logo

logo.jpg

Advertisement

Бөөгийн ёс ардчилалгүй юу?

Бөөгийн ёс ардчилалгүй юу?

Бөөгийн уг наалгасан зарим хүмүүс яаж амьдрал ахуйгаа зохицуулахаа мэдэхээ больчихсон, сандарч явааг хараад энэхүү бичвэрийг үүсгэв. Би уг нь бөө мөргөлд үнэн сэтгэлээсээ бишрэлтэй ханддаг юм аа. Гэхдээ Монгол оронд бөө мөргөл дахин дэлгэрэхээс өмнө өөрийн амьдралд баримталж ирсэн зарчим, зарим нэг хэвшил, зуршил, итгэл үнэмшил маань чин сүсэгт мөргөлчин байхад минь мөн ч их саад болох юм даа. Худлаа ярих, хулгай хийхээс эхэлдэг нөгөө айхавтар  арван хар нүглийг үйлд гэж ямар ч шашин, номлол, үзэл суртал хэлдэггүй хойно тэр талаарх сургаал ёс зүйн жишгээс  гадна бас сонин сонин ёс, дэг жаяг байнаа энэ бөөгийн орчинд. Ёстой л хүн мэдэхгүй юмныхаа боол гэгч болох юм даа гэж халагламаар санагдаад, заримдаа тэрслүү тэрслүү бодлууд сэтгэлд орж ирээд, тэр бодлоосоо айгаад тэнгэрийн дор үе үе навтайж явах болов. Тухайлбал ,
-    Бөөгийн уг наасан багш маань ан амьтан, араатан жигүүртэн, адуу, тэмээний мах бүү хүрт гэсэн заавартай гээд идэх уух юмаа олж цөхөж яваа хүн таарах юм. Тэгээд жигүүртэд нь тахиа, өндөгтэйгээ ордог гэнэ. Тахианы мах идэх нь байтугай өндөг орсон хоол гүй гээд суучихаар боов боорцогноос эхлээд өнөө цагийн бидэнд өндөггүй юм ховор болохоор хэцүү юм билээ. Ан амьтэнд нь гахай ордог гэнэ. Нөгөө хойд айлын хашааны буланд бордуулдаг гахай чинь савдагийн амьтан, савдаг гомдоож болохгүй юм байх. Энэ ч бас яахав уулын олон араатнаас мах ахиутайгаасаа болоод хүний гарт орсон ганц амьтан биз. Гэтэл лусын хорлол гэж айхавтар юмнаас бүгд л айдаг хойно, загас идэх нь байтугай эгцэлж ч харахгүй. Уналгаа идэхгүй гээд адуу, тэмээний мах идэхгүй гэх. Ингээд л ресторан, гуанзуудыг хоолоо ямар махаар хийсэн бол гэж хардаад гэрээсээ гадуур хооллож ч чадахаа байсан байна билээ. Үүнийг нь хараад надад ийм бодол төрөөд байгаа юм. Оросууд “Курица не птица” (тахиа шувуу биш) гэсэн нэг хэлц үг ярьцгаадаг нь үнэн юм болов уу? Бид нарыг бодвол галуу шувууны мах эртнээс идэж ирсэн ард түмэн мэдэж байгаа байлгүй, үнэн гээд итгэчихвэл яадаг бол. Мөн Тэмүжин дүү нарын хамтаар загас жараахайгаар тэжээгдэж өсөж өндийдөг талаар Нууц товчоонд гардаг, тэгсэн ч гэсэн тэнгэрийн ивээлд багтдаг биз дээ гээд барьцмаар ч юм шиг. Бүр байг гэхэд дөнгөж өчигдөрхөн л буу бариад ан хийж явсан хүн, загас шараад хоол хийж байсан хүн өнөөдөр хэц бариад сууж байдаг. Онго нь голохгүй, зугтахгүй ирж л байгаа биз дээ гэж ам асуумаар санагдах юм. Загасчин, анчин олон отог  аймаг, ард түмнүүд дунд сайн сайн бөө нар байдаг дуулддаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Хоол ундны хорио цээр дээр үнэмшилтэй, бодитой хариулт өгөх хүн байна уу?
-    Манай хүүхдийг уг наасан багш “Хүүхдийг маань олон тэнгэртэй, ховор заяатай тул дээдлэн хүндэл” гэсэн гээд тухайн гэрийн бүх хүний дээр тавьчихсан, тэр бүү хэл нөгөө муу жаахан хүүхдийг эцгээс нь дээр суулгаж, цай хоолны дээж барьж, хэлсэн ярьсан үг нь хааны зарлиг адил болсон айл байх юм. Бас л нэг жаахан тиймхэн, арай биш санагдаад байгаа юм даа. Улаач улаачийнхаа амьдралаар, онго орсон үедээ онгынхооо замаар л баймаар юм. Энэ хорвоод хүмүүн болж төрөгсөд эцэг эхээс дээш хүндлэгдэх бурхан байх уу?
-    Мөн л багш нь хэлсэн гэнээ. “Танай удмын өөр нэг хүнд бас онго буугаад хүч булаацалдаад байна. Би тэрхүү хүний хүчийг дарж өгье. Өглөө бүр надад айлтгаж бай” гэж. Тэгээд нөгөө удган болох гэж байгаа охин маань өглөө бүр, нэг л болохгүй байна гээд багш руугаа утасддаг, багш нь хамаатны хүнийх нь хүчийг дарах дом хийдэг юм байх. Энэ ямархуу ёс зүйтэй багш вэ? Бөөгийн шахаан тангараг гэж юу байдгийг мэддэггүй ойлгодоггүй, өөрөө нүглээсээ салаагүй, нөгөө “хиж гөрөөсний” төрлөөсөө холдоогүй “багш” байхаа. Шавийн эрдэм багшаасаа гэдэг, ийм багшийн шавь ямархуу удган зайран болох нь ойлгомжтой. Багш гэснээс багш гэдэг үг өөрөө ямар нэгэн эрдмийг их бага, ямар нэгэн хэмжээгээр заасан хүн бүрт оноогдох эрхэм алдар билээ. Гэтэл түүнийг сэвтүүлж яваа багш хааяагүй байдаг. Тэдний зарим нь бөөгийн отогт, зарим нь сургуулийн танхимд гээд энд тэндгүй. Гэтэл сургуулийнхаа багшийн хэлсэн заасныг үйл ойшоож хичээл номоо хийхгүй, элдвээр хэдэрлэж зовоох мөртлөө, бөөгийн уг наасан багшийнхаа хэлсэн бүхнийг мухар сохроор дагаж ах дүү, айл хотлоороо элдэв мэдэхгүй юманд орооцолдож чирэгдэх юм. Эрдэмд хөтөлсөн багшийн ачийг юутай ч зүйрлэмгүй арвин боловч, аливаад бид авах гээхийн ухаанаар хандвал зүгээрсэн. Багшаас илүүтэйгээр, өөрөө таны оюуныг эзэмдэн орж ирж байгаа онгынхоо хэлж ярихыг дагавал илүү дээрсэн. Багш нар ч гэсэн онготойгоо бүрэн  золгосон хүнийг өөрийн эрхшээлд байлгах гэж элдвээр айлган сүрдүүлэх арга саам хийж байхаар өөрөө хөгжих эрх чөлөөг нь өгөөсэй. Сайн багшийн шавь бие дааж сурсан байдаг. Муу багшийн шавь хуулж, дуурайж сурсан байдаг. Аливаа эрдмийн багш өөрөөсөө илүү шавь төрүүлж байж л алдар нь манддаг гэдгийг ухаараасай.
-    Бөөгийн уг наалгасан зарим хүн  өнөөдрийн амьдарч буй нийгмээ ор тас мартдаг бололтой. Бид нар шинжлэх ухаан, техник, технологи маш өндөр хөгжсөн, ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч өнөө цагийн улаач нар орж ирсэн онгоо дагаад хэдэн зууны цаадтай нисэн одож байгаа нь  харамсалтай. Угааж арчих, цэвэрлэх, халдваргүйжүүлэхээс эхлээд ахуйн түвшний олон хэвшилд нөгөө соёлын довтолгоо хийж байж алга болгосон хуучны хоцрогдлыг тэр чигээр нь нааш авчрах гэж чирэх юм. Мөргөөд бишрэхээс илүүтэй айж цочмоор бохир эд зүйлс хэрэглэх бөө ч байх юм. Айлууд нь буян хишгээ гөвнө гээд хогоо бараг шүүрддэггүй, хувцсаа угаадаггүй, намайг хувцсаа угаадаг гээд шоолж адалдаг хэмээн 70-иад оны үед хөдөөгийн нэгэн суманд багшилдэг нагац эгч маань, хуучилж байсан. Энэ хачин, бохир заваан хэв зуршлаас гарах гэж хичнээн их хүч хөдөлмөр урссаныг нүдэнд харагдтал ярих амьд гэрчүүд, түүний төлөө зүтгэж явсан хүмүүс байж л байна. Хүн яагаад нүүрээ угаах ёстой, хөнжлийн даавуу хэрэглэх нь ямар ач тустайг ухуулж явсан сайхан үе саяхан шүү. Орчин цагийн хүмүүсийг өнгөрсөн зуунд аваачиж мөргүүлж байснаас орж ирж байгаа онгоо орчин үеийн амьдралд сургавал яасан юм бэ.
-    Хүний нууцыг хадгалах, хүний эрхийг хүндэтгэх гэх мэтээр өнөө цагийн нүүр царай болсон үнэлэмжийн үнэр ч үгүй бөө нар байх юм. Ялангуяа багш гэгдчихвэл бүр өнгөрөө. Уг наалгах ёстой болсон хэн ч бай ерөнхийдөө тэгсгээд л эрх чөлөө нь хаагдаж багш гэх нэг хүний эрх мэдэлд бүрэн очих хандлагатай. Тогоочийн ганц сарын дамжаанд сурах хэрэг гарсан хүн Улаанбаатарын нүх сүв болгонд байрлах олон сургалтын төвүүдий үнэ ханш, чадал чансаагаар нь харьцуулж байж сонгох нь энгийн эрүүл ухаан болсон энэ нийгэмд уг наалгах хүнд “хэн нэгэн багш” уг нааж өгнө гээд “наалдчихвал” бөөн дарамт, хүчирхийлэл болдог болжээ. Таны шавь болохгүй гээд эсэргүүцвэл элдвээр айлгаж, сүрдүүлдэг гэнэ. Мөн багш шавь болж байгаа талаар гадагш дотогш яривал бас болохгүй. Нууц бах ёстой гэнэ. Үнэн сайн бүхэн ил цагааныг эрхэмлэдэг. Худал муу бүхэн харанхуй, бүрэнхийг далимдуулдаг гэдэг ёстой мөн дөө. Өөрийн үзсэн дуулсаныг бичиж нийтлүүлсэнийхээ төлөө багшдаа, болон багшийн ойр тойрныхонд нь ад үзэгдсэн хүн ч байдаг юм билээ. Хэн нэгний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь амьд явахын адил хэмжээнд тавигдсан ардчилсан нийгмийн иргэд билээ. Яагаад ардчилсан нийгмийн үндэс болсон сонголт гэдэг уг залгах хүнд хамаарахгүй, харин угтайгаа мэдсэнээс хойш шахалт, тулгалт, дарамт илүү болоод байна?
-    Бас нэг сонин юм нь Нууц товчоо, Мандухай цэцэн хатны домог гэх мэт түүхэн зохиол дээр гардаг хаад, ноёд, хатад л онго болон бууж ирсэн нь олон тааралдах болжээ. Энэ үнэн үү, аль эсвэл уншсан дуулсаныхаа хүрээнд эргэлдэх хуурамч нөхдийн жүжиг үү. Үнэхээр худлаа гээд батлах эрдэм чадал ч алга, үнэн гээд дагах итгэл үнэмшил ч алга. Гэхдээ л сонин санагдаад байгаа юм даа. Уул нь үнэхээр жинхэнээрээ эртний түүхэн хүмүүс бууж ирээд, мэдэж байгааг маань бус мэдэхгүй байгаа үнэн түүхийг хэлж өгдөг бол сайхан аа.

Х.Сүлдэт
 

Comments