logo

logo.jpg

Advertisement

Г.Өлзийхутаг: Бөө согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй

Г.Өлзийхутаг: Бөө согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй
 
Бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран Хан овогт Г. Өлзийхутагтай бөөгийн шашны сөрөг болон эерэг урсгалын талаар ярилцлаа.

-Ирэх ням гаригт сонирхолтой лекц тавих гэж байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулна уу?
-“Монгол бөөгийн удам угсаа” гэсэн сэдвээр лекц уншина. Зорилго нь монголын уламжлалт зан заншил, соёлын өвийг хамгаалах ухааныг түгээн дэлгэрүүлэх юм. Манайд харийн соёл, гадаад дотоод ухамсар хэтэрхий их нэвтэрч байна. Тиймээс хувь хүний ёс суртахуун цэгцтэй байх тал дээр анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн талаар ч хөндөнө. Учир нь сүүлийн үед урьд хожид сонсогдож байгаагүй бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн жигшүүрт хэргүүд их гарч байна. Тиймээс үр хүүхдээ ингэж зодож, тарчилгаж хүмүүжүүлдэг өв соёл байсан уу үгүй юу гэдэг талаар хөндөх юм. Мөн удам угсаа гэж юу болох, ургийн бичгийг хэрхэн хөтөлдөг байсан гэх мэт хэд хэдэн санааг хэлэлцэнэ.

-Бөө мөргөл дэлгэрч, бараг л айл болгонд сахиус буух болж. Жинхэнэ, хуурамч бөө юугаараа ялгаатай вэ?
-Язгуур угсаа аль эсвэл эрдэм, шид, буусан тэнгэрийн суудлаараа өөр. Бөө гэсэн нэрийг авсан л бол хувь хүн талаасаа маш сайн боловсрох ёстой. Зан үйл, ёс жудаг гээд их зүйл нөлөөлнө. Ер нь бөөгийн шашин анх яаж үүссэн нь түүхэн замналтай. Хэдий үед монголчууд хүчтэй байсан гэх мэт олон санааг түмэн олон мэдэрч хүнээ таних нь чухал. Би энэ удаагийн лекцээр мөнх тэнгэрийн шашин бусад шашнаас юугаараа ялгаатай. Яагаад бөөгийн шашныг хүн төрөлхтний загалмайлсан эцэг гэдэг талаар тодорхой ярина. Илтгэлд урилгаар Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Харсарнайн Амармэнд, дуучин Дэлгэрмөрөн болон язгуур урлагийнхан, уртын дуучид оролцоно.

-Бөө нарын ёс бус үйлдлээс хүний амь эрсэдсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн бизнес хийж байна гэх мэтээр иргэд гомдоллодог. Үүнд Та ямар бодолтой явдаг вэ?
-Бөөг хий хоосон дөвийлгөдөг олон хүн байна. Үүнээс болоод ард түмэн бөөгийн шашны зөв бурууг мэдэхгүй болчихоод байна. Өнөөдөр нэг талаараа мянган үнэнийг мянган худал болгодог цаг үе. Нийтээрээ ямар нэгэн зүйлд ханддагаа болимоор байгаа юм. Манай ард түмэн чихэнд бус нүдэнд итгэдэг. Гэтэл сүүлийн үед чихнээс чих дамжсан хоосон ярианд их итгэх болж. Түүхэндээ бөө нар нэгдэж байсан удаагүй. Өнөөх л жалга гууны үзэл, “Би” гэдэг өвчнөөр өвчилчихсөн олон хүн бий. Гэхдээ би тэр хүмүүсийн нэг биш. Би бөөгийн замналаар 12 жил явлаа. Удам угсааны хувьд яривал нутаг хошуундаа миний өвөг дээдэс өнөөг хүртэл дуурсагдан явдаг. Тиймээс би тэр нэр хүндийг өргөж өөрийнхөө нэр төрөөр дуурсагдаж хойч үедээ үлдэнэ. Өнөөгийн бөө нарын хувьд ярихад хэцүү. Бөө хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Мөн зан үйлийн сөрөг үйл явдалд оролцдоггүй байлаа. Гэтэл өнөөдөр бөө гэхээр л хараал болон аливаа муу бүхнийг хийдэг гэсэн ташаа ойлголттой байна.

-Бөөгийн шашныг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
-Өнөөдөр бүх л шашны урсгал манайд байна. Энэ бүхнээс бөө юугаараа илүү юм гэдгийг л харуулах хэрэгтэй. Б.Ринчен гуай “Шашин шашин дотроос хамгийн шударга шашин-бөө мөргөлийн шашин юм” гэж хэлсэн байдаг. Их номч, маш олон хэл мэддэг өндөр боловсролтой хүн ингэж дүгнэж хэлсэн байгаа юм. -Ямар нэгэн шалгуураар бөө гэдэг алдрыг олж авдаг биз дээ? -Уг нь монгол бөөд шалгуур гэж бий. Төрийн албаны ажилд орохын тулд шалгалт өгч төрд тангараг өргөдөг. Тэгвэл бөө мөргөл тэнгэрт тангараг өргөдөг. Бөө хүн хүйс, арьс өнгө ялгаварлахгүй хүн болгонд л туслах ёстой. Хэрвээ тухайн хүн өөрөө өөрийгөө бэлтгэж боловсруулж чадаагүй бол бөөгийн угийг ойлгохгүй.

-Болж бүтэхгүй байгаа бөөгийн сөрөг үр дагаврыг та нар л дарах ёстой биз дээ?
-2012 онд төрийн бус байгууллагууд нэгдэж Мон- голын бөөгийн нэгдсэн эвлэл гэж бий болсон. Ер нь бөөг бөө аварна гэдэг үнэн. Сайн явсан ч, муу явсан ч биднээс арилахгүй нэр бөө. Сүүлийн гурван жилд бөөгийн аль л болохгүй зүйл бүхэн хэвлэл мэдээллээр гарч байна. Дөрвөн уулын дунд байгаа Улаанбаатар хотод бөөгүй айл ховор болж. Гэтэл бөө нь өөрийгөө боловсруулж чадахгүй байна. Нэг удмаас 20 бөө төрүүлж байна. Хэзээ ч ийм түүх байгаагүй. Гэтэл нийгмийн хандлага ороо бусгаа үед ингэж мөнгө олох ахархан бодолтон байгааг үгүйсгэхгүй. Өнөөдөр машин, байр гэх ямар нэгэн юманд ач холбогдол өгөөд шуналын сэдэлтэй болчихсон сэтгэхүйн доройтолд орсон хүн олон боллоо. Тиймээс мөнх тэнгэрийн том шашныг бөө нэртэй, энэ тэнд шав босгож явдаг хэн хүнээр төсөөлчихөөд байна. Тэр нь зүгээр л бөөгийн нэр хүндэд л сөргөөр нөлөөлж байна.

-Уул ус тахиж сайн үйл бүтээж буй бөө ч олон. Тухайлбал таныг уул тахидаг гэж сонссон?
- Би жилд хорь гаруй уул тахидаг. Тэр уулсыг тахихад 20 гаруй сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ гарч буй мөнгөндөө биш. Хамгийн гол нь уул усаа аргадаж, хорслыг нь тайлж буй сэтгэлд л хамаг учир бий. Миний адил байгаль дэлхийд эерэг үйл хийж хүн зоны амь амьдралд тус дэм болж буй олон хүн бий.

-Таныг магтах хүн олон л байдаг юм шиг санагддаг. Харин муу хэлэх хүн бас байгаа л байх?
-Намайг зуун хүн хараахад, мянган хүн өмөөрнө. Өнөөдөр аливаа нэг зүйлийн сүүдэр л олон нийтэд их түгж байна. Сүүлийн нэг жилд бөөг буруутгах хандлага багассан. Учир нь бөөгийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай болсон. Нэмж хэлэхэд он гарсаар бөөгийн нэгдсэн эвлэлээс ёс зүй гэдэг журам гарсан. Ер нь бөө хүн ямар байх ёстой, бөөгийн ёс зүйн талыг хянах, дүрэм журамгүй, олгогдоод байгаа цол гуншин, шавь төрүүлэгч багш нарын асуудлыг шийдэх цэцийн хороо байгуулагдаж, болохгүй бол онгод тэнгэрийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Мөн сайн явааг нь ажил үйлсээр дэмжиж, олон түмэнд таниулах талаас нь ажиллана.

-Бөө нар лекц их унших болж?
-Сүүлийн хоёр жилд лекц их уншигдаж байгаа. Тухайлбал, Бадарч, Галаарид, Эрдэнэ зайран, Одгэрэл гээд олон хүн уншсан. Би “Монголоо монголоор нь яаж авч үлдэх вэ” гэсэн утга учиртай лекц одоо тавих гэж байна. Энэ бол буруу зүйл биш, сөрөг бүхнийг эерэг болгохыг л зорьж явна.

-Нэг онигоо байдаг. Монголд бөө, орифлейм хоёр л ард түмнийг хоосоллоо гэж. Энэ үнэн үү?
-Ерөнхийдөө монгол бөөгийн язгуурын ялгаа бий. Зарим хүмүүс бөө орифлейм шиг болчихлоо гэж ярьж байгаа. Орифлейм бол доошоогоо салаалж ургадаг. Харин бөө бол мод шиг дээшээ дэлгэрч, навчилж ургадаг. Энэ удам угсаа нь ургийн бичгээр хөөгдөж тоологддог. Энэ мэт зүйлийг агуу шашинтай харьцуулж ойлгож болохгүй.

-Саяхан нэг бүсгүй бурхнаар бөөлжөөд байсан. Үүнийг зарим хүмүүс бөөгийн шашинтай холбон ярьж байсан. Тухайн үед Та юу бодож байв?
-Юун бурхнаар бөөлжих. Бид ичих ёстой шүү дээ. Бөөгийн шашин нэр хүнд, мөнгөний араас хөөцөлддөггүй. Байгаль эхийн хуульд захирагддаг. Хэн нэгэн Үндсэн хуулиа зөрчдөггүй шиг бөөд бүрэн захирагдаж чаддаг. Баян хүн өөрийнхөө дээрээс бороо оруулахгүй байж чадахгүй шүү дээ. Тэр хүн тэнгэрт авлига өгч чадахгүй. Тэр их мөнгийг нь ч хорвоо дэлхий тоохгүй. Хэчнээн баян ч бай, ерөнхийлөгч ч бай хэзээ нэгэн цагт өлгий авс хоёрыг л дамждаг. Тэгэхээр чи үхэх л ёстой юм чинь эрт орой нэгэн цагт сүнсээ шүүлгэнэ. Чиний хэд наслах ч хамаагүй. Гэтэл зарим хүмүүс үхэхгүй юм шиг янз бүрийн үйлдэл хийдэг нь хачирхалтай санагддаг.

-Баялгийн хараал гэж юуг хэлдэг юм бэ?
-Алтан сайхан өвөг дээдсийн минь олж өгсөн газар нутгийг гарын үсэг зураад л га га-гаар нь хүнд зарж байна. Энэ бол маш том нүгэл. Баялгийн хараал буюу үр хойчдоо хэзээ ч хэдэн үеэрээ ч арилгаж чадахгүй муу үйл хийж буйгаа тэр хүн мэдэхгүй яваа нь харамсалтай. Газрын эрдэнэсийг хувингаар авч байгаа бол нэг өөр. Гэтэл хэдэн арван тонноор нь авч байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Тэгэхээр баялгийн хараал байлгүй яахав. Дэлхий ээждээ хайртай гээд л дуулж байдаг. Үнэхээр дэлхий ээждээ хайртай л юм бол яах гэж цээж рүү нь зүү шааж хулгай хийгээд байгаа. Энэ бүхнээс болоод хэдэн мянган хүүхэд амиа алдаж байна. Баянхонгорт л гэхэд саяхан 10 нас хүрээгүй хоёр хүүхэд олдохгүй байсан нь шороонд даруулаад өнгөрчихсөн байна. Гэтэл саарал ордонд худлаа яриад л сууж байдаг. Байгалийг сөнөөгөөд байвал удам угсааг ч сөнөөнө. Яг үүн шиг бөө мөргөлийн зан үйл зөв явахгүй бол 50 жилийн дараа юу болох нь тодорхой шүү дээ.

-Та бусад шашнаас айдаг уу?
- Үгүй. Өнөөдөр Монголд шашны дөрвөн том урсгал хүчтэй орж ирсэн. Үүнийг төрийн сайдаасаа эхлээд бүгд шүтэж байна. Гэтэл гэнэт Монголд христийн нэгдсэн нам гэж байгуулагдвал яах вэ. Нэг үгээр хэлэх юм бол АНУ-аас хөрөнгө оруулалт нь хүрээд ирнэ. Энэ үед монголын баялгийг гадагш нь гаргахгүй үндэсний аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадах уу гэдэг чинь эргэлзээтэй шүү дээ. Ер нь хэн юу шүтэх нь хамаагүй ч тухайн шашин улстөр гэх мэт өөр зүйлтэй хутгалдвал утгаа алдана.

-Та олон хүнийг архинаас гаргасан. Нэг хүнийг архинаас гаргахад хэр хугацаа шаардлагатай вэ?
-Би 300 гаруй хүнийг архинаас гаргасан. Ерөнхийдөө цээрийн хоног гэж байдаг. Тухайн хүний дэв, бузрыг авдаг хоног гэж ойлгож болно. Тэр хүн хаана ч хэнтэй ч архи уучихсан байж болно шүү дээ. Тэгэхээр хугацаа ордог. Хүн өөрөө өөрийнхөө алдааг хардаггүй. Тиймээс архичин хүн өөрийгөө хэзээ ч архичин гэж боддоггүй. Гэхдээ би ямар нэгэн эм тан, болох болохгүй юм өгдөггүй. Надтай уулзсан хүмүүсээс танаас болоод миний амьдрал муудчихлаа гэж нэг ч хүн ирж байгаагүй. Энэ нь ард түмний надад өгч байгаа үнэлэлт байх.

В.НЭРГҮЙ

 
 

Comments