logo

logo.jpg

Advertisement

Монгол дахь шашны асуудлаархи хууль эрх зүйн зохицуулалт /зургаадугаар хэсэг/

Монгол дахь шашны асуудлаархи хууль эрх зүйн зохицуулалт
       /зургаадугаар хэсэг/
 
Монгол улс 1991 онд баталсан шинэ Үндсэн хуулиараа “Эх орондоо хүмүүлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгосон юм. Шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй болсон билээ.
Удалгүй 1993 онд Монголын парламент Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталж уг хуулиар төр сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахаар заасан юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.
НҮБ-ын Хүний эрхийн Хорооноос баталсан Ерөнхий зөвлөмжид өөрийн шашны үнэмшлийг шүтлэгтэй, шүтлэггүй бусад хүмүүст тулган хүч хэрэглэхээр заналхийлэх буюу шийтгэх, өөрийн шашнаас нь татгалзуулах буюу урвуулж авахыг хүчээр тулгахыг хориглосон байдаг.
Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 4. 1511 дүгээр зүйлд:
1. Хүнийг шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхэд хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж саад хийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу арван мянгаас хорин таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
2. Шашны сургууль, сүм хийдэд хүүхдийг албадан суулгасан, хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, шашны үзэл номлолыг тулган хүлээлгэсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1521 дүгээр зүйлд: Хүмүүсийг шүтэж буй шашнаар нь ялгаварлан гадуурхаж, тэдэнд хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн заасан байна.
Засгийн Газар өөрийн нийгмийн хамгийн эмзэг бөгөөд ялгаварлан гадуурхагдсан бүлэг болон ядуу хүмүүсийг гадуурхахаас хамгаалсан дорвитой нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлбэл зохино хэмээн НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөмжид заажээ. Манайд ядуурал нь сонгох эрхгүйгээр өөрт нь өглөг хандив өгсөн шашин шүтлэгт аргагүйн эрхээр орох хандлагыг төрүүлж байна. Энэ тохиолдолд төр засгаас ядуурлын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь үндэсний соёл уламжлалаа хадгалах, шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах зайлшгүй чухал үндэс болох ёстой.
Мөн тухайн шашныг сүсэглээгүй тохиолдолд гарч болох хор уршгийг номлож айлган сүрдүүлэх, сүсэгтэн биш хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлээр хүмүүжүүлдэг тал ажиглагдаж байгаад анхаарлаа хандуулах цаг болсон мэт. Христосын зарим цугларал дээр “ертөнцийн эзэнд итгэхгүй байгаа хүмүүс сөнөтүгэй” гэсэн утгатай уриа дуулал уншиж, цугларалд оролцогсдыг сэтгэлзүйн хэвийн бус “фанатик” байдалд оруулдаг тухай хүмүүс бидэнд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Монгол Улсын Үндсэн Хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 3-т: Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан буй. Мөн "Төр, сүм хийдийн харилцааны хуулийн" 1 дүгээр бүлгийн З дугаар зүйлийн 4-т "Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ" гэж заасан буй.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Багабанди “Төр сүм хийдийн харилцаа, орчин үе” сэдэвт онол-практикийн бага хурал дээр “Чөлөөт сонголтоор бус шахалтаар, үнэн сүсгээр бус төөрөгдүүлэлтээр, хүсэл сэтгэлээр бус хөрөнгө мөнгөний эрхшээлээр хүмүүс шашинд татагдан орж байгаа буюу татан оруулж байгаа бол төр иргэнийхээ оюуны тусгаар тогтнолыг хамгаалах болно”15 гэж хэлсэн нь иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөө нь хувь хүний өөрийнх нь ухамсарт сонголт байх ёстойг заасан хэрэг юм. Аливаа шашинлаг үзэл нь тухайн шашны номлолоос гажих, зайлсхийх, шүүмжлэх, хэлэлцэх үйлдлийг аль болох хориглох, саатуулах, дарах хандлагатай байдаг учраас чөлөөт бодрол, эргэцүүллийг хаан боогдуулах, эрх чөлөөг нь хязгаарлах боломжтой. Бид аливаа шашныг хүндэтгэх үүрэгтэй боловч хүндэтгэнэ гэдэг нь сэтгэн бодож болохгүй, яагаад гэсэн асуулт тавьж болохгүй, хэлэлцэн шүүмжилж болохгүй гэсэн үг биш.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18 дугаар зүйлд: хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шүтэж бишрэх, сүсэглэх эрхтэй гэж заажээ. Шашны ямар ч байгууллага, сүм хийд, шашны зүтгэлтнүүд, номлоочид нь тухайн шашны номлол сургаалыг сурталчлан айлдаж болох боловч иргэдийн шүтэх шашинаа сонгох эрхийг нь зөрчиж болохгүй. Иймээс бусад шашныг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, үзэн ядах сурталчилгааг бүх талаар хориглох нь зүйтэй. Шашны номлол зааж сургах эрхийг эдлэхдээ иргэд өөрсдөө сонгож шүтэх эрхийг, мөн бусад шашин шүтэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй.
Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан тунхаглахдаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг онцгойлон үзэж түүнд тулгуурлан ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Мөн тус үзэл санааг 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд дэлгэрүүлжээ. Уг хуулиар шашин шүтэх буюу эс шүтэх нь хүний итгэл үнэмшлийн хэрэг бөгөөд иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон нь олон улсын эрх зүйн баримт бичигт нийцэж чадсан байна. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлээр шашин шүтлэгтэй байх, шашингүй буюу шүтлэг бишрэлгүй байх нь аливаа шашин шүтэхгүй байх эрхийн нэгэн адил хамгаалагдсан. Тус баримт бичгийн 4. 2. -т зааснаар 18 дугаар зүйлийг бүх нийтийн онцгой байдлын үед ч цуцалж болохгүй гэсэн нь эдгээр эрхийн ач холбогдлыг баталгаажуулж буй хэрэг юм. Мөн уг гэрээний 18. 2. ба 17 дугаар зүйлийн дагуу хэнийг ч ямарваа шашин шүтдэг буюу сүсэг бишрэлтэйг нь хүчээр тулган илрүүлж болохгүй гэсэнтэй дүйцэх зохицуулалт Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд байдаг16.
Тэрчлэн НҮБ гишүүн орнууддаа хуулиараа ялгаварлан гадуурхахыг өдөөж болох аливаа үндэсний, арьс өнгө буюу шашин шүтлэгийн үндсэн дээр үзэн ядахыг хориглохыг үүрэг болгосон байдаг. Хэрвээ бусдын бие сэтгэлийн амгалан тайван байдал, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлахаар үйл ажиллагаа, сургаал номлол айлдах аваас тухайн шашны байгууллага, сүм хийдийг татан буулгах арга хэмжээ авч байхыг дэмжиж байна.
Ардчиллын эхний жилүүдэд үндэсний шашнаа харийн шашин болон элдэв сектантаас хэрхэн хамгаалах талаар сайн хууль гарсангүй. Тийм  учраас тэд нар үндэсний уламжлалт шашин соёлоо харийн шашнаас  хуулиар хамгаалах талаар шаардлагатай заалтуудыг хуулинд оруулж чадаагүй юм. Тэд бурхны шашин соёлоо Үндсэн хуулиараа яаж хамгаалахаа мэдэхгүй байсан. Тэд “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ”, ”Иргэд шашин шүтэх эс шүтэх эрхтэй” гэсэн ганц, хоёрхон ерөнхий томьёоллыг л  Үндсэн хуулинд оруулж баталж байсан.
Парламентын гишүүд 1993 онд батлагдсан Төр сүм хийдийн харилцааны тухай  хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.
Тус хуулийн 10 дугаар зүйлд сүм хийдийн ажиллагааг зогсоох талаар заахдаа ”Монгол улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн бол шийдвэр гаргасан байгууллага энэ тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулна” гэж заасан. Гэтэл харийн шашны гадаадын зарим сүм хийд, байгууллага хууль зөрчсөн байхад хасагдаагүй байсаар байна.
Энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтныг 1000-20.000 төгрөг, байгууллага аж ахуйн нэгжийг 50.000-150.000 төгрөгөөр торгоно гэж заасан. Энэ бол жилд хэдэн зуун мянган доллараар санхүүждэг Христийн мормон болон протестант, католик шашны байгууллагын хувьд хууль зөрчсөн тохиолдолд нэг удаа 60 центээс 16 доллар хүртэл торгуулна гэдэг инээдэмтэй асуудал. Торгуулж байсан тохиолдол ч байхгүй. 
1993 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн /Монгол улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаад иргэдийн тоо, бүтэцийн тухай/ 1 дүгээр заалтад “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач иргэдийн тоо нь Монгол улсын хүн амын нэг хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.33 хувь хүртэл байж болно” хэмээсэн. Энэ хуулийн заалт бол монгол хүний ген фондыг хамгаалсан чухал заалт болсон.
Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлд шашны сургалтын тухай заахдаа “төрийн харьяалал бүхий сургууль байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтанд үл хамаарна” хэмээн заасан
Шашин шүтэх хүний эрхийг баталгаажуулна гэдэг нь төрийн оролцоог огт үгүйсгэж буй хэрэг бус. Ардчилал гэдэг нь эрх үүргийн нэгдэл байдаг бол шашин шүтэх эрх нь ч төрөөс зохицуулагдаж байх ёстой юм. НҮБ-ын Зүүн хойд Ази ба Номхон Далайн орнуудыг хариуцсан товчооны нарийн бичгийн дарга Жэймс Келли 2002 оны Монгол улсын шашны эрх чөлөөний байдлын тайлан илтгэлийг бэлджээ. Илтгэлд нэгэн ноцтой мэдээ дурьдагдсан байна. Тэрээр тайландаа “Хүнд сурталтнууд (монголын эрх мэдэл бүхий хүмүүс С.О.) шашны байгууллагыг бүртгэх явцдаа авилга шаарддаг байна” гэжээ. Ноён Жэймс Келлийн энэ тайлан илтгэл интернетээр дэлхий дахинд цацагджээ. Шашны янз бүрийн урсгалууд, түүн дотроо харгис, гажууд урсгалын төлөөлөгчид хэн ч атугай энэхүү илтгэлээс монголын эрх мэдэлтнүүдэд мөнгө хаях л юм бол Монголд байр сууриа бэхжүүлж болох юм байна гэсэн ойлголтыг төвөггүй авч болохоор байгаа юм[1].
Манайд шашны байгууллагыг бүртгэх асуудал нэлээд маргаантай явагддаг байна. Тухайлбал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс Монголын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дахь заалтын “Лам, санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэсэн заалтаар асуудалд хандахыг оролддог боловч шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудалтай тулгардаг байна. Журмын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар зөвшөөрөл хүссэн байгууллагад 1 жилийн хугацаагаар зөвшөөрөл олгож, дахин үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан шашны байгууллагын хугацааг 1-3 хүртэл жилээр сунгаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гэдэг заалтыг мөрдлөг болгон ажиллаж байгаа боловч шинээр зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байгууллагууд нь ихэвчлэн Христийн шашны байгууллага байдаг. Гадаадын шашны байгууллага нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт, тухайлбал хүн ам их суурьшсан гэр хорооллын ядуурал ихтэй бүсэд олноор байгуулагдсан байна. Баянзүрх дүүргийн гэрийн хороодод шашны байгууллага ихээр хууль бусаар байгуулагдаж байгаа нь тэр хороодын ядуурлын байдалтай шууд холбоотой. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудтай тэмцэж тэдний үйл ажиллагааг таслан зогсоосоор ирсэн боловч, зөвшөөрөл өгөх шалгуурыг өндөрсгөх тусам хууль бусаар нуугдмал аргаар ажиллах нь ихсэж байна. Олон улсын буяны байгууллага, төрийн бус байгууллагын шугамаар орж ирсэн гадаадын иргэд Христийн шашны сүм, цуглаан байгуулан хүрээгээ тэлж дүүрэг бүрт салбараа нээх, Христийн сургалтын төвийг байгуулан номлогч пастор багш нарыг бэлтгэн идэвхтэй ажиллаж байна. 1994 оноос хойш 33 шашны байгууллагад хугацаагүйгээр байнгын зөвшөөрөл өгсөн байдаг. Тухай үед шашны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам байгаагүй тул зөвшөөрөл хүссэн шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хугацаагүйгээр олгосон, мөн тодорхой дүүрэг зааж өгөөгүйгээс шашны байгууллага уг зөвшөөрлөөр нийслэлийн аль дуртай дүүрэгтээ салбарлан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: 1994 онд зөвшөөрөл авсан Христийн Мормон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Есүсийн хожимийн үеийн гэгээнтнүүдийн сүм нийслэлийн 6 дүүрэгт салбарлан үйл ажиллагаа явуулж байна.
Ийнхүү шашин сүм хийдийг байгуулах, шинэчлэх, өргөжүүлэх асуудал дээр хуулиар зохицуулагдаагүй харилцаа үүсэн бий болоод байгаа тул шашин, сүм хийдийн харилцааны хуулийг бүхэлд нь шинэчлэн боловсруулах шаардлагатай байна гэж үзэж байна. Шашны асуудлыг одоо хүртэл Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны бодлогын зөвлөл, аймаг, нийслэлд Шашин сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг зэрэг орон тооны бус зөвлөлүүд хариуцаж ирлээ. Одоо мөрдөж байгаа энэ хуулиар шашны байгууллагуудын нэрийг хийд, сүм, дацан, төв гэж томьёолж байгаа боловч хуулийн нэр томьёоны тайлбар байхгүй тул хэдэн лам, сүсэгтэн, итгэгчтэй ямар шашны байгууллага нь дацан, хийд, төв, сүм байх нь тодорхойгүй байгаа юм. Ялангуяа христийн шашны байгууллага нь төв, сүм, цуглаан гэсэн нэрээр явж ирсэн боловч хоорондоо ямар зааг ялгаатай болох нь эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирлээ.
Сүүлийн хэдэн жилд христос шашны төрөл бүрийн чиглэл шинээр нэвтрэн орж ирсэн манай орны хувьд эдгээр шашны байгууллагуудын сургаал номлол, үйл ажиллагааны талаар олон нийт “хаалга тогшдог”, “улайрсан сурталчилгаа явуулдаг” гэхээс хэтрэх тодорхой ойлголт байхгүй нь санаа зовоосоор байна. Дээрхи байгууллагууд нь гол төлөв дотроо тоо томшгүй олон чиглэлтэй протестант шашных байдаг.
Сүүлийн үед манайд шинээр орж байгаа шашнууд хүүхэд залуучуудын дунд шашны сурталчилгаа явуулах нь элбэг болжээ. Аль ч хүүхэд насанд хүрээгүйн учир яс үндэс, арьс өнгө, хүйсийн ялгаа, хэл, шашин шүтлэг, харъяалал буюу нийгмийн гарал үүсэл, өмчийн байдал, төрсөн болон бусад байдлаас үл хамааран гэр бүл, нийгэм ба төрийн хамгаалалтад байх хэрэгтэй гэсэн олон улсын хүний эрхийн заалт бий. Монгол хүүхэд залуучуудын гадаад хэл сурах, хөгжингүй орнуудын их, дээд сургуульд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл, сургалтын төлбөрийн чадваргүй байдлыг ашиглан шашны байгууллагуудаас хүүхдүүдийг аль нэг орны шашны сургуульд ивээн тэтгэж суралцуулдаг нь сүсэг бишрэлээ сонгох боломжоос ангид явагдаж байгаа үзэгдэл мөн.
 
 
МОНГОЛЫН ШАШИНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
                                                Илтгэгч нь:    Д.Жаргалсайхан. МБНЭ-ийг санаачлагч
                                    2012.04.20
 

 
17Ñ.Îòãîíæàðãàë. Ìîíãîë òºð øàøíû õàðèëöàà, ìºí ÷àíàð // Øàøèí ø¿òýõ, ýñ ø¿òýõ ýðõ, ýðõ ºëºº. ÓÁ 2004.

Comments