logo

logo.jpg

Advertisement

​“Язгуур шүтээн” бөөгийн холбоо 5 жилийн ойгоо тэмдэглэв.

2017 оны эхний үйл ажиллагаа бол “Язгуур шүтээн” бөөгийн холбооны 5 жилийн ойн арга хэмжээ байлаа. Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун нар уригдан  оролцлоо. Уг арга хэмжээ нь “Язгуур шүтээн” холбооны өнгөрсөн таван жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэн, гишүүд дэмжигчидээ урамшуулан сайшааж, баярлан цэнгэсэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.
Нийт шавь нар, залуусаа энэхүү хугацаанд хийсэн үйлийг нь үнэлэн “Язгуур шүтээн” бөөгийн холбооны 5 жилийн ойн медаль бий болгож олон тэргүүний улаач, шүтлэгтэнгүүдээ шагнаж урамшуулсан юм.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун нар баяр хүргэж үг хэлээд зарим хүмүүст өргөмжлөл, шагнал гардууллаа. “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ээс 2012 оны 6 дугаар сарын 21, 22 өдөр Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн Хар Зүрхний Хөх нуурт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Галын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол Улсын төв, нийслэл Улаанбаатар хотын Гандан уулын нэгдсэн тахилгад галын тахилгыг толгойлж бөөлж, Монгол бөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр “Язгуур шүтээн” бөөгийн холбооны тэргүүн Хурцжавланг, Монгол Улсын толгой уул, Арван гурван алтайн нэг болсон “Цэнгэл” буюу “Жаргалт хан” хайрханы нэгдсэн их тахилгад Галын тахилгыг толгойлж бөөлж, Монгол бөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр болон Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Н. Мягмарсүрэнг тус тус шагналаа.
Мөн “Язгуур шүтээн” бөөгийн холбооны тодорхойлолтыг үндэслэн Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар Ц. Баяржаргал, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар С. Уранчимэг, О. Зандансүрэн, Г. Одонтунгалаг, О. Байгальмаа нарыг тус тус шагнасан байна.  
Зочид өнгөрсөн жилүүдийнхээ алдаа оноо, амжилт, үйл хөдөлмөрөө дурсан ярьцгааж, хүндэтгэлийн үгсээ ерөөж хундага тулган үйл ажиллагааг хөгжөөж байлаа.
 “Язгуур шүтээн” бөөгийн холбооны 5 жилийн ойн арга хэмжээнд урлаг соёлын олон хамтлаг, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Цугларсан олон “Язгуур шүтээн” бөөгийн холбооны ойгоо тэмдэглэж баяр хөөр дүүрэн баярын үдшийн цэнгүүнээ хийж шинэ оны анхны гэсэн тодотголтой арга хэмжээ өндөрлөлөө.
                                              Н.Алдармаа

Comments