logo

logo.jpg

Advertisement

Зураг түүхийг авч үлдэнэ-32 ТҮВДЭД ХИЙСЭН ОНЦГОЙ АЯЛАЛ /товч тэмдэглэл/

   Зураг түүхийг авч үлдэнэ-32                                                             
ТҮВДЭД ХИЙСЭН ОНЦГОЙ АЯЛАЛ   /товч тэмдэглэл/

Бага наснаасаа түвдийн тухай сонсож байснаас тэнд очино гэж бодож байсангүй. Тэгээд энэ аялал онцгой байв. Түвдэд аялахын өмнө Монгол дахь Буддагийн шашины гол зүтгэлтэн нартай  бүгдтэй нь уулзсан юм. Тэднээс өргөсөн хадагууд ачааны ихэнхийг бүрдүүлж байлаа.
Бээжингийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн онгоц замдаа Ланжоу хотод бууж цэнэг аваад цааш түвдийн зүг нисэв. Цаг агаар сайхан байсан болохоор үүлгээс тээр дор харагдах уулс өвөрмөц төрхтэй сэтгэлд бууна. Лхас мөрний өргөн хэсгийг ашиглан байгуулсан Түвдийн гол нисэх онгоцны буудалд онгоц газардлаа.  
Нисэх буудалд буугаад Лхас хот хүртэл 70 орчим км засмал замаар явлаа. Замдаа машинаа зогсоож Лхас мөрний уснаас амсаж, сэтгэлдээ залбирав. Ил залбирч  чадаагүй нь би албан ёсоор танилцах айлчлал хийж байгаа учир албаны төлөөлөгч нар дэргэд байв.
Холоос хадаг яндаг болсон их сарьдаг харагдав. Олон мянган жилийн түүхтэй бурханы зураг тодров. Тэнд буусан жуулчид хадан хясаанд чулуу боосон хадгийг өргөдөг бөгөөд тусгайлан дүйгүүрдэж шидээд мөнгө авдаг түвдүүд байна. Би тэр үйлдлийг өөрөө хийсэн юм. Манайхаас өөр ямар хүмүүс ингэж дүйгүүрдэж шиддэг байна гэж гайхана билээ.
Түвдийн лхас хотын билэгдэл сарлагын хөшөө биднийг угтлаа. Түвдийн өөртөө засах районы өнгө үзэмж, түүх соёл, шашин шүтлэг, иргэдийн зан үйлүүд нь дэлхийн олон орны аялагч жуулчлагчдын сонирхлыг татаж байдаг. Түвдийн өөртөө засах районы төв Лхас хотод Түвдчүүд төвлөрөн суудаг. Лхас хотыг "Ариун дархан тэнгэрийн сахиусын нутаг" гэдэг. Бид Лхас хотын төвд байрлах зочид буудалд байрлав.
Далай лам Түвдийн төр шашнийг хослуулсан хамгийн дээд байр суурийг эзэлж, засгийн эрхийг авсанаар Лхас хот дахин Түвдийн орон нутгийн төв гэсэн статустай болсон байна. 1965 онд Түвдийн өөртөө засах район байгуулагдаж, Лхасыг өөртөө засах районы төв болгожээ. Үүний зэрэгцээ Лхас нь Хятадын засгийн газраас тогтоосон түүх соёлын 24 нэрт хотын нэг болов. Лхас хот дохь их зуу хийд, Будда ордон, Норбу линка, Жайбун хийд, Сера хийд, Гандан хийд нь Хятадын түүхийн дурсгалт газар болно. Их зуу хийдтэй зэрэг байгуулагдсан бага зуу хийд, Лхасын хамгийн эртний зах, Лхасын хуучин яамны газар, Чин улсаас Түвдэд суугаа элчний сайдын яамны газар зэрэг түүх соёлын зуу гаран өв бий. Мянга гарай жилийн турш Баркур гудамж нь Түвдийн бараа таваарыг төвлөрүүлэн худалдаалах хамгийн том газар байсан.
            Цастын орны нийслэл Лхас хот 1300 жилийн түүхтэй. Потала ордон өнөөг хүртэл ертөнцийн гайхамшигийн нэг болон сүндэрлэж байдаг билээ. Эртний түүхт Лхас хотын төвд Далай ламын ариун ордон болох Потала ордон оршино. Уран барилга, уран баримлын хосгүй гайхамшигийг илтгэсэн Потала ордныг холоос харахад өмнө зүг харсан заан хэлбэртэй бөгөөд олон давхар мэт урлажээ. Энэ ордонд би өглөө нээгдэнгүүт орж орой16 цагийн үед гарч ирсэн юм. Нэг бүтэн өдөр явсан нэг цаг болсон мэт байлаа. Потала ордоны хамгийн дээд хэсэгт Далай ламын өргөө байх агаад хуралдааны танхимд түр сууж амарч авсан юм. Дараа нь Лхас хотыг бүтэн харж их зүйл бодож зогслоо.  
            Монголын удаа дараагийн далай лам нарыг сургаж байсан хийдүүдээр орсон. Хамгийн олон монголчууд /Өвөрмонгол лам нар/ байрладаг гэх хийдээр зочилсон. Монголчуудаас шашины хамгийн өндөр цолтой гэх Бурханч ламтай уулзаж билээ. Тэрхүү ламтай хийсэн уулзалт маш сонирхолтой байсан. Монголоос ирж уулзсан ихэс дээдэс, түүний төлөөлөл, монголын шашины байгууллагын харилцаа, санаа зовинон нүүр улаам зүйлс яригдаж билээ. Дараа нь монгол лам нартай дурсгалын зураг авахуулав.
            Түвдийн орон нутгаар аялав. Далай ламын хойд дүрийн чигийг тодруулдаг гэх Түвдийн далайн тэвшнээс 4718 метр өндөрт өргөгдсөн Намцо гэсэн нь түвдээр "тэнгэр нуур" гэсэн утгатай нууранд очлоо. Түвд уламжлалын Буддын шашны дархан газар мөн. Уг нуур нь 1920 хавтгай дөрвөлжин метр талбайтай, дэлхий дээр далайн төвшнөөс хамгийн өндөрт өргөгдсөн хужирлаг нуур юм. 
            Бид түвдийн орон нутгийн олон газраас аялсан, тэрхүү сониноос бичихэд уншигч нараа чилээх тул ингээд завсарлав.
            Юуны өмнө Түвдийн бүтээн байгуулалт нүдэнд тусч байсан юм. Өндөр уулын энэ бүсэд төв газруудыг асфальтан замаар холбож, төмөр зам тавьсан нь дэлхийд бахархах бүтээн байгуулалт байв. Тэгээд энэ том бүтээн байгуулалтаа аялал, жуулчлал, хөгжил дэвшлээр уялдуулан хөгжүүлж чадсан байна.  
 
                                                Д.Жаргалсайхан
 

Comments