logo

logo.jpg

Advertisement

БУРХАН ХАЛДУН БУЮУ ХАДУН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО

                                    Хадун хайрхан минь.

Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж байхдаа эв нэгдэлтэй хүчтэй байсан.  Харийнхан мөнх тэнгэрийн шүтлэгийг мөхөөж, хүчгүйдүүлэхийн тулд их зүйлийг хийж иржээ. Одоо ч мөнх тэнгэрийг эс шүтэх хэвээр байна.
Одоо цагийн Хаад ноёд нь хамтарч нэгдэхийн оронд хагаралдан тэмцэлдэх, алдар нэр, албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэлдэн зүтгэх, алт мөнгө, эд, хөрөнгө, баялгыг хэт шүтэж амьдрах их аянд морджээ. Эрх мэдэл, албан тушаал, цуглуулсан их баялгаа “авс”-даа авч одох биш дээ хүмүн минь ээ.
2017 оны 5 дугаар сарын 31-ны өглөө эрт Улаанбаатар хотоос Бурхан халдун зорьж, их тахилга хийхээр зорьсон эхний цуваа хөдөллөө. Багануур хотод өдрийн хоолоо зооглоод, Мөнгөн морьт сумын чигт хөдлөв. Суманд очиход хүүхдийн баярын арга хэмжээ үргэлжилж, сумын удирдлагууд ажил ихтэй байлаа. Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газрын даргатай уулзаж хийх тахилгын талаар мэдээлэл солилцлоо.
Мөнгөнморьт сумаас хөдлөж, Хэрлэнгийн гүүрийг гарч “Цагаан арал”-д ирж буудаллаа.
Хэдий зуны сар эхэлсэн ч Бурхан халдуны зорих замд газар, хөрс хуурайшиж, мод дөнгөж ногоон нөмөргөө нөмөрсөн харагдана. Өнгөрсөн намрын шаргал өнгө газрын өнгийг тодотгож, ирж байгаа дулаан цагийг аяс тодрох боловч, хангай газрын хахир хүйтнийг шөнийн цагтаа амсуулж байлаа.
Бид өглөө эрт Бурхан халдун хайрханыг зорилоо. Газар хуурайшилт ихтэй байсан тул машины замд  хуурай шороо манарна. Зам саадгүй байсан тул Босгын даваанд эрт хүрлээ.Тэнд монгол туурагатангууд, удган нар үлдэв. Бид өмнөх жилүүдэд хүндэтгэл үзүүлж байсан газартаа очиж, Бурхан халдун хайрхандаа мэдүүлж, хайрханы нэгдсэн тахилга эхэлснийг мэдээллэж, бөөллөө. Тэрхэн мөчид хайрханы нуурнаас манан тасран хөөрч, үүлтэй нийлж, тэнгэрт нийлж,  улмаар бороо зөөлөн дусалж, жигдхэн шивэрч эхлэв.
Бид үйлээ дуусгаад Босгын давааны зүг хөдөллөө. Бороо зүсэрч араас дагана. Цуваа жигд хурдтай урагшилж, Цагаан аралд  үдээш хойш, 17.00 цагийн үед ирлээ. Тахилгыг зорин ирэгсэд Монгол төрийн далбаа, МБНЭ, аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд, төрийн бус байгуулагууд тугаа мандуулж байрлуулах ёслол боллоо.
Монголын бүх газраас олон язгуурын бөө нар цугларав.
Бороо орсоны дараа шөнө чийг цохиж, их хүйтэн шөнө өнгөрөв. Энэ өдрийн турш Бурхан халдуныг зорин ирэгсэд тасралтгүй цуван ирч байрлалаа эзлэв. Эхний ээлжинд Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Улаанбаатар, Архангай, Төв, Хэнтий аймгаас төлөөлөл ирсэн байлаа. Харин монгол туургатангаас Өвөрмонголын төлөөлөл иржээ.
Байрлалын төвд гурван асар байрлаж, өмнө нь төрийн болон байгууллагуудын туг, далбааг байрлуулжээ. Түүний хоёр талаар тахилгад ирэгсэд байрлал эзэлж буудалсан байна. Их тахилгад зорин ирэгсэд ирж байрласаар, одоо Дархан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Булган, Улаанбаатарын төлөөлөгчид, Монгол туургатангаас Агарын Буриадынтөлөөлөгч ирсэн байлаа.
Хоёр дахь өдгийн 17.00 цагаас Бурхан халдуны нэгдсэн их тахилгад зорин ирэгсэд  хуралдаанаа хийж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, Нар, хайрхан, Лус, Тэнгэр, Галын тахилгыг удирдагсад тахилга бүрийн онцогыг дурьдаж, оролцогсод тахилга бүрт өргөх өргөлийг танилцуулсан билээ.
 Хуралдайн эхэнд нэг жилийн өмнө Бурхан халдуны нэгдсэн их тахилгын Лусын тахилгы толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн дархан удган, МБНЭ”-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ялалтбаатар нар “харанхуйн орон”-д зорисоныг мэдэгдэж, хүндэтгэн үзүүлж эмгэнэл илэрхийллээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “ Энх цагийн тайван үед эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, шаардлагатай үед амиа ч өгч чаддаг тийм алба бол цэрэг хүн байдаг гэж явцуу ойлгож иржээ. Тэгвэл мөнх тэнгэрт өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орныхоо хөнжил дэвшлийн төлөө, түмэн олныхоо сайн сайханы төлөө их зан үйлийг хийж, лусын тахилгад толгойлж бөөлсөн хоёр хүн, түүний хамжаа болсон шавь нараас цөөнгүй хүн амиа алдлаа. Цэрэг хүний адил, тайван цаг ч гэлээ Та бүхэн мөнх хөх тэнгэр, байгаль дэлхий, эх нутгийнхаа төлөө алтан амиа зориулжээ. Та бүхний үйлс хичнээн хүнд хэцүүг энэ үйл харууллаа” гэж онцлон тэмдэглэсэн билээ.
Хуралдайн дараа тахилгад ирсэн улаач нар гал, хэсэг, хамт олноороо чөлөөтэй бөөлж, хайрхандаа ирсэн зорилго, хүслээ илэрхийлж бөөлнө билээ.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд тавьсан хүсэлтийн дагуу 12 удган, зайран онгод, сахиусаа буулгаж, бөөгийн уламжлалаа хэрхэн авч яваагаа танилцууллаа.
Үдэш болоход өнгөрсөн нэг жилийн хугацаанд МБНЭ-ээс зохион байгуулж ирсэн нэгдсэн их тахилгууд болон бусад тэмдэглэлт үйл явдлуудаар хийсэн баримтад кинонууд гарлаа. Дараа нь богино ч гэсэн танилцах үдэшлэг болоод өнгөрлөө.
Их тахилгын залбирал мөнх хөх тэнгэртээ хүрлээ.
2017 оны 6 дугаар сарын 3-ны өглөө өмнө өдөр бүрхэж бороо асгарч байсан үүл сураг үгүй алга болж, уулсын дээгүүр наран мандахад Монгол бөөгийн их дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун Бурхан халдуны нарны их тахилгаа малайлан эхэлж, эртнээс уламжилж ирсэн Дархад уламжлалаар толгойлон бөөллөж эхэллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төр улсад болсон үйл явдалаас эхэлж, одоо болох гэж байгаа төрийн “хаан”-ы сонгуульд хэн, хэн гэж нэр устай, өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн ажил үйлстэй "хөвгүүд” өрсөлдөж байгааг мэдүүлнэ билээ.
Товлосон цагтаа Бурхан халдун хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы тахилгаа Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү эхэллээ. Хайрханы тахилгаа эртнээс уламжилж ирсэн ойрод, дөрвөд бөөгийн уламжлалаар хийнэ билээ. Тамлага дуудлага илгээж, онгодоо дуудан оруулж, уналгын жигд өвөрмөц шогшоогоор зорьсон хэргээ бүтээхээр зорино билээ.
Хэнгэргийн дуун орчинд түгж, туваа аялгуу цууриатаж эхэлсэн нь, Бурхан халдун хайрханы Лусын тахилгад Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч П.Батжаргалбөөлж эхэлснийг тунхаглалаа. Тэнгэрт наран тойрч, солонго туяарч байгалийн гоц үзэгдэл тодров. Өнө эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар боссон монгол тува бөөгийн бөөлөлт содон, соргог байлаа.
Бурхан халдуны нэгдсэн их тахилгын нарны, хайрханы, лусын их тахилга болж, үдийн завсар гарч хүрэлцэн ирсэн улаач нар, түмэн олон түр амрана билээ.
Үдийн 15.00 цаг болоход өмнөө тахилгын идээгээ ширээн дээр дэлгэж, суудал юундаа тухлан буриад бөө нар ээлжит тахилгаа эхэллээ. Бурхан халдун уулын нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их зайран, Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Болд толгойлон бөөлөө. Буриад бөөлөлтийн онцлог нь багаар хамтран бөөлдөг. Монгол бөөгийн их удган, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ц.Отгонсүрэн, ОХУ-ын буриадаас ирсэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, Чита мужийн бөөгийн зөвлөлийн удирдагч Зоригто, Буриадын нэр хүндтэй удган Жавзмаа нар толгойлон бөөлж оролцлоо. Тэнгэрийн тахилга хийгдэх тэрхэн  мөчид бороо дуслан орж эхлэхэд тэнгэрийн хишгийг хүртээлээ хэмээн тахилыг удирдсан буриад улаач нар айлдлаа.
Нэгдсэн их тахилгын хүрээнд дараагийн тахилгаа хүлээн амарч байсан түмэн олон бужигнаад явчихлаа. Учир нь тэнгэрт давхар солонго гарч сэтгэл хөөрсөг олон төв асар, туг далбаагаа оруулан дурсгалын зжраг даруулж байлаа. Богино хугацаанд байгалийн өвөрмөц үзэгдлүүдийг харуулж байгаа нь тэнгэр бидний тахилгыг хүлээн авч, хариу илгээж байна хэмээн хүн бүхэн яриж байлаа.
Бурхан халдуны нэгдсэн тахилгад зорин ирэгсэдийн буудалсан их хүрээний дунд зэл татан Бурхан халдуны Галын тахилгын бэлтгэжээ.
Оройны 21.30-аас Бурхан халдуны Галын тахилга эхлэхэд бэлэн болж, галын тахилгад оролцох хорь орчим улаач нар байрлалаа эзлэн тойрон суужээ. Бурхан халдун хайрханы Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Өсөхбаяр толгойлж бөөлж эхлэв. Өнөө цагийн өнгө дэг жаягийг харуулсан хуяг дуулга, нэгдсэн уриа дуудлагаар тэнгэртээ мэдүүлж,залбирал хийж байсан.
Хэнгэрэгийн дуу огцом цууриатаж, уламжлалт дэг жаягаар галын тахилгаа хөгжөөн Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтбаатар бөөлөв. Галын тахилгад Монгол бөөгийн их зайран, Дээд цэцийн хуралдайн гишүүн Дангаасүрэн бөөлж оролцлоо. Ийнхүү Галын тахилгыг удирдсан Монгол бөөгийн тэргүүн зайран Өсөхбаяр онцлог хамтлагыг бүрдүүлсэн, хамтлагын бөөлөлтийг хийлээ.
            ДҮГНЭЛТ.
Ийнхүү Бурхан халдундаа хүндэтгэл үзүүлж, МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн их тахилга өндөр хэмжээнд амжиллтай болж өнгөрлөө. Нэгдсэн их тахилгадаа оролцсон улаач бүрийн хамтын залбирал зорисондоо хүрсэнийг олон зүйл харууллаа. Бурхан халдуны нэгдсэн тахилгадаа толгойлж бөөлсөн нэр хүндтэй улаач нарын зүтгэлийг бид бахархан харлаа. Тахилга бүрт толгойлж бөөлсөн “Улаач” нар мөнх хөх тэнгэртээ их үйлийн талаар айлтгал өргөсөн билээ.
Эцэст нь МБНЭ-ээс зохион байгуулж байгаа нэгдсэн их тахилгыг гурван удаа дараалж хийгээд байна вэ? гэж зарим нь бодож байгаа байх аа. Сүүлийн 300 жил Монголчуудын өөрийн үндэсний зан загшилаар хийдэг байсан олон зүйлийг зориудаар хааж, харийн их гүрний бодлогоор хэрэгжүүлсэн, төвдийн шашины зан үйлээр тахилга үйлдэж, савдаг, лусыг номхотгон, улмаар олон газар усны нэрийг уламжлалт монгол нэрийг төвд нэрээр сольж өөрчлөн өнөөг хүрч иржээ. Тэрхүү гадны зан үйлийн нөлөөгөөр Монголчууд дэлхийд гайхагдаж байсан тэргүүлэх генээ бага багаар гээсээр, эрэлхэг, эрэмгий, дайчин чанараасаа салж, хүний сэтгэл зүрхийг дарамталсан хийсвэр зураг, бусдын зохиомжилсон шавар болон гуулийн бүтээлийн өмнө хоёр гараа нийлүүлэн залбирч суудаг хүлцэнгүй ноймоо, идэвхгүй, хулчигар, хийморгүй нэгэн болж хувирсан билээ. Тиймээс энэ бүхнээс салгахын тулд Мөнх тэнгэрийн зан үйлийг жил дараалан хийх шаардлага бий болсонтой холбоотой юм. Далд ертөнцөд явагдаж буй тэмцэлд Мөнх тэнгэрийн сургааль ялах болно.
Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс Монголчуудыг ивээх болтугай.

                                   Д.Жаргалсайхан
 
           
 

Comments