logo

logo.jpg

Advertisement

​Аборт хийсэн хүүхдийн сүнс хайчдаг вэ

Аборт хийсэн хүүхдийн сүнс хайчдаг вэ
Би саяханыг хүртэл хүний сүнс хэзээ биенд нь ирдэг юм бол доо гэж гайхдаг байлаа. Харин хүүхэд эхийн хэвлийд олдох тэр үед сүнс нь ирж суудаг юм байна. Нээрээ ч тэгж байж л хүүхэд амь орох нь зүйн хэрэг.

Арваад жилийн өмнө хорь гаруйхан насандаа хэвлийдээ анх хүүхэд олоод тэрнийгээ устгасан билээ би, тэр бяцхан үрийг олдох үед зөн совингоороо мэдэрч байсансан.

Сайн эцэг эхийн буянаар дутах гачих, элдэв сэтгэлийн зовлонг үзээгүй өссөн би дотроо хүн хүссэнээрээ амьдарч болно, хүмүүс яагаад ингээд өөрсдөдөө зовлон хураагаад байдаг юм бол гэж гэж боддог байж билээ. Харин өөрийн үрээ устгачихаад л зовлонг хүн яаж өөртөө тарьдагийг ухаарсан даа. Түүнээс хойш өөрийн хийсэн гэмээ нууж, олон жил дотроо дарж явлаа. Харин саяхан санамсаргүй нэг бөөгийн буултад суугаад нэгэн бариач эмээ орж ирэхэд нь биеэ үзүүлж, бариуллаа. Тэр эмээ миний нурууг барьж байснаа сав чинь яагаа вэ гэж асуулаа. Би түшээ хүүгээс нь санаа зовоод "Эмээ та миний бодож байгааг л асууж байх шиг байна даа" гэсэнд "Энэ хүүхэд хэлэхгүйм байхдаа" гэж байна. Би "Эмээ арваад жилийн өмнө нэг хүүхэд устгасан. Тэгээд сүнс нь дэгддэггүй гэж саяхан уншсан юм аа, одоо хүртэл дэгдсэн юм болов уу, яасын бол" гэсэнд "Эмээ нь ийм үйл хийдэггүй ээ, өвөө нар нь хийдэг юм. Дараа хэдийд ирж чадах вэ" гэж асуулаа. Би тэндээс гараад итгэж чадахгүй, ийм олон жил болж байхад, хөөрхий дэгдээгүй, яаж надад гомдож байгаа бол гэж бодохоос зүрх өвдөж байлаа. Болзсон ёсоор дахин очлоо. Өвөө "Нэг биш хоёр л хүүхдийн сүнс байх шиг байхын" гэж байна. Ээ бурхан минь, нэгийг нь ч би өөрөө устгуулсан, тэр нь ихэр байсан юм болов уу гэхээс өөр бодоод бодоод тоймтой бодол орж ирсэнгүй. Харин дараа нь бодоход нөгөө "Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм Прегнон- Эм бэлгийн эсийг гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг (http://www.mariestopes.mn)" уусан шүү дээ. Нөгөө шинжлэх ухаанд суурилсан эмнэлэг нь хүртэл хэвлийд олдсон хүүхдийг 3 хоногийн дотор устгадаг эм бэлдмэл зарж байдаг байх нь. Үнэнээр нь хэвлийд олдсон "хүүхдийг зулбуулдаг эм" гэж нэрлэвэл таарна. Хүн төрөлхтөн бид хаашаа л явж байна даа...

Тэр бяцхан хоёр сүнсийг дэгдээх үйлийг өндөр дээд буурлууд маань сайхан бүтээж өгсөн. Баярласанаа хэлэхэд баярлах зүйл байхгүй гэж эрсхэн хэлээд л мордсон доо. Та нарын зарим нь бөө нар мөнгөний төлөө л тэгж мунхруулж байгаа гэж бодож магадгүй. Харин би өндөр дээд буурлуудад битгий хэл, энэ хүний орчлонд амьдарч буй, өөрийн биедээ өвгөдөө залсан балчир улаачид нь ч өргөл барьц өгөөгүй билээ. Хий биетэй, хийсгэлэн дүртэй тэр олон зуун жилийн настай сүнснүүдэд бидний хэрэглэдэг мөнгө, төгрөг хэрэгтэй гэж үү, бодоод нэг үзээрэй. Шунал, тачаал хар муу атгаг санааг давж, чадсан учраас л тэд тэнгэрт дэгдэж, эргээд одоо олноороо бууж, үр хүүхэд биднийгээ ухааруулж, засаж залруулж байгаа бус уу. Би өөрийн амьдарлын элдэв асуудал, тэр тусмаа өөрөөсөө ч нууж явсан сэтгэлийн гэмээ бусдад дэлгээд байдаг хүн биш. Гэхдээ энэ зүйлийг хүмүүс, эмэгтэйчүүд маань ойлгоосой, ухаараасай, үр хүүхдэдээ учир утгыг нь ойлгуулж, багаас нь сургаасай, үүний тулд өөрсдөө хичээж, уншиж, судалж, тунгаагаасай гэж бичиж байгаа юм.

Эмэгтэй хүний зовлонг эмэгтэйчүүд бид л мэдэхээс эрчүүд тэр бүр ухаардаг гэж үү. Санаатай болон санамсаргүй хэчнээн хүүхэд устгасан, зулбасан, эрүүл мэндийн шалтгаанаар авхуулахаас өөр аргагүй болдог гээд л яривал барагдахгүй их. Мунхагаасаа болж хоёрын хоёр бяцхан үрийнхээ сүнсийг энэ олон жил хажуудаа байгааг ч мэдрэхгүй л явсан байна шүү дээ. Харин одоо хүний орчлонд хүн болохоор ирээд ямар нэгэн шалтгаанаар хүн болж чадаагүй тэр бяцхан хүүхдүүдийн сүнс хаачдаг вэ. Тэд нялх балчир болохоор ээж нь төрүүлэхгүй гээд биеийг нь устгасаныг ойлгохгүй, дэгдэлгүй ээждээ төрнө гээд л ээжийгээ дагаад явдаг байх нь. Он жил өнгөрөх тусам тэр сүнс гомдож, догширч эргээд ээждээ муугаар нөлөөлдөг болов уу гэж би бодож байна. Хүүхэд тогтдоггүй айл гэж сонсогдож л байдаг. Эхний бүтээгүй хүүхдийн сүнс нь дараагийн төрөх хүүхдүүдийг оролдоод байдым биш үү. Бид хүн өнгөрөхөд араас нь яаж буян хийж, зул өргөж, хойдыг нь уншуулдаг билээ. Гэтэл нялх балчир үрээ устгачихаад өршөөл ирж, буян хийсэн нь хэд бол... Ингээд бодохоор эргэн тойронд минь хүн болж чадаагүй олон мянган бяцхан сүнснүүд яахаа мэдэхгүй тэнээд байж байгаам биш үү, та минь ээ.
 

Comments