logo

logo.jpg

Advertisement

МОНГОЛЫН БӨӨГИЙН ШАШНЫГ УЛАМЖЛАН ХӨГЖҮҮЛЭХ ИХ ХУВЬ ЗАЯА ТА БИДЭНД НОГДЖЭЭ.

 ХӨГЖҮҮЛЭХ ИХ ХУВЬ ЗАЯА ТА БИДЭНД НОГДЖЭЭ  /долоодугаар хэсэг/
                                          
(МОНГОЛЫН ШАШИНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ-төгсгөл   
                              
Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл мөн.
Монгол бөөгийн нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн төрийн бус, Мөнх тэнгэрийн Онго сахиусын зараалаар байгуулагдсан  байгууллага юм.
“Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” Төрийн бус байгууллага (цаашид “МБНЭ” гэх) нь Мөнх тэнгэртээ мөргөн шүтдэг бөө, түүнийг дэмждэг дэлхий даяарх ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэсэн Олон улсын төрийн бус байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ дүрэм түүнд нийцүүлэн гаргасан бусад заавар, журмыг эрх зүйн үндсэн эх сурвалж болгон мөрдөн ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага мөн. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл “Монголын үндэсний язгуурын шашин болох бөө мөргөлтнүүдтэй хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх”, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгэж оруулах боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, “Монгол бөө мөргөлийг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Төрийн хараа ихт хар туг, хангал ихт есөн хөлт цагаан туг, сүлдийг тахиж байсан уламжлалыг сэргээж, Монгол төрийн ёслолын ажиллагаанд оруулах тус тус дэвшүүлсэн.  
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь Салбар байгууллагууд болон  гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж бөөгийн тухай төвлөрсөн, нэгдсэн ойлголтыг бий болгохыг үндсэн зорилго болгоно. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
- Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх,
- Хүний эрхийг дээдлэх,
- Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх,
-Ил тод байх,
-Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах,
            Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
- Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.
-Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
- Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.
-Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан монгол уламжлалт бөө мөргөлийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах,
МБНЭ нь Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, төрт ёсыг дээдлэн хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана. МБНЭ нь бөөгийн шашныг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчилахын төлөө ажиллана. МБНЭ нь зохион байгуулалт, үйл ажиллагаа нь уламжлал, ардчилсан зарчимд тулгуурлана.
            Бөөгийн шүтлэгийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж  ажиллана. МБНЭ-ийн удирдах байгууллагуудыг сонгох, уламжлан шалгаруулах хэлбэрээр байгуулна. МБНЭ нь үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна. МБНЭ-ийн төвийн бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.
            МБНЭ нь бэлгэдэл, далбаатай байна. МБНЭ-ийн салбар, хүрээлэнгүүд өөрийн бэлэгдэл далбаануудтай байж болно. Далбаа нь гурвалжин хэлбэртэй байх бөгөөд МБНЭ-ийн Цэцийн Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна. Эхний ээлжинд МБНЭ өөрийн вэб ажиллуулна.      
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол бөөгийн шүтлэгийн дээд байгуулллага мөн. Бөөгийн энэ байгууллагад гишүүнээр элсэхийг хүссэн Зайран, Удган нар өөрсдийн одоогийн бий болгосон бүтэцээ хадгалан элсэх боломжийг дүрэмдээ тусгасан юм. МБНЭ-ийн гүйцэтгэх дээд байгууллага нь 99 гишүүнээс бүрдсэн Бөөгийн бага хуралдай юм.  Дээд хуралдай 3-4 жилд хуралдаж байхаар дүрэмд тусгасан. МБНЭ-ийн байнгын үйл ажиллагааг хангахаар Дээд цэцийн Зөвлөл нь жилд дөрвөн сар дутам нэгээс доошгүй удаа хуралдахаар байна.
МБНЭ нь хоёр хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт: Бөөгийн байгууллага бөгөөд бөөгийн мэргэжлийн зан үйлийг хариуцна. Эндээс Тэргүүн бөө, Тэргүүн дэд бөөг сонгоно. Хоёрдугаарт: МБНЭ-ийн үйл ажиллагааг хангаж байх зорилго бүхий байгууллага байх бөгөөд тэндээс Ерөнхийлөгч сонгогдоно. Энэ байгууллага нь Бөөгийн цогцолборыг байгуулах, Эрдэм шинжилгээний байгууллагыг ажиллуулах, сурталчилгаа хариуцах болно. Бөөгийн цогцолбортой болох нь шүтэн бишрэгчидтэйгээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Цогцолборын асуудлыг шийдэхэд төрөөс дэмжлэг авах хүсэлтийг тавих болно. Санхүүжилтийн асуудлыг шүтэн бишрэгсэд, гадаадын аялал, жуулчлалын орлогоос олохоор томьёолж байна.
Гэвч энэ бүхэн цөөнгүй жил, асар их хөрөнгийн туслалцаатайгаар бүтээн байгуулна. Энэ талаар олон улс орноор явахдаа үзсэн харсан зүйлээсээ санаа авч, туршлага судалж, санаж сэдэж төсөөлөн бодож зурагласан зүйл бий. Бид үүнийг хийж чадахгүй байж болно. Гэвч бидний дунд байгаа залуучууд ирээдүйн шүтэн бишрэгчид дотроос энэ их үйлийг гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна.
Бид хуралдах нь зөвхөн зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэж байна гэсэн үг. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүн нэг бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Хүн бүрийн  хүчин чармайлтаас нийтийн хүсэл зорилго амжилт тодорхойлогдоно. Бид мөнх тэнгэрийн хүч, эзэн Чингисийн ивээлээр Монголдоо оюуны аугаа их нэгдэл, монгол огшилоо бий болгож, монгол үндэсний ухамсар, монгол зан чанараа сэргээн төгөлдөржүүлж, монгол цусаа хамгаалж чадна.
 
Тэнгэрлэг үзэлт, хөх толбот, тэнгэрлэг Монголчууд аа.
Мөнх тэнгэр, Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр дор мөргөмү. Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн гэрэлт сүнс үргэлж ивээх болтугай.
                                           Хурай, хурай,
 
 
 

Comments