logo

logo.jpg

Advertisement

Онгод сахиустай хуучилсан тухай тэмдэглэл

Онгод сахиустай хуучилсан тухай тэмдэглэл
 
Бөө бөөгийн буулт өөр, бvжин туулайн дэгдэлт өөр? гэж монголчууд хэлэлцдэг. Бөөгийн зан vйлийн тайлагдашгvй, давтагдашгvй нэгэн онцлог бол онгод орох явдал байдаг.
Бөөгийн шашны энэ нууцыг эрдэмтэд тайлах гэж олон жил оролдоод учрыг нь олоогvй, бөө нарын хэлсэн ярьснаар баримжаалан тайлбарлах төдий байгаа юм.
Монгол бөө нар онгодоо дуудахдаа тэнгэр хангай, орон дэлхий, лус савдаг, хайрхад сахиусаа шvлэглэн магтаж хөл хуурын аялгуу хэнгэрэгийн дуунаар дуудан сэрээж урин залдаг. Шvтээн онгод нь залран ирж тухайн бөөгийн биед оршмогц бөө нь орчныг мэдрэхээ больж, зөвхөн онгодын унаа зараалын vvргээ гvйцэтгэж эхэлдэг.
Онгод орж ирэхээрээ зарим нь энгийн хvмvvс хоорондоо мэндлэх лvгээ адилаар амар мэнд асууж, цайлж, тамхилж, дуртай идээ ундаагаа зооглож, өгөхгvй удаавал нэхэж, улмаар хvмvvсийн асуултанд хариулж, заримдаа тvvх хуучилж, загнахыгаа загнаж, магтахыгаа магтаж, тоглоом шоглоом хийж байгаад явдаг.
Зарим онгод ийнхvv амар мэнд асуухын оронд янз бvрийн амьтны дуу чимээ гаргаж, хөдөлгөөнийг нь дvрслэн дэгдэх, дvvлэх, хярах мяраах байдал vзvvлэх нь ч бас байдаг. Манай нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчен "Монгол бөө мөргөлийг судлах бичвэрvvд"-дээ онгодын мэнд мэдрэх олон тохиолыг сурвалжлан оруулсан.
Тэгэхдээ мэнд мэдэх богино хэлбэр, шvлэглэсэн байдлаар мэнд мэдэх, энгийн хvvрнэх маягаар мэнд мэдэх зэргийг тэмдэглэсэн байдаг. Тухайлбал Хан Төмөрлөнгийн онгод орж ирээд:
Жоог билбээс?
Жоог билбээс?
Жоог, жоог, жоог?
Годнам жоог билбээс,
Яакши, яакши ? гэхэд нь тэнд байсан хvмvvс:
-Монголчилж хайрла. Энэ гуйгур хэлийг бид мэдэхгvй байна гэж хvстэл:
-Ард тvмэн мини, хара шарагуу каптагай даяар амур мэндээ вайн уу гэж монголоор мэндэлжээ.
-Мэнд сайн байнаа. Таны газраар сонин сайхан юу байна гэхэд:
-Юучгvv? Тайван сайхан вайн гэж Төмөрлөн хариулж байсан байна. Онгод орж буй байдлыг ажиглахад тэр нь тодорхой цаг vед амьдарч байсан хvний сvнс болох нь хэл яриа, vйлдлээс нь тодорхой байдаг. Тухайлбал буриад бөө нарын дуудсан онгод орос vг оруулж ярих нь элбэг байдаг нь оросуудтай ойр дөт нутаглаж, амьдрал ахуйн наад захын vгс хvртэл оросжиж байсантай холбоотой юм.
Галзууд овогт Цэрэн зайранд орсон Дарийм удганы онгод /Дарийм нь Цэрэн зайрангийн багш байсан хvн/ гар утас дуугарахад "Энэ чинь нөгөө ингэдэг юм мөн vv? " гэж гараа чихэндээ барин асуугаад -"Тийм ээ. Гар утас гэдэг юм" гэж хариулахад "Миний vед энэ чинь телефон гэдэг нэртэй, ингэдэг байсан юм" гээд гараараа хий эргvvлж харуулж байхыг vvнийг бичигч 2005 оны эхээр vзсэн билээ. 
Ч. Цэрэн зайрангийн шавь Алтангэрэл удганд орсон онгод /Ямар онгод байсныг мартжээ/ будааг "Рис" гэж нэхэн тулмаашаа /Буриад бөөгийн дэргэд байж хэлмэрчилж, онгодын ярьсныг бусдад тайлж өгдөг хvнийг тулмааш гэдэг/ сандаргаж байхыг ч бас нэгтээ харсан.
2004 оны арванхоёрдугаар сарын эхээр Хэнтий аймгийн төвд зайран Наранбаатар бөөлөхөд Төмөр зайрангийн гэх онгод орж ирсэн юм. Тэр онгод мэнд мэдсэнийхээ дараа "Та нар бvv ай, өнөөдөр би догшрохгvй" гэж байн байн хэлж байсан нь тэнд байгсад урьд өмнө уг онгод буухыг харж сvрдсэнтэй холбоотой болов уу.
"Таны залрахыг vзэхээр хол газраас зорьж ирсэн бичгийн хvн, судлан сонирхогч байна" гэж намайг танилцуулмагц нь янжуураар дайлтал нударгаа зангидан харуулж "Хай, энэ хvvтэй чинь ийм том мод толгой нэрж байгаад нэг сайхан хөөрөлдөх юмсан. Энэ муу цаас хэрэг алга" гэснээ "Бөөгийн тэнгэр ганц. Тэр нь мөнх хөх тэнгэр. 
Шvтээн нь ганц. Тэр нь цагаан шvтээн" гэхчилэн хэсэг хуучлав. Тэгснээ гэнэт уртаар санаа алдаж "Манай энэ бөөг чинь эд сайхан болж байхад нь сvйтгээд хаячихсанд гомдож явдаг даа" гэхэд дууных нь өнгө туйлын гунигтай болж, царайг нь харж чаддагсан бол ямар ч жvжигчин дvрслэн дуурайж чадамгvй эмгэнэлт дvртэй байгаа даа гэсэн бодол өөрийн эрхгvй төрж билээ.
Тэрбээр тэнд байгсдад /хориод хvн байсан/ хандан:
-Бэлзгээ дандаа сэтэрлэж зvvж бай. Битvv бэлзэг зvvвэл муу юм их хоргоддог учир задгай амтайг зvvдэг ёстой юм шvv.
-Хэцэн доогуур хэзээ ч битгий гарч бай.
-Эр хvн vзvvртэй мэстэй явбал сайн гэх зэргээр сургаал айлдан тэр өдөр нэлээд тухалсан юм.
Төмөр зайран өөрийнхөө нэрийг Цэрэнживаа гээд төмөр иддэг учраас Төмөр зайран хочтой болсон юм гэж хуучилсан бөгөөд ярианых нь аялга халх, буриад аль нь ч биш байлаа. Төмөр зайрангийн онгод ер нь сvрхий догшин бололтой агаад шар тос буцалгуулан уух, галд улайсгасан чулуунууд, цог идэх, улайдсан төмөр долоох, мордохынхоо өмнө аль эрт халуунаар нь зажлан залгисан чулуунуудаа ходоодноосоо буцаан гаргаж хvмvvст сахиус болгон зvv гэж өгөх зэргээр ид шид vзvvлж байв. 
Vvний өмнө буухдаа төмөр иднэ гэж нэхээд нэлээд хэдэн төмөр зvv идсэн гэж тэндхийнхэн ярьж байв.
Нэгэнт хол газраас ирснийх өөр онгод орохыг vзье гэж хvссэний эцэст Наранбаатар зайран дахин бөөлөхөд Балжид удганы гэх онгод орж ирэв. Нарийхан дуутай, ихэд ааштай, аальгvй маягийн онгод "Би бvvр гомдчихоод явж байна" гэж vгэлсээр орж ирээд "Би бослоо" гэсээр төд удалгvй буцсан бөгөөд "Нөгөө гоё юмнаасаа нэг өг дөө" хэмээн дарс нэхэж vе vе буриад дуу аялж, биелгээ хийж, тэнд байгсдыг дуул гэж шахав. 
Хvний хvйсэн дээр дарж өвчнийг нь хэлэхдээ гаргууд байхыг бодвол эмнэх, домнохдоо гойд удган байсан байх гэсэн бодол төрж байлаа. Ийнхvv дээдсийн ариун сvнс болох онгодуудын янз байдал харилцан адилгvй бөгөөд бөө хvн өөрийн онгодоороо дамжуулан хэдэн зууны өмнөх онгодтой ч харьцаж болдогоороо гайхамшигтай. 
Vvний нэг тод жишээ нь, Чингисийн удмын зайран хvн 13-р зуунд Жагарын орноо төрийн хэргээр очоод нас барсан, онгод нь тэндээ оршин байгаад Ч.Батбаяр удган 2001 оны 4-р сард Энэтхэгийн Банголор хотод бөөлөх vед орж ирсэн явдал юм. 
"Цаст уулын аав" хэмээх энэ онгод "Туулын минь хөвөөнд хөлбөөлгэж өг" гэсэн тул Гачууртад залсан гэх юм билээ. Монгол бөөгийн онгод хvмvvстэй ийнхvv энгийн хvн мэт харьцахаас гадна тамалган дундаа "Нохой жилтэй хvvд минь хараал гэдэг нь хvрч дээ" гэх мэтээр мэдэхийг хvссэн зvйлийнх нь учир шалтгааныг хэлээд хэнтэй ч харьцалгvйгээр арга заслаа хийгээд явчих нь бас бий.
Бөө нар онгодтой харьцдаг бол улааны шашныхан номын хvчээр сахиус дууддаг, буулгадаг байжээ. Ингэж сахиустай харьцдаг чойжин, гvртэнгvvдийн талаар мэдээ баримт ховор, судалгаа шинжилгээний ажил барагтай ч анхаарч vзvvштэй сонин мэдээ бас чиг тааралддаг. Тухайлбал, Борын Жамбал гэгч өвгөн донир 1958 онд 77 настайдаа их эрдэмтэн Цэндийн Дамдинсvрэнд"... 
Бадруулт төрийн vед Маймаа хотын Цэрэндорж удирдаж, Лувсанхайдав /8-р Богдын төрсөн дvv -Б.Г/-ЫГ чойжин болгож, Чойжин лам нэртэй болгов. Пэлжээ лам бол Чойжин ламын гомбоо лам болов. Гомбоо лам гэдэг бол Чойжингийн айлдсан зарлигийг мэдэж дамжуулдаг хvн юм. 
Чойжин бол амаар айлдах гэж байхгvй, сургаар нь чагнахад vг сонсдох шиг нэг юм гунганаад байдаг. Тvvнийг чагнаж бичиж аваад олонд хэлдэг хvнийг Гомбо лам гэдэг. Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэдний нэгд нь Найчvн, хоёрт Зэмэр, гуравт Шvг сахиус. Найчvн их догшин биш, Зэмэр мөн их догшин биш, Шvг их догшин сахиус байсан юм.
Шvг сахиусыг оршиж байхад Чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годос хийгээд, амнаасаа хөөс буруулж, их догшин дvрэмтэй байдаг сан" гэж хуучилсныг их номч маань "Өвгөн Жамбалын яриа "нэртэйгээр тэмдэглэн vлдээснийг уншсан хvн магад олон буй заа. Өнөөдөр хамгийн бага судлагдаад байгаа гvртэнгvvдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай уншлага, шившлэгтэй байдаг бөгөөд тvvнийг нь солхи гэдэг. 
Солхи уншихгvйгээр сахиус нь оршдоггvй, буцаах солхийг нь уншихгvй бол явдаггvй гэдэг. Дээр vед айлын хvvхэд өвдөхөд тогоонд нь мөчилж хийн, хөөсөртөл буцалган эрvvл саруул болгодог шидтэнгvvд чухамдаа гvртэнгvvд байсан билээ. 
Гvртэнгийн онгод шид ихэнхдээ удам дамжих шинжтэй бөгөөд ийнхvv хvнийг мөчилж зvсч анагаадаг аргаар эмчлvvлж байсан амьд гэрчvvд сайтар мөшгивөл баруун аймгууд чигээс олдох бололтой юм билээ.
Олонд "Ташууртай эмээ" гэж алдаршсан Цэндсvрэн гуайн удам судрыг "гvртэнгvvдийнхэн" гэж Ховд аймгийн Цэцэг сумынхан хэлэлцдэг бөгөөд эмээгийн ташуураар сахиус оршоодог хvмvvс тэднийхэн дотор хэд хэд байгаа бололтой нь мэдэгддэг.
Тэдний нэг болох Раднаасэд гуай Төв аймгийн Лvн хавиар нутаглаад олон жил болж байгаа агаад ийнхvv сахиус оршоож байхыг нь vvнийг бичигч нvдээр vзсэн билээ. Ингэж онгод оруулахдаа уугиулан утаанд нь сахиусаа барьж солхио уншмагц сахиус нь амилж /Сахиус атгасан гар нь эзнээ нvдэж эхэлдэг/ тэнд буй хvмvvстэй харьцахад бэлэн болно.
Тэнд буй хvмvvс ээлжлэн жаргал зовлонгоо ярьж, асууж лавлах зvйлээ асуухад сахиус нь өмнөх ширээ, газар тэргvvтнийг тогшиж хариу дохио өгч, ойлгогдохгvй бол хvмvvс "Сахиус минь та тийм гэвэл нэг, vгvй гэвэл хоёр тогшино уу" гэх мэтээр яг сvнс дууддагтай адилаар харилцан хариу авч байсан. 
Гэхдээ сахиус буулгагчийн дэргэд тусгай хvн сууж дохиог нь тайлдаг, тvvнээс гадна сахиус буулгагч өөрөө онгодоо мордуулсны дараа хvн бvрийн асуултын хариуг хэлж өгч, юу хийх яахыг зааж байв.
Бие нь муу байгаа хvний талаар асуухад сахиус газар тогшиж, зурахад сэхэхгvй, гарцаагvй нас барна гэж тайлж байсан юм даг. Дархад бөөгийн тvшээ, буриад бөөгийн тулмааш, чойжин хvний гомбоо, харчин бөөгийн салууд бол бvгд туслах, хэлмэрч бөгөөд гvртэн хvн сахиусаа оршоох vеийн дэргэдийн хvнийг юу гэж нэрлэдгийг хараахан олж мэдэж чадаагvй болно.
Орчин цагийн бөө нарт Цанхилан, Цагаадайн онгод орж ирэх нь тvгээмэл бөгөөд Цагаадай бөө нь Чингис хааны хоёрдугаар хөвгvvн, Цанхилан нь тvvний гэргий удган байсан гээд бодохоор чадалтай сайн бөө бол тэднээс ч тvрvv vеийн онгодуудтай та биднийг учруулж, айлтгал сургаалыг нь сонсгож, даатгал авралд нь багтааж чадах билээ.
Бизнесийн ашиг орлогоо асуусан хvн төдийн тооны ард төдөн тэгтэй мөнгө олно, ийм тийм хvvхэд чинь хожим төдийн ард төдөн тэгтэй мөнгөтэй хvн болно гэж хэлж буй онгодтой таарч байсан удаатай бөгөөд олон оронтой тоог нэрлэж мэдэхгvй тул ийн ойлгуулж байгааг мэдээд ихэд хөгжилдөж байв.
Энэ мэтээр нэн эртний онгодууд залран өөрийнхөө амьд сэрvvн vеийн мэдлэг, ойлголтоор ярьж хөөрч хуучлах нь орчин цагийн эрдэмтдийн мөрөөдөл болсон цаг хугацааны машинаар аялах мэт гайхам сэтгэгдэл төрvvлдэг билээ.
Б.Галаарид

Comments