logo

logo.jpg

Advertisement

Д.Бямбацогт: ”Таавчиг”-нууд минь толгойгоо ажиллуул

Д.Бямбацогт: ”Таавчиг”-нууд минь толгойгоо ажиллуул

Монголын тайз, дэлгэцийн олон арван бүтээлд өөрийн дүрээ мөнхөлж, үзэгчдийн сэтгэл зүрхийг хөдөлгөж чаддаг цөөн жүжигчний нэг бол яах аргагүй Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт. Хэдхэн хоногийн дараа түүний тоглосон “Өртөө”, “Бүү март” кино үзэгчдийн хүртээл болно. Их ажлын ард гарсан жүжигчин маань өнөөгийн нийгмийг хэрхэн дүгнэж цэгнэснийг уншигчидтайгаа хуваалцъя. 

“Нэг гартаа өөрөөсөө ухаантай гар утас тас атгаж, нөгөө гартаа зурагтын удирдлага бариад хөшчихдөг нь шинэ мянганы монголчуудад тохиолдсон эмгэг юм. Тэд бол 2-3 хэлээр дамжуулан мэдээлэл авч, 2-3 дээд сургууль төгссөн доктор магистрын дипломтой. Сарын цалингаараа гэдэс цатгалан, мөр бүтэн, хүнээс гуйхгүй амьдрах боломжтой ч, тэдний тархи мөнхийн өлсгөлөн. Тэд 25 жил шунал бясалгаж, мөнгө мөрөөдөж амьдарсан. Цаг агаарын мэдээнээс илүү долларын ханшийг амьсгаа даран сонсдог. Улаанбаатар хотын булан тохойд үүрлэсэн хархнууд. Эдний тархийг хэн ийм хавчиг болгоод, мөнгөнөөс өөр зүйл бодохоо больчихсон юм бэ?

Мэдээж хэрэг буруутан зөрүүтэн хайдаг болсон энэ цагт үе үеийн Монголын СОЁЛ-ын бодлогыг барьж, удирдаж явж ирсэн нөхөд гэдгийг харин ч нэг бардам хэлж болно. За ингээд алдагдсан боломжуудыг чадахын хэрээр дурдья.
Хариуцлага: Соёл гэж юу юм бэ? Энэ бол музей, театр, номын сангаас эхлээд нусаа пирхийтэл олны дунд нийх хүртэлх маш олон зүйлийг хамруулан нэрлэнэ. Номын санд нь хүн очиж ном уншаагүйн төлөө, музейг нь хүн үзээгүйн төлөө, театрт үзэгчид очоогүй төлөө хэн ч хариуцлага хүлээж, уучлал гуйж байсангүй. Уучлал гуйж байгаагүй хүмүүс яаж ч ажлаасаа огцорч чадах билээ. Ер нь, голон голон цалингаа бүтэн авсан хэвээрээ л байгаа шүү дээ. Нус шүлсээ ил задгай хаяхыг хуулиар чандалж, торгож шийтгэх юм гэнэ. Уучлаарай. Энэ үйлдлийг дэлхийн олон оронд соёлын түвшин, үйлчилгээ төлөвшлөөр л шийдэж ирсэн.
Үнэлэмж: Хэдийгээр цаг хатуу, цас битүү үе өнгөрөөд 26 жил болсон ч суурь сэтгэлгээ бахь байдгаараа. Соёл урлаг гэхээр л нэг халтайсан хэдэн бүжиг, дуу, хөгжимхөн. Хувь хүн өвөг дээдсийнхээ бурхан шүтээн урлагийн бүтээлийг олж цуглууллаа ч ядахнаа хувьдаа музей барьчих, үзэсгэлэн галерей нээчих эрхзүйн орчин байхгүй. Юм л бол хорино цагдана. Үнэлж цэгнэж болохгүй. Зөвхөн өөр хоорондоо л наймаалцаж солино. Ингэсээр гадагш гарна. Сотби, Нанхай, Ай Поли дуудлага худалдаагаар зарагдана. Тэнд дэлхий үнэлнэ. Нөгөө хорьж цагддаг соёлын газрын дарга нар боож үхэх шахна. Одоо ч энэ дарга нар яамандаа шигдээд л сууцгааж байна. Төрж өсч байгаа шинэ үеийнхэн ”Миний манай юм үнэгүй, хүний юм үнэтэй” гэж бат итгэж өсцгөөнө. Ингэхэд яагаад NHK, KBS мэтийн улс орны нүүр царай болсон сувгуудаар гардаг шиг соёлоо хадгалж, хамгаалж, өвлүүлж яваа улсаа алдаршуулдаггүй юм бэ?

Гадаад харилцаа: Эрүүл саруул хөгжиж байгаа соёлтой улс бол өөрийнхөө соёлыг гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, эрвийх дэрвийхээрээ үзнэ. Хамгийн түрүүнд төрийн түүхийн уламжлал. Саарал ордны чийгтэй подвалд байдаг ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ бол уучлаарай. Төрийн түүх биш юм аа. Төрийн түүх бол Богд хааны ордон музей. Муу ч сайн ч, нурж унах шахсан ч яах аргагүй Монголын сүүлчийн хааны ордон.

Дэлхий дээр 129 хааны ордон байна. Энэ бол хуульчлагдсан, асарч хамгаалдаг, дэлхий дахинд зарлаж, улс орныхоо нэр сүр болгож явдаг ордон шүү. БНХАУ гурван ч хааны ордон бүртгүүлжээ. Нэгэн цагт Төвдийн хааны ордон байсан Лхасын Бодала бол жишээ нь хааны ордон гэж бүртгэгддэггүй. Түүнд зориулсан хууль алга. Ер нь бол дагаар орсон улсын хааны ордонд хууль хэрэггүй. Харин туурга тусгаар Монгол Улсын Богд хааны ордныг яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Бид өөрсдөө буруутай. Хамгийн сүүлд Хятад, Энэтхэг хоёрт нутгаа алдаад сүйрч буй Непал улс хууль гаргаж, хааны ордноо олон улсад зарлалаа. Хууль, хууль хэрэгтэй байдаг. Эсвэл бид аль нэг улс руу дагаар орж байгаа хэрэг үү?

Бид одоо яг ангалын ирмэг дээр байна. Эрүүл саруул улсад бол ордны улс төр ордондоо, ард түмэн гэр орондоо амар амгалан сууж, ном уншиж, театрт очиж, музей үзнэ. Бурхны шашинтай Бирм улсад улс төрөөс шалтгаантай эмх замбараагүй байдал үүсэхэд, хөрш БНХАУ-д санал тавиад Бурхан багшийн шүдийг улс орон даяараа аялуулж, мөргөл хийлгээд, энэ хооронд учир зүйгээ олчих жишээтэй. Уг нь бидэнд ч байгаа л юм шүү дээ. Бурхан багшийн шүд бол Богд хааны ордонд байж л байна. Ямар тархи нь ажилладаг “таавчиг“ төрд ажилладаг биш дээ. ОХУ-д мөн ийм асуудал үүсэх үеэр Грекээс София гүнжийн алтан бүс юм уу? хэн нэгэн гэгээнтний шүтээнийг ил гаргаж, ард түмнээ сүм хийд, музей рүү татаад л асуудлаа шийдчихнэ. Харин бид одоо яах вэ? Бид одоо хагас галзуурчихаж, сайныг ч, мууг ч ойлгож, ялгаж салгах боломжгүй зөвхөн нураах устгах, цусны улайралтай болж. Эхлээд бид хэн нэгний дайсан гэж буруутгасныг алж устгана. Дараа нь бид бие биеэ хөнөөнө. Эцэст нь амьд үлдсэн нь амиа тэвчинэ. Хэн хариуцлага хүлээх вэ? Бид Соёлынхоо алдагдсан боломжуудыг нэрлэж байна. Улс орон минь цаашид оршин тогтнох нь үнэн бол тамга түшиж, төр барьж байгаа “таавчиг”-нууд минь, Толгойгоо ажиллуул.
Эх сурвалж:www.assa.mn
 

Comments