчилдаж, өр шир байгуулан, түүний учир дор цаазыг халдаж ял янхад холбогдохыг ашид тэвчин цээрлэгтүн!
Гурав. Цэрэг хэмээгч улс гэрийг батлан хамгаалахын тул зориуд дайчлан хуралдуулсан нь нэн чухал. Дэмий энд, тэнд самууран зууралдаж, хэрэн хэсэж, бузар буртагт хольцолдон өвчин гамшигт учрахгүйг нэн эрхэмлэж, өөр өөрийн суусан албаны гэрийг ариун сайтар шүүрдэн, бие ба хувцас хунарын буртаг хирийг угааж цэвэрлэж, муу гутамшгийг үгүй, болгож сүр жавхланг бадруулахыг өдөр тутам, цаг дараалан чармайн хичээнгүйлж гүйцэтгэвээс дээшид улс төрийн сүр бадарч, дорогшид өөрсдийн биес ариун цэвэр болмой.
Харин шүүрдэх, ариутгах, угаах цэвэрлэхийг үл хэрэгсэн, албаны цэрэг, энгийн гуйланчийн ялгавар мэдэгдэхгүй, дэмий энд тэнд самууран зууралдаж, хэрэн хэсч явах нь үнэхээр гутамшгийн туйл болохыг бүгдээр ухамсарлан мэдэж чармайн тэвчвээс зохимой гэхээр үл барам цэргийн хүн, зэр зэвсэг дор итгэхүй нь нэн чухлын тулд өөр өөрийн буу сэлмийг хөсөр хаяж таягдах, дэмий чавчиж мохоох, эвдэж зэврүүлэхэд хүргүүлэхгүй, биеэс хол ангижруулахгүй, уруул шүдний мэт хайрлан хамгаалж, хямгадан, энхрийлж эрхэмлэн авч явагтун!
Дөрөв. Цэргийн хэрэг хэмээгч энэ өдөр тайван боловч маргаад түгшүүртэй болохын баримт олоогүй, эгшин зуур түргэн яаралтай хэрэг тохиолдвоос дан ганц агт морины хүчин дор итгэмой. Тиймийн тул агт морьдыг унаж эдлэх ба харьяалан мэдэх цэрэг албаны хүмүүс одоогоос эхлэн нэн санаа болгоомжлон тайван алгуур цагт дэмий
хэмжээгүй эдэлж турж эцэгдүүлэхгүй, хөл нуруу, тарга хүчийг хайрлан асрамжлан тэжээж, эрхгүй чухал хэрэглэх цаг тохиолдвоос саатагдан боогдохгүй болгон үүгээр улсын хэрэг дор түргэн тустай болгох хийгээд ард түмний хөрөнгийг дэмий илүү чирэгдүүлэхийг үгүй болгогтун!
Тав. Олон түшмэл цэргүүд албан өөрийн хэргээр Нийслэлийн газрын хороо, зээлээр явах ба хөдөө газар албан зарлаган дор гарах нь болбаас тус тус номхон шударгаар төв ёсыг сахиж, зөвхөн хэргийг гүйцэтгэхийг туйл болговоос зохимой. Харин ДЭМИЙ нэр, ЗЭВСЭГ дор эрдэж омгорхон бардамлаж, айлган хяхаж явах зэрэг муу гэмийг бүрнээ гээгтүн!
Үүнээс дээш хэдэн зүйлийг анги дараалан гүнээ хянан болгоомжилж явагтун! Бүү хоосон үг болгон үзэгтүн!
НТА, Ф,12,Д.1, ХН.267, 1-2-р хуудас. Эх.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ
Category: Монгол үндэсний түүх
-
Их бичгийн хүн /хэсэг 2/
-
Их бичгийн хүн
Нийтлэлийн баатар ийм л төрхтэй нэгэн. Хэлсэн ч хэлээгүй ч алдар нэрийг нь ард түмэн мэднэ. Андуурах аргагүй онц гарамгай гавьяа түүнийх учраас будилж төөрөх аргагүй. Тэр хүнийг Дамдины Сүхбаатар гэдэг. Ямархан чухал хүн байсныг баараггүй үнэнээр мэдье гэвэл ард олны өнцгөөс тэр хүнийг харах учиртай.
Монгол түмэн түүнд алдар нэр хайрлахдаа чухамхүү дүр төрхийг нь хөрөг зураг мэт урлан бүтээсэн байдаг. Жишээлбэл “Цагаан нэхий дээлт Дамдины хүү” гэх. Ядуу харц ард гаралтайг нь ингэж тодорхойлжээ. “Гоймон баатар” гэх нэр бас буй. Аймшиггүй чин зоригт үндэсний баатар хүн байсныг үүгээр тодотгосон байна. “Ухаа хонгор морьтой улсын их жанжин” гэх нэрийг бид илүү олон дуулсан.
Жанжин хэмээхүй нь олон улсын жишгээр маршал гэдэгтэй утга дүйнэ. “Их” гэдэг тодотгол нь фельд гэсэн үг мөн байж болно. Их жанжин хэмээхүй нь ингээд бодвол фельдмаршал гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна. Юутай ч гэсэн Монголын ардын нам, ардын төр засаг, цэрэг армийг үүсгэн байгуулагч анхны жанжин мөн байсныг энэ алдар цол хойч үеийнхэнд нь ойлгуулж байна.
Тэгтэл бас “учир бүгдийг ухуулсан улсын их жанжин” гэсэн нэршил хориод оны эхний нэгэн алдартай дуунд байдаг. Ардын монголын анхны томоохон соён гэгээрүүлэгч мөн байсныг үүгээр үнэмшүүлж байна. Монголынхоо ард түмнээс ийм олон сайхан алдар нэр хүртсэн энэ хүн үнэхээр гайхамшгийн гайхамшигт нэгэн байжээ.
Учир гэвэл төр, арми, бичиг соёл гэсэн тэргүүлэх гурван салбарт нэгэн зэрэг од шиг тодорч, оч шиг бадрагч тэр хүмүнийг үүнээс доогуур үнэлэх арга байхгүй юм.
Д.Сүхбаатар жанжин төр нийгмийн дээд төвшинд чухам хэн байсан юм бэ. 1921 онд Оросын албан ёсны төлөөлөгч Борис Захарович Шумяцкийгээс Оросын гадаад хэргийн ардын комиссар (одоогийнхоор бол гадаад хэргийн сайд) алдарт дипломат Г.В.Чичеринээр уламжлан Зөвлөлт засгийн тэргүүн В.И.Ленинд хүргэсэн танилцуулгад чухам л нүдийг нь олж хэлсэн дүгнэлт байдаг.
Тэнд “Сүхбаатар Бүх цэргийн жанжин болон Цэргийн сайд. Үндэсний хувьсгалт хөдөлгөөнд Данзан, Бодоо нарын хамтаар Ардын хувьсгалт намыг байгуулагдсан цагаас нь эхлэн оролцсон (1919 оны сүүлч)… Тэрээр харьцангуй залуу хүн юм. 29-30 настай. Ер бишийн эрэлхэг зоригтой бөгөөд туйлбартай. Ард олонтой харилцаж чаддаг, тэднийхээ дунд үндэсний баатар гэсэн эргэлзэхийн аргагүй алдар нэртэй, харин цэргүүдийнхээ дунд хатуу боловч үлгэр жишээ цэргийн даргад тооцогдоно… Ард гаралтай. Данзангийн нэгэн адил оросоор бага зэрэг ярина” гэжээ.
Энэ үг оросын нэрт сэтгүүлч Л.Шинкаревийн “Ю.Цэдэнбал, түүний цаг үе” номын хоёр дугаар ботид байгаа. Ленин хэмээх тэр хүнд хүргэсэн өндөр дээд хэмжээний танилцуулгад гадаад монголын үндэсний баатар бөгөөд үлгэр жишээ цэргийн дарга мөн байсныг шуудхан ингэж тодруулан өргөмжилжээ. Ийм хариуцлагатай агаад маргашгүй үнэлгээ бэлэн байхад миний мэтийн хүний аахар шаахар магтаал үг энд жижигдэнэ.
Хөх тэнгэрийн үзэлт бидний өнцгөөс харвал энэ хүн Монголыг мөхөл сүйрлээс шалав түргэн аврах тэнгэрийн яаралтай томилолтоор ирж даалгавраа гялс биелүүлээд манай энэ замлин хорвоод дөнгөж үзэгдээд л буцсан. Ердөө гучхан насандаа явчихсан. Буцахынхаа өмнөх хэдхэн жилийн дотор төр, арми, соёлын салбарт нэг гуч байтугай хэдэн гучин жилд бүтээж дийлэмгүй их үйл хэрэг бүтээж өгөөд буцсан нь сохор хүнд ч харагдахаар тод байна.
Ердөө л гуч шүү, гучхан нас! Гучин нас гэдэг юу юм бэ гэвэл юу ч биш. Өнөөгийн УИХ-ын болон засгийн газрын гишүүдийн дотор гэхэд гуч түүнээс дотогш настай хүн үзэгдэх нь бараг нүдний гэм. Миний хувьд ийм насандаа их жанжныхаа нэрэмжит НДС-ийн хөгшин оюутан явсансан.
Эдүгээ Монголын ардын хувьсгалын 95 жилийн их ой тохиож байна. Ийм тэмдэглэлт үед заавал нэр цохон үнэлэгдэх ёстой гол хүн бол Сүхбаатар жанжин яалт ч үгүй мөн учраас энэ удаа энд ийнхүү дурсаж байна.
Миний бие Сүх жанжны тухайд урд өмнө төдийлөн ярьж бичдэггүй байсан боловч түмний сонорт заавал хүртээж мэдүүлэх учиртай онцгой нэгэн авьяас чадварынх нь талаар эл нийтлэлд тодосгохыг хүсэв.
Миний олж мэдсэнээр нөхөр Д.Сүхбаатар бол Монголын их бичгийн хүн мөн байжээ. Монгол ухаанаар сэтгэж боддог, тэрхүү бодлоо бусдын хэлээгүй үгээр олны зүрх сэтгэлд наалдуулан бичиж чаддаг ер бусын авьяас түүнд заяасан байж. Бүтэн үхрийн махыг ганц үнхэлцэгт нь багтаан үүцэлдэгтэй нэгэн адил нуур далай шиг халгиж цалгих үгсийн их чуулганыг чухам л товч шиг товчлон, бяслаг шиг шахаж бичдэг хүний нэг нь тэр хүн байжээ.
Тийм учраас түүнийг их бичгийн хүн хэмээн өргөмжилж байна. Их бичгийн хүн гэхээр заавал олон боть ном судар зохиосон байх албагүй. Ямар ч атугай давтагдашгүй, няцаагдашгүй, арилж бүдгэршгүй түүхэн их үнэнийг нээн олж бичгийн хэлээр түмэн олныг гэгээрүүлсэн байхыг гол шалгуур болгох учиртай.
Монгол хүн нэгнийгээ тавхан үгэндээ танигддаг гэлцдэг. Тийм үгтэй ардын дуу хүртэл бий. Манай жанжин бол үнэхээр таван үгэндээ танигддаг хүн. Илүүч үгүй дутуу ч үгүй ердөө тавхан үгтэй нэгэн цэцэн үгийг нь энд эшилье: “Нэг үгнээс түмэн утга цацарна”. Ам дамжин жаахан товчлогдсон ч утга санаа нь огт гажаагүй үг юм байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Гонгоржавын эмхтгэж, С. Жамбалдорж редакторлаж 1984 онд хэвлүүлсэн “Д.Сүхбаатар” хэмээх номд жинхэнэ бичгээр үйлдсэн эх хувь орсон байна билээ.
Тухайлбал “Бичиг зохиолын ганц хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарч болно” гэж хэлсэн байдаг юм байна. Энэхүү арван таван үг нь энгийн ярианд “Нэг үгнээс түмэн утта цацарна” хэмээн товчлогдон улмаар ардын зүйр цэцэн үг болжээ. Хэл зохиолын салбарт “хэлээгүй үг “ (оросоор подтекст) гэх томьёолол байдаг. Үүнийг Дандины “Зохист аялгууны тольд” “тодорхой утгатын дүрэм” гэж нэрлэсэн юм гэсэн. Тиймээс Д.Сүхбаатар бээр “Нэг үгнээс түмэн утга цацарна” гэсэн үгээрээ бас “Түмэн утгыг ганц үгээр зангидаж болно” гэж “хэлээгүй үг”-ээрээ хэлсэн болсон байна.
Ялангуяа “Жанжин Сүхбаатараас харьяат цэргүүддээ ухуулан сэнхрүүлэх бичиг” хэмээх нэртэй нэгэн содон бүтээлийн оршил хэсэгт байдаг Монголыг “Тэгш журамт баян хүчирхэг улс“ болгоно гэснийг жишээ болгон онцолж байна. Энэхүү таван үгийг “Нэг үгнээс түмэн утга цацарч болно” хэмээх утгаар ухаарч болохын хамт “Түмэн утгыг нэг үгээр зангидаж болно” хэмээх хэлээгүй үгийнх нь утгаар уншиж бас болно.
Энэ өгүүлбэр дотор үндэсний дэвшилт ардчилсан хөгжлийн тухай дэлхийн хэмжээний хамаарал бүхий түгээмэл зүй тогтлыг Монголын хөрсөн дээр буулгахдаа ердөө энэ тавхан үгэнд багтааж чадсан. Энэ бол яалт ч үгүй их бичгийн хүний оюун сэтгэлгээнээс төрсөн гайхамшигт бүтээл мөн.
Монгол Улсын хувьд хэчнээн олон жил мөрдсөн ч элэгдэж хуучрахын зовлон үзэхээргүй алдарт бүтээл хэмээн ойлгож байна. Өнөөдрөөс даруй ерэн дөрвөн жилийн тэртээ 1922 онд тунхагласан энэ үзэл санаа нь өнөөдрийн Монгол Улсын хувьд ягштал баримтлахаар хүсэмжилж бүхий хөгжлийн бодлоготой яв цав тохирч байгаа нь бүр ч бахархалтай.
Энэ цагийн манай ард түмэн Монголыг чухам л “Тэгш журамт баян хүчирхэг улс” болгохыг хүсэж түүний төлөө зорьж байна.Үүнийг энгийн ярианы хэлээр задалбал тэгш шударга ардчилалтай, баян чинээлэг иргэдтэй, хүчирхэг төр засагтай улс болгоно гэсэн утгатай үг. Бараг зуун жилийн тэртээ Сүхбаатар жанжны сэнхрүүлж байсан улс төрийн бодлогыг өнөөдрийн Монгол Улс мөн нэгэн адил хүсч тэмүүлж байна.
Бичгийн их хүний оюун сэтгэхүйгээс зуун зууны ачаа даахуйц иймэрхүү л жинтэй үг унадаг байна. Тиймээс жанжин Сүхбаатарын энэхүү бүтээлийг өөрийн мэдэх чинээгээр тайлбарлах гэж оролдъё.
Энэ таван үгт томьёоллын эхэнд онцолсон “Тэгш журамт” гэдэг нь аливаа ялгаварлан гадуурхах явдлыг эрс үгүйсгэсэн жинхэнэ чин шударга ардчилсан төрийн тогтолцоотой байх учиртайг илэрхийлсэн үг. Хүмүүсийг эрхэм, доорд гэж ялгаварлахгүй байхыг тэгш журам хэмээн Сүхбаатар жанжин үзэж байсан нь энэхүү бичгийн дотор бичээтэй байдаг юм.
Тэгш журамт амьдралыг үндсээр нь баллуурдаж, туйлын тэгш бус байдлыг бий болгож зовлон эдлүүлдэг салбар бол эдийн засаг. Тэнд энерги хадгалагдах хууль, харилцах савны хууль гэдэг шиг давагдашгүй бодит хууль үйлчилж байдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид магадлан тогтоосон юм билээ.
“Тэгтэй тэнцүүгийн хууль”. гэж нэрлэсэн нэг сонирхолтой онолыг санамсаргүй учралаар олж уншсан. Залуу байсан болохоор тусгайлан анзаараагүй. Гэвч ерөнхийд нь санаж байна. Энэ онол бол АНУ-ын нэрт эрдэмтэн, Конгрессийн нэгдсэн эдийн засгийн комиссын зөвлөх байсан Мистер Туроугийн бичсэн онолын судалгааны ном байсан.
Нэг нь тавыг хожсон бол нөгөө нь тавыг алдана. Нэг нь баяжаад л байгаа бол нөгөө нь хоосроод л байна. Нэгэн зэрэг хожиж бас нэгэн зэрэг алдаж болдоггүй. Тиймийн тул төр хажуугаас нь тэнцвэржүүлэх ёстой гэсэн утгатай онол байдаг юм. Ард нийтээрээ баян чинээлэг байхыг хүсэмжлэн зорьсон Сүхбаатар жанжны эл алдарт сургаал нь эцсийн бүлэгт энэхүү тэгтэй тэнцүү нийгмийн онол руу хөтлөн уулзуулж байна.
Тиймээс аваа өгөөний тэнцвэрийг төр засаг хажуугаас нь оролцож тэнцвэржүүлэхгүй бол Монгол Улс цаашдаа ч баян хоосны ялгаагаар хоёр тийш улам туйлширна. Ажилгүйдэл, ядуурал шийдэгдэхгүй улам бүр хурцдаж эдийнзасгийн хямрал хүндэрнэ.
Чөлөөт зах зээл гэгч нь орлогоо хуваах аргаар дагнан хөөцөлдөж байдаг. Үүнийг үнэ хөөрөгдөх, амьд хөдөлмөрийн мөлжлөгийг хүчтэй болгох, цалин тэтгэвэр хасах, авилга хээл хахууль, шахааны бизнес дэлгэрэх зэрэг олон арга хэлбэрээр хэрэгжүүлдгийг манайхан сайн мэднэ. Ийм нөхцөлд төр засаг “алдагдал хуваах” хэмээх бодлогоор тэнцвэржүүлж зохицуулах шаардлагатай болдог.
Шударга бус аргаар олсон орлогын зохих хувийг татварлан авч татаас, нөхөн төлбөр, цалин, тэтгэвэр тэтгэмжээр дамжуулан дахин хуваарилахыг алдагдал хуваах арга гэнэ. Үнэ нэмэгдсэн бол цалин татаас нэмэгдэж байх нь тэгш шударгаар амьдрахын зайлшгүй нэгэн шаардлага. Хэрэглэгч түмэнд маргаашийн өөх биш өнөөдрийн уушиг хэрэгтэй.
Гэтэл манайхан өнөөдөргүй маргаашийг ярьж олон түмнийг хоосон горьдоодгоо зогсохгүй бол эдийн засгийн салбарт тэгш журам хэрэгжихгүй. Чингэхлээр бийлэг дундчууд зонхилсон иргэдтэй налгар аядуу, эрх чөлөөт нийгмийг байгуулах арга байхгүй. Сүхбаатар жанжны багцалж хэлсэн “тэгш журамт” хэмээх үгний дотроос цацарч бүхий түмэн утгын ганц хоёрхныг зөвхөн өнгөц хийсвэр тэмтрэх төдийд нэг иймэрхүү.
Тэгш журамт гэдгийн ар талд байгаа “баян” хэмээх үг нь давхар сэтгэх ухаарлын цонхоор харваас зохих ганц үгэнд түмэн утгыг нэгтгэсэн үнэхээр их багтаамжтай үг. Дөрөвхөн үсэг бүхий баян хэмээх эл үгний цодгорхон ходоод гэдсэнд манай гаригийн найман тэрбум хүний баян цатгалан амьдрах гэсэн мөнхийн тэмүүлэл багтаж байгаа.
Гэвч амьдралд тийм байж огт чаддаггүй. Ийм учраас түмэн хүний зовлон, цөөн хүний жаргалыг агуулсан энэхүү урт чацтай богино мөчтэй үг үнэхээр түмэн утгаар солонгордог нь ойлгомжтой. “Иргэн баян бол улс баян” гэсэн дүгнэлтийг далдуур өөртөө багтааж “баяжигтун” хэмээх үзэл санаагаар солонгорч байна.
Малчнаар жишээлэхэд нэг өрх айл гэхэд барагцаалбал мянгаас хол илүүгүй тооны малтай байх жишээний ойлголт. Олон улсын жишгээр бол чинээлэг дундчууд гэдэг юм байна. Айл өрх бүрийг цалин, тэтгэвэр хийгээд бусад орлогоороо өөрийгөө тэтгэж тэжээх хувийн өмч хөрөнгөтэй болгох агуулга бүхий нь тодорхой байна.
Ерөнхийдөө бол АНУ, Япон, Швед, Норвег, Дани зэрэг зүүн хойд Европын орны иргэд шиг болох гэсэн үг. Монгол шиг ийм их баялагтай, хүн ам нь боловсролтой, оюуны өндөр чадамжтай орны хувьд олиггойхон төр засагтайсан бол баян чинээлэг иргэнтэй улс болох нь бэрх асуудал огтхон ч биш.
Баян хэмээх үгнээс цацарч байгаа түмэн утгын ерөнхий төрх ийм л ажгуу. Баян гэдгийн дараа байгаа “Хүчирхэг” гэдэг нь юуны урьд өндөр хөгжилтэй орнуудынх шиг хүчирхэг төр засагтай болох, өөрөөр хэлбэл Монголыг чухамхүү жинхэнэ төр шиг төртэй болгох шинэлэг асуудал мөн. Төр хүчирхэг байхыг хүсвээс давын өмнө төсөв нь хүрэлцээтэй байх учиртай.
Хүрэлцээтэй төсөв бүхий хүчирхэг засаг төртэй болсон тохиолдолд л жирийн багш эмч, мэргэжилтнүүд цалингаасаа хувийн өмч бий болгох боломжтой болж таарна. Тэгэхдээ одоогийн орон сууцны зээл шиг биш харин гадаадад ажилласан хүмүүс цөөн хэдхэн жилийн дотор байр худалдаж авах хэмжээний мөнгөтэй болоод ирдэг шиг өдөр тугмынхаа цалингаас хуримтлал үүсгэх замаар хувийн өмчтэй болгах хэмжээний цалин хөлс авдаг, олгодог болгоно гэсэн утгаар бүдүүвчилж болно. Тэгэхдээ энд улсын төсвийн хөрөнгөөр цалинждаг ажилтнуудын, тухайд л ярьж байна.
Иргэн бүрийг өмч хөрөнгөтэй болгон юмжуулах бодлогын нөгөө талруу нь лавхан өнгийж харваас хүчирхэг төрийн албан тушаалтнууд авлига авах хэрэгцээ шаардлага алга болсныг харж болно.
Сард дөрвөөс таван мянган долларын (наймаас арван сая төгрөгийн) цалинтай багш, эмч нарт заавал авлига хөөцөлдөх, нөгөө талаар үнэ ханшийг хөөсрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй болно. Ийм боломж бодитой оршин байвч төрийн эдийн засгийн бодлогыг буруу явуулснаас болж Монголын эдийн засаг өөрөө өөрийгөө сүйтгэж байна.
Үргэлжлэл бий…
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ -
Хубилай сэцэн хаан ба тал хээрийн Монголчууд далайд довтолсон нь №3
Тvvгээр ч зогсохгvй “Бөнэйгийн Ики”-н гол зорилго нь Цушимаг эзлэн номхруулахад чиглэж байсан учраас “камиказе” / ямар нэг далдын шидэт хvчин бус далайн хар шуурга буюу тайфун бөгөөд хавар намарт vргэлжид дэгдэж далайд яваа хөлөг буу хэл эх арлууд дээр аймшигт сvйтгэл ямагт учруулдаг байгалийн догшин vзэгдэл болно/-д “залгиулсан бус” зорилгоо хэрэгжvvлээд “гэнэт алга болсон” нь эх газар руугаа буцсан хэрэг хэмээн тайлбарласан нь ч бий. Vнэхээр 1274 оны байлдааны ажиллагааны зураг vvний маш тод нотолгоо болдог.
Ийнхvv Монгол цэрэг vvргээ амжилттай биелvvлээд яаран буцсан нь голтой тайлбар гэж болмоор. Далайн шуурганд нэлээд онгоц, цэргийн амь нас эрсдсэн ч буцаж чадсан байж болох юм. Саяхан “Маш нууц”сонины энэ оны сvvлийн дугаарт далайн тvvх судлагч нэгэн хvний өгvvлэл гарчээ. Тэрээр “Монголын флотын vлдэгдлийг олохоор 3 зун ажилласан” гээд “1274 онд живсэн гэгдэх онгоцнууд 200 ба тvvнээс дээш вэссэльд /далайн гvнийг хэмжих нэгж/ байсангvй. Харин Такашимагийн зvvн эргийн орчимд” онгоцны vлдэгдэл нэлээд тохиолддог тухай өгvvлжээ.
Энэ vед Монголчууд Азид бvрэн ноёрхож, дайснаа дараалан доройтуулж байсан учраас Японыг эзлэх нь тийм ч хэцvv зvйл байгаагvй. Харин гол дайсан болж байсан Нансо улсыг доройтуулахад Цушимаг довтлох тактикийн чанартай алхам зайлшгvй хийх шаардлага гарсан байна. Харин энэ анхдугаар довтолгооны тухай нууц мэдээллийг Нансогийн хэдэн лам хуврагууд бурхан шашны хэргээр яваа гэдэг нэрийн дор жанч нөмрөн Жипанд очиж мэдээлсэн байж магадгvй гэж судлагчид тэмдэглэсэн нь оргvй ч зvйл биш бололтой.
Хубилай хааны далайн цэргийн хоёрдугаар довтолгоон ба бусдад найдсан дипломат бодлогын сvйрэл
1274 онд болсон довтолгоон Кюшv арлын Хаката хотын орчим болж өнгөрсөн тvvхт явдлын ул мөр өдгөө “Монголчууд Японд довтолсон нь” / Ген ко кинен нохи/ гэрэлт хөшөө болой. Монголын эзэнт гvрний удирдагчид Японыг анхаарлынхаа гадна нэг ч өдөр орхиогvй ажээ. Нансо улсыг нэгтгэсний дараа Японыг эзлэх асуудал ээлжээ хvлээж байжээ. Тэрхvv тvvхэн vйл явдлын өмнө ч их Чингис хааны vеэс Монголын төрийн бодлогын vндэс нь болсон элчин дипломатын бодлого ач холбогдлоо алдаагvй байв.
1281 оны хоёр дахь довтолгооны өмнө олон цэрэг эрсийн амь насыг талаар vрэхгvйн төлөө Монголын эзэнт гvрэн өөрөөс шалтгаалах бvхнийг хийснийг тvvхийн баримтууд гэрчлэн хоцорчээ. Vvний тул мөн хэд хэдэн элчийн vйл ажиллагааг дурдах ёстой болно. Япон, Нансогийн харилцааны гол төв болж асан Цушима аралд довтолж, тактикийн чанартай зорилтоо биелvvлсний дараа Юаний 6 хvний бvрэлдэхvvнтэй элчийг Японд илгээсэн байна.
Vvнд: Тусачv 34 настай монгол vндэстэн, Хэ Вей Жv 38 настай хятад туслах, Санду Лю дин 32 настай Ислам туслах, Жу Сан 32 настай Гуулин туслах, Ка 32 настай Шvнви vндэстэн туслах, Жоса /онгоцны ахмад/ нар багтжээ. Итгэлгээний гол утга нь “Дахин энгийн цэрэг, ард иргэний амь биеийг хөнөөх дайнд хvргэлгvй бууж өг. Vvнийг сайтар тунгаатугай” гэсэн байж.
Эдгээр элч нарыг Хубилай хааны илгээлтийг хvргэж Японд очих vед Камеяама хаанчилж байсан боловч нэгэнт Юаний цэргийн болзошгvй аюул заналын өмнөөс сөрөн зогсох зориг хvч дутсан учраас бvх эрх мэдлийг нь цэргийнхэн буюу Шёогин булаан авч өөрийн засгийн газрыг Камакурад эмхлэн байгуулж, цэргийн хvч хуримтлуулсаар байжээ. Цаг хожих vvднээс удтал хvлээлгэсний эцэст 5 элчийг Камакvрагийн ойролпоох Тацvнокvчид цаазаар авч харин хөлгийн ахмад Жоса vл мэдэгдэх байдлаар сураггvй алга болжээ.
Vvнээс хойш нэг хэсэгтээ Япон руу чиглэсэн цэрэг дайны бодлого намжуу байдалтай болсон нь санамсаргvй хэрэг байсангvй, 1274 оны Япон руу хийсэн довтолгооноор Япон, Нансогийн дотно харилцаа тасалдаж, Монголчуудад гол дайсан болоод асан эх газрын Нансо улсыг эрхшээн авах таатай нөхцөл бvрэлдсэнтэй холбоотой байжээ. Монголчууд 1276 онд Нансод довтолж, 1279 онд ноёрхлоо бvрэн тогтоож чадав
Vvний дараагаар Япон руу чиглэсэн бодлогоо дахин сэргээжээ. 1279 онд Нансогийн цэргийн жанжин байсан Хамбуко, тvvний туслах Шихvкv, Ланчv, Чинко нарыг Япон улс руу элчээр явуулжээ. Нансогийн цэргийн жанжин Хамбvко Япон улстай их шадар холбоотой байсан цэргийн эрхтэн байв. Хубилай хаан vvнд нь их ач холбогдол өгч ихээхэн найдвар тавьж байлаа.
Гэвч хамт очсон 3 элчийг Хакатад цаазалж, харин эртний тvнш Хамбуког өршөөн буцаасан аж. Энэ мэдээ Хубилай хаанд хvрч тэснэ тэснэ гэхэд vvнээс илvv яаж тэсэх вэ гэдэг шиг Япон улсыг цэргийн хvчээр зайлшгvй номхотгох нь зvйтэй гэсэн бодлыг лавшруулж өгчээ. Уг нь тэдгээр элчид ихээхэн найдвар тавьж Солонгост цэргийн усан онгоц барих, зэр зэвсэг бэлтгэх зэрэг цэрэг дайны бэлтгэл ажлаа тvр зогсоон хvлээзнэж байж. Нөгөө талаар Солонгосын дотоодод иргэний шинжтэй жижиг дайн самуун ч дэгдээд байсан нь өөр нэг шалтгаан байлаа
Гэтэл 1280 онд Япон улс Солонгосын Жипо гэдэг жижиг хойг руу гэнэт довтлон оржээ. Япончууд хэдийнээс Солонгост довтлохыг хvсэн хvлээж байсан бололтой. Vvний гол шалтаг шалтгаан нь сонирхолтой юм. Солонгос улс удаа дараа Юань гvрний дуулгавартай зарц, гар хөл нь болж, элч зардас илгээн ятган ухуулж бас тулган шаардаж байсанд Японы цэргийн эрхтнvvд далдуур бухимдан хорсож байсан нь ойлгомжтой.
Vvний дараахан Хубилай хаан цэрэг дайны бэлтгэл ханалаа гэж vзэн 1281 оны 1-р сарын 1-нд хуралдай зарлан Алахан, Хамбvко, Кинто, Косакv нарыг Японд довтлох цэргийн жанжидаар томилсон зарлиг гаргасан байна. Ингээд 2-р сарын 20-нд Алаханаар удирдуулсан Их Юань гvрний олон vндэстнээс бvрдсэн цэргийг далайд гаргажээ. Эдгээр цэрэг олон vндэстний цэрэг байсан учраас хаан сэтгэл багагvй зовж “… эв найртай, нэгэн захиргаанд яв”, Японд хvрээд ” энгийн ард иргэн, тариачдыг ихээр алж хэлмэгдvvлж болохгvй” гэж хатуу цаазлажээ.
Харамсалтай нь энэ vед Япончууд дайсныхаа арга мэхийг мэддэг, тэдний эсрэг шинэ, өвөрмөц хамгаалалтын тактик боловсруулсан байлаа. Тоvрагийн 40 мянган цэрэг 5-р сарын 3-нд 900 хөлөг онгоцтойгоор Солонгосын боомт хот Каппогоос Япон руу хөдөлж мөн сарын 21-нд Цушимагийн Сагаvрад цөмрөн орж эзлээд, 26-нд Ики рvv довтолгооноо vргэжлvvлсэн аж.
Тэндээсээ Ноко, Шика хоёр арлын дунд Япон цэрэгтэй далайд тулгарч багагvй хохирол амсаж. Энэ vед Кунань цэрэг хараахан ирээгvй байсан учраас Тоvра цэрэг хvчин мөхөсдөх байдалтай болж Хаката руу шилжихээр шийдвэрлээд байтал халуун дулааны улирал тул олон хvн амь vрэгдсэнээс халдварт өвчин дэлгэрч арга буюу Эки рvv эргэн байршжээ. Мэн сарын 18-нд Кунань цэрэг Хятадын өмнөд хэсэг дэх Кейгин гэдэг боомтоос Япон руу хөдөлж, мэн сарын 29- нд Кунань цэргийн тvрvvч Экид хvрэлцэн ирж Тоvра цэрэгтэй нэгджээ.
Цэргийн жанжинаар Алахан ирсэн боловч удалгvй далайн өвчнөөр өвдөж, цэргийн удирдлагыг Атахай / япон дуудлагаар Адукай/ авч тулалдааныг удирдсан аж. Юаний их цэрэг Кунань, Тоvра хэмээх хоёр vндсэн бvлэглэл болж байж. Кунань цэрэг нийтдээ 3500 хөлөг онгоцтой байсан гэж бичжээ. Vvний бvрэддэхvvнд Өмнөд Су буюу өмнөд хятадын цэрэг дийлэнх нь байсан бөгөөд нийтдээ 100.000 хvнтэй байв. Энэ цэрэг Х-Х1 зууны vед Зvvн Азийн бvсэд маш хvчтэйд тооцогдож байв. Өмнөд Су улс /1127-1279 оны хооронд оршин байв/ Тайвань арлын ойрх одоогийн зvvн өмнөд хятадын эрэг хавийг хяналтдаа байлгаж байсан бол Хогсо / хойд/ Су уясын / 960-1279 он/ оршиж байгаад дараа нь тэдгээрийн оронд Нансо улс байгуулагдсан тvvхтэй.
Нансо далайн эрэг хавь газар ба төв хятадын нэлээд хэсгийг хамарч, Япон улстай бvх талаар ойр дотно харилцаатай хvчирхэг улс байжээ. Монголчууд 1276-79 онд Нансо улсыг доройтуулан Их Юань гvрний эрхшээд ноёрхлыг тогтоосон байна.
Кунань цэрэг Япон улс руу цөмрөхдөө хоёр чиглэлээр орсон бөгөөд нэг хэсэг нь Такашима арлаар довтолж, нөгөө хэсэг нь Цушимад буугаад тэндээсээ Эки рvv довтолсон. Тоvрагийн цэргийн бvрэлдэхvvнд Монгол, Хятадын 15000, Солонгосын 10000 цэрэг довтолгоонд оролцсон баримт байдаг.
1281 оны довтолгооны ерөнхий маршрутыг vзэхэд анх Юань цэрэг Кюшv болон Эки арлын дунд байх Такашима / шонхорын арал/ арлыг тvшиц газар болгосон. Дараа нь Экид хvрээд тэндээсээ далайгаар явж Такашима арлыг эзэлсэн байна. Тэндээсээ газраар Мацоvраг эзлэн Кунань, Тоvрагийн хоёр замын цэрэг Хаката далайн боомтод нэвтэрсэн нь Японы тvvхийн бvтээлvvдэд хэвлэгдсэн байлдааны зургаас харагддаг.
Японы тvvхийн баримтуудаас vзэхэд 1281 оны довтолгооноор Такашима арлын дэргэдэх тулаанд 10000 орчим цэрэг, Шикано Шима аралд 8-9 мянган цэрэг vрэгдсэн тоо байна. Өнөөг хvртэл мөн л домогт далайн хар шуурга ниргэсэн гэж нотлон ярьж байдаг ч тэд буцаад явсан юмуу эсвэл мөнөөх “Камикизе”-д дахин залгиулсан эсэх нь Японы судлагчдын анхаарлыг өнөөг хvртэл татсаар байгаа сонирхолтой судлагдахуун байсаар…
Их Юань гүрний нэгдсэн цэрэг Япон улс руу /Далайд/ тулалдсан түүхийн орооцолдоон, түүний учир шалтгаан, угтвар нөхцөл нь иймэрхүү дүр зурагтай. Энэ түүхэн үйл явцыг түүхчид тодруулж, үнэнийг тогтоох үүрэгтэй. Энэхүү тэмдэглэлийг бичихэд “Монголын довтолгоон ба 700 жил” /Нихон тв Токио 1981, 2001/, болон “Япон түүхийн судалгаа” зэрэг ном ашигласан ба далайн хөлөг онгоцны түүх судлагч Музай Торао, түүхч Мацүга Итоши, Урлагийн түүхч Оз Коүичи, Кюшүгийн тулааны түүхт газрыг судлагч Кога Нэнко, далайн гүний цахилгаан соронзон орны тусламжтай тандан судлагч Танака Исүказү гуйа нарын бүтээлээс ашигласан юм. Энд хэрэглэсэн нэлээд нэрийг Япон нэр, дуудлагаар нь бичсэнийг хэлэхийн ялдамд хэл улам муугийн балагаас буруу зөрүү ойлгож, алдаж эндсэн зүйл буй аваас та өршөөн хэлтрүүлмүй.
Д.Галбаатар /Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор -
Дундад зууны үеийн монгол цэрэг
Урд хөрш Мин улстай байлдаж тулалдахаас эхлээд салан тусгаарласан томоохон феодал ноёдтой байлдах болохоороо их хаан бусад том феодлуудын цэргийг нэгтгэн захирдаг байсан нь түүхэнд үлдсэн. Тэр үеийн Монгол цэрэг мэдээж морьт цэрэг байлаа.
Сурвалж бичигт дурдсанаас үзэхэд Мандухай цэцэн хатан Ойрадад цэрэглэн мордоход морьд дутсан учир үхэрт цэрэг бий болгон дагуулан мордсон тухай бий.
Тэр үеийн монгол цэргийн зэр зэвсгийн хувьд нум сум, сэлэм, илд бамбай, хуяг дуулга гэх мэт хэрэглэлтэй байсан. Хуяг нь хоёр янз. Нэг нь дотор хуяг бөгөөд энэ нь төмөр хавтсыг арьсаар бүрсэн, үүнийхээ гадуур ахин төмөр хавтсаар бүрснийг нь гадар хуяг гэж нэрлэж байсан ажээ.
Цэргийн тактикийн хувьд нүүдэлчдийн аугаа түүхт Их гүрнүүдээсээ уламжилсан бух сэжлүүрийн арга гэж байсан ба энэ нь 61 төрлийнх байдаг гэж судлаачид тэмдэглэжээ. Мөн Их Монгол улс байгуулахын төлөөх тэмцэл дунд хэрэглэж байсан нь “Монголын нууц товчоон”-д үлдсэн задын арга гэх мэт олон байлдах аргууд байсан байдаг.
Хүхэр шүүгээр сум хийж байсан ба урьдын Их Монголын үеэс болон Юаний үеийн уламжлалт их буу, үхэр буу мэтийн зэвсэгтэй байсан нь ч түүхэнд үлдсэн байна.
Өмнөх зуунуудад дэлхийн дайдыг морин туурайгаар хэмжиж, замд таарсан дайснаа ялан дийлж явсан Монгол цэрэг 15-17 дугаар зуунд өөрөөсөө өөрийг дээрээ гаргахгүй санаатай ноёдын хоорондын зөрчил тэмцэлд хамаг эр зориг юугаа бүгдийг зориулсан юм. Дундад зууны үеийн Монгол цэргийн тухай товч өгүүлэхэд ийм.Г.Баатар
-
Хубилай сэцэн хаан ба тал хээрийн Монголчууд далайд довтолсон нь №2
1266-1281 оныг хүртэл хугацаанд үргэлжилсэн элчисээр дамжуулсан дипломат оролдлого нь эцсийн дүндээ түүнийг ялагдапд хүргээ юу даа гэх бодол бас төрүүлдэг. Энэ бүх хугацаанд Японы цэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хаалт далан, бэхлэлтээ зузаалан цэргийн хүчээ бэхжүүлж байжээ. Их хааны зарлигаар 1274 онд хийсэн тактикийн чанартай довтолгооны дараа Япончууд Хаката буланг тойруулан өндрөөрөө 2,5 м, уртаараа 20 км урт ханан хэрэм босгосон байна.
Хубилай хаан анх 1266 онд Коктеки, Инкоү нэрт хоёр элчид захидал (тулган шаардах бичиг) бариулан Япон улс руу илгээжээ. Захидал ерөнхийдөө “Та бүхэн Юан улсын захиргаан дор нэгдэгтүн’’ гэх утгатай, “хэрэв Япон улс бидний саналыг эс хүлээвээс цэрэг зэвсэгийн хүч хэрэглэнэ” гэх тулган шаардсан өнгө аяс нэвтэрхий асан тул Японы тал энэ захидлыг таагүй хүлээж авчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол гадаадын түрэмгийлэл тэр бүр үзээгүй Япон үндэстний олон улсын хооронд баримталж заншсан харилцан хүндэтгэх, ойлголцох ёс заншилд харш зүйл байжээ. Тиймээс хариу өгөлгүй элч нарыг буцаажээ. 1267 оны сүүлээр Хамбү гэх солонгос элчийг Японд зарж, тэрбээр 1268 оны эхээр Хаката аралд хүрчээ.
Элч хоёр захидал авч очсон ба нэг нь Хувилай хааны, нөгөө нь өөрийнх нь сэрэмжлүүлэх захидал байв. Энэ үед Солонгос, Монголын их гүрний эрхшээлд бүрэн ороод байж. Тэд Монголын эзэнт гүрэн, Японы хооронд оршиж Япон улстай найрсаг харилцаатай байв. Тэр, өөрийн сэрэмжлүүлэх захидалд Юан улс хүчирхэг гүрэн учраас тэдний саналыг хүлээн авч сайн харилцаа тогтоох нь та нарт ээлтэй. Бид ч гэсэн Монголын Их хаанд Япон улсыг нэгтгэх гээд хэрэггүй гэж гуйн ятгасан ч тэр саналыг хүлээж авсангүй.
Монголчууд танай улстай сайн андын холбоо тогтоон, гэрээ байгуулахыг хүсч буй. Монголчууд дөрвөн далайд буй бүх улс орныг нэгэн жолоонд оруулж, их хаан Хубилай өөрийн нэр сүрийг мандуулжээ. Хэрэв танай Япон улс Монголын захиргаанд нэгдвэл тэд та нарыг дуртайяа хүлээн авч найрсаг сайнаар хандана. Тиймээс Монголчуудын саналыг хүлээн авах нь дээр… хэмээн зөвлөн ятгасан аж. Хубилай сэцэн хааны захидал ч дээрх захидлын агуулгатай төсөөтэй байв. Япон улсын Багкүхү (Засгийн газрын Цэргийн зөвлөл) түүний дээр Чүтейн (Эзэн хаан) засаглалтай байв. Эл захидлыг хүлээн авсны дараа Улс төрийн хэргийг эрхлэх Засгийн Газар буюу Цэргийн зөвлөл (Багкүхү) захидлын асуудлыг дангаар шийдэх эрх хэмжээ хүрэхгүй тул “Чутей” буюу Эзэн хаанд толилуулжээ. Гэвч Засгийн газар ч, эзэн хаан ч цөмөөр айн мэгдэж цэрэг зэвсгээ бэлтгэхээсээ илүү эхлээд Хаан сүмд залбиран мөргөж, улмаар Багкүхү буюу Цэргийн зөвлөлд очиж Монголчуудаас авран хамгаалаач гэж гуйцгаажээ. Цэргийн эрхтнүүд хариу захидалдаа “Монгол улсын хааны захидал ёс журамгүй, таатай бус” гээд “элчийн захидлыг хүлээж авахгүй” гэдгээ мэдэгдэхээр шийдсэн ч ямар нэг шалтгааны улмаас илгээсэнгүй. Энэ үед Эзэн хаан сүмд очин хамгаалалтын торгон цэргээр бэхлэн ажин түжин суужээ.
Энэ зуур элчин Хамбү бүтэн 5 сар хүлээж, эцэст нь хариу өгехгүй гэдэг үг сонсжээ. Ийн элч Хубилай сэцэн хаанд очиж ажил хэрэг бүтэмж муутайг мэдэгдэн их хаанаас өршөөл эржээ. Хубилай сэцэн хаан зорилгоосоо няцсангүй. 1268 оны 12 сард Коктеки, Инкоү хэмээх монгол хэлтэй анх илгээсэн хоёр солонгос элчийг дахин томилж, олон дагуулын хамтаар Японд илгээв. Энэ бүрэлдэхүүнд Шин ши Сэн, Чин ши Кү (солонгос), 8 монгол, 4 солонгос төлөөлөгч, 70 дагуултай очжээ. Тэд Японы Цушима аралд хүрээд ‘‘Юуны учир Их хааны илгээлтэд хариу эс өгсөн’’-ий учрыг асуухын зэрэгцээ Цушима арлын ард иргэдтэй тар тур хийж, 1269 он гартал тэнд байгаад хариу авч эс чадсан тул Цушимагийн 2 хүнийг барьцаалан буцжээ. Ингээд 7 сард 2 монгол элч мөнөөх Цушимагийн хоёр хүнийг дагуулан Солонгосоор дамжин Их хааны ордноо хүрчээ.
Гэтэл Хубилай хаан тэдгээр барьцааны хүмүүсийг* найрсагаар хүлээн авч зочлохын зэрэгцээ Япон орны тухай дэлгэрэнгүй асуун сонирхож, тэднийг буцааж өгөх далимаар дөрөв дэх элчийг томилжээ. Ингээд 1269 онд Урудай гэх монгол элч, Кин Юү Се, Ко жү нэрт хоёр солонгос элчийн хамт Цушимад очиж, Их хааны “миний захидлын хариуг яагаад эс өгөв” гэсэн утгатай захиаг Камакүрад байх Багкүхү (Цэргийн зөвлөл)-д хүргүүлсэн ба үүнд Багкүхү хариу бичсэн ч илгээх эсэхээ шийдэж чадахгүй байсаар багагүй цаг авчээ. 1270 оны эхээр бичсэн тэр захидлын утга нь: “Манай Япон улсын хувьд Монгол гэж дуулаагүй улс орон билээ. Манай улстай холбоо тогтоохыг хүчээр шахан шаардаад, үгэнд орохгүй бол цэрэг илгээнэ гэж айлгах нь бидэнд их таагүй сэтгэл төрүүлж байна. Манай улс дээр үеэс Ками бурхны хамгаалал дор оршсоор нэг ч удаа өөр улсын эрхшээл ноёрхолд ороогүй билээ.
“/Энэ нь үнэн бөгөөд Япон улс бүх түүхийнхээ туршид гадаадын .цэргийн түрэмгийлэлд хоёрхон удаа өртсөн орон юм. XIII зууны сүүлээр Монголын эзэнт гүрэн, XX зууны дундуур Америкийн цэргийн довтолгоонд өртсөн аж/ хэмээн бичсэн боловч ард иргэд нь харь холын хүчирхэг Хаанд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц ихэмсэг, тоомжиргүй үгт эл захидлыг илгээхээс татгалзсан тул Цэргийн зөвлөл улс төрийн агуулгатай албан ёсны хариу өгөхөө больжээ. Хувилай хааны олон удаагийн дипломат оролдлого ийн удаа дараа талаар болсоор байсан ч элч илгээх явдлыг зогсоосонгүй. 1271 онд Их хааны элчээр Чо Лю хицү (хятад хүн) далай туулан Хаката хотын Изамү хэмээх Яамнаа хүрчээ. Тэр, 100 гаруй дагалт, бараа бологсдын хамт очжээ.
Гол зорилго нь Хубилай хааны захидлын хариуг шаардах явдал байв. Тэрээр хурилсан хоёр хувь эхийг Чүтэй (Эзэн хаан) ба Засгийн газарт дээш хүргүүлж үндсэн эхийг өөртөө авч, хэрэв 11 сар хүртэл хариу эс өгвөөс “довлоно” гэж хатуу анхааруулж элчин Хамбүгийн нэг адил хувийн сэрэмжлүүлэг захидал бичсэн ч Их хааны ч, Чо Лю хицүгийн ч захидалд ч хариу өгсөнгүй. Яг энэ үед буюу 1271 оны 11-р сарын 16-нд Монголын эзэнт улс Юан гүрэн болж байгуулагдав. Хятадын газар нутаг дахь олон улс (Нансо улсаас бусад), Солонгос бүхэлдээ, Бирма, Камбожи, Вьетнамын зарим нутаг Их Юань гүрний эрхшээлд ороод байв. Энэчлэн их цаг хожсон Японы Багкүхү буюу Цэргийн зөвлөл “монголын захиргаанд орохгүй” гэдэг шийдвэрт хүрсэн байв.
Ийн хариу авч эс чадсан Чо Лю хицv 1272 онд бараа бологсдын хамтаар эх газар руу буцжээ. Тэдэнтэй хамт Яширо тэргvvт 12 япон хvн явсан байна. Чо Лю хицv, тvvний нарийн бичгийн дарга Чотакv хоёрт нэгэн боломжийн боловч бvтэшгvй санаа байжээ. Тэр нь дээрх 12 япон хvнийг Япон улсын элч хэмээн Их хаан Хубилайтай уулзуулаад Япон руу хийх довтолгооныг зогсоох санаа байжээ. Харамсалтай нь Их хаан хэргийн нарийн учрыг гадарласан тул тэдгээр “элчийг” хvлээж аваагvйгээр барахгvй Япон руугаа vтэр буцахыг зарлиглажээ.
Ихээхэн туршлага, нарийн ухаантай дипломатч Чо Лю хицv, Чотакv хоёрын санаачлагаар Солонгос элч Кожишvг 12 япон хvний хамт Солонгосын засаг захиргаанаас бичсэн захидлын хамт элчээр илгээсэн байна. Тэр захидалд “Манай улсаас /Солонгос/ хоёр удаа элч илгээж Монголын Их хааны захиаг хvргvvлсэн ч танай улс хариу эс өгч, саналыг хvлээн авсангvй. Тиймээс бид Япон улс руу довтлох болно.
Энэ боломжоос хожимдвол юу болохыг төсөөлж байгаа байх… Аймшигт явдал болно” гэж анхааруулаад “Та нар яаралтай найрсаг харилцаа тогтоох нь зөв зам болно. Ингэвэл манай Солонгос улс Монгол, Япон хоёр улсын дунд байж, чадлын хэрээр туслах болно. Vvнийг сайтар бодож тунгаагтун” гэж зөвлөсөн байлаа. 1273 онд Чо Лю хицv дахин Японд иржээ. Энэ удаа тэрээр зорилгоо мөн л биелvvлж чадаагvй аж.
Тэрээр эргэн ирээд Японд довтлох нь ямар ч ашиггvй нөхцөл байдал бvрэддээд байгааг Их хаанд тайлбарласан байна. Гэвч Хубилай хаан 1274 онд Солонгосын далайн цэргийн хөлөг онгоц vйлдвэрлэх газруудад том жижиг нийт 900 хөлөг онгоц угсрах зарлиг буулгажээ. Удалгvй 1275 онд Солонгосын Кин Хо Ке Хубилай хаанд нэгэн өргөх бичиг илгээж, одоогоор манай Солонгос улсын цэрэг, эдийн засаг маш ядуу дорой байгааг харгалзан vзэхийг хvсчээ.
Гэвч Хубилай хаан энэ хvсэлтийг сонсохыг хvсэхгvй байгаагаа илэрхийлээд Монголын Их эзэнт гvрний далайн цэрэг Солонгосын хойгт буун Каппо боомт хотод хэсэг хугацаанд хуарагнаж байгаад хөлөг онгоцууд бэлэн болмогц шууд далайд гарчээ. Монголын их гvрний далайд хийсэн анхдугаар довтолгоон ийнхvv эхэлжээ.
1274 оны 10-р сарын 20-нд Юань цэрэг Хаката далай дээр vзэгдэж Хакvзаки, Хаката арлуудад бууж эхэлжээ. Энэ флотын тэн хагас нь монгол, хятад нийлээд 20 мянга, Солонгосын 20 мянган цэрэг тус тус буусан байна. Гэвч маргааш нь буюу 21-нд гэнэт харагдахаа больжээ. Vvнийг Япончууд Камиказе “залгисан” гэж домог лугаа хэлэлцэж тэрхvv бурхны салхи ердөө ганцхан хөлөг онгоцоос бусдыг залгисан, тэр хөлгийн ахмад далай руу vсрэн амиа хорлож бусад 50 цэргийг Япончууд олзлон Локvхара гэдэг газар руу хvргэж тэнд цаазалсан гэж ярих бөлгөө. Энэ тvvх “Бөнэйгийн Эки” буюу 1274 он бөгөөд Бөнэйгийн хаанчлалын 11-р он байсан гэж ном сударт бичжээ. Энэ хэрэг явдлын тvvх нэлээд эргэлзээтэй, бараг домог vлгэрийн шинжтэй болсныг шинэ тvvхчид анхааралтай судалсаар байгаа аж.
Монголын эзэнт гvрний цэргийн анхны довтолгооны зорилгыг янз бvрээр тайлбарлаж байна. 1. Марко Поло Их хаан Хубилайд зvvн далайн гvнд Zipang /Япон/ хэмээх алт эрдэнэсээр баялаг, баян чинээлэг улс бий гэж хэлсэнээс vvдэлтэй гэж ч vзэх нь бий. Мөн нэг солонгос хvн тэгж хэлснээс vvдэлтэй ч гэх нь байна. Ийм шалтгаанаар довтолсон гэж vздэг нэг хэсэг судлаачид байна. Энэ ч бас домог vлгэрийн шинжтэй гаргалагаа аж.
Эдгээрээс хамгийн vнэнд ойртсон дvгнэлт бол Монголын эзэнт гvрэнд хараахан эзлэгдээгvй байсан Нансо улс Япон улстай улс төр, ялангуяа худалдаа эдийн засаг, соёлын салбарт гvн харилцаатай байсан тул Хубилай хааны хувьд Нансог харъяандаа оруулахад Японы тусламж, хэлхээ холбоог таслах нь чухал ач холбогдолтой байсан бололтой. Нансо улс ч улсаа тусгаар байлгахад Далайн хvчирхэг холбоотон хэрэгтэйг ойлгож байсанаас Япон эзлэгдэх нь Нансогийн хvч суларч доройтохын шалтгаан гарна гэж vзэж бvх талаар холбоогоо зузаатгахыг ил далд оролдсоор байжээ.
Харамсалтай нь, Монгол цэрэг анх Японд довтолсноос хойш 5 жилийн хойно 1279 онд Монголын эрхшээлд бvрэн орсон тvvхтэй аж. Vvнээс сонирхолтой дvгнэлт хийж болно. Хажуухандаа байгаа Нансод цохилт өгөхөөс өмнө олон жилийн турш элч илгээн эцэст байлдаж сураагvй далайн дайныг эхлvvлсэн нь Монголын цэргийн урлагт хийсэн туйлын зоримог алхам төдийгvй онц чухал ач холбогдолтой цэрэг дайны уран нарийн тактик, стратегийн чанартай сонголт байжээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Нансог, дараа нь Жипанг эзлэх нь ээлжит зорилт байж.
Гэвч Нансог эзлэхэд холоос хvч хавсарч болзошгvй Япон улсыг сvрдуvлж холбоо хэлхээг нь таслан тусгаарлах шаардлагатай байсан гэсэн дvгнэлт нэлээд ултай нь юм.
/ Д.Галбаатар /Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор