logo

logo.jpg

Advertisement

Овгийн ОНГОД САХИУС

7. Овгийн ОНГОД САХИУС
 
Бөө бол байгалийн шүтлэг бөгөөд мөн өвөг дээдсийнхээ сүнсийг шүтэх, мөнх тэнгэрийг шүтэх шүтлэгийн цогц болон энэ үед төгөлдөржиж ирсэн билээ. ХIII-ХIҮ зууны үед монголын их гүрэн байгуулагдахын өмнөх эртний монголчуудын овгийн байгууллын хийгээд монгол бөөгийн тэнгэр онгодын ертөнцийн бүдүүвчийг авч үзвэл
1.Эртний монгол овгийн бүтэц:

  • Овгийн ахлагч
  • Овгийн их зайран, удган
  • Овгийн жирийн бөө, удган
  • Овгийн цагаан язгууртан
  • Овгийн жирийн хар иргэд
  • Боол

2. Монгол бөөгийн шашны бурхад, онгодын ялгавар:

  • Цагаан, хар тэнгэрүүд
  • Овгийн эзэн онгод
  • Овгийн авралын онгод
  • Овгийн сахиулсан онгод
  • Овгийн сурвалжит язгууртны цагаан онгод

   Овгийн жирийн иргэдийн хар онгод

  • Бусад онгод

 
Монгол бөөгийн шашны бүх тэнгэр шүтээнийг цагаан, хар хэмээн ангилдагаас үүдэн өвөг дээдсийн онгод цагаан, хар гэж хуваагдана. Эдгээр өвөг дээдсийн онгодыг тахин шүтдэг бөө, удган нар мөн л энэ маягаар цагаан, хар гэж ялгарна.
Цагаан бөө, удган нар хар онгодыг шүтэж болох боловч тийм тохиолдолд тэд догшин хар онгодод зориулсан ямар нэгэн ёс үйлдэлгүйгээр хар бөө, удган болцгоодог бөгөөд харын зүгт тэрслэн уравсан цагаан бөө, удганыг гэсгээн цээрлүүлэхийг оролддоггүй, харин ивээгч цагаан онгодыг шүтэх бишрэх эрхээ даруй алддаг аж. Гэтэл хар бөө, удган нар догшин хонзогногч хар онгодоос айх тул цагаан онгодыг тахих гэдэггүй ажээ.
Бүхий л монгол аймгийн ахлагчид өөрсдийн гал голомтдоо хар, цагаан тугтай байсан. Учир нь овгийн хар, цагаан эзэн онгодын орон гэр тэнд байх тул болой. Сүлд гэж нэрлэгддэг эзэн онгод эдгээр хар цагаан туганд оршиж, цагаан сүлд нь овгийн сайн сайхны төлөө үйлчилдэг, хар сүлд нь тухайн овгийн дайснуудыг дарж, дайчдад зориг тэвчээр хайрлаж, дайсныг сүрдүүлэн айлгадаг ажээ.
Хар, цагаан тугийг тус бүр тусгай туг түшигчид түшиж, тугийн баярын өдрүүдээр болон овгийн аян дайны үеэр сурвалжтан нарыг дагалдан явдаг тугуудаа харгалзан хамгаалах үүрэгтэй байжээ.
Цагаан сүлд нь тайван ба самуун цагийн аль алинд овгийн ахлагчийн голомтын төвд мандах бөгөөд хар сүлд нь цэргүүдийн магнайд тэргүүлэн залагдаж ялалтын дараа дайсны цэргийн жанжин зиндааны нэг хүнээр өвөг дээдсийнхээ догшин ялгуусан сүлдийг тахидаг байжээ.
Чингис хаан Монголын их гүрнийг байгуулснаар түүний боржигин овог алтан ураг буюу хаадын ураг болж бүх монгол овгуудыг хошуучлах болов. Түүнчлэн боржигин овгийн эзэн онгод. авралын онгод, сахиулсан онгод бүх монгол угсаатны өвөг дээдсийн онгодын өндөр зэрэгт өргөмжлөгджээ. Овгуудын өвөг дээдсийн хүрээлэнгийн онгод болох “Залбирлын гурван шүтээн” нь тусгаар нэгэн овгийн дээдэлдэг шүтээнээс нийт үндэстний хамгийн дээд онгодод хамаарагдах болж байр суурь нь өөрчлөгджээ. Олон тооны тусгаар монгол овгуудын эзэн онгод ч “Түмэн нүдэт” хэмээн хүндлэгдэх болсон үндэстний эрхэм дээд эзэн онгодын “туслагчид” болцгоожээ. Түмэн нүдэт гэсний учир нь монгол овогтнуудын бүх эзэн онгодын нүд үндэстний эрхэм дээд эзэн онгодоо нүд салгалгүй ширтэн харгалзаж байдаг тул болой. Авралын онгод, сахиулсан онгод гэх мэт овгийн бусад онгод нь ухаан санаа, хүч чадлаа тухайн үндэстний их онгодтой нэгтгэдэг гэнэ.
 

Comments