logo

logo.jpg

Advertisement

​Удган

Удган
 
...Шөнө дэнгийн гэрлийг тойрон эргэлдэн нисээд байдаг нэгэн хачин эрвээхийг бага балчир цагтаа их гайхаж хардагсан. Дэнгийн галд дэрэвгэр далавчаа бараг түлэх шахан эргэлдэж зовдог тэр эрвээхийг ээж маань "удган эрвээхий" гэдэг юм. Шөнийн цагт гэгээ дагаж эргэлддэг хачин амьтандаа хэмээн ярьж өгч билээ.
 
Тэр цагаас хойш "удган"гэдэг үгийн учрыг ердөө ч ойлгодоггүй байлаа. Тэгтэл манайд нэгэн өвгөн ирж аавтай маань морины тухай ярьж байгаад
 
-За танай тэр чинь удган хатир морь гэв үү? гэж ааваас асуув. Аав:
 
-Удган хатир гэхэд ч бас алдаж оноод байдаг юм шиг гэсэн чинь өнөөх өвгөн
 
-Харин яг тэгдэг л байхгүй юу. Дэн тойрон эргэлддэг удган эрвээхэй шиг л явдалтай болохоор нь "удган хатир" гэдэг юм гэхийг нь сонсоод тэр үгийн утгыг бага зэрэг ойлгож билээ. Гэтэл бас "удган"гэж хүн байдгийг хойт жил нь мэдэв.
 
...Хөрш айлын хүүхэд гэнэт гэнэт муужирч унадаг болсон чинь тэдний ээж:
 
-Шар удган Зэлийн голоор явж байна гэнэ. Түүнийг залж ирж удгалуулахгүй бол хүү маань өөдлөшгүй нь гэж нөхөртөө хэлж байхыг нэгэнтээ сонсов. "Хөөх, эрвээхэйнээс гадна хүн бас удган байдаг байхнээ" гэж би гайхаад ээжээс асуумаар санагдав.
 
-Ээжээ, удган эрвээхий шиг удган хүн байдаг юм уу? гэсэн чинь
 
-Хэн тэгж байна? гэж эргүүлэн асуув.
 
-Урд айлын эгч хүүгээ өөд татахаар Шар удган гэдэг хүнийг авчрах гэнээ. Тэгээд л би удган хүн бас байдаг юм уу? гэж бодоод... гэсэн чинь
 
-Тиймээ. Удган хүн гэж байдаг юм. Эмэгтэй хүн байдаг гэж ээж хэлэв. Тэгээд би тэр удганыг ирэх үед нь заавал харах юм шүү гэж өөртөө ам өгөв. Тэгсэн нэг өдөр нөгөөх удган урд айлд ирэв. Зүгээр л нэгэн энгийн хувцастай настайвтар авгай байх ажээ. Удгалуулна гэж яадаг юм бол, олж харахсан гэж би бодоод тэр айлын хавиар эргэлдэх болов.
 
Цай хоол хийж тэр авгайг нөгөө айл их л хүндлэж байгаа бололтой. Гэвч нөгөөх нь "удгалахгүй" л байгаад байв. Тэгсээр байгаад нар жаргахын өмнөхөн тэр айлаас "пүт пүт пүт"хийх чимээ гарахаар нь тэдний рүү гүйж хүрэв. Үүдээр нь шагайх гэтэл гэрийн эзэгтэй "яв, цаашаа" гэж хөөв.
 
Бас өөр хоёр хүүхэд сониучлан очсон чинь гэрийн эзэгтэй гарч ирээд биднийг зодох шахаж хөөв. Бид ч урам муутайхан буцацгаав. Тэгтэл надад нэгэн бодол орж ирэв. Тэр айлын зүүн талын туурган нь нэгэн цоорхойтой байсныг санав.
 
Сэмхэн явж очоод тэр цоорхрйгоор нь харсан чинь нөгөөх удган гэсэн нь хүн нь хачин сагсгар үстэй малгай шиг юм өмсчихсөн тэр үс нь урд руугаа унжиж нүүрийг нь халхалчихсан, тэгээд толгойгоо сэгсчин гартаа барьсан хэнгэрэг шиг юмыг байн байн дуугаргаж бас үл ойлгодох үгсийг чанга чанга хэлж байв.
 
Тэгтэл миний бөгс рүү хэн нэгэн хүн хүчтэй өшиглөж “зайл” гэх сонсогдов босч эргэн харвал өнөөх айлын том ах байлаа. Би ч ум хумгүй зугатаж одсон юм. Ингэж л анх удаа тэр  "удган" гэдгийг гэрийн цоорхойгоор харж билээ. Дахин хэзээ ч ямар нэгэн удганыг хараагүй явсаар бага дунд сургууль төгсөж, багшийн сургуульд элсэж бага ангийн багш болохоор гурван жил суралцаж, багшлах дадлагыг төв аймгийн Зуун модны сургуульд хийцгээв.
 
Тэгтэл дадлагын хичээл дээр нэг бондгор жаал босч "багшаа, удган гэж юу юм бэ?" гэж гэнэт асуух нь тэр. Би гэнэтийн тэр асуултад цочирдож "Бөөлдөг хүнийг хэлдэг юм" гэчихсэн чинь өөр нэг охин "хүн биш миний тоглодог ээрүүлийг "удган ээрүүл" гэж ээж хэлдэг юм байх чинь билээ!" гэх нь тэр. Би тэрэнд бүүр балмагдаж, чавга шиг улаан царайлж зогстол дадлага удирдсан багш
 
- За за, хичээлд холбогдох юм асууцгаа, хүүхдүүдээ! гэж хажуугаас нь хэлж намайг "аврав". Би үнэндээ "Удган ээрүүл" гэж юу байдгийг тэр үед огт мэддэггүй байлаа. Тийнхүү "Удган"гэдэг үг миний толгойд "хадаас" болж орхив. Тэр үед "Монгол хэлний тайлбар толь" гараагүй байсан цаг юм.
 
Тэгтэл бас Төв аймагт "Удган мод" гэж ганц мод ургадаг тухай ч сонсов. "Бөө, удган" гэж хоёр үг байдаг хоёулаа ижил утгатай мэт боловч эрэгтэй хүнийг "бөө", эмэгтэйг нь "удган" гэдгийг мэдэж авав. Тэгтэл бас "зайран бөө" гэж байдгийг сонсов. Бөөгийн арван гурван чанар шингээсэн хүний цол нь "зайран" юм гэдгийг хожуу мэдэв.
 
...Бөө мөргөлийн тухай судалгааны олон арван ном гарсны ихэнхийг олж уншив. Бас "Бөөгийн дуудлага" нэрийн дор олон тооны шүлэглэсэн аман зохиолтой танилцав. Нэрт эрдэмтэн Ч.Далай, Г.Санжеев, Б.Содном, Б.Ринчен, Д.Банзаров, С.Бадамхатан нарын бөө мөргөлийн судлалын ууган номуудаас эхлээд сүүлийн үеийн эрдэмтэд О.Пүрэв, С.Дулам, Д.Мархаахүүг хүртэл бас Тувагийн М.Б.Кенин-Лопсан, Буриадын Т.Михайлов, Якут болон Солонгосын бөө мөргөлийн судлаачдын бүтээл нь "Бөө мөргөл" /шаманизм/ гэдэг эртний монгол угсаатны шүтлэгийн түүхэн тоймыг өргөн дэлгэр бас гүн гүнзгий тодорхойлсон нь энэ талын мэдээллийн томоохон сан болж байгаа билээ.
 
Ер нь бол бөө мөргөлийн зан үйл монголд Хөвсгөл, Дархадын нутагт, Тувад, Якут, Бурядад бол нилээн эртний хэлбэр журмаа хадгалан үдсэн бөгөөд жинхэнэ бөө нар энэ нэр дурдсан хязгаарт саяхан болтол байсаар ирсэн боловч хорин нэгдүгээр зуунд бөө, удганы арван гурван шинжийг хадгалагч, төрөлхийн өгөгдөхүүнтэй бөө, удган маш ховор болжээ.
 
Харин "өөрчлөлт шинэчлэлтийн" гэгдсэн сүүлийн жилүүдэд "бөө мөргөлийн" дахин сэргэлт, "бөө судлалын" шинэ хуудас нээгдэж эхэлсэн нь сэтгэлгээний нэгэн төрлийн шинэ үзэгдэл юм. Энэ бүхийлэн олон талт үзэгдлийг ажиглан зүслэхүйд тэрчлэн "бөө судлалын" шинэсэрэг бүтээлүүдтэй танилцаж байхад хагас зууны тэртээд "Багш аа, удган гэж юу юм бэ?" гэж нэгэн жаалын надаас асуусан асуулт түүнээс болж "удган" гэдэг үг толгойд хадаас болон үлдсэн асуулт хариугаа нэхсээр боловч саяхнаас л нэг хариу олдох тийшээ хандлаа.
 
Гэхдээ дээр дурдсан эрдэмтэн судлаачид "бөө", "удган" гэдэг ойлголт, зан заншил, дуудлага тэргүүтнийг олон талаас нь ярьсаар ирсэн ч энэ хоёр үгийг яг үгийнх нь хувьд, нэр томъёоных нь хувьд нэг их анзаарсангүй яваа нь нийтлэг үзэгдэл юм.
 
Ялангуяа бага залууд минь "толгой өвтгөсөн" удган гэдэг үг чухам юуг хэлээд байгааг саяхнаас ухаарч эхлэв. "Удган бол эмэгтэй бөөгийн нэр" гэсэн тайлбараас өөр хариуг судлаачид хэлсэн нь бараг үгүй юм. "Удган"- гал сахигч гэж хэдэн жилийн тэртээд "Үгсийн нууц уурхай" цувралд товч бичсэн билээ.
 
"Удган" гэдэг үг бол эхийн эрхт ёсны үеийн нэр томъёо ажээ. Харин "Бөө" нь нилээн хожуу, эцгийн эрт ёсны үеийнх бололтой. Үүнийг нотлохын тул "үг хөөцөлдөх" ёстой ажээ. "Удган" гэдэг үг бүүр эртний монголын элэнц хуланцын өмнөх дээдэс Шүмэр гэж одоо тогтсон, уул нь Сүмэр нарын үгийн санд анхдагч утгаараа байгаа ажээ. Шүмэрүүдийн төрийн дуулалд
 
 "Ай Уту, Хорвоогийн малчин 
Хар тэргүүтнүүдийн эцэг минь ээ! 
Чамайг хэвтэхүйд /нойрсохуйд/
 Хүмүүс бас хэвтэнэ /унтана/ 
Ай баатар Уту, чамайг босохуйд /мандахад/
 Хүмүүс бас босоцгооно" гэж эхэлдэг байна. /Krater S.N “Sumerian mytnology” Philadelphia, 1944 р.42/
 
Энэхүү "Уту" гэдэг нь "хорвоогийн малчин, хар тэргүүтнүүдийн эцэг"/малчин, хар толгойтонгууд/ажээ. Яг утга нь бол "Нарны бурхан"гэсэн үг "Уту" байжээ. Уту гэдэг нь Оту-от буюу гал юм. Тэрнээс гал, утаа гэх ойлголт эх авчээ. Он жилүүдийн эрхээр, хүн зоны өсөлт өөрчлөлтөөр аливаа үг мөн хувирал үздэг ёсоор "Уту" гэдэг үг "утаа", "утлага" болохоор барахгүй от, отог, отор болон хувирсаар ирсэн бөгөөд үүнийг түрэг хэлний үгийн сангаас гаргаж ирцгээдэг.
 
Гэтэл Хүн улс, хүннүчүүд гэдэг маань түрэг нарын ах бараг л аав, ээж нь байсан хүмүүс шүү дээ. "От" гэдэг бол хүннү үг бөгөөд"гал", "утаа" гэсэн утга тээгч байжээ. Тэрнээс нь орчин үеийн монгол хэлэнд хамгийн ойлгомжтой үндсэн хувилбар бол "Оч"юм. /Аливаа гал түлэхэд оч үсэрдэг биз дээ.
 
Нэгэнт "от" гэдэг нь галын нэр байсан учир түүнээс үүдээд "отог" /хэсэг амь нэгтэй хүмүүсийн нэгдэл/, отор /малаа бэлчээр сольж оторлон суухын нэр/ тэрнээсээ үүдээд "оторчин", "отоглох", "оторлуулах"/мал/, "оторчлох", "оторчлох" гэхчилэн хувилбар гарснаар барахгүй ан гөрөө хийхийн тулд цөөн хүн нэг "гал" болон суухыг "отоглох", "отох", "отоонд гарах" гэхчилэн ойлголтын нэр буй болжээ.
 
Тийнхүү "от" /гал/ гэдэг үг 35 орчим хувилбартай болсон байна. түүгээр ч барахгүй айлын хамгийн сүүлчийн хүүхдийг "отгон" гэх болжээ. /отгон охин, отгон хүү/ түүнээсээ уламлаад аливаа үйл хэрэг, ажил явдлыг "отголно" гэж хэлэх болсон байна. Тэгтэл бас 0, У хоёр авиа өөр хоорондоо солигдох тохиолдол байнга гарсаар ирсний улмаас "от" гэдэг "ут" болон дуудагдах болж "утаа"гэдэг шинэ хувилбар хэдүйд ч юм гарчээ. "Ут", "утаа", "утах", "утагдах" "утаа баачих" гээд л хувилбарууд "хөвөрч гарчээ".
 
Гал түлэхэд болон юм шатаахад бараан өнгөтэй хий дээш хөөрөн гардагийг "утаа" /отоо/ хэмээх болсноос уламлаад "утаа тавих", "утаа баагих", "утаа олгойдох", "утаа суунаглах", "утаарь" /утах газар/ "утаат сум", "утаа униар" гэхчилэн хорь гаруй хувилбар үгс буй болсон байна.
 
"Уту" гэдэг "нарны бурхан" гэсэн ойлголт ийнхүү "галын бурхан" болон хувирч "удган" гэдэг нэр томъёо буй болсон нь маргаангүй. "Отгон" "удган"гэсэн хоёр үг бол үнэн хэрэгтээ нэг үгийн хоёр өнгө юм. Монголчууд олон хүүхэдтэй байсаар ирсэн бөгөөд "отгон" буюу хамгийн сүүлчийн бага хүү юмуу охин нь эцэг, эхийн гал голомтыг сахиж үлддэг хуультай байжээ.
 
Энэ хууль ёсоор ч Чингис хааны гал голомтыг отгон хөвгүүн Тулай нь сахиж үлдсэн хэрэг. Гал голомтыг бадраагч, бас сахиж үлдэгч нь отгон хөвгүүн, отгон охин буюу удган байсаар иржээ. Галыг айл өрхөд өөр хэн ч биш тэрхүү удган л асааж, түлж манаж ирсэн хүн нь тул удган /отгон/ буюу "галын бурхан" юм.
 
Эхийн эрхт ёсны үеэс бүүр "гал тахилгат" цагаас нааш эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй болмогц гал манаж, гал түлж, гал бадрааж, хоол унд хийж амьдралын гол тулгуур болж ирсэн хэрэг. "Гал тахилгын" эртний үлдэгдэл гэвэл Байгал нуурын хойтох Эхирисүүд уул овоо тахихдаа "Мунгалаа эдеэлхэ" гэдэг ажээ. Энэ нь "мөнх галаа эдээлэх"/хооллох/гэсэн үг юм.
 
Монголчууд цагийн эрхээр "гал тахих" эртний их ёслолоосоо аажмаар холдож айл гэртээ гал голомтон дээрээ гурван тотгот тулгаа тойрон галаа тахидаг болсон цагаас хойш хорин зууны туршид энэ л хэлбэрээ баримтлаж ирсэн гэлтэй
 
.-Гал тахихдаа уншдаг "галын ерөөл", "галын тахилга", "гал тахих судар" зэрэг шүлэглэсэн төрөл зүйлийг уншиж /төрлөх монгол хэлээрээ/ тусгай зан үйл гүйцэтгэсээр ирсэн эртний уламжлалтай юм. Түүнийг нь гэрчлэх “Гал тахих ерөөл” гол төлөв:
 
Арам үсгээс үүдэлтэй
Аршаант хумх барьсан 
Араднаа эрхийг татсан
Аранз галын хаанд мөргөе" гэж эхэлдэг үг бий "Арам үсэг" гэдэг бол одоогийн тооллоос өмнөх мянганы эхээр буй болсон бичиг бөгөөд монгол босоо бичгийн өвөг юм.
 
Бас нэгэн сонин баримт бол "гал тахилгын" уншлага болгонд 
 
"Хаан эзний цахисан, 
Хатан ээжийн үлээсэн", гэж буюу 
"Сод хаан эзний цахисан
Сутай хатан эхийн үлээсэн" хэмээх үг гардаг нь гэрийн эзэн хэт цахиж эзэгтэй нь галаа үлээн бадраадгийн учир юм. 
 
"Цагаадай бөөгийн цахисан 
Цэнгэл Удганы үлээсэн" гэж бас гардаг "Удган" бол ийнхүү галын тахилгач гэдгээр алдаршсан бөгөөд гал тахилгын уншлагаа бүрэн уншиж, улмаар удгалдаг болсон урт түүхтэй ажээ. /Гал тахилгын бусад зан үйлийг "Гал тахихуй" дагуулаас үзмү
Л.Түдэв

Comments