logo

logo.jpg

Advertisement

Аймшигт байшин

Аймшигт байшин
 
Би хөдөөний охин болохоороо эрт гэрлэсэн. 17 настайдаа нутгийнхаа нэг малчин залуутай суусан юм. Тэгээд сумын төв дээр хэсэг амьдарсан. Ер нь ч тэгээд манай нөхөр мал гэхээсээ илүү хот суурин газар бараадах дуртай хүн байсан юм. Манай ээж, түүний ээж хоёр нэг ангийн хүүхдүүд болохоор хоорондоо жигтэйхэн найзууд. Манай хадам талынхан мал хуй сайтай ер нь чинээлэг хүмүүс л дээ. Тэгээд хоёр ээж ярилцаж байгаад биднийг хот оруулж, аятайхан хашаа, байшин авч өгөхөөр болов оо. Би гэдэг хүн баярласан гэж жигтэйхэн, аймгийн төвөөс цааш алхаж үзээгүй л дээ. Наймдугаар ангийн боловсролтой ч бас шүлэг энэ тэр бичиж Мөнхцэцэг эгчийг (яруу найрагч) дотроо биширч явдаг. За, тэр ч яахав. Би амьдралдаа тохиолдсон нэг аймшигтай зүйлийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

Бид хотод орж ирээд ээжүүд аятайхан хашаа, байшин эрж их удав аа. Би бараг сарын дараа төрөх гээд байдаг. Гэтэл 100 айлд хадам ээж “Нэг хашаа, байшин хямдхан оллоо” гэсээр орж ирлээ. Тэгээд очиж үзэхээр болов. Хашаа нь их том юм. Ногоо энэ тэр тарьж байсан ул мөр байна аа. Гаднаасаа байшин нь үнэхээр том харагдлаа. Үүдэн дээрээ сонин хятад үсэгтэй улаан зүйл наасан харагдана. Тэр байшинг харангуутаа яагаад ч юм миний дотор нэг л хачин болсон. Гэхдээ тухайн үедээ байшингаас биш жирэмсэн болохоороо тэгж байна гэж бодоод өнгөрсөн юм. Байшинд ороход дотор нь аймаар хүйтэн байлаа. Гал тогоо, үүдний өрөө, том өрөө бас хоёр ч жижиг өрөөтэй юм байна. Үүдний өрөөгөөр яваад баруун талд гал тогоо, эгц чигээрээ унтлагын өрөө, зүүн талд том өрөө, том өрөөн дундуур чигээрээ гараад цаана нь тэр хоёр жижиг өрөө байлаа.

Би “За, яахав өөрийн гараар цэвэрлэж, тохижуулъя” гэж бодож байлаа. Тэр өдөржингөө л тавилгаа оруулж байрлуулав. Аав, ээж нар явцгааж, нөхрийн ах маргааш нь бас туслахаар үлдсэн юм. Бүгдээрээ том өрөөнд унтахаар болов. Би тэр дороо унтаад өгч. Гэнэт хэн нэгний хашгирах дуунаар сэрлээ. Босч гэрэл асаагаад хартал нөхөр диван дээр явган суучихсан байх юм. Жижиг өрөөнөөс Батаа гарч ирээд юу болныг асуув. Нөхөр маань толгойгоо сэгсрэхээс өөр юу ч хэлсэнгүй. Би түүнийг хар дарж зүүдэлж дээ л гэж бодоод өнгөрлөө. Гарч бие засчихаад иртэл тэр унтаад өгсөн байв. Өглөө би түүнээс юу болсныг асуухад нөхөр маань “Нэг юм зүүдэлсэн. Яг юу гэдгээ санахгүй байна” гэлээ. Ингээд бараг сар шахам болов. Энэ хугацаанд шөнөөр өрөөнд ямар нэг юм сонсогддог байсан ч нойрон дундаа тэр бүр анзаарахгүй өнгөрнө. Харин энэ хооронд нөхөр бид хоёрын харилцаа зөөлөн хэлэхэд үнэхээр аймшигтай боллоо. Тэр аймаар их архи уудаг болж, гэртээ ирэхээ ч болив. 
Тэгэхээр нь би аргагүйн эрхэнд түүний эгчийг дуудсан юм. Хамт ханиндаа хонох гэж тэр шүү дээ. Ганцаараа айгаад байлаа. Хоёрдугаар сард би охин төрүүлэв. Эмнэлгээс гараад хоёр хоносон ч нөхөр бас л дахиад ирж хоносонгүй. Одоо байсан бол би түүнийг гэрээсээ хөөх байсан. Харин тэгэхэд би гэртээ суугаад л хүлээдэг байлаа. Хайртай юм чинь гээд л... Нэг шөнө хадам эх, дараагийн хоёр шөнө эгч нь надтай хонодог байлаа. Бусад өдөр нь тэд нар ажилтай байсан юм.
http://resource.wikimon.mn/wikimon/photo/2015/1/9049bd96e35d740c/bf2fa6cd6a94abe1big.jpg
Бүх л өдөржингөө би хүүхдээ хооллож, хуурайлж өнжинө. Харин шөнө болохоор хүүхдээ өвөртлөөд л унтана. Нэг удаа яг ингээд унтах гэж байтал үүдний өрөөнд ямар нэгэн чимээ гарав. Сайн сонсох гэсэн ч зурагтны дуу саад болоод сонсогдсонгүй. “За, тэгж санагдсан байлгүй” гэж би өөрийгөө тайвшрууллаа. Өрөөнд зурагт асаалттай, галд хийсэн мод чад падхийж, уг нь зүгээр байх хэдий ч нуруу хүйт даасаар л байлаа.
Тэгээд охиноо унтуулчихаад түүнийг орон дээр тавихаар диванаас өндийтөл үүдний өрөөнд үнэхээр ямар нэг зүйл сонсогдох нь тэр. Зүрх палхийгээд, дотор минь үнэхээр хачин болж, айсандаа би уйлж эхэллээ. Охиноо тэврээд хөнжил доогуур нуугдан суугаад чимээгүй болоосой хэмээн залбирч байлаа. Гарч бие засмаар байсан ч айдас үүнээс хүчтэй байсан тул би суусаар байлаа. Яаж гэдгийг мэдэхгүй ч би унтаад өгсөн байсан юм. Нүдээ нээхэд аль хэдийнэ гэгээ оржээ. Хамгийн түрүүнд санаанд орж ирсэн зүйл бол зүүдэлсэн байна гэх бодол байлаа. Босож том өрөөнөөс гараад хариугүй хашгирчихсангүй. Үүдний өрөөний хивсэнцэрийн үзүүр сөхөгдсөн байлаа. Би очоод түүнийг хөлөөрөө тэнийлгэтэл шалан дээр пад хийн үзүүр нь ойчив. Тэгэхэд л шөнө яг энэ чимээг сонссоноо би ойлголоо. (дараа нь үзүүрийг сөхөхөд бас яг тэр чимээ гарч байсан). Би ёстой жинхэнээсээ айж, ухаан мэдрэлгүй болов. Хамгийн эхэнд орж ирсэн бодол бушуухан эндээс ЗУГТААХ...
Намайг авч явах юмаа цуглууж байтал манай ах ороод ирэв. Би ч түүнийг тэвэрч аваад урьд шөнө юу болсон тухай ярьж гарлаа. Мэдээж, тэр итгэсэнгүй. Бүр намайг дооглож инээв. Дараа нь найз хүүхнүүд маань ирлээ. Сүүлдээ би өөрөө сөхөөд хаясан байх гэж өөрийгөө тайвшруулахад хүрлээ. Гэвч орой болж, шөнө ойртох тусам миний итгэлтэй байдал алгуур холдсоор... “Намайг ганцааранг нь битгий үлдээгээрэй” гэж тэднээс гуйлаа. Харин найз нар яалт ч үгүй явахаар болж, ах минь үлдэхээр болсон юм. Тэгээд түүнийг нэг өрөөндөө хонооч гэж гуйв.

Ахдаа шалаар ор засч өгөөд өөрөө охинтойгоо санаа амар унтахаар хэвтлээ. Үүдний өрөө, гал тогоонд гэрлээ зориуд асаалттай үлдээлээ. Охиноо хөхүүлэнгээ чимээ чагнасан боловч чив чимээгүй л байлаа. Тэгээд дөнгөж зүүрмэглэж эхэлтэл нөгөө хачин чимээ дахиад сонсогдов. Айснаасаа болж арай л солиорчихсонгүй. Ахыгаа дуудах гэсэн боловч чадсангүй. Хамаг бие хөшөөд надад захирагдахаа больжээ. Гэвч хамаг хүчээ гаргаж байгаад ахыг дуудсан ч тэр сэрсэнгүй. Нэг унтахаараа үхэр буугаар буудсан ч сэрэхээргүй унтдаг хүн л дээ. Тэгэхээр нь би арай ядан түүнийг хөлөөрөө түлхлээ. Түүнийг нэг юм сэрээж аваад “Сонсож байна уу?” гэж шивнэвэл тэр сонссон бололтой нүдээ арчиж байна. Тэгээд дөхөж ирээд орон дээр сууж, “Энэ юу вэ?” хэмээн шивнэв. Харин манай өрөөнд хаалганы оронд том хөшиг унжуулсан байсан юм. Угаасаа тийм байсан л даа. Солиогүй орхичихсон юм. Гэнэт бид хэн нэгэн байгаа нь илт мэдэгдэх сүүдэр тэр хөшгөн дээр тусахыг олж харав. Би айснаасаа болж үхэх шахаж байлаа. Тэгтэл ах “Энэ хулгайч юм болов уу?” гэж байна. Тэгснээ “Новш гэж, үхсэнийнх нь хулгайч байх вэ дээ. Би өөрөө түгжсэн юм чинь” гэж өөртөө хариулах нь сонсогдов. ХӨШИГ ГЭНЭТ НЭЭГДЭЖ би ухаан алдан унав...

Ахыг хацар руу алгадаж эхлэхэд би ухаан орж, охиныхоо уйлахыг сонслоо. Би охиноо тэврэн авч өөртөө наагаад юу болсныг асуухад ах дүлийртэл чанга хашгирсан гэлээ. Охин минь сэрээд уйлж, би ухаан алдан унасан байхыг хараад хацар руу сэргээх гэж алгадсан гэнэ. Түүнийг энэ бүхнийг ярьж байхад би нөгөө ХӨШГИЙГ харж байлаа. Тэр нээлттэй байсан юм. Тэгээд би тийшээ хуруугаараа зааж байсан ч юм хэлж чадахгүй байлаа. Гэхдээ охиндоо хөхөө өгч уйлахыг нь болиулах гэж оролдов. Ах “За, ингэе. Цөмөөрөө хувцаслаж Нараагаа аваад (Нараа гэж манай охины нэр) эндээс явцгаая!!!” гэв. Гэвч эндээс зугтаах амаргүй байлаа. ТЭР ЮМ яг гарах зам дээр байгаа. Үүдэнд. Дараа нь тэр цонхыг сандлаар хага цохих гэсэн боловч цонхны цаана төмөр тортой учир гарах ямар ч арга байхгүй байлаа. Тэгээд орон дээрээ чимээгүй сууцгаав.
Тэгэнгүүт бид хэн нэгний алхааг сонслоо. Хүнд алхаа. Би тэвчсэнгүй чангаар уйлав. Бид ТҮҮНИЙГ наашаа ирж байгааг нь мэдэж байлаа. Гэнэт өрөөнд аймаар хүйтэн болж, ямар нэг юмны эсвэл хэн нэгний аймаар, үгээр дүрслэхийн аргагүй дуу чихэнд хангинав. Бид орон дээрээс үсрэн бослоо. Би охиноо чанга тэврээд сөгдөн сууж мэддэг бүх маань мэгзэмээ уншиж, Бурхан багшид залбирч харин ах зүгээр л нүүрээ алгаараа дараад сууж байлаа. Гэв гэнэт хав халуун гал өмнөөс үлээх шиг огцом дулаахан болов. Ах “Хурдан хувцаслаарай” хэмээн хашгирч би охиноо тэвэрлээ. Бид хэд үүдний өрөөнд хар хурдаараа ортол тэнд ёстой тэмээ туйлаад хаячихсан юм шиг болгожээ. Ханын цаасыг урж, үүдний хивсэнцэрийг хуу татаж, өлгүүрээс хамаг юм авч шидэлсэн байлаа. Хүүхдээ тэвэрсэн байсан тулдаа л тэнд ухаан алдаад ойччихсонгүй. 

Хаалганы түлхүүр авахаа мартсан байсан тул ах ганцхан тийрээд онгойлгож, хамаг хувцас хунар нь цуварсан ухаан сөхөөгүй хоёр юм 100 айлын гудамжаар гүйсээр зам дээр гарч, шөнийн таксиг барихаар зогслоо. Согтуу галзуу юмнууд гэж бодсон уу машин зогсохгүй нэлээд удав. Тэгээд гурвуул ямар ч байсан нэг машинд сууж аваад Баянхошуунд байх ахынд очиж нэг юм аврагдаж билээ. Маргааш өглөө нь шууд Гандан, бас хадам ээжийг хөдөөнөөс дуудуулж траншейнд орсон хүүг нь хүлээлгэж өгөх, хэнээс тэр аймаар байшинг авсан зэрэг асуулт асуух янз бүрийн төлөвлөгөөг манай хамаатнууд гаргав.
Ганданд очиход “Бузартсан байна” л гэж хэллээ. Миний нөхөр байсан хүнийг “Нарантуул”-ын бөбөөчид дундаас ах маань олж хүчээр халуун усанд оруулж, хувцаслаж бэлдлээ. Хадам ээж ч ирэв. Тэр хачин болсон хүүгээ харан уйлах, загнах хослож сургааль айлдаж гарав. Харин би тийм болсон хүнтэй эргэж нийлэхийг бодсонгүй. Энэ бүхний эцэст хадам ээж минь өөрөө буруутай болж таарлаа. Хааяа ээжийн хэлдгээр хэтэрхий нарийн хадам маань ганцаараа амьдарч байгаад үхсэн хужаагийн хашаа, байшинг хамаатных нь нэг хүнээс бараг үнэгүй авсан юм байжээ. Нөхрийн хувьд эхний долоо хоног зүүдэнд нь тэр байшингийн эзэн гэх нэг хужаа өвгөн ирж, үүдний өрөөнд шалан дор булаастай хувинтай зоосны араас хятад архи гарган уулгадаг байсан гэнэ. Хэрэв тэр үед мань эр тэрийгээ хэлсэн бол би итгэх байсан болов уу даа. Одоо бол итгэж байна.
 

Comments