logo

logo.jpg

Advertisement

Нийтлэл

Жак Уэтерфорд: Чингис хаан Ойрхи Дорнодын улсуудад Америкийн зүгээс гаргаж буй алдаа шиг тийм бодлогын алдааг хийж байгаагүй

Жак Уэтерфорд: Чингис хаан Ойрхи Дорнодын улсуудад Америкийн зүгээс гаргаж буй алдаа шиг тийм бодлогын алдааг хийж байгаагүй ЧИНГИС ХААН БА БУРХАНЫ ЭРЭЛ: Дэлхийн шилдэг байлдан дагуулагч шашны эрх чөлөөг бидэнд хэрхэн олгосон вэ шинэ номын зохиогч Жак Уэтерфорд 2016 оны 10-р сарын 10-нд Түүхийн Мэдээ Сүлжээнд (HNN-History News Network) өгсөн ярилцлага. Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан Ц.Батмөнх  2016.12.03 - Асуулт 1: Монголчууд өдгөө Америкийн хувьд дайны гурван том талбар болоод буй Сири, Афганистан, Ирак улстай тэмцэлдэн ялж байсан. Чингис хаан өнөөдөр бидэнд юуг сургахсан бол? - Жак Уэтерфорд: Америкийн удирдагчдын хувьд Чингис хаанаас суралцах зүйл маш их. Гэвч ерөнхийдөө ёс суртахууны хувьд бид өөрсдийгөө Чингис хаанаас хавьгүй илүү гэж үздэг учраас судлан суралцах тухай хүсэл сонирхол төрөхгүй хэвээр байгаа. Үнэндээ Чингис хаан Америкчууд биднийг Ойрхи Дорнод болон Төв Азийн улсуудад бодлогын олон алдаа гаргахаас сэрэмжлүүлж чадахсан. Нэгд: Чингис хаан ялан дийлж чадахаа, ялалтын утга учир гэж чухам юу болохыг, хэрхэн түүнд хүрэхээ төгс мэддэг учраас дайн тулаанд ордог байсан. Өрсөлдөгч талаа бүрэн утгаар буулган авч ялалтаа тунхагладаг. Чингис хаан өнөө цагийн дайн байлдаанд Америкчуудын туршин хэрэглэсэн эсрэг талдаа барих бодлого стратеги, арга тактикийн тусламжтайгаар амжилтанд хүрсэн. Харин Америкчууд бид Багдад, Кабул зэрэг томоохон хотуудыг байлан сонгож, удирдах төв болон шоронгийн зорилгоор ашиглах хүч нэмэгдүүлсэн, чанга хамгаалалттай цэргийн олзлогдогсодын түр байгууламжийг байгуулаад, ихэнх хот, хотын гаднах бүх нутаг дэвсгэрийг дайсагнагч талынхаа хяналт дор орхиод байна. Чингис хаан эсрэгээр гүйцэтгэжээ. Өрсөлдөгч талаа орогнон нуугдах газаргүй болгох үүднээс эхлээд хотоос гаднах нутаг дэвсгэрийг эзлэнэ. Гадагш гарах гарцгүй болсон том хотууд тэсч үлдэх боломжгүйг мэдэх Чингис хаан хамгийн сүүлд хотуудыг эзлэхдээ, зарим онцгой балмад тохиолдлоос бусдад, хотуудад нэвтрэн орох замд ихэнхдээ саад тотгор учруулдаггүй. Чингис хааны өргөө орд, удирдах төвөө хотоос зайдуу, нүүдэл зөөврийн хөдөлгөөнт байдалтай байлгадаг. Чингис хаан албан хүчээр, суртал ухуулгаар тухайн улс орныг удирдаж болохгүйг ойлгож, ард түмний олонхийн дэмжлэг туслалцаа чухал хэрэгтэйг сайн мэддэг байв. Үүнийг хоёр аргаар хийсэн. Эхлээд гол дайснуудаа бүрмөсөн устгах. Сургууль цэцэрлэг байгуулах, шинэ худаг шуудуу гаргах байдлаар тэднийг ятган үгэндээ оруулахыг болон эд хөрөнгө, эрх мэдэл, үүрэг амлалт өгч ая тал засахыг огтхон ч оролдоогүй. Ясны өстөн дайснууд бол мөнхийн өстөн байдгийг мэдэх учир тэднийг бүрмөсөн устгадаг. Дараа нь өөрийн эвсэл, холбоотнуудын зүгээс ирэх дэмжлэгийг хүчтэй болгоход гол анхаарлаа хандуулна. Америкийн Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай болон Америкууд ч тайлбарлаж чадахааргүй, эзлэгдсэн орны ард түмэн ч ихэнхдээ ойлгохооргүй бусад хоосон гоё зүйлсийн тухай сүртэй мэдэгдэл гаргаад, үргэлжлүүлэн үр дүнг гүйцэтгэхгүй орхигдуулж байна. Харин Чингис хаан маш тодорхой, тохиромжтой хууль цааз, бодлогыг гаргаад түүнийг сахин мөрдүүлж, зөрчилгүй гүйцэтгүүлж чаддаг байв. Хувь хүн бүрт шашны эрх чөлөөг олгож, хулгайлан барьцаалах явдал, шашны бүхий л хүчирхийллийг таслан зогсоож, шашны байгууллага болон хувь хүмүүсийн татварыг болиулж, эрүүдэн тамлах явдлыг үгүй болгож, үнэнч шударга ажилсагаар зүтгэсэн хүмүүсийг ивээлдээ оруулж, хулгай хийгсэд, үймээн өдөөгчид, эсэргүүцэн үл тоомсорлогчид, хууль зарлиг зөрчигчдийг цаазын ялаар шийтгэж байв. Чингис хааны зарлиг хоосон үг биш. Амласан амлалт бүрээ биелүүлсэн юм.  Америкчууд бид Ойрхи Дорнодод амжилт ололгүй олон жил дайтсаар ирсэн. Чингис хаан хурдан шуурхай эзлээд, бүрэн төгс ялалт байгуулж, зуун жилийн амар амгаланг тогтоосон. - Асуулт 2: Цэрэг зэвсгийн асар илүү хүчтэй АНУ Афганистанд энхийг сахиулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байхад зуун мянга хүрэхгүй цэрэг дайчидтай Монголчууд Хятад, Афганистан, Иран, Ирак, Орос, Солонгосыг яагаад байлдан эзэлж чадсан бэ? Чингис хааны нууц нь юу бэ? Бид Чингис хаанаас ямар нэг зүйл суралцаж чадах бол уу? - Жак Уэтерфорд: Монголчууд хүн амын тоогоор цөөн байсан. Чингис хаан зуун мянган цэрэгтэй, Монгол үндэстэн хагас сая орчим хүн амтай байсан хэдий ч зуу зуун сая хүн ардыг эрхшээн дагуулж чадсан. Монголчуудын хувьд дайн тулаан бол боловсон тоглоом биш, амьд мэнд гарах эр зоригийн шалгуур юм. Ялалт ялагдлаас хамааран амьдралын хувь заяа шийдэгдэнэ гэдгийг тэд сайн мэддэг учир аймшиггүй чин зоригтой тулалдан тэмцэлддэг. Чингис хаан дайлаар довтолсон хот болгондоо дагаар орон бууж өгөх, өршөөл үзүүлэх боломжийг зарлигдан тушаана. Татвар гувчуур хэвээр үлдэн, багасгаж буйг ойлгосон хүмүүсийг тонон дээрэмдэхгүй, эсрэгцэн тэмцэх хэнбугайг ч даран номхруулж, цэрэг ноёдыг нь яллаж цаазална. Нэхэж хатгах, бичих зурах зэрэг ур дүйтэй хүмүүсийг өршөөн хэлтрүүлж, онцгой ур чадваргүй хүмүүсийг ажилд дайчлан, голдуу дараагийн аян дайнд армийн бамбай хамгаалалтанд явуулна. Чингис хааны хууль маш хатуу, өөрөө ч хуулиндаа ямагт захирагдана. Бууж өгөн дагаар орсон хотод дээрэм тонуул хийсний учир хүргэнээ тушаалаас халж, дараагийн тулалдаанд довтолгоог халз удирдах ялаар шийтгэсэнд хувь золгүй  хүргэн нь тулаанд амь үрэгдсэн түүх бий. Дайны талбарт өршөөл энэрэлгүй догшин ширүүн, энхийн цагт хууль ёсыг чандлан барина. Ялагдашгүйн нууц цоож түлхүүр бол энэ холбоос юм. Өнөөдөр АНУ алийг нь ч мөрдөхгүй байна. - Асуулт 3: Чингис хаан шашны хэт даврагсадтай хэрхэн учраа олсон, ялангуяа Лалын шашны алан хядагч нартай?  - Жак Уэтерфорд: Чингис хаан бүх шашныг үнэн бодитой, хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрсөн. Энэ зарчим сургаалынхаа үндсэн дээр ямар ч шашин хорон мууг үйлдэх, зовлон шаналан үүсгэх зорилгогүйг танин мэдэж, өөрийн үүрэг зорилгоо аль нэг шашныг хориглон хяхах, дөвийлгэн дэмжих бус, харин шашны итгэн бишрэгч нарт чадах бүхнээ хийх эрх чөлөөг олгох явдал гэж үзжээ. Гэхдээ энэхүү эрх чөлөөний хүрээнд хууль зөрчих, өөрийн сонгосон дурын замыг дагах явдал орохгүй. Хөшүүд гөжүүд тэмээн сүргийн адилаар аль ч шашин бусадтайгаа уялдаа холбоотой байж, зөв шулуун замыг даган мөрдөх үүрэгтэй байв. Шашин төрийн ялгаа зааг байсангүй. Чингис хаан шашны эрх чөлөөг олгосноор тухайн олон түмний дэмжлэгийг бүрэн авахдаа санваартан хийгээд шашны үүрэгтэнгүүд шашны эрх чөлөөнөөс илүүтэйгээр татварын эрх чөлөөг эрхэмлэж буйг анзааран мэдэж, номлогч багш, эмч, эм зүйч нарын зэрэг бүх шашны ажилтанг татвараас чөлөөлсөн. Чингис хаан одоогийн Ираны хойд уулсад байрших Алан хядагчид хэмээх нэрээр нэршсэн Лалын шашны хэт даврагсадтай анх уулзахдаа найрамдлын гар сунган, удирдагч нартай уулдахдаа энгийн хүн бүхэнтэй адил тэгш эрх чөлөөг амлаж, өөрсдийн жижиг вант улсаа сахихыг зөвшөөрч, алба гувчуурыг үл шаардан, эзэнт гүрэнд саад тотгор үл учруулах аваас тэднийг халдан довтлохгүй гэж тохирсон байдаг. Энэхүү түр эвлэрэл дараагийн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд Уулын алан хядагч бүлэгл Монголын эзэнт гүрний албаны хүмүүсийг алж устгаж эхлэхэд Чингис хааны ач Хүлэгү хаан тэдний эзэмшил нутагт довтлон орж, халдан нэвтэршгүй хэмээгдсэн уулын цайз хэрмийг эзлэн устгаж, толгой удирдагч, түүний гэр бүл, бүх гишүүдийг цаажлан хороож газрын хөрснөөс арчсан байдаг. Хүлэгү хаан хэдхэн сарын дотор Багдадыг эзлэн, Халиф, түүний гэр бүлийг цаазлан устгаад Дамаскыг дайлаар мордохоор хөдөлсөн. Монголчууд удаа дараагийн хүчтэй цохилт өгч байсан тэр өдрөөс 800 жилийн дараа Лалын ертөнц харгис бүлэглэлээ ахин сэргээхээр оролдож байна.    - Асуулт 4: Та Чингис хааны тухай бестселлер ном бичсэн. Ахин шинэ ном яагаад гаргах болов? - Жак Уэтерфорд: Чингис хааны ач нар амьд сэрүүн ахуйдаа эмхэлж зохиомжилсон аман түүх болох Монголын Нууц Товчооны судалгаагаа 1997 онд эхэлсэн. Анхны зорилго бол эх бичмэлд тэмдэглэн үлдээсэн Чингис хааны амьдралын бүхий л үйл явдлыг зураглан тодорхойлж, Монгол, Хятад, Төв Азид өрнөсөн тодорхой үйл явдлуудын газарзүйн байршлыг олж тогтоох явдал байсан. Дэлхийн түүхэнд бууны дарь, хэвлэлийн машин, луужин, арилжааны бараа зэрэг материаллаг зүйлсийг түгээн нэвтрүүлсэн Монголын байлдан дагууллын үр нөлөөг судлах явцдаа бахархан урамшиж Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан номоо бичих зориг сэдэл төрсөн бөгөөд нмондоо Чингис хааны амьдралын тухай, голдуу түүний байлдан дагуулал, угсаа залгамжлагч ач нарын нөлөөг тусган бичсэн. Судалгаагаа эхлэхдээ, эзэнт гүрнээ байгуулсан амжилтын нууцад нь Чингис хааны оюун санааны ертөнц болон түүний шашинд хандах өвөрмөц чиг хандлага ямар чухал нөлөөтэй болохыг ерөнхийдөө төсөөлж байсан ч үнэндээ огт ойлгоогүй байлаа. Эдвард Гиббон “Ромын эзэнт гүрний уналт ба сүйрэл” номынхоо тайлбар зүүлтэнд Америкийн колончлогчид шашны эрх чөлөөний тухай үндсэн санаагаа Чингис хаанаас хуулбарлан авсан тухай дүгнэн бичсэн нь миний сонирхолыг татаж, сэтгэлийг гижигдсэн юм. Үзэл санаа, итгэл үнэмшлийн түгэн дэлгэрэлтийн ул мөрийг мөшгөн хайх нь шинэ технологийн нэвтрэн тархалтыг хайхаас хавьгүй илүү маш хэцүү. Америк Улсыг үндэслэгч нарт нөлөөлсөн Чингис хааны нөлөөллийн тухай өнгөц харваас хачин сонин ийм нотолгоонд би эргэлзэн тээнэгэлзэж байв. Энэ тухайд нотлон бататгах, эс бөгөөс няцаан үгүйсгэх арга зам надад байсангүй. Нотлох баримтыг олтол арван жил улирсан байв. Яг одоо, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд бараг хорин жил заран зүтгэсний дараа энэхүү судалгааны үр дүнгээ урьдчилан зарлахад бэлэн болсноо мэдэрч байна.  - Асуулт 5: Чингис хаантай Томас Жефферсон, Жорж Вашингтон, Бенжамин Франклин нар юугаар холбоотой вэ? - Жак Уэтерфорд: Бенжамин Франклин Америкийн 13 колони муж улс даяар Чингис хааны тухай номыг ивээн түгээсэн үнэхээр бахархалтай хүн. Франц хэлээр өргөн тархсан Чингис хааны намтар түүхтэй номын худалдааг сурталчилж, колони муж улсуудад номын хүргэлтийг түгээж байжээ. Тэгвэл Томас Жефферсон, нотлох баримтаас үзэхэд, бусад худалдан авагч нараас илүү олон хувийг худалдан авсан бөгөөд ач охиндоо төрсөн өдрийн бэлгэнд авсан нэг номондоо зурвас бичин үлдээснээс гадна, одоог хүртэл Конгрессийн номын сан, Виржинагийн их сургуулийн номд хадгалагдан буй номуудыг худалдан авсан түүхтэй. Мөн Жорж Вашингтон, түүний гэргий Марта Вашингтон нар Маунт Вернон дахь номын сандаа Чингис хааны тухай бичсэн Анна де ла Роше-Гюлхемийн номыг хадгалан үлдээжээ. Чингис хаан 18-р зууны Европ тивд оюун санааны шинэ өнгө төрхийг чимэж, хаант засагтаа сайн чанар дутагдаж буйг мэдэрсэн хүмүүс Чингис хааны давуу чанарыг магтан сайшааж байсан бол, шинээр бүрэлдэн буй Америк үндэстэн нийгмийн байгуулал, засаг захиргааны шинэ загварыг хайж байх үед Чингис хаан гүн гүнзгий төгс төгөлдөр нөлөө үзүүлсэн байна. Чингис хааны тухай жүжиг Чарлестоноос Филаделфиа, Нью-Иорк хотын тайзнаа үзэгдэж, Европын болон Христийн сонгодог уламжлалаас гадуур шинэ загварыг хайж байсан тухайн үед Америкчууд Чингис хааныг өөрчлөлт шинэчлэлт, хувьсгалын баатар мэтээр төсөөлөн харж байжээ. - Асуулт 6: Чингис хаан яагаад шашны эрх чөлөөг бусад бүх зүйлд дэлгэрүүлэхийг зогсоосон бэ?  - Жак Уэтерфорд: Чингис хаан бүх шашныг буянтай, хүн ардыг сайн сайхан байлгах зүйлийг эрж хайдаг гэдэгт итгэдэг. Тиймээс ч бүх шашныг дэмжихдээ зөвхөн зөв сайн зүйлийг сургах, олон нийтэд бодит замаар үйлчлэх, төрийн хуулийг ямагт дагахыг шаардсан. Шашны эрх чөлөөг олгоно гэдэг бол үндсэндээ бодлогын шийдвэр бөгөөд нийгэмд дийлдэшгүй хор хөнөөл тарьж чадах шашны янз бүрийн бүлэглэлийн зөрчил өрсөлдөөнөөс сэргийлж чадна. Нийгэмд хамгийн их зөрчил, хор хөнөөл учруулж чадах хүчний нэг бол эрх үүргээ умартсан шашны удирдагчид юм. Зөв зохион байгуулалттай, үүрэг хариуцлагатай шашин бол шаналан зовлонг нимгэлэх, нийгэмд тустай зүйл бүтээх бүрэн боломжтой. - Асуулт 7: Шашны эрх чөлөөг баталгаажуулсан Америкийн хуулинд Чингис хаан түлхэц болсон гэх ямар нотолгоо танд байна вэ? - Жак Уэтерфорд: Их Кир хаан, Их Александр хаан зэрэг өмнөх үеийн зарим их удирдагчид өрсөлдөгч шашныг хүлцэн өршөөсөн байдаг бол зарим нь бүүр тахин шүтлэг хийгээд шашны олон янз урсгалыг цэцэглэн хөгжихийг зөвшөөрч, зарим гүн ухаантан шашны эрх чөлөөг өмгөөлөн хамгаалж байжээ. Хэдийгээр энэ чөлөөт либерал бодлогыг шашны байгууллага болон лам санваартанд зөвшөөрсөн ч хувь хүний эрх чөлөөнд олгоогүй. Чингис хааны их засаг хуулийн дор дэлхийн түүхэнд анх удаа шашны эрх чөлөөг үүссэн шашинд нь бус хувь хүнд хамаатуулсан юм. Чингис хаанаас Томас Жефферсон шашны эрх чөлөөний язгуур үзэл санааг хуулбарлаагүй ч шашны сүм хийд болон номлогч нарт бус хувь хүнд эрх чөлөөг хамааруулах ухагдахууныг нь хуулбарласан. Жефферсон Виржина муж дахь гэртээ шашны эрх чөлөөний анхны хуулийг бичиж суухдаа өөрийн маш дуртай Чингис хааны намтар түүхэнд гарч буй төсөөтэй үг хэллэг, тодорхойлолтыг ашигласан байдаг. Монголын их засаг хууль “шашнаас болж хэн нэгнийг гутаан доромжлож, хорлон залхаасан” хүнийг цаазална гэж заасантай төсөөтэйгээр Жефферсоны хууль “шашны үзэл бодол, итгэл үнэмшилээс болж хэн ч зовж зүдрэх ёсгүй” гэж зааварласан. Чингис хааны хууль “хүн бүр өөрийн санаанд тохирсон шашинаа  чөлөөтэй сонгож болно” гэж заасан бол Жефферсоны хууль ”Хүн бүр шашны тухай өөрийн үзэл бодлын дагуу чөлөөтэй элсэж болно ” гэж дуурайн давтсан байдаг. Чингис хааны анхны хууль, Виржина мужийн хууль мөн чанарын хувьд төсөөтэй, үгээр илэрхийлэхдээ ялгаатай. АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт завсарт “Конгресс шашны байгууллагыг хүндэтгэх үүднээс чөлөөт байдлыг хориглосон хууль санаачлахгүй” гэж ялгаатай үгээр илэрхийлэх ажээ.  - Асуулт 8: Чингис хаан ямар шашинтай байсан бэ? - Жак Уэтерфорд: Чингис хаан тэнгэр газрыг, бүүр тодруулбал дээд эцэг тэнгэр, доод этүгэн эх газараа чин сэтгэлээсээ залбиран шүтдэг байсан. Чингис хааны хувьд шашин бол итгэл үнэмшил, үзэл санааны цогц хэлбэр гэхээс илүүтэйгээр энэ дэлхийн үйл хэрэг, аж төрөх арга ухааны зам мөр байсан. Чингис хаан Бурханыг сүм хийд, судар номын дотор төдийхөн байх ёсгүйг мэдэрсэн. Чингис хаан гадаа орчинд цэнгэг агаарт уулын оргилд усны хөвөөнд залбирал үйлддэг. - Асуулт 9: Чингис хаан юуны учир орд өргөөндөө бүх шашны төлөөлөгчдийг урьдаг байсан бэ? Тэднээс юуг суралцахыг хүсч, ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? - Жак Уэтерфорд: Чингис хааны эзлэн суусан улс орны хот суурин газрын шашны хүмүүс түүнийг сонирхсон хэдий ч бас үлэмж ихээр будилаантуулсан байдаг. Чингис хаан тэдний үгийг нинжин сэтгэлийн үг хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч, тэдний үг зөвхөн алив нэг үйлдлийг тайлбарлахад хэрэг болох магадтай, толгой эргүүлсэн зүйл байв. Чингис хаан бөө удган, санваартан лам, лам хуварга, шашин номын багш, хамба лам, олон янзын шашны удирдагч нарыг тэдэнд юу чухал, ямар асуудал учирч буйг ойлгохын тулд ордондоо урьдаг байсан.  Чингис хаан мөн тэднээс улс төрийн дэмжлэг туслалцаа авахын тулд урин залдаг. Зөн олыг удирдахад шашны хүч нөлөөг ойлгон үнэлж, хэрвээ шашны удирдагчдын дэмжлэгийг авбал сүслэн итгэгчдийн дэмжлэгийг хүлээнэ гэдгийг мэдэрчээ. Дэмжлэг хүлээхийн тулд, татварын эрх чөлөөг тэдэнд амлаж, цэргийн албанаас чөлөөлж, үйл ажлаа чөлөөтэй явуулах бусад тусгай хөнгөлөлтийг үзүүлсэн.  - Асуулт 10: Цуутай цуст байлдан түрэмгийлэгчийг шашны хүн байсан гэж та хэрхэн нотлох вэ? Эргэн тойрон дахь соёл иргэншилийг уулгалан түрэмгийлсэн хэрцгий догшин варварчуудын эгнээнд орж тооцогдохгүй гэж үү? - Жак Уэтерфорд: Чингис хаан бол аугаа  их байлдан дагуулагч. Мэдээж эзлэн түрэмгийллээр цус нулимс урсгаж байсан нь үнэн ч, хувь тавилангаар хүмүн заяанд хувилж, энэ дэлхийд оноогдсон үүрэг даалгаварынхаа утга учрыг тайлан хөгжүүлж чадсан юм. Чингис хаан даян дэлхийд амар амгаланг авчирах, хүн төрөлхтөнийг нэгдэн нягтруулах үүрэг даалгаварыг тэнгэр бурханаас түүнд оноосон гэдэгт итгэл төгс байсан. Тэнгэрт хальсныхаа дараа ч түүний бүтээсэн амар амгалан дэлхий зуун зуун жил үргэлжилсэн.  Америк улс энх тайвныг байгуулахын тулд тэмцэн тулалдаж буй дайныхаа зорилгод адил төстэй шаардлага нотолгоо гаргадаг ч, сүртэй нотолгоогоо биелүүлэхдээ амжилтанд ховорхон хүрч байна. Америкчууд бид Японы Хирошима, Нагасакигаас Вьетнамын Май Лай, Иракийн Багдад хүртэл энгийн номхон ард иргэдэд Чингис хаанаас ч илүү өршөөл энэрэлгүй хэрцгий хандсан байдаг. Чингис хааны байгуулсан Монголын их амар амгалантай (Pax Mongolica) дүйцэхээр Америкийн их энх тайванг (Pax Americana)бүтээж чадаагүй байна.  Нийтлэг үлгэр домог, улиг болсон зүйлээс эсрэгээрээ түүх сурвалжийг заавал ялан дийлэгчийн талаас бичдэггүй, асар их хорсол дургүйцэл тээх ялагдсан тал ихэнхдээ бичдэг. Хэзээ ч бүү март гэх уриа бол түүхийг гуйвуулан буруутгагчид, ялагдсан талын уриа лоозон юм. Дорд муу зэрлэг бүдүүлэг барбарчууд хэмээн цоллуулан нэрлэгдсэн энэ ард түмний довтолгоонд Соёл иргэншилт ертөнц хэмээн нэрийдсэн Европ, Дундад Ази, Хятад өртөн ялагдаж, дарлан дээрэлхүүлсэн түүхтэй. Хятад болон Иранчууд тэдний соёл иргэншлийг устгасан харанхуй бүдүүлэг хэмээсэн барбарчуудын тухайд цэцэн цэлмэгээр гутаан доромжилж үзэл бодлоо мэлтийтэл илчлэн бичсэн байдаг ба тэрхүү түүх сурвалж бол голдуу бодит үнэнээс хадууран төөрсөн, дүргүйцэл зэвүүцэлээ илэрхийлсэн түүхэн товчоо байдаг. Урт удаан хугацааны туршид Америкчууд бидэнд зааж сургах сургамжтй Азийн цуутай байлдан дагуулагчийг өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөх боломжгүй байсаар ирсэн. - Асуулт 11: Чингис хаан өөрийн ахан дүү мэт болсон шилдэг шадар цэргүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн. Ямар учраас Чингис хаан алдар цуутай байлдан дагуулагч, удирдагч болсон бэ? Манай удирдагч нарт ямар зүйлийг сургах бол? - Жак Уэтерфорд: Чингис хааны амжилтын нууц түлхүүр бол чин итгэлт чанар, чин шударга зан, чин үнэнч сэтгэл. Чингис хаан өөрийн цэргүүддээ чин итгэлтэй, өөрийн ард түмэнд чин үнэнч, өөрийн их засаг хуульд чин шударгаар ханддаг. Дайны талбарт өршөөл энэрэлгүй догшин ширүүн шигээ өөрийн эргэн тойрон буй хүмүүст туйлын итгэдэг, тэднээс тийм чин итгэл сэтгэлийг шаарддаг. Чингис хаан өөрийн ард олны адил маш энгийн амьдралаар амьдарч байсан. Ард олонтойгоо адилхан хувцас өмсөж зүүж, адилхан идээ ундаа идэж ууж, нүүдэлчний гэр өргөөндөө унтаж, ард түмний даган захирагдах хуулиндаа адилхан захирагддаг байв.  Зарим тооцоогоор, Чингис хаан дэлхийн түүхэнд хамгийн баян хүн байсан хэдий ч, бүх эд баялгийг ард олондоо, түүнчлэн бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин ядуусыг үлдээлгүй хуваарилан тараадаг байжээ. Өөртөө зориулж орд харш бариулаагүй булш бунхан, хөшөө дурсгал босгоогүй. Өөртөө үл хураан, ард олондоо өгөөмөр зан, өглөгч сэтгэлээр хандсан.  Түүнд үнэнч шударга бус хандсан хэнийг ч бол ямарч болзол хэлцэл, тохирол зөвшилцөл, засан хүмүүжүүлэх, сайжруулан өөрчлөх өчиг үгүйгээр үхэл мөхөл хүлээдэг байв. Тухайн орны ард түмнийг хураан эзлэхдээ ялж дийлэхгүй байж дайн өдөөсөн удирдагч нарыг нь өршөөлгүй бохируулан дарна. Хэн ч хэзээ ч үл итгэж болох хэрэгцээгүй сорон мөлжигчид хэмээн итгэж удирдлагын тогтолцоог нь бүрмөсөн нурааж байсан. Худалдаа арилжааны авъяастай, ур чадвартай, гарын уртай, оёдол нэхмэлийн дүйтэй, бичиг үсгийн боловсролтой энгийн хэнийг ч бол өршөөн хэлтрүүлдэг байсан.  - Асуулт 12: Хүмүүс заримдаа дайнд ялах нь энхийг сахиулахаас илүү хялбархан гэж ярьдаг. Чингис хаан эзэнт гүрнээ хэрхэн аюулгүй байлгасан бэ? - Жак Уэтерфорд: Нэгд, Чингис хаан төрийн удирдлагад аюул занал учруулахуйц өш санан үлдэх хуучин язгууртнууд, ялагдсан эсрэг дайчдын бүлэглэл тэмцэлийг үгүй хийх үүднээс бүх дайснаа даран устгасан. Түүнд үнэнчээр итгэн үлдсэн хэнд ч бол амар тайван байдал, хууль ёсыг баталгаа болгосон. Сайн сайхан харилцааг бий болгож, арилжааны татварыг бууруулан, байр орон хоол хүнс агт морьдоор ханган шуудан харилцааны өртөө сүлжээг байгуулж, худалдаа банкны энгийн үйлчилгээг бий болгосноор амар таатай байдал, хөгжил цэцэглэлийг сэргээж чадсан. Чингис хаан хулгайлан барьцаалах, тамлан зовоох, хилсээр хэрэг үүрүүлэх, хээл хахууль авах, түүнчлэн цаазын ялтай хүнд гэмт хэрэгт хулгайг тооцон хулгай хийх зэргийг таслан зогсоосон байдаг. Чингис хааны хууль хэдий хатуу чанга ч, хүний дотоод сэтгэлийн тодорхойгүй ертөнц дэх сэтгэл санааны болон оюун санааны амар тайван байдлыг хуулиараа дамжуулан олгож, урт удаан хугацаанд зарлигийг дагаж үнэнч сэтгэлээр үлдвээс огт санаанд төсөөлөгдөмгүй аюулгүйн баталгааг гаргаж өгч байсан.  Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан  Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнх Жак Уэтерфорд: Чингис хаан Ойрхи Дорнодын улсуудад Америкийн зүгээс гаргаж буй алдаа шиг тийм бодлогын алдааг хийж байгаагүй ЖИРГЭХTWEET 1075ХУВААЛЦАХ ЧИНГИС ХААН БА БУРХАНЫ ЭРЭЛ: Дэлхийн шилдэг байлдан дагуулагч шашны эрх чөлөөг бидэнд хэрхэн олгосон вэ шинэ номын зохиогч Жак Уэтерфорд 2016 оны 10-р сарын 10-нд Түүхийн Мэдээ Сүлжээнд (HNN-History News Network) өгсөн ярилцлага. Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан Ц.Батмөнх  2016.12.03 - Асуулт 1: Монголчууд өдгөө Америкийн хувьд дайны гурван том талбар болоод буй Сири, Афганистан, Ирак улстай тэмцэлдэн ялж байсан. Чингис хаан өнөөдөр бидэнд юуг сургахсан бол? - Жак Уэтерфорд: Америкийн удирдагчдын хувьд Чингис хаанаас суралцах зүйл маш их. Гэвч ерөнхийдөө ёс суртахууны хувьд бид өөрсдийгөө Чингис хаанаас хавьгүй илүү гэж үздэг учраас судлан суралцах тухай хүсэл сонирхол төрөхгүй хэвээр байгаа. Үнэндээ Чингис хаан Америкчууд биднийг Ойрхи Дорнод болон Төв Азийн улсуудад бодлогын олон алдаа гаргахаас сэрэмжлүүлж чадахсан. Нэгд: Чингис хаан ялан дийлж чадахаа, ялалтын утга учир гэж чухам юу болохыг, хэрхэн түүнд хүрэхээ төгс мэддэг учраас дайн тулаанд ордог байсан. Өрсөлдөгч талаа бүрэн утгаар буулган авч ялалтаа тунхагладаг. Чингис хаан өнөө цагийн дайн байлдаанд Америкчуудын туршин хэрэглэсэн эсрэг талдаа барих бодлого стратеги, арга тактикийн тусламжтайгаар амжилтанд хүрсэн. Харин Америкчууд бид Багдад, Кабул зэрэг томоохон хотуудыг байлан сонгож, удирдах төв болон шоронгийн зорилгоор ашиглах хүч нэмэгдүүлсэн, чанга хамгаалалттай цэргийн олзлогдогсодын түр байгууламжийг байгуулаад, ихэнх хот, хотын гаднах бүх нутаг дэвсгэрийг дайсагнагч талынхаа хяналт дор орхиод байна. Чингис хаан эсрэгээр гүйцэтгэжээ. Өрсөлдөгч талаа орогнон нуугдах газаргүй болгох үүднээс эхлээд хотоос гаднах нутаг дэвсгэрийг эзлэнэ. Гадагш гарах гарцгүй болсон том хотууд тэсч үлдэх боломжгүйг мэдэх Чингис хаан хамгийн сүүлд хотуудыг эзлэхдээ, зарим онцгой балмад тохиолдлоос бусдад, хотуудад нэвтрэн орох замд ихэнхдээ саад тотгор учруулдаггүй. Чингис хааны өргөө орд, удирдах төвөө хотоос зайдуу, нүүдэл зөөврийн хөдөлгөөнт байдалтай байлгадаг. Чингис хаан албан хүчээр, суртал ухуулгаар тухайн улс орныг удирдаж болохгүйг ойлгож, ард түмний олонхийн дэмжлэг туслалцаа чухал хэрэгтэйг сайн мэддэг байв. Үүнийг хоёр аргаар хийсэн. Эхлээд гол дайснуудаа бүрмөсөн устгах. Сургууль цэцэрлэг байгуулах, шинэ худаг шуудуу гаргах байдлаар тэднийг ятган үгэндээ оруулахыг болон эд хөрөнгө, эрх мэдэл, үүрэг амлалт өгч ая тал засахыг огтхон ч оролдоогүй. Ясны өстөн дайснууд бол мөнхийн өстөн байдгийг мэдэх учир тэднийг бүрмөсөн устгадаг. Дараа нь өөрийн эвсэл, холбоотнуудын зүгээс ирэх дэмжлэгийг хүчтэй болгоход гол анхаарлаа хандуулна. Америкийн Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай болон Америкууд ч тайлбарлаж чадахааргүй, эзлэгдсэн орны ард түмэн ч ихэнхдээ ойлгохооргүй бусад хоосон гоё зүйлсийн тухай сүртэй мэдэгдэл гаргаад, үргэлжлүүлэн үр дүнг гүйцэтгэхгүй орхигдуулж байна. Харин Чингис хаан маш тодорхой, тохиромжтой хууль цааз, бодлогыг гаргаад түүнийг сахин мөрдүүлж, зөрчилгүй гүйцэтгүүлж чаддаг байв. Хувь хүн бүрт шашны эрх чөлөөг олгож, хулгайлан барьцаалах явдал, шашны бүхий л хүчирхийллийг таслан зогсоож, шашны байгууллага болон хувь хүмүүсийн татварыг болиулж, эрүүдэн тамлах явдлыг үгүй болгож, үнэнч шударга ажилсагаар зүтгэсэн хүмүүсийг ивээлдээ оруулж, хулгай хийгсэд, үймээн өдөөгчид, эсэргүүцэн үл тоомсорлогчид, хууль зарлиг зөрчигчдийг цаазын ялаар шийтгэж байв. Чингис хааны зарлиг хоосон үг биш. Амласан амлалт бүрээ биелүүлсэн юм.  Америкчууд бид Ойрхи Дорнодод амжилт ололгүй олон жил дайтсаар ирсэн. Чингис хаан хурдан шуурхай эзлээд, бүрэн төгс ялалт байгуулж, зуун жилийн амар амгаланг тогтоосон. - Асуулт 2: Цэрэг зэвсгийн асар илүү хүчтэй АНУ Афганистанд энхийг сахиулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байхад зуун мянга хүрэхгүй цэрэг дайчидтай Монголчууд Хятад, Афганистан, Иран, Ирак, Орос, Солонгосыг яагаад байлдан эзэлж чадсан бэ? Чингис хааны нууц нь юу бэ? Бид Чингис хаанаас ямар нэг зүйл суралцаж чадах бол уу? - Жак Уэтерфорд: Монголчууд хүн амын тоогоор цөөн байсан. Чингис хаан зуун мянган цэрэгтэй, Монгол үндэстэн хагас сая орчим хүн амтай байсан хэдий ч зуу зуун сая хүн ардыг эрхшээн дагуулж чадсан. Монголчуудын хувьд дайн тулаан бол боловсон тоглоом биш, амьд мэнд гарах эр зоригийн шалгуур юм. Ялалт ялагдлаас хамааран амьдралын хувь заяа шийдэгдэнэ гэдгийг тэд сайн мэддэг учир аймшиггүй чин зоригтой тулалдан тэмцэлддэг. Чингис хаан дайлаар довтолсон хот болгондоо дагаар орон бууж өгөх, өршөөл үзүүлэх боломжийг зарлигдан тушаана. Татвар гувчуур хэвээр үлдэн, багасгаж буйг ойлгосон хүмүүсийг тонон дээрэмдэхгүй, эсрэгцэн тэмцэх хэнбугайг ч даран номхруулж, цэрэг ноёдыг нь яллаж цаазална. Нэхэж хатгах, бичих зурах зэрэг ур дүйтэй хүмүүсийг өршөөн хэлтрүүлж, онцгой ур чадваргүй хүмүүсийг ажилд дайчлан, голдуу дараагийн аян дайнд армийн бамбай хамгаалалтанд явуулна. Чингис хааны хууль маш хатуу, өөрөө ч хуулиндаа ямагт захирагдана. Бууж өгөн дагаар орсон хотод дээрэм тонуул хийсний учир хүргэнээ тушаалаас халж, дараагийн тулалдаанд довтолгоог халз удирдах ялаар шийтгэсэнд хувь золгүй  хүргэн нь тулаанд амь үрэгдсэн түүх бий. Дайны талбарт өршөөл энэрэлгүй догшин ширүүн, энхийн цагт хууль ёсыг чандлан барина. Ялагдашгүйн нууц цоож түлхүүр бол энэ холбоос юм. Өнөөдөр АНУ алийг нь ч мөрдөхгүй байна. - Асуулт 3: Чингис хаан шашны хэт даврагсадтай хэрхэн учраа олсон, ялангуяа Лалын шашны алан хядагч нартай?  - Жак Уэтерфорд: Чингис хаан бүх шашныг үнэн бодитой, хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрсөн. Энэ зарчим сургаалынхаа үндсэн дээр ямар ч шашин хорон мууг үйлдэх, зовлон шаналан үүсгэх зорилгогүйг танин мэдэж, өөрийн үүрэг зорилгоо аль нэг шашныг хориглон хяхах, дөвийлгэн дэмжих бус, харин шашны итгэн бишрэгч нарт чадах бүхнээ хийх эрх чөлөөг олгох явдал гэж үзжээ. Гэхдээ энэхүү эрх чөлөөний хүрээнд хууль зөрчих, өөрийн сонгосон дурын замыг дагах явдал орохгүй. Хөшүүд гөжүүд тэмээн сүргийн адилаар аль ч шашин бусадтайгаа уялдаа холбоотой байж, зөв шулуун замыг даган мөрдөх үүрэгтэй байв. Шашин төрийн ялгаа зааг байсангүй. Чингис хаан шашны эрх чөлөөг олгосноор тухайн олон түмний дэмжлэгийг бүрэн авахдаа санваартан хийгээд шашны үүрэгтэнгүүд шашны эрх чөлөөнөөс илүүтэйгээр татварын эрх чөлөөг эрхэмлэж буйг анзааран мэдэж, номлогч багш, эмч, эм зүйч нарын зэрэг бүх шашны ажилтанг татвараас чөлөөлсөн. Чингис хаан одоогийн Ираны хойд уулсад байрших Алан хядагчид хэмээх нэрээр нэршсэн Лалын шашны хэт даврагсадтай анх уулзахдаа найрамдлын гар сунган, удирдагч нартай уулдахдаа энгийн хүн бүхэнтэй адил тэгш эрх чөлөөг амлаж, өөрсдийн жижиг вант улсаа сахихыг зөвшөөрч, алба гувчуурыг үл шаардан, эзэнт гүрэнд саад тотгор үл учруулах аваас тэднийг халдан довтлохгүй гэж тохирсон байдаг. Энэхүү түр эвлэрэл дараагийн үе хүртэл үргэлжилсэн бөгөөд Уулын алан хядагч бүлэгл Монголын эзэнт гүрний албаны хүмүүсийг алж устгаж эхлэхэд Чингис хааны ач Хүлэгү хаан тэдний эзэмшил нутагт довтлон орж, халдан нэвтэршгүй хэмээгдсэн уулын цайз хэрмийг эзлэн устгаж, толгой удирдагч, түүний гэр бүл, бүх гишүүдийг цаажлан хороож газрын хөрснөөс арчсан байдаг. Хүлэгү хаан хэдхэн сарын дотор Багдадыг эзлэн, Халиф, түүний гэр бүлийг цаазлан устгаад Дамаскыг дайлаар мордохоор хөдөлсөн. Монголчууд удаа дараагийн хүчтэй цохилт өгч байсан тэр өдрөөс 800 жилийн дараа Лалын ертөнц харгис бүлэглэлээ ахин сэргээхээр оролдож байна.    - Асуулт 4: Та Чингис хааны тухай бестселлер ном бичсэн. Ахин шинэ ном яагаад гаргах болов? - Жак Уэтерфорд: Чингис хааны ач нар амьд сэрүүн ахуйдаа эмхэлж зохиомжилсон аман түүх болох Монголын Нууц Товчооны судалгаагаа 1997 онд эхэлсэн. Анхны зорилго бол эх бичмэлд тэмдэглэн үлдээсэн Чингис хааны амьдралын бүхий л үйл явдлыг зураглан тодорхойлж, Монгол, Хятад, Төв Азид өрнөсөн тодорхой үйл явдлуудын газарзүйн байршлыг олж тогтоох явдал байсан. Дэлхийн түүхэнд бууны дарь, хэвлэлийн машин, луужин, арилжааны бараа зэрэг материаллаг зүйлсийг түгээн нэвтрүүлсэн Монголын байлдан дагууллын үр нөлөөг судлах явцдаа бахархан урамшиж Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан номоо бичих зориг сэдэл төрсөн бөгөөд нмондоо Чингис хааны амьдралын тухай, голдуу түүний байлдан дагуулал, угсаа залгамжлагч ач нарын нөлөөг тусган бичсэн. Судалгаагаа эхлэхдээ, эзэнт гүрнээ байгуулсан амжилтын нууцад нь Чингис хааны оюун санааны ертөнц болон түүний шашинд хандах өвөрмөц чиг хандлага ямар чухал нөлөөтэй болохыг ерөнхийдөө төсөөлж байсан ч үнэндээ огт ойлгоогүй байлаа. Эдвард Гиббон “Ромын эзэнт гүрний уналт ба сүйрэл” номынхоо тайлбар зүүлтэнд Америкийн колончлогчид шашны эрх чөлөөний тухай үндсэн санаагаа Чингис хаанаас хуулбарлан авсан тухай дүгнэн бичсэн нь миний сонирхолыг татаж, сэтгэлийг гижигдсэн юм. Үзэл санаа, итгэл үнэмшлийн түгэн дэлгэрэлтийн ул мөрийг мөшгөн хайх нь шинэ технологийн нэвтрэн тархалтыг хайхаас хавьгүй илүү маш хэцүү. Америк Улсыг үндэслэгч нарт нөлөөлсөн Чингис хааны нөлөөллийн тухай өнгөц харваас хачин сонин ийм нотолгоонд би эргэлзэн тээнэгэлзэж байв. Энэ тухайд нотлон бататгах, эс бөгөөс няцаан үгүйсгэх арга зам надад байсангүй. Нотлох баримтыг олтол арван жил улирсан байв. Яг одоо, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд бараг хорин жил заран зүтгэсний дараа энэхүү судалгааны үр дүнгээ урьдчилан зарлахад бэлэн болсноо мэдэрч байна.  - Асуулт 5: Чингис хаантай Томас Жефферсон, Жорж Вашингтон, Бенжамин Франклин нар юугаар холбоотой вэ? - Жак Уэтерфорд: Бенжамин Франклин Америкийн 13 колони муж улс даяар Чингис хааны тухай номыг ивээн түгээсэн үнэхээр бахархалтай хүн. Франц хэлээр өргөн тархсан Чингис хааны намтар түүхтэй номын худалдааг сурталчилж, колони муж улсуудад номын хүргэлтийг түгээж байжээ. Тэгвэл Томас Жефферсон, нотлох баримтаас үзэхэд, бусад худалдан авагч нараас илүү олон хувийг худалдан авсан бөгөөд ач охиндоо төрсөн өдрийн бэлгэнд авсан нэг номондоо зурвас бичин үлдээснээс гадна, одоог хүртэл Конгрессийн номын сан, Виржинагийн их сургуулийн номд хадгалагдан буй номуудыг худалдан авсан түүхтэй. Мөн Жорж Вашингтон, түүний гэргий Марта Вашингтон нар Маунт Вернон дахь номын сандаа Чингис хааны тухай бичсэн Анна де ла Роше-Гюлхемийн номыг хадгалан үлдээжээ. Чингис хаан 18-р зууны Европ тивд оюун санааны шинэ өнгө төрхийг чимэж, хаант засагтаа сайн чанар дутагдаж буйг мэдэрсэн хүмүүс Чингис хааны давуу чанарыг магтан сайшааж байсан бол, шинээр бүрэлдэн буй Америк үндэстэн нийгмийн байгуулал, засаг захиргааны шинэ загварыг хайж байх үед Чингис хаан гүн гүнзгий төгс төгөлдөр нөлөө үзүүлсэн байна. Чингис хааны тухай жүжиг Чарлестоноос Филаделфиа, Нью-Иорк хотын тайзнаа үзэгдэж, Европын болон Христийн сонгодог уламжлалаас гадуур шинэ загварыг хайж байсан тухайн үед Америкчууд Чингис хааныг өөрчлөлт шинэчлэлт, хувьсгалын баатар мэтээр төсөөлөн харж байжээ. - Асуулт 6: Чингис хаан яагаад шашны эрх чөлөөг бусад бүх зүйлд дэлгэрүүлэхийг зогсоосон бэ?  - Жак Уэтерфорд: Чингис хаан бүх шашныг буянтай, хүн ардыг сайн сайхан байлгах зүйлийг эрж хайдаг гэдэгт итгэдэг. Тиймээс ч бүх шашныг дэмжихдээ зөвхөн зөв сайн зүйлийг сургах, олон нийтэд бодит замаар үйлчлэх, төрийн хуулийг ямагт дагахыг шаардсан. Шашны эрх чөлөөг олгоно гэдэг бол үндсэндээ бодлогын шийдвэр бөгөөд нийгэмд дийлдэшгүй хор хөнөөл тарьж чадах шашны янз бүрийн бүлэглэлийн зөрчил өрсөлдөөнөөс сэргийлж чадна. Нийгэмд хамгийн их зөрчил, хор хөнөөл учруулж чадах хүчний нэг бол эрх үүргээ умартсан шашны удирдагчид юм. Зөв зохион байгуулалттай, үүрэг хариуцлагатай шашин бол шаналан зовлонг нимгэлэх, нийгэмд тустай зүйл бүтээх бүрэн боломжтой. - Асуулт 7: Шашны эрх чөлөөг баталгаажуулсан Америкийн хуулинд Чингис хаан түлхэц болсон гэх ямар нотолгоо танд байна вэ? - Жак Уэтерфорд: Их Кир хаан, Их Александр хаан зэрэг өмнөх үеийн зарим их удирдагчид өрсөлдөгч шашныг хүлцэн өршөөсөн байдаг бол зарим нь бүүр тахин шүтлэг хийгээд шашны олон янз урсгалыг цэцэглэн хөгжихийг зөвшөөрч, зарим гүн ухаантан шашны эрх чөлөөг өмгөөлөн хамгаалж байжээ. Хэдийгээр энэ чөлөөт либерал бодлогыг шашны байгууллага болон лам санваартанд зөвшөөрсөн ч хувь хүний эрх чөлөөнд олгоогүй. Чингис хааны их засаг хуулийн дор дэлхийн түүхэнд анх удаа шашны эрх чөлөөг үүссэн шашинд нь бус хувь хүнд хамаатуулсан юм. Чингис хаанаас Томас Жефферсон шашны эрх чөлөөний язгуур үзэл санааг хуулбарлаагүй ч шашны сүм хийд болон номлогч нарт бус хувь хүнд эрх чөлөөг хамааруулах ухагдахууныг нь хуулбарласан. Жефферсон Виржина муж дахь гэртээ шашны эрх чөлөөний анхны хуулийг бичиж суухдаа өөрийн маш дуртай Чингис хааны намтар түүхэнд гарч буй төсөөтэй үг хэллэг, тодорхойлолтыг ашигласан байдаг. Монголын их засаг хууль “шашнаас болж хэн нэгнийг гутаан доромжлож, хорлон залхаасан” хүнийг цаазална гэж заасантай төсөөтэйгээр Жефферсоны хууль “шашны үзэл бодол, итгэл үнэмшилээс болж хэн ч зовж зүдрэх ёсгүй” гэж зааварласан. Чингис хааны хууль “хүн бүр өөрийн санаанд тохирсон шашинаа  чөлөөтэй сонгож болно” гэж заасан бол Жефферсоны хууль ”Хүн бүр шашны тухай өөрийн үзэл бодлын дагуу чөлөөтэй элсэж болно ” гэж дуурайн давтсан байдаг. Чингис хааны анхны хууль, Виржина мужийн хууль мөн чанарын хувьд төсөөтэй, үгээр илэрхийлэхдээ ялгаатай. АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт завсарт “Конгресс шашны байгууллагыг хүндэтгэх үүднээс чөлөөт байдлыг хориглосон хууль санаачлахгүй” гэж ялгаатай үгээр илэрхийлэх ажээ.  - Асуулт 8: Чингис хаан ямар шашинтай байсан бэ? - Жак Уэтерфорд: Чингис хаан тэнгэр газрыг, бүүр тодруулбал дээд эцэг тэнгэр, доод этүгэн эх газараа чин сэтгэлээсээ залбиран шүтдэг байсан. Чингис хааны хувьд шашин бол итгэл үнэмшил, үзэл санааны цогц хэлбэр гэхээс илүүтэйгээр энэ дэлхийн үйл хэрэг, аж төрөх арга ухааны зам мөр байсан. Чингис хаан Бурханыг сүм хийд, судар номын дотор төдийхөн байх ёсгүйг мэдэрсэн. Чингис хаан гадаа орчинд цэнгэг агаарт уулын оргилд усны хөвөөнд залбирал үйлддэг. - Асуулт 9: Чингис хаан юуны учир орд өргөөндөө бүх шашны төлөөлөгчдийг урьдаг байсан бэ? Тэднээс юуг суралцахыг хүсч, ямар дүгнэлтэнд хүрсэн бэ? - Жак Уэтерфорд: Чингис хааны эзлэн суусан улс орны хот суурин газрын шашны хүмүүс түүнийг сонирхсон хэдий ч бас үлэмж ихээр будилаантуулсан байдаг. Чингис хаан тэдний үгийг нинжин сэтгэлийн үг хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч, тэдний үг зөвхөн алив нэг үйлдлийг тайлбарлахад хэрэг болох магадтай, толгой эргүүлсэн зүйл байв. Чингис хаан бөө удган, санваартан лам, лам хуварга, шашин номын багш, хамба лам, олон янзын шашны удирдагч нарыг тэдэнд юу чухал, ямар асуудал учирч буйг ойлгохын тулд ордондоо урьдаг байсан.  Чингис хаан мөн тэднээс улс төрийн дэмжлэг туслалцаа авахын тулд урин залдаг. Зөн олыг удирдахад шашны хүч нөлөөг ойлгон үнэлж, хэрвээ шашны удирдагчдын дэмжлэгийг авбал сүслэн итгэгчдийн дэмжлэгийг хүлээнэ гэдгийг мэдэрчээ. Дэмжлэг хүлээхийн тулд, татварын эрх чөлөөг тэдэнд амлаж, цэргийн албанаас чөлөөлж, үйл ажлаа чөлөөтэй явуулах бусад тусгай хөнгөлөлтийг үзүүлсэн.  - Асуулт 10: Цуутай цуст байлдан түрэмгийлэгчийг шашны хүн байсан гэж та хэрхэн нотлох вэ? Эргэн тойрон дахь соёл иргэншилийг уулгалан түрэмгийлсэн хэрцгий догшин варварчуудын эгнээнд орж тооцогдохгүй гэж үү? - Жак Уэтерфорд: Чингис хаан бол аугаа  их байлдан дагуулагч. Мэдээж эзлэн түрэмгийллээр цус нулимс урсгаж байсан нь үнэн ч, хувь тавилангаар хүмүн заяанд хувилж, энэ дэлхийд оноогдсон үүрэг даалгаварынхаа утга учрыг тайлан хөгжүүлж чадсан юм. Чингис хаан даян дэлхийд амар амгаланг авчирах, хүн төрөлхтөнийг нэгдэн нягтруулах үүрэг даалгаварыг тэнгэр бурханаас түүнд оноосон гэдэгт итгэл төгс байсан. Тэнгэрт хальсныхаа дараа ч түүний бүтээсэн амар амгалан дэлхий зуун зуун жил үргэлжилсэн.  Америк улс энх тайвныг байгуулахын тулд тэмцэн тулалдаж буй дайныхаа зорилгод адил төстэй шаардлага нотолгоо гаргадаг ч, сүртэй нотолгоогоо биелүүлэхдээ амжилтанд ховорхон хүрч байна. Америкчууд бид Японы Хирошима, Нагасакигаас Вьетнамын Май Лай, Иракийн Багдад хүртэл энгийн номхон ард иргэдэд Чингис хаанаас ч илүү өршөөл энэрэлгүй хэрцгий хандсан байдаг. Чингис хааны байгуулсан Монголын их амар амгалантай (Pax Mongolica) дүйцэхээр Америкийн их энх тайванг (Pax Americana)бүтээж чадаагүй байна.  Нийтлэг үлгэр домог, улиг болсон зүйлээс эсрэгээрээ түүх сурвалжийг заавал ялан дийлэгчийн талаас бичдэггүй, асар их хорсол дургүйцэл тээх ялагдсан тал ихэнхдээ бичдэг. Хэзээ ч бүү март гэх уриа бол түүхийг гуйвуулан буруутгагчид, ялагдсан талын уриа лоозон юм. Дорд муу зэрлэг бүдүүлэг барбарчууд хэмээн цоллуулан нэрлэгдсэн энэ ард түмний довтолгоонд Соёл иргэншилт ертөнц хэмээн нэрийдсэн Европ, Дундад Ази, Хятад өртөн ялагдаж, дарлан дээрэлхүүлсэн түүхтэй. Хятад болон Иранчууд тэдний соёл иргэншлийг устгасан харанхуй бүдүүлэг хэмээсэн барбарчуудын тухайд цэцэн цэлмэгээр гутаан доромжилж үзэл бодлоо мэлтийтэл илчлэн бичсэн байдаг ба тэрхүү түүх сурвалж бол голдуу бодит үнэнээс хадууран төөрсөн, дүргүйцэл зэвүүцэлээ илэрхийлсэн түүхэн товчоо байдаг. Урт удаан хугацааны туршид Америкчууд бидэнд зааж сургах сургамжтй Азийн цуутай байлдан дагуулагчийг өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөх боломжгүй байсаар ирсэн. - Асуулт 11: Чингис хаан өөрийн ахан дүү мэт болсон шилдэг шадар цэргүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн. Ямар учраас Чингис хаан алдар цуутай байлдан дагуулагч, удирдагч болсон бэ? Манай удирдагч нарт ямар зүйлийг сургах бол? - Жак Уэтерфорд: Чингис хааны амжилтын нууц түлхүүр бол чин итгэлт чанар, чин шударга зан, чин үнэнч сэтгэл. Чингис хаан өөрийн цэргүүддээ чин итгэлтэй, өөрийн ард түмэнд чин үнэнч, өөрийн их засаг хуульд чин шударгаар ханддаг. Дайны талбарт өршөөл энэрэлгүй догшин ширүүн шигээ өөрийн эргэн тойрон буй хүмүүст туйлын итгэдэг, тэднээс тийм чин итгэл сэтгэлийг шаарддаг. Чингис хаан өөрийн ард олны адил маш энгийн амьдралаар амьдарч байсан. Ард олонтойгоо адилхан хувцас өмсөж зүүж, адилхан идээ ундаа идэж ууж, нүүдэлчний гэр өргөөндөө унтаж, ард түмний даган захирагдах хуулиндаа адилхан захирагддаг байв.  Зарим тооцоогоор, Чингис хаан дэлхийн түүхэнд хамгийн баян хүн байсан хэдий ч, бүх эд баялгийг ард олондоо, түүнчлэн бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин ядуусыг үлдээлгүй хуваарилан тараадаг байжээ. Өөртөө зориулж орд харш бариулаагүй булш бунхан, хөшөө дурсгал босгоогүй. Өөртөө үл хураан, ард олондоо өгөөмөр зан, өглөгч сэтгэлээр хандсан.  Түүнд үнэнч шударга бус хандсан хэнийг ч бол ямарч болзол хэлцэл, тохирол зөвшилцөл, засан хүмүүжүүлэх, сайжруулан өөрчлөх өчиг үгүйгээр үхэл мөхөл хүлээдэг байв. Тухайн орны ард түмнийг хураан эзлэхдээ ялж дийлэхгүй байж дайн өдөөсөн удирдагч нарыг нь өршөөлгүй бохируулан дарна. Хэн ч хэзээ ч үл итгэж болох хэрэгцээгүй сорон мөлжигчид хэмээн итгэж удирдлагын тогтолцоог нь бүрмөсөн нурааж байсан. Худалдаа арилжааны авъяастай, ур чадвартай, гарын уртай, оёдол нэхмэлийн дүйтэй, бичиг үсгийн боловсролтой энгийн хэнийг ч бол өршөөн хэлтрүүлдэг байсан.  - Асуулт 12: Хүмүүс заримдаа дайнд ялах нь энхийг сахиулахаас илүү хялбархан гэж ярьдаг. Чингис хаан эзэнт гүрнээ хэрхэн аюулгүй байлгасан бэ? - Жак Уэтерфорд: Нэгд, Чингис хаан төрийн удирдлагад аюул занал учруулахуйц өш санан үлдэх хуучин язгууртнууд, ялагдсан эсрэг дайчдын бүлэглэл тэмцэлийг үгүй хийх үүднээс бүх дайснаа даран устгасан. Түүнд үнэнчээр итгэн үлдсэн хэнд ч бол амар тайван байдал, хууль ёсыг баталгаа болгосон. Сайн сайхан харилцааг бий болгож, арилжааны татварыг бууруулан, байр орон хоол хүнс агт морьдоор ханган шуудан харилцааны өртөө сүлжээг байгуулж, худалдаа банкны энгийн үйлчилгээг бий болгосноор амар таатай байдал, хөгжил цэцэглэлийг сэргээж чадсан. Чингис хаан хулгайлан барьцаалах, тамлан зовоох, хилсээр хэрэг үүрүүлэх, хээл хахууль авах, түүнчлэн цаазын ялтай хүнд гэмт хэрэгт хулгайг тооцон хулгай хийх зэргийг таслан зогсоосон байдаг. Чингис хааны хууль хэдий хатуу чанга ч, хүний дотоод сэтгэлийн тодорхойгүй ертөнц дэх сэтгэл санааны болон оюун санааны амар тайван байдлыг хуулиараа дамжуулан олгож, урт удаан хугацаанд зарлигийг дагаж үнэнч сэтгэлээр үлдвээс огт санаанд төсөөлөгдөмгүй аюулгүйн баталгааг гаргаж өгч байсан.  Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан  Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнх  

Хазаар Монгол оюутан С.Цагаадай: “Бид террорист биш, Монголд хайртай Монгол хүмүүс”

Хазаар Монгол оюутан С.Цагаадай: “Бид террорист биш, Монголд хайртай Монгол хүмүүс” -Өөрийгөө танилцуулаач. Монголд удаж байна уу? Миний нэр Цагаадай би 2012 онд Монголд оюутан болохоор ирсэн. Эхний жил Англи Монгол хэл сураад. Дараа нь бизнес менежментээр сурч эхэлсэн. Одоо гуравдугаар курс. Анх ирээд Монгол хэлийг маш амархан сурсан. Яагаад гэвэл надад Монгол цус, гень байгааг би мэднэ. Ямар ч хэлнээс илүү маш амархан сурсан. Надад нэг семестр хичээл буюу дөрвөн сар л хангалттай байсан. -Хазаар Монголчуудын талаар яриач? Биднийг нэг өвөг дээдэстэй эсэхэд эргэлздэг улс ч бий. Би өөрөө жаахан түүх, улс төр сонирхдог хүн. Миний эцэг эх, эмээ өвөө биднийг өсгөхдөө дандаа л бид Монгол хүмүүс гэж хэлж ирсэн. Нутагтаа хэзээ нэг очихсон доо үргэлж ярьж мөрөөддөг байсан. Би ч өвөө, аав нарынхаа хүслийг гүйцээж нутаг буцна гэж дандаа боддог байсан. Үүндээ хүрсэндээ маш их баяртай явдаг. Бид олон жил хол байж соёл ондооссон ч бид бол ахан дүүс гэж оиогшиж явдаг. Би Монгол нутагт, Монгол хүмүүст маш их хайртай. Боловсрол, мөнгө, шашин, нас хүйс надад хамаагүй би өөрийгөө Монгол хүн гэж бодож үргэлж бахдаж явдаг. Жинхэнэ түүх үнэнийг гэрчилдэг. Цагаадай, Төмөр хааны улсаас Хазаар Монголчууд гарсан түүхтэй шүү дээ. Бабархааны цэргийн төв одоо Бамиан хотод бий.  Ил хаан, Төмөрхаан гээд биднийг холбох түүхийн үнэн олон бий. Японд хийсэн судалгаагаар Хазаар, Монгол хүмүүс генетикийн хувьд маш өндөр хувьтай ижилссэн байдаг. "Гэрэлт Дэнлүү" вэб сайтын болон "Эмонг Үнэт Өв" продакшины сэтгүүлч. Бид олон жил хол байж соёл ондооссон ч бид бол ахан дүүс гэж оиогшиж явдаг. Би Монгол нутагт, Монгол хүмүүст маш их хайртай. Хазаарчууд олон жил дайн хийсэн нь шашны дайн биш үнэндээ дандаа газар нутаг, газрын баярлгийн төлөөх үндэстний дайн байсан. Харин ч террористуудтай дайтдаг. Хазаар Монголчууд террорист биш. -Гэр бүл чинь хаана байдаг вэ? Тэдэнтэйгээ холбогддог уу? Бамианд байдаг. Аюулгүй, дайны галаас хол нам тайван газар. Аав, ээж, дүү нар минь  Монголд сурч байгаад минь их баяртай байгаа. Ээж минь цахим ертөнцөд 24 цаг онлайн байж үргэлж холбоотой байдаг шүү. /инээв/ -Монголд хэчнээн Хазаар оюутан байна? Тэдний нөхцөл байдал ямар байдаг вэ? Монголд одоогоор 15 Хазаар оюутан бий. Монголд тайван, сурч боловсорч байгаа. Гэхдээ сүүлийн үед визний асуудал жаахан хүнд болсон. Саяхан хоёр оюутан Монголоос буцсан. Нэг нь магистраар суралцаж байсан, нөгөө нь бас Монгол эхнэртэй оюутан залуу. Гэтэл тэдний виз цуцлагдчихсан. Шалтгааныг нь би сайн мэдэхгүй. Гэхдээ зүс царай, нэр гэдэг ч юмуу зарим нэг талаараа андуурагддаг, болгоомжлол үүсдэг юм болов уу гэж би хувьдаа бодсон.  Зургаа долоон жил Монголд амьдарсан 23-хан настай залуус хэзээ ч  террорист байна гэж байхгүй. Гэтэл Монгол эхнэртэй залуугийн хувьд л гэхэд гэр бүлтэйгээ байх боломжгүй болсон. Энэ маш харамсалтай. Ах дүүс минь биднийгээ дэмжээсэй сайн харилцаатай байгаасай гэж хүсдэг. Монголд ирэх хүсэл мөрөөдөлтэй олон Хазаар Монголчууд бий. Над шиг шалтгаантай Монголоо гэсэн олон хүмүүс бий. Харин Афгани паспорт, нэрнээс нь болж террорист байх вий гэж болгоомжилдог юм шиг санагдсан. Тэр хүмүүсийн буруу биш, мэдэхгүйд л буруу байгаа гэж би боддог. -Террорист оо? Үнэхээр тэгж андуурагдаад байна уу эсвэл танай оюутнууд ямар нэг асуудал гаргасан юм уу? Биднийг Паштан /Pashtan/ үндэстэнтэй андуурч хараад байна. Тэсрэх бөмбөг хаяаад байгаа хүмүүс дунд нэг ч Хазаар хүн байхгүй. Харин ч үүний эсрэг байдаг. Хазара Монгол хүн хэзээ  ч Террорист ажиллагаа хийж байгаагүй харин тэдэнтэй байлддаг улс. Муслим хүн бүр террорист биш. Дэлхий даяар нийт 9.000.000-10.000.000 Хазаар хүн бий. Тэдний 98 хувь нь Муслим шашинтай. Исламын шашин дотроо Шиа /Shia/ , Сүнни /Sunni/ гэсэн хоёр янз. Сүнничүүд нь террорист үйлдэл хийдэг. Хазаарчууд олон жил дайн хийсэн нь шашны дайн биш үнэндээ дандаа газар нутаг, газрын баярлгийн төлөөх үндэстний дайн байсан. Харин ч террористуудтай дайтдаг. Хазаар Монголчууд террорист биш. Биднийг Исламын шашинтай хүмүүстэй андуурдаг. Биднийг ах дүү нараа гэж танин итгэх хэрэгтэй. Бид Монгол хүмүүс. Нэг гэр бүл 4 хүүхэдтэй бүгд өөр шашинтай байлаа гээд нэг л гэр бүл нэг аав ээжийн хүүхдүүд хэвээрээ байдаг. Тиймээс ийм бодолтой хүн олон байгаасай гэж хүсдэг. -Өнөөдөр танай улсад цаг үеийн байдал ямар байгаа вэ? Яагаад заавал Монголд сурах болов? Би хэлсэн. Монголд ирнэ гэдэг бидний мөрөөдөл байдаг. Одоогоор Хазаарчууд Талибанчуудтай газар нутаг, газрын баялгийн төлөө байлдаж байгаа. Хазаар Монголчуудыг Афганистаны засгийн газар дэмждэггүй. Харин ч байнга доог тохуу хийдэг. Тиймээс бидэнд маш их хэцүү байгаа. Яагаад гэвэл бид 250 жилийн өмнө байсан Монголчуудын үр хүүхдүүд учир. Бид маш их хүчгүй болсон. Сүүлийн 25-30 жил дайнтай байгаа. Сайн ажил, сургуульгүй Хазаар амьдрал хэцүү. Афганистан 32 аймагтай түүнээс 3 аймаг дан Хазаар Монголчууд. 8 аймаг нь Холимог. Тэдэнтэйгээ зөрчил ихтэй. Яагаад гэвэл түүхэнд бид тэдний дээр байж их хаадаараа омогшиж ирсэн. Одоо харин тийм биш, хүчгүй. -Монгол, Хазаар хоёр хүнээс ижил төстэй зан чанар, ёс заншил ч юм уу? Олж харсан зүйл юу байна? Миний бодлоор түүхийн үнэнээс гадна олон зүйл биднийг холбодог. Гень, характер, цайлган зан чанар гээд ижил зүйл олон. Гэр бүлсэг байдаг. Ахмадуудаа дээдэлдэг. Баяраар настайчууддаа очиж золгодог. Энэ шашин биш ёс уламжлал. Царай зүс хүртэл ижил шүү дээ. Жишээ нь Монгол Солонгос, Монгол Япон характер шаал өөр. Харин бид ижил. Энэ миний хамгийн их мэдэрсэн зүйл. Миний бодлоор Хамаг Монголчууд бид Европчуудаас их өөр. Хүүхдэрхүү гэх юм уу. Цайлган мөртлөө шулуун шударга зан чанартай хүмүүс байдаг. Үүгээр нь нэгнээ таньж болохоор. Хазаар гэдэг үг хүртэл Перс хэлээр 1000 гэсэн үг. Цагаадай хааны 1000 цэрэг гэсэн утгатай шүү дээ. -Цагаадай сургуулиа төгсөөд юу хийх гэж байна? Олон нийттэй харилцах ажил хийх сонирхолтой.  Аль болох олон хүнд тусална гэж бодож байна. Дэлхийн Монголчуудынхаа төлөө л ажиллана даа. -Танайд эмэгтэйчүүдийн эрх нэлээд доогуурт тавигддаг гэж дуулсан. Шашинаас улбаатай. Жинхэнэ Монгол хүн хэзээ ч ингэдэггүй шүү дээ. Харин ч эмэгтэйгээ илүү хайрлаж хүндэлдэг. Манайд эмэгтэй хүний ажил их бага. Одоо бага багаар гайгүй болж байна. Жишээ нь 10 эрэгтэй оюутан тэтгэлэг авлаа гэхэд 6 эмэгтэй оюутан авдаг. Нэг талаар олон жил цэрэг дайн хийсэнтэй ч холбоотой байх. Дайнд яалт ч гүй эрэгтэй хүн илүү оролцоотой байдаг гэдэг утгаараа, дайнаас үүдсэн үзэл байхаа гэж бий боддог.   Дайны тухай чиний бодол? Намайг 4-5 тай байхад Талибанчуудтай дайн хийж байсан. Талибанчууд маш олон Хазаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийг алсан. Бид үнэхээр дайнаас залхсан. Амар тайвныг л хүсэж байна. Зүгээр байж байхад л мянга мянган хүнийг алж байна. Энэ маш хэцүү асуудал. Тусгаар тогтнолоо олоосой гэж боддог. Үүнд Монгол засгийн газар туслаасай гэж хүсдэг. -Яаж туславал болно гэж? Нэгдүгээрт ах дүүгийн сэтгэлээр дэмжээсэй. НҮБ-ын тавцанд яриасай. Тусгаар тогтноход олон туслалцаа хэрэгтэй байна. Энэ мөнгөний тухай биш. Ядаж л Монголдоо ирж очдог байх. Нэг гэр бүл гэдгээ бүү умартаасай. Паштун, Араб, Иран үндэстэн Их хаадын үед маш олон жил бидний доор байсан түүхээсээ болоод биднийг маш их үзэн яддаг. Одоо бид доор нь орсон. -Энд суралцахад бэрхшээл юу байна? Цаашид ямар зорилготой байна? Ирээдүйн хүсэл минь, амьдралын зорилго минь Дэлхийн 20 сая Монголчууд нэгдэх.   Бид маш том хүчтэй түүхтэй байсан. Гэсэн ч салсан. Тархай бутархай олон үндэстэн болсон. Одоо хамтарч нэг цул болоосой гэж хүсдэг. Тиймээс одоо танилцаж хамтарч яваа маань надад маш сайхан байна.  Цагаадайн хүсэл зөвхөн Монголд өөрөө амьдрах биш олон олон Хазаар Монгол оюутнуудыг нааш нь авчрах хүсэлтэй байгаа. Олон Монгол багш нар Хазаарад очиж ахан дүүстэйгээ уулзаасай гэж хүсдэг. Маш олон Хятад, Солонгос улс Монголд ирж байна. Харин Хазаар Монголчууд ирэх нь маш цөөхөн. Ах дүүс уулзаж, хамтдаа хөгжиж, сурч боловсорч, бүр бизнес хийж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь бид аюултай хүмүүс биш. Харин Монголдоо элэгтэй, хайртай хүмүүс шүү гэдгийг дахиж хэлмээр байна.  Би өнөөдөр зургаан жил Монголд амьдарсан нэг удаа асуудал гаргаж үзээгүй. -Хазаар хүнээс суралцаж болох сайн зан чанар гэвэл юуг хэлэх вэ? Монголчууд бизнес хийдэг соёлтой хүмүүс биш цэргийн үндэстэн гэж би боддог. Хазаар хүн бас тийм. Бас их хөдөлмөрч, үнэнч хүмүүс байдаг. -Монголд өөрчилчихмөөр зүйл юу байна. Чинийхээр?   Үнэнийг хэлэхэд Төв Монголчууд маань архитай их ойр байна. Архи хүнийг залхуу болгодог. Надад хамгийн харамсалтай нь энэ л байна. Маш санай хүмүүс архийг ихээр ууж амьдралаа алдаж байна. Ууж болно бага уух хэрэгтэй. Үндэстний хувцас, зан заншил сайхан юмнуудаа сэргээж яваасай.  Үндэсний Брэнд юмнуудаа илүү хийгээсэй гэж хүсдэг шүү. -Энд ирэхэд тийм амар байгаагүй байх. Виз нь цуцлагдаад буцаж очсон залууст элдэв хардлага шахалд дарамт хэр байдаг бол? Буцсан хоёр оюутан. Тэднийг террорист гэж хардсан байх гэж би таамаглаж байгаа. Яагаад гэвэл миний мэдэхээр өөр ямар ч асуудал тэдэнд байхгүй. Тйимээс л Хазаар Монгол хүн террорист биш гэдгийг л би хэлмээр санагдаж танай сайтад хандсан. Нэг нь Монгол эхнэртэй. Тэр эхнэр нөхөртэйгээ хамт байхын тулд Афганистанруу явсан. Бусдаар бидэнд найрсаг сайхан ханддаг. Биднийг террористуудтай андуурдаг хүмүүст дахин дахин хэлэхэд бид террорист биш шүү. -Дэнлүүгийнхээ уламжлалт асуултыг тавинаа. Амьдралд чинь нэгэн цагт гэрэлтсэн дэнлүү мэт зүйл юу байв? Дэлхийн Монголчууд нэг нэгнээ нэг гэр бүл гэж харж, нэг зорилго хүсэлтэй болж нэгдэж чадвал тэр үед л миний зүрх сэтгэлд Дэнлүү асна гэж би бодож байна.  

Р.Эмүжин: Битгий уйл Миний Монгол

Р.Эмүжин: Битгий уйл Миний Монгол Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ Догшин түүхийн бардамхан дусал нулимс Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ Ус усны эхэнд улаан шороо үлдвэл Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч Цувж явсан он жилүүд хэзээ дуусахыг мэдэхгүй Цуутай мянганы төгсгөлд Монголын зүрх энэлэвч Цуглаж суух өдөр хэзээ ирэхийг мэдэхгүй Хүүхдүүд зутарч, хөгшид энэлж байхад Хүлгийн тоос тэнгэрт хадлаа гээд яах вэ Хүний нутгийн гүнээс хүсэл тэмүүллээ хайсаар л байх уу Хүйтэн эриний сүүлчээс хөгжил хэмээгчийг эрэх үү Тусгаар тогтнол төрийн сэнтийтэй хамт алдагдахад Тусгаар улс минь хүнийх болсныг харах уу Газар газрын хэлээр өр зээлээ нэхэхийн цагт Газар шороо минь бусдынх болсныг үзэх үү Зуун зуунд энэлсэн эгэл түмний амьдралд  Зуурдын энэ төр юухныг авчирсан юм бэ Зусар цагийн туршид хулгай ноёдоос хамаарагч Зулгуй энэ төр хэдэн зоосны үнэтэй вэ Хөх өвсний үндэс бүрийг хөндөн алтаа ачууллаа гээд Хөх Монгол хөгжих нь үнэн юм уу Урсгал усны эх бүрийг самарч эрдэнэсээ зөөлөө гээд Удамт Монгол хөлжих нь үнэн юм уу Эх орончдын зүрх уйтайхан үхэж байхад  Эх хүний сэтгэл шимшрэхгүй гээд яах вэ Эгэл Монголын итгэл гунигтайхан мөхөж байхад Эцэг хүний сэтгэл шархирахгүй гээд яах вэ Итгэл найдвараа гээж, инээсэн бүхэн дайсан болоход Ижийтэйгээ хамт цохилсон зүрх минь л Монголынх байг. Алтай Хянганы уулс өрөөлийн хөл дороос өндөлзөхөд Аавтайгаа хамт огшсон зүрх минь л Монголынх байг. Үзэл санаандаа төөрөлдөж, үнэний хэмжүүр алдагдахын цагт Үзүүрт илдний салхинд үеийн үед хатуужсан зориг Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ,  Битгий уйл, миний Монгол. Үнэн, худлын тэнцвэр үүдэн хойморт шарвахын цагт Үгүйрэл ядуурлын дундуур үеийн үед дүрэлзсэн омог Үндэсний гэх юм зүрх чинь л үлдэнэ, Битгий уйл, миний Монгол....

А.Пунсаг: Чингис хааны бодит хөрөг хоёр л бий

А.Пунсаг: Чингис хааны бодит хөрөг хоёр л бий Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан А.Пунсагтай ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа 40 жилийг Чингис хаан судлалд зориулжээ.Их хааны жинхэнэ хөргийг хэдийд анх олсон, өдгөө хаана хадгалагдаж буй зэрэг сэдвээр бидний яриа өрнөсөн юм. -Таныг судалгааныхаа чиглэлээр нэлээд арвин цуглуулгатай болсон гэж дуулсан. -Миний судалгааны үндсэн чиглэл Их Монгол Улсаас Монголын эзэнт гүрний үе, тэр тусмаа Чингис хаан, Хубилай хааны үеийн түүх юм.Үүний дагуу Монголын нууц товчоо, монголчуудын ёс заншлын тухай судалдаг. Чингис хааны түүхтэй холбоотой, байж болох бүгдийг цуглуулсан.Ном товхимол гэхэд хоёр өрөө дүүрчихээд байна.Их хааны нэртэй хивс, архи, аяга, зоос, хуанли, хааны хөрөг бүхий марк, тэмдэг, зүүлт, зураг гээд бүгд бий. -Чингис хааны хөргийг хэдийд, хэрхэн бүтээсэн талаар түүхэн эх сурвалжуудад юу гэж тэмдэглэсэн байдаг юм бол? -Чингис хаан баруун Тангад улсыг дайлж яваад 1227 онд таалал төгссөн.Их хааныг таалал төгссөний дараа монголчууд уламжлалт ёс заншлаараа эх нутагт нь авчирч оршуулсан тухай Судрын чуулган, Юань улсын судар, Хятадын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг эх нутагт нь авчирч онголохдоо алтаар хөргийг нь бүтээж, дөрвөн их ордонд залсан тухай түүхэн сурвалжуудад бий.Чингис хааны тахилгын үндэс суурь үүнээс бий болсон.Тодруулбал, Хубилай хаан 1260 онд хаан суугаад өнөөгийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шанду голын хөвөөнд буюу Бээжинд нийслэлээ байгуулсан. Тэнд Бумбан толгой гэх газарт дээдсийн тахилгаа хийж байсан.Юань улс бүх Хятадыг эзэлсний дараа 1276 онд улсын нэрээ Их Юань болгон өөрчилж, нийслэлдээ Есүхэй баатар болон Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулжээ.Энэ үедээ тахилгын шүтээн хөрөг бүтээсэн тухай Юань улсын сударт тэмдэглэсэн байдаг. ...Чингис хаан хэдийгээр бусад угсаатны шашин шүтлэгт хүндэтгэлтэй, тэгш ханддаг байсан ч библи барьж, зуруулах язгууртан биш.Чингис хаан бөөгийн шүтлэгтэй, тэнгэртэй харилцдаг дээд хүн. Тэгээд ч Христосын шашны урсгал тухайн үед нэвтрээгүй, монголчуудын ахуй соёлд байгаагүй... -Хөргийг нь зурсан хүний талаар түүхэн баримт байдаг уу? -Монголын тухайн үеийн нэртэй зураачдыг цуглуулж шалгаруулаад Хори Хасун гэх хүнийг сонгож, Чингис хааны хөргийг тусгайлан зуруулсан гэдэг. Өвөрмонголын нэрт эрдэмтэн Сайшаалын судалгаагаар 1987 онд олны хүртээл болсон “Чингис хааны товчоон” гэсэн томоохон бүтээлд Чингис хааны эш хөргийн (эш хөрөг гэж анхны буюу үндсэн хөргийг хэлнэ) талаар тодорхой баримттай бичсэн. Үүнд бичсэнээр өдгөө БНХАУ-ын Түүхийн музейд байгаа Чингисийн хөрөг нь XIII зууны үеэс уламжлагдан ирснийг цаас, өнгө будаг, бэх зэргээр олон талаас судалж, баталсан талаар уг бүтээлд өгүүлжээ.XIX зууны эхээр их бужигнаан болж Манж Чин улсын ноёрхлыг Монгол Улс түлхэн унагаасан.Гэвч дараа нь 1920 онд Хятад манайхыг хэсэгтээ дарангуйлж, Гоминданы Засгийн газар гэгчийг байгуулан хоёр жил болсон. Энэ үед Гоминданы Засгийн газарт ажиллаж байсан генерал монгол язгууртнаас Чингисийн хөрөг бэлгэнд авсан байдаг.Үүнийгээ хүүхдэдээ захиж өвлүүлсэн гэдэг юм.Генералын үр хойчис болох Хэбэй мужид амьдардаг Чинь Хуан гэдэг хүн 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгчээ. Монголын нэрт эрдэмтэн, археологич Да.Баяр чулуун хөрөг судалдаг.XIII зууны үед бүтээсэн, монгол язгууртны чулуун хөрөг Шилийн гол аймгийн Шанду болон Сүхбаатарын Дарьгангаас 30 орчим олдсон.Да.Баяр гуай тэдгээр олдворыг судлаад Сайшаалын номд бичсэн баримт үнэн хэмээн нотолжээ. Бээжингийн Түүхийн музейд хадгалагдаж буй язгууртны эш хөрөг бол Хори Хасуны зурсан Чингис хааны жинхэнэ хөрөг гэдгийг Да.Баяр гуай “Монголын чулуун хөрөг” номдоо тодорхой бичсэн.БНХАУ-ын түүхийн музейд хадгалагдаж буй эш зургийн дээрх хувцас загвар, үс засалт хэв маяг нь археологийн баримтаар олдоод байгаа язгууртны хүн чулуутай тохирч байна гэж үзсэн. -Дээр дурдсанаас өөр хөрөг олдсон уу? -Эрдэмтэд Чингис хааны эш хөрөг дэлхий дахинд хоёр байгааг тогтоосон.Чин улс Мин улсыг эзлэх үед Бээжингийн эртний эдлэл хадгалдаг газраас 500 гаруй хааны хөргийг шатаалгүй авч үлдсэн байдаг.Үүний дотор Чингис хааны бас нэг хөрөг байжээ.Энэ зураг өдгөө Тайваньд хадгалагдаж буй.Тэмгэт хэмээх харчин хүн 1925 онд Тайваньд байгаа уг хөргийн зургийг нь авч олшруулсан. Мөн 1926, 1927 онд дахин олшруулж хэвлэсэн гэдэг.Олшруулсан хувилбарын нэг, нэг хувь манай Үндэсний түүхийн музей, Төв номын санд бий.Бас Төрийн ордонд байдаг.Хувь хүмүүст ч бий байх.Тайвань, Хятад хоёр өөрт байгаагаа манайх анхны гэж маргадаг юм гэсэн.Тайвань “Манайх Чин улсын үеэс уламжлагдаж ирсэн анхны хөрөг” гэдэг бол Хятадууд “Манай хөрөг хожуу олдсон боловч Ар Монголын язгууртнаас авсан жинхэнэ нь” гэдэг юм. Хоёр хөрөг хоорондоо их төстэй.Нөгөө талаар аль аль нь жинхэнэ хөрөг байх талтай.Тахилгад зориулж нэг зураад, үр хойчид нь үлдээхээр дахин нэгийг зурсан байх. Ямартай ч аль аль нь судлагдахуунаараа XIII зууны үед хамаарах нь батлагдсан.Юань улсын үед Чингисийн хөргийг зурах зарлиг буулгасан нь түүхэн сурвалжуудад тодорхой бий. -Хүмүүс Өвөрмонголын Ордост Чингис хааны онгон бий мэтээр ойлгодог.Уг нь түүхэн сурвалжуудад Чингис хааныг Монголд авчирч хөдөөлүүлсэн гэж гардаг. -Бээжинд Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулсан гэж дээр ярьсан.Батмөнх даян хааны үед Монголын хаадын ноёрхол өөр газарт шилжихтэй зэрэг Ордост бүх ястан үндэстнээс бүлэг хүмүүсийг 500 дархадтайгаар үлдээж, Чингисийн шүтээн газрыг дахин байгуулсан.Энэ бол шүтээн онгоны газар болохоос биш, цогцос нь байгаа газар биш. Бөөгийн онгод гэж ярьдаг нь шүтээнийг хэлж байгаа хэрэг.Их хааны жинхэнэ бие цогцос бол яахын аргагүй Монголдоо шингэсэн.Хүмүүс онгон гэхээр орчин үеийн буруу ойлголтоороо булш байгаа газар гэж боддог.XIII зууны үеийн үг хэллэг өнөөдрийн төв халх аялгаас өөр л дөө.Ордост байгаа орд бол шүтээн тахилгын газар юм. -Саяхан БНХАУ-ын Фузянь мужийн Сяо Мэн хотод зохиогдсон Хятад, Тайванийн соёлын арав дахь удаагийн үзэсгэлэнд, Чингис хааны хоёр хөргийг дэлгэлээ гэх мэдээлэл тархсан нь олны анхаарал татаж байна. Чингис хаан судлаачийн хувиар та үүнийг сонирхсон байх. -Миний судалгааны үндсэн чиглэл бол Чингис хаан гэдгийг дурдсан.Их хааны талаарх олон улсад гарсан мэдээ нэг бүрийг алгасахгүй сонирхдог. Энэ үүднээсээ тухайн мэдээллийг сонирхож, зургийг цахим ертөнцөд гарсан даруйд нь харахад энэ хоёр хөрөг Чингис хааных биш нь мэдэгдсэн. -Ямар учраас шууд биш гэж дүгнэж байгаа юм бэ? -Зургаас харахад перс хивсээр чимсэн арьсан дээр нэг өтөл хүний хөрөг байсан.Араб юм уу, перс хүний ерөнхий дүр харагдсан.Нэг нь таяг тулж, библи барьсан маягтай.Нөгөөх нь сууж буй дүрс буулгасан байна билээ.Энэ бол яагаад ч Чингисийн хөрөг биш. Их хааны хөргийг янз бүрийн угсаатан олон төрхөөр дотроо төсөөлөн зурж болно.Хамгийн гол нь XIII зууны үеийн хөрөг бол арьс боловсруулсан аргаасаа мэдэгдэнэ.XIII зуунаас өнөөдрийг хүртэл уламжлагдаж ирсэн арьсны элэгдэл өөр.Гэтэл Чингисийн хөргийг буулгасан гэх тэрхүү арьс нэг хэсэгтээ шинэ, нөгөө хэсэгтээ хуучирсан янзтай.Энэ бол байж боломгүй зүйл. Тэгш хэм дээр зурсан зүйл өнгөө алдвал жигд элэгдэх ёстой.Чингис хаан хэдийгээр бусад угсаатны шашин шүтлэгт хүндэтгэлтэй, тэгш ханддаг байсан ч библи барьж, зуруулах язгууртан биш.Чингис хаан бөөгийн шүтлэгтэй, тэнгэртэй харилцдаг дээд хүн. Тэгээд ч Христосын шашны урсгал тухайн үед нэвтрээгүй, монголчуудын ахуй соёлд байгаагүй.Их хаанаас хойших гурав, дөрөвдүгээр үеийн үр хойчис нь Христосын нийтлэг соёлд автсаныг түүхэнд өгүүлдэг.Дээр нь ямар нэг тайлбаргүй.Олдсон газар орон нь тодорхойгүй байсан. -Тухайн зургийг олон улсын эрдэмтэд олзуурхаж, сонирхож байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд гарсан байсан. -Дэлхийн олон орноор хэрж, ховор үнэт зүйл цуглуулдаг гэх Тайванийн бизнесмэн Сюй Бө И дээрх хоёр зургийг Иран, Узбекистаны завсар орших нэгэн тосгоны үнэт эдлэлийн дэлгүүрээс олсон гэж мэдээлсэн байсан. Энэ нь тухайн зургийг Чингисийн жинхэнэ хөрөг гэсэн баталгаа болохгүй.Америк, Япон, Хятад, Өвөрмонголоос тухайн үзэсгэлэнд оролцсон эрдэмтэд ямар сонин юм гэж гайхснаас биш, судалж үзсэн, нотолсон, баталсан гэх зүйл байгаагүй. Тэгэхээр Тайванийн алдарт цуглуулагч гэх Сюй Бө И ашиг хонжоо олох гэсэн үү, олсон хөрөг зургаа олон нийтэд хүргэж, нэр алдар олохын тулд, эсвэл худал дуулиан болгох зэрэг ямар нэг тодорхой зорилгоор Чингисийн хөрөг гэсэн байх.  

Ц.Дэлгэрмэнд: Сэтгэл хөдлөлөө бусадтай зохистой хуваалцана гэдэг нь өөрөө ур чадвар юм

Ц.Дэлгэрмэнд: Сэтгэл хөдлөлөө бусадтай зохистой хуваалцана гэдэг нь өөрөө ур чадвар юм   Оюуны чадварын IQ-н тухай бараг хүн бүхэн мэддэг боловч сэтгэл хөдлөлийн оюун ухаан болох EQ нь Монголд төдийлөн дэлгэрээгүй байна. Энэ талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа. -EQ гэж юу вэ? -EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь харилцааны явцад сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хэлдэг. Харилцаанд  хэн нэгэн өөрийгөө илэрхийлж, өөр нэгэн нь түүнийг нь хүлээн авч байдаг. Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад өөрийгөө ойлгуулахад мөн ярилцаж буй хүнийг ойлгох зэрэг харилцааг ойлголцолд хүргэх хүчин зүйлс нь бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг тул ур чадварын хэмжээнд яригдах болсон.    -EQ, IQ хоёрын ялгаа нь юу вэ? -Аливаа хүний IQ-г маш хурдан шалгах боломжтой. Тест өгөхөд тухайн хүний логик сэтгэлгээ, оюун ухааны чадвар хэр байгааг тодорхойлж болно. Харин EQ нь тухайн хүний нийгмийн харилцааны чадвар, бусдын болон өөрийнхөө мэдрэмжийг удирдах чадвар, бусдад нөлөөлөх чадвар зэрэг шууд хэмжих боломжгүй хүчин зүйлсийг илэрхийлж байдаг.  Орчин үед EQ чадварыг чухалчилдаг болсон шалтгаан нь IQ чадвараар шийдэгдэх боломжгүй асуудлуудыг EQ чадвар шийдвэрлэдэг гэдэг ялгааг гаргасантай холбоотой. Хамгийн шилдэг лидер болох, хамгийн тогтвортой гэр бүлийг бүрдүүлэхэд өндөр IQ хангалттай үзүүлэлт биш юм. Хүн хэчнээн өндөр IQ-тай байлаа гээд харилцаагаа нөхцөл байдалд тааруулж өөрчилж сураагүй бол амьдралд ирэх сорилтуудад бууж өгөх, эсвэл өөрийн давуу ашиглаж чадахгүй байх магадлалтай. -Судалгаагаар бол хүний амжилтын түлхүүр IQ биш EQ-ээс илүү хамаардаг гэдэг. EQ нь амжилтад яг хэрхэн нөлөөлдөг юм бэ? -EQ гэдэг нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвар. Үүнд бүх төрлийн сэтгэл хөдлөл орно. Дотор байдаг бүхий л мэдрэмжүүд айдас, гомдол, цөхрөл, баяр баясгалан, бусдаас ичих, өөртөө итгэлгүй байдал, бусадтай өөрийгөө харьцуулах гэх мэт. Эдгээрийг хэрхэн удирдах нь их чухал.  Сэтгэл хөдлөлөө удирдана гэдэг нь баяр хөөрөө бусадтай хуваалцаж, зовлон жаргалаа өөртөө хадгалж үлдээнэ гэсэн үг биш юм. Харин эсрэгээрээ бусдаас өөртөө тусламж авах, бусдад өөрийн тусламжийг хүргэх чадвар гэж бас ойлгож болно. Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах гэхээр хүмүүс бүх сэтгэл хөдлөлөө хаах гэж ойлгодог талтай. Харин ч эсрэгээрээ, таагүй байгаа мэдрэмжүүдээ хэн нэгэнд ярих, хамгийн дотны хүндээ өөрийгөө илэрхийлэхийг хэлж байгаа юм. Баяр хөөр, гуниг зовлон зэрэг сэтгэл хөдлөлөө бусадтай зохистой хуваалцана гэдэг нь өөрөө ур чадвар юм. Хүн өөрийнхөө болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурах гэсэн хоёр чухал зүйл байдаг. Жишээ нь, найз нь гунигтай, гомдсон байвал хэрхэн инээлгэж сэтгэлийг нь засах вэ? Эсвэл баяр хөөртэй байгаа найздаа эрсдэл ирж байгааг анхааруулах зэрэг нь бусдын сэтгэл хөдлөлийг удирдах чадварт орно. -Хэдэн насанд EQ хамгийн өндөр байдаг вэ? - Өсвөр наснаасаа бид өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдахад суралцаж эхэлдэг. Энэ нь өөрийгөө удирдаж сурахад хамгийн их цаг зарцуулдаг нас юм. Харин бага насны хүүхдүүд хамгийн өндөр EQ-тэй байна.  -Өөрийн EQ-г хэрхэн шалгадаг вэ? Хэр сайн гэдгийг нь хэрхэн мэдэх вэ? -Тест бөглөж үзэж болно. Эсвэл өөрөөсөө нэг асуултыг асууж болно. “Ямар нэгэн асуудал тулгарсан үед та шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг уу?” Хэрвээ чадна гэдэгтээ итгэлтэй байвал EQ-гээ сайн удирдаж сурсан байна гэсэн үг. Харин чадахгүй мэт санагдаж байвал магадгүй бусдаас тусламж авч сураагүй, хэн нэгэн тусална гэдэгт итгэхгүй, мөн бусдад нөлөөлж чадна гэж бодохгүй байна гэсэн үг.    Хэрвээ асуудлыг давж гарна гэдэг үнэхээр хүнд, давж гарахгүй мэт санагдаж байвал та өөрийн EQ сайжруулах, бусадтай харилцах харилцаагаа хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Тиймээс бусдаас тусламж авч, өөрийгөө илэрхийлж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй.  -Монгол хүүхдүүдийн EQ-ийн чадвар хэр байна вэ? Ийм төрлийн судалгаа хийгдсэн үү? -Бид 2012 онд өсвөр насныхны дунд хотын төв болон захад амьдардаг хүүхдүүдийн сэтгэл зүйн чадвар ялгаатай байгаа эсэхэд судалгаа хийж байсан. Үр дүн нь байршлын хувьд ялгаа байхгүй, харин аав ээжээс шалтгаалах хүчин зүйлс хамгийн их нөлөөтэй байсан. Хаана амьдарч байгаагаас үл хамааран, эцэг эх нь анхаарал тавьж байгаа л бол тухайн хүүхдийн EQ чадвар нь өндөр байна.  Аав ээж хүүхдэдээ хэр их цаг, сэтгэл гаргаж, хүүхдийнхээ дурсамжинд хэр их байхыг хүсэж байгаа зэрэг бүх зүйлсээс тухайн хүүхдийн чадварууд сайжирдаг. Хэрэв “Би мөнгөтэй, баян. Миний хүүхэд сайхан амьдарна” гэж бодож байвал энэ нь эцэг эхчүүдийн хамгийн том бодлын алдаа.  Эсвэл “Би ядуу байна. Хүүхдийн маань EQ-ийн чадвар муу болно” гэж бодож байвал бас буруу. Хэчнээн ядуу байсан ч гэсэн хүүхдэдээ цаг гаргаж, анхаарал тавьж чадаж байвал таны хүүхэд бусдыг ойлгодог, бусдад нөлөөлдөг, бусдын өмнөөс бодох чадвартай удирдагч болж чадна гэсэн үг юм.  Хүүхдийн мэдрэмжүүдийг эцэг эх нь бий болгоно. Эцэг эх нь хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, хайр халамжаар дутаахгүй бол хүүхдийн мэдрэмжүүд эерэг тал руугаа бий болдог.   -EQ-г хэрхэн сайжруулах ёстой байдаг вэ? Ер нь сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах вэ?   - Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдахын тулд танд хэн нэгэн хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө ганцаарчлан удирдаж сурна гэдэг нь боломжгүй. Тухайн үүсч буй сэтгэл хөдлөлийг хэзээ илэрхийлэх вэ, хэзээ түүнийг өөр сэтгэл хөдлөл рүү хөрвүүлэх вэ, бусдад илэрхийлэхдээ юуг анхаарах вэ гээд олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь дадлага хийх хэрэгтэй.  Тиймээс гомдол, үзэн ядалт, баяртай мэдээ бүгдийг нь хэн нэгэнд ярьж бай. Гэхдээ хоорондоо мессэж бичиж, чатлах биш юм. Бичих нь хамгийн үл ойлголцох магадлал өндөртэй харилцаа.  Тиймээс уулзаж ярилцсанаар асуудал илүү хурдан шийдэгдэнэ. Хамгийн үл ойлголцол багатай харилцаа бол уулзаж цуг сууж байгаад ярилцах юм.  

Монголын кино урлагт амилсан түүхэн хүмүүс

Монголын кино урлагт амилсан түүхэн хүмүүс   "Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь" гээд Ленин багш нэгэнт тодорхойлчихсон учир социализм байгуулахаар нийгэм журамд давшин орсон монголчууд кино урлагийг гайхалтай хөгжүүлж чадсан юм. Чингэхдээ алтан, мөнгөн үеийнхэн гэж олон түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан олон жүжигчид ард түмнийхээ дундаас авьяас билгээрээ тодорч дэлгэцэнд дүрээ мөнхлөн үлдээсэн. Талын Монголын түүхэн хүмүүсийн дүрийг хэн хэн гэдэг жүжигчид дэлгэцэнд буулгасныг эргэн санацгаая. Цогт тайж (1945 он)  М.Лувсанжамц, М.Болд, Юрий Тарич нар найруулагчаар нь ажилласан "Цогт тайж" кино 1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр, 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр тус тус шалгарсан гайхалтай бүээл. Кинонд Ар халхын Гэрсэнз жалайр хунтайжийн ач, Баарай хошуучийн хүү  Цогт хунтайжийн амьдрал, үйл хэргийг харуулдаг. Цогт тайжийн дүрийг Ардын жүжигчин Ц.Цэгмид бүтээсэн билээ. Гүүш Төрбайх  Сүүлийн үед монголчууд "Дээд  монголчууд"-аа ярьж бичиж, тэдэн рүүгээ зочилж, нэвтрүүлэг хийдэг болсон. Тэгвэл дээд монголчуудыг  үндэслэгч  Хошуудын Гүүш Төрбайх хаан соц нийгмийн үед дэлгэцнээ амилсан Цогт тайж кинонд. Төвөдүүдийн хатгалгаар Халхын Цогт хунтайж улааны шашны талд, Дөрвөн Ойрдын Хошуудын Төрбайх шарын шашны талд тулалдаж, монголчууд нэг нэгнийхээ цусыг урсгасан гашуун түүх бий. Харин энэ түүх Цогт тайж кинонд амилахад Гүүш Төрбайхын дүрд Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн гуай тоглосон юм.   Сүхбаатар (1968 он)  Монголын кино урлагт Цэвэлийн Дашнамжил хэмээх сайхан жүжигчин заяаж, энэ жүжигчний төрхөөр бид жанжин Сүхбаатараа дэлгэцнээс мэддэг болсон билээ. Ц.Дашнамжил "Өглөө", "Тэмцэл" уран сайхны хоёр ангит кино болон "Тунгалаг Тамир", "Ичээнд нь", "Солонгын таван өнгө", "Намрын халуун өдрүүд" уран сайхны кинонд Д.Сүхбаатарын дүрийг бүтээжээ. Богд хаан (1968)  Жүжигчин Ц.Дашнамжилаар Д.Сүхбаатар жанжнаа дэлгэцнээс хардаг бол Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн дүрээр Богд Жавзандамба хутагтыг бид төсөөлдөг. Н.Цэгмид гуай Өглөө, Тэмцэл, Хатанбаатар зэрэг кинонуудад Богд хааны дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол,  найруулагчдад сонголтгүйгээр бүтээж чадсан аж. Манлайбаатар Дамдинсүрэн (1981 он) "Хатанбаатар" кинод Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, монголчууд манжийн дарлалаас чөлөөлөгдөж, Богд хаант Монгол Улсаа байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан баргын Манлай ван Дамдинсүрэнгийн дүрийг "тултал" амилуулж  чадсан жүжигчин бол өнөөх "Ибирай тайш" АЖ П.Цэрэндагва гуай. Гамингийн шоронд босоогоороо үхэж байгаа Дамдинсүрэнг та  санаж байгаа биз ээ. Хатанбаатар Магсаржав (1981 он) Соц нийгмийн үед хийгдсэн цөөн хэдэн түүхэн сэдэвт, томоохон кинонуудын нэг бол АЖ Г.Жигжидсүрэн найруулагчийн "Хатанбаатар" кино. Энэ кинонд Магсаржавын дүрд найруулагч, УГЗ Л.Эрдэнэбулган гуай "их хувь заяа"-гаар тоглосон юм. Дашрамд сонирхуулахад Хатанбаатар С.Магсаржав Богд хаанд бараалхан Оросоос туслажм хүссэн хувьсгалчдын бичигт тамга даруулдаг хэсгийг тухайн үеийн нам төрийн бодлогоор бус зохиолч С.Удвал гуайн санаагаар кинонд оруулсан гэнэ. Энэ тухай Г.Жигжидсүрэн найруулагч ярихдаа "С.Удвал гуайн бодлого. Намын бодлого биш шүү. Мань хүн өөрөө Хатанбаатарын тухай роман биччихсэн, Магсаржавтай нэг нутгийн хүн. Амьдад нь аягүй бол уулзаж байсан ч байж магад" хэмээн ярьсан нь бий.    Батмөнх даян хаан (1988 он) 1988 онд дэлгэцнээ гарсан, найруулагч Б.Балжиннямын бүтээл "Мандухай Сэцэн хатан" хэмээх гайхамшигтай кинонд Батмөнх даян хааны дүрийг гавьяат жүжигчин Ж.Сүххуяг амилуулсан. Эзэрхэг, хүчирхэг явснаа дотоодын хагарлын улмаас бууран доройтож эхэлсэн монголчууд Батмөнх даян хаан, Мандухай Сэцэн хатны үед нэгдэн нягтарч, Мин улсыг цохиж явсан түүхтэй.   Мандухай сэцэн хатан (1988 он)   "Мандухай Сэцэн хатан" киноны гол дүрийг ардын жүжигчин Н.Сувд гайхамшигтайгаар бүтээж, ард түмнийхээ сэтгэлд Сэцэн хатныхаа дүрийг мөнхөлж чадсан.   Ибирай тайш (1988 он)     Ардын жүжигчин П.Цэрэндагва Ибирай тайш хэмээх түүхэн хүний дүрийг "Мандухай Сэцэн хатан" кинонд сэтгэлд хоногштол бүтээсэн билээ. Сонирхолтой нь киноны зохиолын дагуух Ибирай тайш, Монголын түүхэнд бичигдсэн бодит Ибирай тайшийн үйл хэрэг ихээхэн зөрүүтэй байдаг. Хэдийгээр Монголын түүхэнд төдийлөн товойх их хүн биш боловч чадварлаг жүжигчний амилуулсан дүрээр Ибирай тайшийг монголчууд сайн "таних" болсон билээ. Исмэйл тайш  Түүхэнд Мандухай хатан, Батмөнх даян хаан нар улс орныхоо тархай бутархай байдлыг эцэс болгож, их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулахдаа юуны өмнө Ойрадыг довтлон Тасбүрд гэдэг газар бутцохин эрхэндээ оруулсан байдаг. Үүнийхээ дараа 1480-аад оны эхээр ихээхэн эрх мэдэл бүхий Бэгэрсэн тайш, Исмэйл тайш нарыг бутцохисон хэмээн түүхэнд бичигдэж үлджээ. Тэгвэл "Мандухай Сэцэн хатан" кинонд энэхүү Исмэйл тайшийн дүрийг гаргасан бөгөөд эх түүхээс нь нэлээн зөрүүтэйгээр кино зохиолд тусгасан. Исмэйл тайшийн дүрд Ардын жүжигчин Б.Дамчаа агсан сэтгэлд хоногштол бүтээж чаджээ.  Чингис хаан (1992 он)  Чингисийн алтан ургийн Батмөнх хаан, түүний үр хойчис Цогт хунтайжийг дэлгэцэнд амьдруулсан монголчууд Эзэн богд Чингис хааныхаа тухай киног бүтээх нь дамжиггүй байв.  Ингээд Мандухай сэцэн хатан кино дэлгэцэнд гарснаас дөрвөн жилийн дараа мөн л авьяаслаг найруулагч Б.Балжиннямын найруулгаар "Мөнх тэнгэрийн хүчин дор" хэмээх кино үзэгчдийн хүртээл болсон юм.   Кинонд Чингис хааны дүрийг Ардын жүжигчин А.Энхтайван бүтээсэн. А.Энхайван гуай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерэн оны хоёрдугаар сарын 19 буюу цагаан морин жилийн шинийн нэгэнд анх Чингис хааны дүрд тоглохоо мэдэж байлаа. Дуурийн театрынхан чинь шинийн нэгэнд театр дээрээ уулзаж ахма­дууддаа золгодог уламжлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу ши­нийн нэгний өглөө гэртээ шинэл­чихээд театртаа очоод "Гоцлол дуучин А.Энхтайвандаа эзэн Богд Чингэс хааныхаа түүхэн дүрийг Монголын кино урлагт анх бүтээх болсонд баяр хүргэе" гэсэн бичиг үүдний самбар дээр дурайтал байж байдаг юм. Би эхлээд итгэ­сэнгүй. Манайхан надаар дамшиг­лаж байна даа гэж бодлоо. Үүд­нийхээ жижүүрээс хэн ийм зарлал гаргасныг асуулаа. "Мэдэхгүй ээ, захиргаанаас байлгүй дээ. Баяр хүргэе" гэдэг юм. Өрөөндөө ортол манай хэд баяр хүргээд тэвэрч үнсээд сүйд. Удалгүй театрын удирдлагууд баяр хүргээд ахмад настнууддаа золгох биш Чингэс хаандаа золгоё. Эзэн хаанаараа бахархах ийм нэг сайхан цаг ирдэг юм байна гээд хөгшин залуугүй надад золгож баяр хүргэж байлаа" хэмээн дурссан байдаг. Хасар (1992 он) Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Чингисийн дүү Хасарын дүрийг авьяаслагаар бүтээж чадсанаар түүнд аав ээжээс хайрласан алдартай нь хамт насан туршид дуудуулах нэрийг өгсөн юм. "Хасар Жагаа". Жамуха (1992 он)  "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноноос хойш монголчууд Чингис хааныхаа тухай киног ганц, нэгээр хийсээр байгаа. Гэхдээ Монголын кино урлагт сөрөг дүрийн мастер хэмээн нэрлэгддэг гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд бүтээснээс өөр хэн нэг жүжигчний Жамухын дүр танд нэг л санаанд буухгүй байгаа биз. Алдарт Цагааны Цэгмид аав нь Цогт хунтайжийн дүрийг бүтээсэн бол хүү Ц.Төмөрбаатар нь Ю.Цэдэнбал, Жамуха гээд л цөөнгүй түүхэн хүмүүсийн дүрийг дэлгэцнээ амилуулсан байна. Өэлүн эх (1992 он)  Нэгэнтээ Мандухай Сэцэн хатны дүрээр үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн Н.Сувд "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Өэлүн эхийн дүрд тоглож цаглашгүй авьяастайгаа батлан харуулсан юм. Ийнхүү энэ жагсаалт уртаар үргэлжилнэ. Дурдвал "Мандухай сэцэн хатан" киноноос Хорчины Өнөболд ван, Мандуул хаан, Алагчигуудын Сатай сайд, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноноос Хэрэйдийн Тоорил  хан, Найманы Хүгсэү Сабраг баатар, Боорчи, Зэв, Мухулай, Шихихутаг, "Говь Хянганд тулалдсан нь" киноноос Ю.Цэдэнбал, "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноноос Х.Чойбалсангийн дүрийг харж болох. Энэ мэтээр уртаар үргэлжлэх Монголын кино урлагт амилсан түүхэн хүмүүсийг дурдаж болох юм.    

​Ц.Амгалан: Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсан балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна

Ц.Амгалан: Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсан балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна - Би таны цуврал лекцүүдэд суусны дараа “Аз жаргалтай эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлээд байна вэ?” гэдгээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо.    - Аз жаргал байдаг уу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ бидний төсөөлдөг шиг тийм хэлбэрээр байдаггүй. Мөнхийн эрч хүчтэй эрүүл, саруул, элэг бүтэн, бүх юм сэтгэлчлэн бүтээд байхыг бид аз жаргал гэж ойлгоод, үргэлж тийм байлгах гээд зүтгэх нь бий.   Гэтэл амьдрал ямагт тодорхойгүй, тогтворгүй, найдваргүй. Нөхөр анхных шигээ дурласан хэвээрээ, хүүхдүүд өөгүй өв тэгш, “амьдрал үргэлж сайхнаараа”-гийн араас хөөцөлдсөөр эцэстээ бид хамаг тамираа барж туйлдсан золгүй амьтад болдог. Ямар ч хөрөнгөтэй, чадал чансаатай хүн байсан, үр хүүхдэдээ “Ай даа, хорвоо хатуу шүү, амьдрал хэцүү шүү” л гэж хэлдэг. Мөнгөнөөс өөр чухал зүйл гэж байдаг, эрх мэдэл ид хаваар бүх юмыг болгож болдоггүйг бид мэддэг.   Тэр амьдралын хясал гасланг хөндүүр багатайхан туулах хат ухааныг, зовлонгоос дээгүүр давж гарах оюуны өндөр чадварыг л аз жаргал гэж би ойлгож байна.   - Аз жаргалтай амьдралын нууц жор бол энэ чадвар юм байж. Тэгээд энэ чадварыг хаанаас олж хэрхэн өөртөө суулгах вэ?     - Би олон удаа мухардаж, цөхөрч байсан. Надад амар заяа үзүүлэхгүй байсан асуултуудыг аргалах гээд би өнгөлөг, хөнгөлөг юманд төөрөөгүйдээ баярладаг.  Би хариулт хайж, асар олон зохиол бүтээл уншсан, их хэмжээний материалтай бүх боломжийн аргаар танилцсан. Эцэст нь миний олж мэдсэн ганц зүйл бол “Хүмүүст зовлон үргэлж байна. Тэр асуудал дээр нь тоглолт хийж, “Таныг жаргалтай болгоод өгье” гэх санаатай ба санаагүй, өөрөө будилчихсан мэхлэгчид 99% нь байдаг юм байна” гэдгийг олж харсан явдал юм.    Би сэтгэл зүйч, бүр сэтгэцийн эмч нар, дасгалжуулагч, зөвлөх, нийгэм судлаач, янз бүрийн бясалгалын багш нар гээд л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүнд хандаж байлаа.  Одоо миний ярьж байгаа зүйлс бол яг өөрийн амьдралаараа миний үзэж туулсан, туршлагаараа баталсан ухаарал. Тэгэхээр би өөр дээрээ л жишээ авч чиний асуултад хариулъя.   Би их уран сэтгэмжтэй, урлагийн хүн. Үүнд олон давуу тал бий. Аюултай тал нь уран сэтгэмжтэй хүн бодит байдлыг гажуудуулж хардаг, нүцгэн амьдралыг горьдлого хүлээлтээр гоёж, өөрийн харилцаануудыг хийсвэрээр үнэлдэг. Хариуд нь дандаа урам хугаралт гомдол гутрал л ирдэг. Өнөөх уянгын халилаараа улам бүр хөндүүрлэн шаналдаг. Юуны түрүүнд би яг юу хүсээд байна вэ, тэр хүсэл биелэх боломжтой юу, биеллээ гээд би тэгш жаргалтай болох уу, олдсон тэр жаргал ахиж хэзээ ч алдагдахгүй юу гэдгийг өөрөө өөртөө тодорхойлж чадвал зарим зүйлээс татгалзах, заримыг хүлээн зөвшөөрөх, заримыг тэвчихээс аргагүй юм байна гэдгийг олж харах байх. Энэ бол аз жаргалыг олох замын эхэн болно. Тэр нүдийг өөрөө л нээнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй. Миний “шүгэл”-ээр далдаганах салбадайг би хүсч байгаа гэж үү? - Эмэгтэй хүн бүр өөрөө ч гоё байх гээд, эсвэл хэн нэгэн хүнд таалагдахын тулд их хичээл зүтгэл гаргадаг…   - Харин яг л энэ чинь бидний зовлонгийн уг шалтгаан байхгүй юу. Бид дандаа гаднаас, бусдын үнэлгээнээс жаргалыг амсдаг. Юм бүхэнд ялж, хожиж, олж л байвал ханаж жаргаж байдаг.  Гэтэл энэ чинь мөнхөд үргэлжлэхгүй түр зуурын.   Нөхөр намайг байнга хүсээд байвал эхэндээ сайхан ч эцэстээ зовлон болж магадгүй. “Ер нь бол тэр зөвхөн миний “шүгэл”-ээр, миний хүссэн үед, миний хүссэн хэлбэр хэмжээгээр, даллавал гарч ирээд далайвал далдраад байдаг бол бүр сайн” гэж олонх маань хэлэх байх л даа. Гэтэл тийм юм гэж байлаа юу? Тийм салбадай надад хэрэгтэй юү? Тэр намайг тийм байлгахыг хүсвэл надад таалагдах уу? Үнэндээ бид яг юу хүсээд байгаагаа өөрсдөө сайн мэддэггүй. Нөхрийгөө бид хүчтэй, соёлтой, супер байлгахыг, түүнээс үнэтэй бэлэг, үлгэр, мөрөөдлөө авахыг хүсдэг. Хариуд нь бид нөхөртөө ариун гал голомт, бүх талын тав тух, чанартай хүүхэд, супер “эмэгтэй”-г өгөх ёстой. Ийм сэдлээр, нөхрийгөө жаргаая гэдэг чин зоригоор эмэгтэй хүн өөрийгөө тордох үүрэгтэй. Тэрнээс биш ингэснээрээ нөгөө хүнийг уургалж, өөрийн хүслийг биелүүлэх шидэт дохиур болгоно гэж зовлогоо зороод байвал өвчин.    - Эр, эм гэлтгүй бүгд ажиллаж амьдарч байна. Хүүхдийн хүмүүжил, гэр орны ажилд адилхан оролцох ёстой биш үү?    - Эр, эм хүний тархины сэтгэн бодох тогтолцоо ондоо, оюуны үйлдлүүд буюу тэдгээрийн урвалын үр дүнд боловсорч байгаа дааврууд өөр, тэдгээрийн эргээд бие махбод, сэтгэл санааны байдалд үзүүлэх нөлөөллөөр бидний үйлдэл ондоо.    Эрэгтэй хүний логик буюу аливааг учир зүйгээр таних ухамсарт сэтгэлгээ илүү хөгжсөн, алсын хараатай, өргөн далайцтай том асуудлуудыг хүчний давуугаар шийдвэрлэх эрмэлзлэлтэй, довтлогч хөдөлгөгч хүч болж, хамгаалах, бүтээх, эзэмдэх, байлдан дагуулах чиглэлтэй.    Эмэгтэй хүн зөн билигт суурилсан далд ухамсарт сэтгэлгээтэй,  гүнзгий нарийн асуудлуудыг уян хатан аргаар зөвшиж шийдэх барилтай, хадгалагч тэнцвэржүүлэгч хүч болж, хуваарилах, зохицуулах, боловсруулах хэрэгжүүлэх чиглэлтэй.    Гэр бүлийн харилцаа гэдэг чинь математик бодолтон дээр биш мэдрэмж, уран чимхлүүр ухаан дээр тогтсон шүтэн барилдлага. Тэгэхээр тэр тал дээр эмэгтэй хүн яалт ч үгүй эрэгтэй хүнээс илүү гэдэг утгаар “гэр” төсөл оногдож байгаа болохоос, дээрэлхүүлээд “гал тогоо”-нд хуваарилагдчихсан юм биш. Харин эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ч дутахгүй, төр ч барина, дайн ч хийнэ гээд зүтгээд байх нь ядаж л их мулгуу харагддаг. Хүн бүр эрхтэн бүтэн эрүүл ухаантай бол асар ялгаа байхгүй боловч өгөгдлийнхөө хувьд аль нэг юманд илүү чадвартай, тэрийгээ хийхэд үр дүн ч өндөр, өөрт нь ч сэтгэл ханамж илүү байх магадлалтай гэдэг талаасаа л  эрэгтэй, эмэгтэй хүний ажил үүргийн ерөнхий уламжлалт хуваарилалт ийм байгаа хэрэг.  Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш - Зөв сайн эхнэрийн шинжүүд, эсвэл эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гээд баахан зүйл яваад байх юм… Зөв нөхрийн шинжүүд энэ тэр гэж байна уу?   - Яг адилхан байгаа. Гэтэл эмэгтэйчүүд өөрсдөө тэрийг яагаад нэхэхгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл бид маш хямдхан байна. Амархан олддог, тэгээд алдахад нэг их харамсаад байхааргүй л үнэтэй байна шүү дээ. Ямар ч адгийн эр хүн өөрийг нь доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй дээ. Тэгэхэд эмэгтэй хүн өөрийг нь үл тоож, үл хүндэтгэж, янз бүрийн хэлбэрээр орон зайд нь халдаж байхад яагаад тэсвэрлэж байдаг юм бэ. Бидний нөхөр, найз залуу арчаагүй, ахуйн соёлгүй, бүдүүлэг, зэрлэг байхад яагаад бид тэдэнтэй “унтаад” байгаа юм бэ? Хэрэв охин маань ингэж байгаа бол “Ээж аавынхаа энхрийлэн өсгөсөн биеийг хэний дор дэвсч байна вэ?” гэж халаглахгүй гэж үү?   - Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй, санхүүгийн хараат, салбал хүүхэдтэйгээ үлддэг учраас дахин гэрлэх боломж бага, өрх толгойлсон эмэгтэйг нийгэм дорд үздэг зэргээс болж муу муухайг хүлээн зөвшөөрдөг юм болов уу ...   - Янз бүрийн шалтгаанаар нөхөр нь хамт байх боломжгүй болсон, нас барсан тохиолдолд яаж ийгээд л эхнэр хүн болгож л таарна. Үхсэний араас үхдэггүй.    Болохгүй гээд байгаа чинь зөвхөн  сэтгэл зүйн хамаарал. Тийм гэр бүлийн уур амьсгалтай, аймшгийн харилцаатай, аав нь тийм үлгэр дууриалалтай байснаас байгаагүй нь дээр. Хүмүүс бизнесийн төлөвлөгөө, мөнгөтэй холбоотой асуудал дээр маш няхуур нухацтай хандаж, эрсдэл бүрийг нарийвчлан тооцдог шигээ насныхаа ханийг тэгж чамбай сонгодоггүйн учир юунд байна вэ.   Хань гэдэг амьдрал хэмээх далайг хамт туулахаар замд гарч байгаа хамгийн чухал хүн шүү дээ.    Аль нэг нь үхэхэд л хамтын аялал дуусч хуурай газарт гарна. Үүл хурах болгонд “бууяа, буцъяа” гэх эрхгүй.    Тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг   Анхнаасаа энэ хүн миний бүх амьдралын нөхөр мөн үү, ирээдүйн хүүхдүүдийнхээ эцгийг ийм байгаасай гэж би үнэхээр бодож байна уу, 10 жил, 20 жил, 50 жилийн дараа, намайг алдвал, өвдвөл, өтөлбөл, үхвэл энэ хүн яах бол гэж шинжиж, өөрийн болон төрөх хүүхдийнхээ хувь заяанд яагаад хариуцлагатай ханддаггүй юм бэ. Мэдээж бүх эрсдлийг тооцно гэж байхгүй ч зөвхөн хөнгөн амьдрал, эсвэл хуял тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг.    “Энэ санаа хөөрхөн юм, миний сэрлийг өдөөж байна” гэх нь алив төслийг зөвшөөрөх шалтгаан болох юм уу. Гэтэл хамгийн амархан нөхөгддөг гарз болох мөнгөтэй холбоотой асуудлыг ингэтлээ давхар шүүлтүүрээр тунгааж нягталдаг байтлаа гэр бүлийн итгэлцэл, хүүхдийн хүмүүжил, амьдрал гээд  эргэн нөхөгдөшгүй хохирдог зүйлсийг бид яагаад үнэлдэггүй юм бэ.   Мөнгө алдахдаа голоо тасартал горойдог мөртлөө мөнгөөр үнэлшгүй зүйлсийг бол хэмжиж хүчирдэггүй дэндүү харанхуй байна бид. Монголчууд ерөөсөө алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэн буруутан болох нь гол биш, гарах үр дүн хор уршгийг нь өөрөө л идэх учраас туйлын сэрэмжтэй байх ёстой.    Бид асар түүхий байна. Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш шүү дээ. Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг - Нөгөө талаас манайд салалт маш их байна. Хөгжилтэй улс оронд хууль эрх зүйн тогтолцооноосоо болоод хүмүүс суухдаа ч, салахдаа ч тун болгоомжтой хандаад байх шиг…   - Манайд хувь хүний үнэт зүйлс гэж алга. Гэр бүл, бизнес, эрүүл мэнд, мөрөөдөл, дотоод хөгжил гээд гарын 5 хуруунд багтах хэдхэн зүйлийн хооронд хүний амьдрал эргэлддэг.    Аль нь хэддүгээр байранд орох вэ гэдгээрээ л хүмүүс хоорондоо ялгардаг болохоос цоо шинийг нээдэггүй юм.   “Гэр бүл бол чин сэтгэлийн дотно харилцаа, харилцан итгэлцэл, нөгөө хүнийхээ аз жаргалыг өөрөөсөө өндөрт тавих нөхцөлгүй хайр” гэдэг жинхэнэ утгаараа бидэнд байна уу. Хөгжингүй нийгэмд гэр бүлтэй, тэр тусмаа үнэнч бол хувь хүний давуу тал болдог.  Харин өнөөдөр Монголд мөнгөнөөс өөр үнэт зүйл алга. Мөнгөтэй л бол “дээдэс”.  Монголын нийгмийн үнэт зүйлст гэр бүл байдаггүй. Гэр бүл гэдэг ойлголт өөрөө институцийнхээ хувьд халагдаж байгаа ч энд л “ХҮН” бойждог.    Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг. Хөнгөмсөг, сээтэн зангаа, “шинэ”-д шүлэнгэтэх донгоо, заль мэх, худал хуурмаг гэх мэт муу сэтгэлүүдээ ухамсар, ёс суртахуунаар даван байж босгож байгаа аварга бүтээн байгуулалт бол гэр бүл шүү дээ.    - Гэртээ сууж хүүхдүүдээ өсгөхөөр гэрийн авгай болчихлоо, хоцрогдчихлоо гээд ажлаа хийе гэхээр хүүхдээ орхиод явчихлаа гэнэ. Гэртээ байхаар муугаа дуудуулна, гадуур явахаар бас адил. Ийм байхад өөрийгөө боловсруулах талаар бодох сөхөөгүй байх шиг байна.   - Тэр бусдын үнэлгээ яагаад тийм чухал юм бэ. Хүн магтангуут баярлаж асч байдаг, хүн муулахаар унаж унтарч байдаг бидний жаргалын унтраагуур яагаад дандаа бусдын гарт байдаг юм бэ.     Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй Эр, эм боловсролтой үгүйгээс үл хамаараад хүн болгонд өөрийн гэсэн зорилго, ядаж амьдралын бүдүүн тоймын зураг заавал байх ёстой шүү дээ.  Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй. Тийм юм байхгүй хүнд юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.   Мэдээж бид нөхөртөө ч, хүүхэддээ ч агшин тутамд таалагдсан хэвээрээ байхгүй, хааяа зөрчилдөнө, зарим үед бүр үзэн ядахдаа ч тулна. Тэр болгонд асч унтраад байвал амархан эвдэрнэ шүү. Эхнэр хүн, эх хүн гэдгээс гадна “Би хүн болсны хэргийг гаргаж байна уу? Би ямар “ХҮН” бэ?” гэдэг асуултыг өөртөө тавьж байвал үхэхийн цагт хэрэгтэй л гэх юм.    Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсны балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна - Одоо залуус нийгмээ дагаад өөрчлөгдөөд, сонголт ихтэй болсон ч юм уу, хэлтэрхийнүүдээ эвлүүлээд явах сэтгэлийн хатгүй эсвэл залхуу болчихсон юм уу?   - XIX зууныг хүртэл дурлал гэдгийг цаг зуурын юм гэж үздэг байж. Хоёр хүн бие биедээ дурлана гэдэг нь гэр бүл болох шалтгаан ерөөсөө биш байсан.    50 жил бөөр нийлэн амьдрах хүн чинь тийм угсаа гаралтай, тийм хөрөнгөтэй, хүүхдийн эх эцэг болох учраас тийм эрүүл хүчтэй хүн байх ёстой гэдгийг л авч үздэг байсан. Романтизмын урлаг, утга уянгын нөлөөгөөр цагтаа “сэтгэцийн өөрчлөлт” гэсэн оноштойгоор эмчилдэг байсан дурлалын хөөрлийг “хайр” хэмээн андуурч, хүний амьдралын утга учир болтол нь хөөрөгдөж орхисны балгийг одоо хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна шүү дээ.    Эр, эм яахав, өнөөх бэлгийн дур хүсэл унтарлаа, урам хугарлаа, саллаа, өөр нэг юмтай болж л орхино, харин хорвоод нар сар шиг цорын ганц байдаг ээж, аавыгаа хүүхэд үүрд алдаж, амьдын хагацалд унадаг.    Нэгдүгээрт, юу юуны түрүүнд байх ёстой зүйл бол гэр бүлдээ үнэнч байх тухай монголчуудын үзэл санаа юм.    Монголчуудын гэр бүл болохоос өмнөх ба дараах бэлгийн амьдрал, эхнэр нөхрийн харилцаандаа үнэнч байх ёс зүйн уламжлал ямар байсан юм бол.   “Монгол хүүхнийг бол  Мориор хөөгөөд ч гүйцэхгүй  Ондоо зарим нь бол  Оройхон өөрөө ирнэм билээ” гэж хүний шүлгээр монгол хүүхнийг энгэр чанга гэж ойлгодог байж.    Гэтэл 1970-аад онд тийм түүхтэй байснаа ердөө 50 жилийн дотор завхайрлын уур уурхай болчихно гэж байх уу. Манай үндэсний түүхчид дайны товчооллоос гадна монгол гэр бүлийн түүх, монголчуудын ёс суртахууны үнэт зүйлсийн тухай ганц нэг жинтэй судалгааны үр дүнгээр дуугарвал яадаг юм бол доо.   Омогшиж, огших яахав тэрүүгээрээ л биз, үнэхээр бидэнд муу муухай, ичмээр юм байдаг бол нуугаад байхын оронд хүн бүр дор дороо, тус тусдаа тэр “өв”-тэйгээ ажиллах нь ирээдүйд бидний аврал болж магадгүй л юм.    Гадныхны, ялангуяа хувьсгалаас өмнөх Монголоор хийсэн аян замын тэмдэглэлүүдэд монголчууд маш завхай, охид хөвгүүд нь “эзгүй хээр”-тээ яагаа ч үгүй эрт бэлгийн замбараагүй амьдралд ордог, нөхрүүд нь отор туувар, хадлан, аян жинд явахдаа, эхнэрүүд нь ч тэднийхээ ар хударгаар  орсон гарсантай самуурч байдаг, бузар хормойтой, гэр бүлийн ёс зүйн хувьд жигшмээр гэсэн байхыг нэг бус удаа харж байсан.    Бусад улс нь ямар юм тэгээд гэж барьцах яах вэ, бидний үр хүүхэд ямар орчинд яаж төлөвшиж байна вэ, бидний ач зээг төрүүлэх хүргэн бэрүүд маань ямар соёл хүмүүжлийн тээгчид байгаа зэрэгт  мунхаг сохроор хандаж боломгүй л байлтай.   Бид зугаа цэнгэлдээ унтаарчихсан, хууралт урвалтын харанхуйдаа тэмтчин язганаад л байгаа юм шиг санагддаггүй гэж  үү.    - Сэрээх арга байна уу?   - Би их сургуулиа төгсч ирээд дээд сургуулиудад багшилдаг байхдаа хүнийг сургаж, өөрчилж болно гэж гэнэхнээр боддог байж. Харин одоо “Хүн өөрөө л хүсэхгүй юм бол түүнийг гаднаас нь өөрчлөх гэж оролдоод хэзээ ч бүтэшгүй юм байна” гэдгийг би баттай хэлж чадна.    Гагцхүү  өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүссэн хүн л тусламж авч чаддаг. Шавь нь бэлэн болохын цагт багш нь өөрөө ирдэг гэдэг.    Миний “Гэрээ Гийгүүлье!” цуврал лекцүүд ч гэсэн гэр бүлийн ба эх, хүүхдийн харилцаагаа өөр өнцгөөс харж, нэгэнт байгаа өгөгдөл дунд аз жаргалыг олох, өөрийгөө бүтээх гэж үнэн голоосоо эрмэлзсэн ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулагдсан юм.    Тэрнээс биш түр зуурхан зовлонгоо мартагнах гэсэн, “хөгжөөнт тоглоом” маягийн юманд сатаардаг хүмүүст бол дэмий юм.    Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог   Ном төгс байгаад хэрэггүй, номонд сурагч нь төгс байх хэрэгтэй л гэдэг. Өнөөдөр мань мэт битгий хэл Бурхан багш өөрийн биеэр морилсон ч номыг нь хэрэгжүүлэх хүн дэндүү цөөхөн байгаа биз дээ.    Манай боловсролын тогтолцоо муу л гэдэг, тэр Кембрижийн, Оксфордын тогтолцооны бүтээгдэхүүн “шинэ монголчууд” ямар байна вэ. Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог.    Хүүхдүүдээ балет, төгөлдөр хуур, математик, оюун ухааны академи энэ тэрээр чирээд л давхиад байдаг, баахан цаас, төмөр, мөнгөний тоо бичсэн том том самбар тэвэрсэн “жижигхээн” хүмүүсийг л хувилаад байдаг. Эдгээр чадвар бол гагцхүү амь зуулгаа олоход л дэм болох зүйлс.    Гэтэл амьдрал бол зөвхөн аж ахуй биш гэдгийг мэдсээр байж бид яагаад хүүхдүүдээ хүмүүжүүлэхгүй, нэг үгээр тэднийг баллаад байгаа юм бэ. Энэ нийгэмд цэвэр ариунаар  үлдэх, гадны янз бүрийн түрэмгийллээс өөрийгөө аврах цорын ганц арга болсон өөрийгөө нандигнах, үнэ цэнээ мэдэх үнэлэх, өөртөө итгэх итгэлийг ээж нар яагаад охиддоо өгч чадахгүй байна вэ.    Бузарлуулж байгаа нь ч, бузарлаж байгаа нь ч аль, аль нь “монгол эх”-ийн гарын бүтээлүүд. Асар олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эх хүний сурган хүмүүжүүлэх ач холбогдол эн тэргүүнд л байна. Монгол эх хүн бүр чадлынхаа хэрээр хүүхдээ зөвхөн үнэнч, ёс суртахуунтай байхад л сургадаг сан бол...  

Монгол хүүхдүүдийн ядуурлын байдлыг судлан танилцууллаа

Монгол хүүхдүүдийн ядуурлын байдлыг судлан танилцууллаа   Хүүхдийн ядуурал насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг ажээ. Учир нь, хүүхэд орлогогүйгээс гадна өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь дутагдалтай. Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох боломжтой гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн албаныхан онцолж байна. Монголын хамгийн ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртдөг гэсэн судалгааг өчигдөр танилцуулав. Энэ үеэр Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург судалгааг танилцуулахдаа “Монгол Улсад хүүхдийн ядуурал байгаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энэ удаагийн судалгаагаар хүүхдийн орлогын ядуурлаас илүүтэйгээр хүүхдийн олон хэмжээст ядуурал буюу хүүхэд ямар нэгэн хэрэгцээгээр гачигдаж байгаа эсэхийг судалсан юм. Жишээ нь, Монгол Улсад усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон сууц зэргээр бага насны хүүхдүүд гачигдаж байгаа нь харагдсан” хэмээв. Судалгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас хоёр жилд нэг удаа хийдэг Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа болон Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд тулгуурлан гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээ (MODA)-ний аргачлалыг ашиглан хийжээ. Тус судалгаагаар Монгол Улсын нийт хүүхдийн хувьд усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал тулгамдсан томоохон асуудал болох нь харагджээ. Ялангуяа хөдөө орон нутагт 5-14 болон 15-17 настай хүүхдийн тэн хагасаас илүү нь ундны цэвэр усны хүртээмж хангалтгүй бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн асуудалтай тулгарч байгаа аж. Уг гачигдлын хүнд, илүү ноцтой байдал хөдөө орон нутагт, тэр дундаа хангайн бүсэд илүүтэй тохиолдож байгаа аж. Мөн Монгол Улсад хүүхдийн сургуульд хамрагдалт харьцангуй өндөр байдаг боловч сургалтын чанар, үр дүн хоцрогдолтой байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.   Г.Сүрэн

Ямар ч хорт хавдаргүй цорын ганц үндэстэн

Ямар ч хорт хавдаргүй цорын ганц үндэстэн    Энэтхэг, Пакистаны хил орчмын Хунза голын хөндийг “Залуужуулах баян бүрд” хэмээн нэрлэдэг. Энэ хөндийн ард түмэн 110-120 насалдаг аж. Тэд амьдралдаа бараг хэзээ ч өвддөггүй бөгөөд үргэлж залуу харагддаг аж. Тэгэхээр тэдэнд эрүүл, аз жаргалтай байдаг, 40-50 насанд тохиодог шиг өтлөлт явагддаггүй эрүүл амьдралын хэв маяг байж таарна. Сонирхолтой нь Хунза голын хөндийн оршин суугчид хөрш үндэстэн угсаатнуудаа бодвол гадаад төрхөөрөө нэлээд европжуу гэнэ. Хунзчууд -15 градусын хүйтэнд зайрмагтсан усанд орж, зуу хүртлээ хөдөлгөөнт тоглоом тоглож, 40 настай эмэгтэйчүүд нь охид шиг харагдаж, 60 насандаа ч гоолиг бие хаагаа хэвээр хадгалж үлдсэн байдаг. Тэр ч бүү хэл 65 насандаа хүүхэд төрүүлдэг байна. Зуны цагт түүхий жимс, ногоогоор хооллож, өвөлдөө наранд хатаасан чангаанз, бүрэн боловсорсон үр тариа, хонины сүүний бяслаг иддэг. Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь тэндхийн оршин суугчдад жимс боловсроогүй цагаар “өлсгөлөн хавар” гэгч үе тохиодог бөгөөд энэ нь 2-4 сар хүртэл үргэлжилдэг байна. Энэ саруудад тэд бараг юу ч иддэггүй бөгөөд өдөрт ганц нэг удаа хатаасан чангаанзны ундаа ууж л голоо зогоодог. Хоолны ийм дэглэм, соёлыг нарийн дагаж мөрддөг.  “Хунзчууд бол өвчнийг мэддэггүй ард түмэн” номондоо Р.Бирхер энэ хэсгийн ард түмний хооллолтын давуу талуудыг бичжээ. Тухайлбал, тэд цагаан хоолтон бөгөөд түүхий бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэдэг. Өдөр бүрийн хоолонд нь жимс, ногоо давамгайлдаг. Хүнсний бүтээгдэхүүнүүд нь химийн ямар нэгэн боловсруулалтад ороогүй, биологийн бүхий л үнэт бодисоо хадгалсан байдаг. Архи, амттаныг тун ховор хэрэглэдэг. Давсыг тун бага хэрэглэдэг бөгөөд зөвхөн байгалийн хөрсөнд ургасан бүтээгдэхүүн иддэг. Өлсөх тогтмол үеүдтэй. Хооллолтоос гадна эрүүл урт наслахад таатайгаар нөлөөлдөг өөр хүчин зүйлсийг ч дурдах хэрэгтэй. 1963 онд Хунзийн хөндийд Францын анагаах ухааны шинжээчид иржээ. Тэдний олж тогтоосноор хунзчуудын дундаж наслалт 120 байсан нь тухайн үеийн европчуудын үзүүлэлтээс даруй хоёр дахин их юм. 1977 оны наймдугаар сард Парист болсон Олон улсын хорт хавдрын конгрессын үеэр дараах мэдэгдлийг хийжээ.  “Геоканцеологийн (дэлхийн бүсүүдэд хорт хавдрын өвчлөлийг судалдаг шинжлэх ухаан) мэдээллээс үзэхэд зөвхөн хунза угсаатны дунд л хорт хавдрын өвчин алга байна” гэжээ. 1984 оны дөрөвдүгээр сард Хонконгийн нэгэн сонинд дараах сонирхолтой тохиолдлыг мэдээлжээ. Саид Абдул Мобут хэмээх нэртэй хунз үндэстэн Лондоны Хитроу нисэх онгоцны буудалд ирэхдээ паспортоо үзүүлж, гаалийн ажилтнуудын мэл гайхуулсан гэнэ. Учир нь уг паспортод Мобутыг 1823 онд төрсөн, 160 настай гэжээ. Мобутыг дагалдан явсан хүний хэлснээр Хунза орондоо тэрбээр ариун, гэгээн хүнд тооцогддог гэжээ. Мобут эрүүл саруул төдийгүй, ой ухаан нь ч саруул байжээ. Тэрээр 1850 оноос хойш үйл явдлыг маш сайн санаж байв. Хунза голын хөндийн оршин суугчид урт наслалтынхаа нууцыг их энгийн хэмээдэг. Цагаан хоолтон байж, үргэлж биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, байнга хөдөлж, амьдралын хэмнэлээ өөрчлөхгүй байхад 120-150 насалж болдог гэнэ.    

​"Хар жагсаалт"-д Монгол Улсын нэр бичигдсэн нь анхааруулга, санал буюу урьдчилсан төсөл бус, эцсийн шийдвэр

МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРСОН ТУХАЙ   Жагсаалтад яагаад оров? Хэнд ашигтай вэ? Хэнд хохиролтой вэ? Учгийн тайлал, шийдэл.   Оффшорт нуусан мөнгөн хөрөнгийг ил болгох, улс оронд нь татан төвлөрүүлэх, эдийн засгийн үр ашиг бий болсон тухайн улс оронд нь татвар төлөгдөж байх зохицуулалт олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлаж үр дүнд хүрэх боломжтой. Уг асуудлыг 2016 оны 2 дугаар сарын 26-27 өдрүүдэд Шанхай дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар дэвшүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 14-15 өдрүүдэд Вашингтон дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын хуралдаан сайшаан баталж, энэ нь BEPS Үйл ажиллагааны чиглэлийн үндэс болсон билээ. Улмаар BEPS /Base Erosion and Profit Shifting/ буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахыг таслан зогсоох багц хөтөлбөрийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD болон G20 улсууд хамтран боловсруулж, 2016 оны 6 дугаар сард BEPS Үйл ажиллагааны чиглэлийг баталсан юм.   BEPS нь ашгийг эдийн засгийн үйл ажиллагаа дутмаг буюу огт үгүй хэрнээ бага буюу тэг татвар бүхий бүс рүү, өөрөөр хэлбэл оффшор бүс рүү зувчуулах боломжийг олгосон татварын тогтолцооны хийдэл, нугалааг арилгах стратеги хөтөлбөр юм. BEPS нь үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгт нэрвэгдэж, хөгжих эсэх нь тэдгээрээс авах эсэх татвараас өндөр хамаарал бүхий хөгжиж буй улс орнуудын хувьд нэн өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй жижиг улсууд үндэстэн дамнасан корпорациудын зүй бүс үйл ажиллагааг өөрчлөхөд олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгийг авна гэсэн үг юм.    OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэх, амлалт өгөхийг улс орнуудад санал болгоход дэлхийн 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж буй улс хүлээж авсан байна. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Европын Холбоо саналыг хангалтгүй буюу огт хүлээж аваагүй 47 улсын "Саарал", 17 улсын "Хар" жагсаалтыг баталжээ.   Аж ахуйн нэгжийн "тэг" буюу бага татвар бүхий оффшор бүс болох Гернсни, Кэймэний арлууд, Жерси, Бермуд болон Хонконг, Швейцар зэрэг 47 улс татварын шударга тогтолцоо, ил тод байдлыг дэвшүүлэх амлалт өгснөөрөө "Саарал жагсаалт"-д багтсан бол Монгол Улс зарим нь оффшор бүс бүхий 16 улсын хамт хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д бичигдээд байна.   Жагсаалтад орохгүйн тулд Монгол Улсын хувьд дэлхийн бусад 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж байгаа улсын адилаар Европын Холбооны BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо эхний ээлжинд илэрхийлэхэд хангалттай байв. Гэтэл Сангийн яамны зүгээс /Сангийн дэд сайдын гарын үсэгтэй боловч Сангийн яамны байр суурь гэсэн гарчигтай/ Европын Холбооны BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх талаар амлаж чадахгүй/үүрэг хүлээж чадахгүй гэж эрх бүхий субъектын өмнөөс байр сууриа илэрхийлснээр Европын Холбооны "Хар жагсаалт"-д орох үндэслэл болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс оффшортой тэмцэхэд хамтран ажиллах хүсэлгүй байна гэж Европын Холбоо үзжээ.    Сангийн яамны мэдэгдэл хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон хууль эрх зүйн зохих орчныг бүрдүүлэх эрхтэй УИХ-ын эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. УИХ болон Засгийн газар татварын орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ зөвхөн улс төрчид бус, бизнес эрхлэгчдийг ч бас оффшорт мөнгө зувчуулж, татвараас зайлсхийхийн эсрэг Оффшорын эсрэг бүлэг УИХ-д үйл ажиллагаа явуулж байна. УИХ-аас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулж, зөвхөн улс төрчид төдийгүй тэдний хамаарал бүхий этгээд буюу бизнес хамтрагчид оффшорт мөнгөн хөрөнгө байршуулж, татвараас зугтахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалт хийлээ. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс шаардсаны дагуу Засгийн газар Оффшор улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчилж баталлаа.   Өөрөөр хэлбэл, Монгол Улсын парламент, Засгийн газар BEPS Үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. Цаашид үүнийгээ улам гүнзгийрүүлэх шаардлага ч бий, боломж ч бий. Ийм байхад BEPS-тэй холбогдож Монгол Улс хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д орно гэдэг байж боломгүй зүйл юм. Европын Холбоо жагсаалтуудыг эцэслэн баталж, албан ёсоор зарлахаас өмнө BEPS-д хангалтгүй амлалт өгсөн үндэслэлээр "Хар жагсаалт"-ын төсөлд бичигдээд байсан Турк Улс амлалтаа сайжруулснаар "Саарал жагсаалт"-руу орсон байхад Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх амлалтыг огт өгч чадахгүй гэсэн Сангийн яамны мэдэгдэл Монгол Улсын нэрийг "Хар жагсаалт"-д тамгалж орхив.   Тэгвэл BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байх хэнд ашигтай вэ?   Монголыг эдийн засгийн мөлжлөгт оруулсан Оюу Толгойн гэрээг баялгийг шавхаж дуустал нь хэвээр нь үргэлжлүүлж, бодит ашгийг нууцлах зорилготой Рио Тинто тэргүүтэй үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсыг баялгаа шударгаар хүртэх олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэгээс ангид байлгахыг хүсч байна. Үндэстэн дамнасан корпорациудад OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэл бус ОУВС-ийн тайвшруулан угжих хөтөлбөр ашигтай. Учир нь BEPS-т хамрагдсанаар Монгол Улс байгалийн баялгаасаа зохих үр ашгийг хүртэх замаар хямралаас гарч цаашид эрчимтэй хөгжих бол ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар их хэмжээний гадаад зээлээр амь тариа залгуулж, үндэстэн дамнасан корпорациудын эдийн засгийн мөлжлөгийг түр мартагнах болно. Ингээд эцэст нь баялаг нь дуусч, оронд нь их хэмжээний гадаад өртэй үлдэнэ.   Хоёрдугаарт, оффшор бүсэд хөрөнгөө нуусан улс төрчид болон тэдний хамаарал бүхий бизнес этгээдэд ашигтай. Тэд Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нуугдмал хөрөнгө нь илчлэгдэхээс асар их айдастай байна. Европын Холбоо Монгол Улсыг Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг /BEPS Inclusive Framework/ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагаанаас ангид 17 улсын "Хар жагсаалт"-д оруулсан билээ. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийх, оффшор бүсэд мөнгөн хөрөнгө зувчуулахын эсрэг бусад улстай хамтран ажиллах хүсэлгүй улс гэж үзсэн юм. Гэтэл оффшор бүсэд хөрөнгөө нуусан улс төрчид болон тэдний хамаарал бүхий бизнес этгээдүүд үүнийг Монгол Улс өөрөө оффшор боллоо, оффшорыг үзэн ядах хэрэггүй, оффшорын эсрэг тэмцэгчдээс болж хар жагсаалтад орлоо, оффшор бол бизнесийн эрүүл шийдэл гэх мэт суртал ухуулгыг түгээж эхэлжээ. Үүнийг хэн, ямар хэрэгслээр түгээж байгаагаас захиалагч эздийг төвөггүй харж болно.   Гуравдугаарт, оффшор бүтцийг ашиглаж, татвараас зайлсхийгч бизнес эрхлэгчдэд ашигтай. Монгол Улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын 80 хувь нь оффшор бүсээс байна хэмээж эдийн засгийн өсөлтийн нэг хүчин зүйл болсон хөрөнгө оруулалтын ач холбогдолд дөрөөлж, хууль бус үйлдлээ хамгаалах оролдлогыг тэд идэвхтэй хийдэг. Аливаа хэлбэрээр татвараас зайлсхийхийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор хориглосон байдаг. Төрөөс бүх төрлийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч төрд татвараа төлөх үүрэгтэй юм. Хэрэв зарим хэсэг нь оффшор бүтцээр дамжуулж татвараас зайлсхийвэл энэ нь эдийн засагт тэгш бус байдлыг буй болгож, нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн төрд итгэх, татвар төлөх итгэлийг сулруулдаг сөрөг үр дагавартай.   Харин BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байх хэнд хохиролтой вэ?   Нэн тэргүүнд Монгол Улсын нэр хүндэд хохиролтой. Дэлхий нийтээр оффшор дахь бохир болон татвараас зугтсан хөрөнгө, мөнгө угаах, терроризм, хар тамхи, зэвсгийн, хүний болон бусад хууль бус наймаатай үр дүнтэйгээр тэмцэхийг эрмэлзэж, үүнд хамтын хүчээ нэгтгэж байхад Монгол Улс хамтын ажиллагаанаас ангид гэсэн хар тамга даруулав.   Үүний зэрэгцээ улсын эдийн засагт хохиролтой. "Хар жагсаалт"-д орсноор Монгол Улсын эдийн засгийг шууд эрсдэлд оруулж байна. Тодруулбал, Европын Холбооны Сангийн сайд нар Монгол Улсын гадаад гүйлгээнд нэмэлт татвар ногдуулах болон санхүүгийн бусад хориг арга хэмжээ авахыг санал болгоод байна.   Гуравдугаарт, үндэстэн дамнасан корпорациудын Оюу Толгой болон бусад төслүүдийн үр ашгийг шударгаар хүртэхэд олон улсын хамтын ажиллагааны бодит дэмжлэгийг авах боломжгүй болж байна. Дөрөвдүгээрт, оффшор бүтцийг ашиглаж хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх ажиллагаа хийж буй улс төрчид болон бизнес эрхлэгчдийг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэхэд олон улсын хамтын ажиллагааны бодит дэмжлэгийг авах боломжгүй болж байна.   Одоо яах вэ?   "Хар жагсаалт"-д Монгол Улсын нэр бичигдсэн. Энэ нь анхааруулга, санал буюу урьдчилсан төсөл бус, эцсийн шийдвэр. Үүнийг тодорхой үр дагаврууд дагах тул жагсаалтаас гарахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай. Дэлхийн 100 гаруй улс орон 2018-2019 онд багтааж BEPS 15 багц арга хэмжээг хангахад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулах, олон улсын хамтын ажиллагаанд нэгдэх үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх амлалт өгснөөр хар, саарал жагсаалтад ороогүй. Тэгвэл Монгол Улс хар жагсаалтад орж байж уг жагсаалтад ороогүй улсуудтай адил арга хэмжээг авна гэдэг утгагүй юм.   Монгол Улс татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын конвенциудад хангалттай нэгдээгүй, татварын мэдээлэл ил тод бус, хууль тогтоомж дутуу дулимаг учраас Европын Холбооны "Хар жагсаалт"-д бичигдсэн мэтээр тайлбарлах оролдлогыг албаны зарим хүн хийж байна. Гэтэл манай улстай ижил нөхцөлтэй олон арван улс OECD/G20 BEPS IF буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлснээр улсынхаа нэрэнд сэв суулгалгүй, 100 гаруй улсын олон улсын хамтын ажиллагаанд нэгдээд байна.   Монгол Улсын байр суурийг Сангийн дэд сайд илэрхийлэхгүй бөгөөд тэрээр эрх бүхий субъектын байр суурийг уламжлах үүрэгтэй. Түүний хувийн байр суурь илэрхийлж Европын Холбооны Зөвлөлийн холбогдох албан тушаалтанд илгээсэн захидлыг залруулах арга хэмжээг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэн яаралтай авах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх хэмжээний үр дагавартай асуудал үүсч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн үйл ажиллагаа явагдаж, ашиг буй болсон Монголдоо татварыг төвлөрүүлэх, байгалийн баялгийн ашгаа шударгаар хүртэх, үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгөөс салах, авлига үнэртсэн ашиггүй гэрээнүүдийг өөрчлөх, оффшорчдыг илрүүлэх, оффшор бүс дэх хөрөнгийг эх орондоо татан төвлөрүүлэх, холбогдох этгээдэд зохих хариуцлагыг тооцох бодит боломж бүрдэх юм.   Энэ дашрамд, бид оффшортой тэмцэх асуудлыг зөвхөн улс төрчидтэй холбоотой төдий бус, бизнес эрхлэгчид ч бас оффшорт мөнгө байршуулж, татвараас зугтах явдлыг холбогдуулж ойлгох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурь ч ийм. Гэтэл Сангийн яамны байр суурь болон бизнес эрхлэгчид оффшорт хөрөнгө байршуулж болох, өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж болох талаар хамгаалсан байр суурь илэрхийлж байгаа УИХ-ын зарим гишүүд, албан тушаалтантай санал нийлэх боломжгүй.   Оффшортой тэмцэх асуудалд зөвхөн улс төрчдийг бус, бизнес эрхлэгчид ч бас оффшорт мөнгө байршуулж, татвараас зугтах явдлыг хамааруулж нийтээрээ ойлгож, үүнтэй үр дүнтэйгээр тэмцэх цаг нь болсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч биднээс үүнийг шаардаж байна.     УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан    

Хуудаснууд

Subscribe to Нийтлэл